Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 202/МА2022/00010

 

 

М.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, Ерөнхий шүүгч Н.Батчимэг, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 136/ШШ2022/00112 дугаар шийдвэртэй, 

 

Нэхэмжлэгч: Б овогт М-ийн М-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Ч” ОНӨХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүү 1,470,766 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг;

 

Хариуцагч “Ч” ОНӨХХК-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Ч” ОНӨХХК-д диспетчер инженерээр ажиллаж байсан. Надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ ч байнгын ажлын байран дээр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Ч” ОНӨХХК-ны захирлын Б/239 дугаартай тушаалаар намайг эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж үйлдвэрлэлийн хэвийн ажиллагаанд нөлөөлөхүйц хэмжээний доголдол үүсгэсэн гэж ажлаас чөлөөлж, 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс дулаан хангамжийн албанд гэрээт ажилчнаар албан тушаал бууруулан ажиллуулж эхэлсэн. Надтай энэ талаар зөвшилцөн тохиролцсон зүйлгүйгээр албан тушаал бууруулан ажиллуулсан. Би диспетчер инженерээр ажиллаж байх хугацаандаа эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж үйлдвэрлэлийн ажиллагаанд нөлөөлөхүйц хэмжээний доголдол үүсгээгүй.

2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Эрчмийн байранд дулааны шугам сүлжээнд алдагдал гарсан дуудлага ирсэн. Дуудлагын дагуу засварын бригад очиж ажиллаж засвал үйлчилгээг хийж дуусгаснаа надад мэдээлж байх үүрэгтэй байдаг. Би засварлаж дууссан мэдээллийг цааш нь зууханд мэдэгдэж зуухныхан уг шугамын даралтыг бууруулж ус дулааныг өгөх үүрэгтэй ажилладаг ба хоорондын ажлын уялдаа их чухал үүрэгтэй байдаг. Хэрэв засварчид тухайн шугамын засвар үйлчилгээг хийж дуусгаснаа мэдэгдэхгүйгээр хаалтыг нээвэл шугам дахин задрах, дулааныг үйлдвэрлэж байгаа зууханд ч үйлдвэрлэлийн осол гарч болзошгүй байдаг.

Гэвч 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Эрчмийн байрны дулааны шугам сүлжээний алдагдлыг засварласан засварын бригад засвараа хийж дууссан байж надад мэдэгдэлгүйгээр шугамын хаалтыг нээснээр дулаан үйлдвэрлэлийн зуухны даралтыг унагаж, аваарын байдал зарласан гэж надад мэдэгдсэн. Би ч шуурхай арга хэмжээ авч тухайн шугамыг зассан засварчинтай холбогдоход надад мэдэгдэлгүй нээсэн байсан. Дулаан үйлдвэрлэлийн зууханд 20:50-21:10 хооронд зуухны даралт унасан доголдол үүссэн. Тухайн өдрийн ээлжинд хамтран ажилласан байсны хувьд доголдлыг арилгаж хэвийн байдалд оруулсан. Гэхдээ намайг энэ доголдлыг үүсгэсэн гэж үзсэнд гомдолтой байна. Надад мэдэгдэлгүйгээр нээсэн засварчдын үйлдлийг надад хамааруулсан. Надад засвараа дууссанаа мэдэгдсэн бол би цааш нь зуухруу мэдээлж үүргээ биелүүлэх байсан. Миний ажил үүрэг “Ажлын байрны тодорхойлолт”-ын 10 дугаар зүйлийн 10.2-т “Бүх албадын үйл ажиллагааг хооронд нь уялдуулан холбох” үүрэгтэйгээр ажилладаг. Шугам сүлжээний албаны засварын засварчид ч ажлын байрны тодорхойлолтын 10 дугаар зүйлийн 10.26-д “Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай биелүүлж эргэн мэдээлж байх” үүрэгтэй байдаг. Бидний ажил үүрэг ч хоорондоо уялдаа холбоотой ажиллах шаардлагатай байдал эндээс тодхон харагдсаар байтал үүнийг зөвхөн надад хамааруулж, миний ажлын байрыг өөрчлөн түр хугацаагаар гэрээтээр ажиллуулж байгаад гомдолтой байна. Надад гаргасан алдаа, зөрчил дутагдал байхгүй, өөрийнхөө гүйцэтгэх ажил үүргийг хийж гүйцэтгэж байсан.

Иймд би диспетчер инженерийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, албан тушаал бууруулан ажиллуулсны цалин хөлсний зөрүү болох 1,470,766 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Миний цалин хөлс нэмэгдэлтэйгээ 2021 оны 10 дугаар сарын цалин 1,588,319 төгрөг, 11 дүгээр сарынх 1,589,968 төгрөг, 12 дугаар сарынх 1,334,864 төгрөг бөгөөд сүүлийн 3 сарын цалингийн нийлэмжээр 1 сарын дундаж цалин хөлсийг тооцоход 1,504,383 төгрөг болж байгаа. 1,504,383-769000 /тушаал бууруулан олгож буй цалин хөлс/ зөрүү 735,383 төгрөг гарч байгаа болно. 735,383 төгрөгийг шүүхийн шийдвэр гартал хугацаагаар буюу 2 сараар тооцоход 1,470,766 төгрөг.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр  нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж: “...М.М нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж Ч ОНӨХХК-д диспетчер инженерээр ажиллаж эхэлсэн.

Миний үндсэн цалин 1,108,600 төгрөг бөгөөд бусад нэмэгдлүүд ороод илүү цаг ихтэй сардаа 1,588,319 орчим төгрөг, илүү цаг бага сардаа 1,200,000-1,400,000 орчим төгрөгийн цалин хөлс гардаг. Би нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа цалин хөлсний зөрүү болох 1,470,766 төгрөгийг шүүхийн шийдвэр гарталх хугацаагаар тооцсон бөгөөд шүүх хуралдаан 2022 оны 03 сарын 22-ны өдөр товлогдон хийгдэхээр болсон тул цалин хөлсний зөрүү болон нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан тооцоолон гаргаж байна.

Нэхэмжлэлийн цалингийн тооцооны картыг үндэслэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг үндэслэн 2021 оны 10, 11, 12 дугаар саруудын буюу диспетчер инженерээр ажиллаж байсан сүүлийн 3 сарын цалингийн дунджийг тооцоход 1,504,383 төгрөг, үүнийг сарын ажлын 22 хоногт хуваахад 1 өдрийн ажлын дундаж цалин 68,381 төгрөг 45 мөнгө байхаар тооцогдож байна.

Харин 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс тушаал бууруулан дулаан хангамжийн гэрээт ажилтнаар ажиллуулсан. 2021 оны 12 сараас 2022 оны 2 сар хүртэлх сүүлийн 3 сарын цалингийн дунджийг тооцоход 1,025,601 төгрөг, үүнийг 3 сарын хугацаагаар ажлын 22 хоногт хуваахад 1 өдрийн ажлын дундаж цалин хөлс нь 46,618 төгрөг байхаар тооцогдож байна. Албан тушаал бууруулан ажиллуулж байгаа /2022 оны 1-3 сарын 22/ 52 хоногт үржүүлэн диспетчер инженерийн цалин хөлсний дундаж 68,381х52 хоног=3,555,812 төгрөг дулаан хангамжийн гэрээтээр ажилласан 1 өдрийн ажлын дундаж цалин хөлс 46,618х52 хоног=2,424,136 төгрөг. Диспетчер инженерийн цалин хөлсний дундаж нь 2022 оны 01 сараас 03 сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны 3,555,812 төгрөгөөс албан тушаал бууран ажилласан цалин хөлсний дундаж 2,424,136 төгрөгийг хасч тооцоход зөрүү болох 1,131,676 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.” гэв.

 

Хариуцагч “Ч” ХХК анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Ч ОНӨХХК нь эрчим хүчний зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл, “Эрчим хүчний тухай хууль”-ийн 13, 16, 17 дугаар зүйл заалтуудыг эзэмшигч компани бөгөөд эрчим хүч үйлдвэрлэлийн үйл ажиллагааг болон бусад үйл ажиллагааг “Эрчим хүчний тухай” хууль, холбогдох бусад дүрэм, журмын дагуу зохион байгуулж, зохицуулалт хийж ажилладаг орон нутгийн өмчит компани юм. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа 24 цагийн турш тасралтгүй үргэлжилдэг. М.М нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийн 23.2.3-т заасны дагуу диспетчер инженерийн ажлын байранд түр хугацаагаар ажиллаж байсан бөгөөд хариуцсан ажилдаа хайнга хандаж хариуцлага алдсан тул цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжгүй гэж үзэж ажлаас чөлөөлсөн. М.М нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуваарь ээлжинд ажил гүйцэтгэж байсан боловч хууль, журам, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй гүйцэтгэж үйлдвэрлэлд нөлөөлөхүйц хэмжээний доголдол үүсгэсэн...

...Хэдийгээр М.Мтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ хугацаа дуусгавар болсон боловч шинээр төгссөн инженерт дахин боломж олгож, тухайн үед сул байсан гэрээт ажилтны ажлын байранд байршуулж лаборант тоноглолын машинистын ажлын байранд дагалдангаар бэлтгэх зорилготой байсан болно. Мөн М.М нь хариуцсан ажилдаа хайнга хандаж, үйлдвэрлэлийн дээрх доголдол, саатал үүсгэсэн нөхцөл байдлаас гадна өөрийн цахим хаягаар байгууллагын нэр хүндэд халдсан үйлдлүүд удаа дараа гаргаж байсан...

...Диспетчер нь тодорхой нэгэн байгууллагын удирдлагын түвшинд байгаа нөөцөө ашиглан түүний мэдээллийн ба үйл ажиллагааны урсгалыг хамгийн оновчтойгоор удирдан зохицуулагч хүн юм. Өөрөөр хэлбэл диспетчер нь ажил гүйцэтгэж буй улсуудын алдааг засаж сайжруулахад дэмжин ажиллана.

...М.Мгийн гаргасан зөрчил, дутагдлыг тухай бүр нь холбогдох албан тушаалтан, хамт олон нь хэлж сануулж байсан боловч өөрийн гаргасан алдаа, дутагдлыг засаж залруулахгүй тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрсдэлд оруулах өндөр магадлал удаа дараа үүсгэж диспетчер инженерийн ажлын байранд ажиллуулах боломжгүй нь туршилтаар ажиллах хугацаанд нотлогдсон тул М.Мг диспетчер инженерийн ажлаас чөлөөлж өөр ажилд сэлгэж ажиллуулахаар шийдвэрлэсэн болно.

М.М нь хариуцсан ажилдаа хайнга хандаж хууль, дүрэм, журам, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлж, “Хэрэглэгчдийн гадна дулаан, цэвэр ус, ариутгах татуургын шугам сүлжээнд гарсан гэмтлийг засварлах үед таслах хаалтыг хаах, нээх зайлшгүй шаардлага гарсан үед холбогдох албадын дарга, инженерээс мэдээлэл авч, шуурхай зохицуулалтаар хангаж ажиллах” заалт, диспетчер инженерийн хэрэгжүүлэх бусад чиг үүргийг зөрчиж тасралтгүй үйл ажиллагаатай, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрсдэлд оруулах нөхцөл байдал үүсгэж, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй үйлдвэрлэлийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагаанд нөлөөлөхүйц зөрчил, дутагдал гаргасан тул М.Мгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Б овогт М-ийн М-г урьд ажиллаж байсан ажил албан тушаал буюу “Ч” ОНӨХХК-ийн Диспетчер инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, цалин хөлсний зөрүү болох 1,131,676 төгрөгийг “Ч” ОНӨХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч М.Мд олгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Дорноговь аймгийн “Ч” ОНӨХХК-иас 31,710 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч “Ч” ОНӨХХК давж заалдсан гомдолдоо: “...”Ч” ХХК нь улсын бүртгэлийн гэрчилгээтэй, тусгай зөвшөөрөл эзэмшигч компани бөгөөд М.Мгийн эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ноцтой зөрчил гаргасан нь холбогдох хууль, мэргэжлийн дүрэм, журмын хүрээнд нотлогдсон билээ. Мөн хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолгүй, эргэлзээ төрүүлэхүйц гэж тайлбарлан үнэлээгүй, М.Мгийн түр, туршилтын хугацаанд ажиллаж байх хугацаанд гаргасан зөрчлүүдийг хэлэлцээгүй нь “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын тухай” 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн зөвлөмжийн 2.4 дэх хэсэгт дурдагдсан “...Ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байна...” гэсэн заалтыг зөрчиж шүүхээс энэхүү байдлыг буруу үнэлж хяналт, шалгалт ороогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтыг үгүйсгэсэн буруу дүгнэлт хэмээн үзэж байна.

            Нэхэмжлэгч Б овогтой М-ийн М-ийн нэхэмжлэлтэй анхан шатны шүүхийн шийдвэрт “...М.Мтой 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр диспетчер инженерийн ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж баталгаажуулжээ...” гэсэн нь М.Мтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндэслэх хэсэгт заагдсан хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллуулсныг анхаараагүй, хэрэглэвэл зохих хэм хэмжээг буруу хэрэглэж үндэслэлгүй шийдвэрлэсэн. Диспетчер инженерийн ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэсэн үндэслэлээ тодорхой баримт, хуулийн хэм хэмжээнд тулгуурлан тайлбарлаагүй.

            Мөн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” УДШ-ийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйл 15.4-т “...зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл ногдуулсан байхыг шаардахгүй...” гэсэн заалтыг зөрчиж шийдвэрлэсэн.

            Иймд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 136/ШШ2022/00112 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч “Ч” ОНӨХХК-иас давж заалдах гомдол гаргаж байна.

 Үүнд “Ч” ОНӨХХК нь улсын бүртгэлийн гэрчилгээтэй, тусгай зөвшөөрөл эзэмшигч компани бөгөөд Мөнхзаяагийн Мөнхцолмонгийн эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ноцтой зөрчил гаргасан нь холбогдох хууль, мэргэжлийн дүрэм, журмын хүрээнд нотлогдсон билээ. Мөн хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолгүй, эргэлзээ төрүүлэхүйц гэж тайлбарлаж анхан шатны шүүхээс үнэлээгүй.

 М.Мгийн түр туршилтын хугацаанд ажиллаж байх хугацаанд гаргасан зөрчлүүдийг хэлэлцээгүй нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын тухай 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн зөвлөмжийн 2.4 дэх хэсэгт дурдагдсан ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байна гэж заасан байсан. Гэтэл энэ заалтыг зөрчиж шүүхээс энэхүү байдлыг буруу үнэлж хяналт шалгалт ороогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтыг үгүйсгэсэн буруу дүгнэлт хэмээн үзэж байна.

Нэхэмжлэгч Б овогтой М-ийн М-гийн  нэхэмжлэлтэй “Ч” ОНӨХХК-д холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт М.Мтой 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр диспетчер инженерийн ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж баталгаажуулжээ гэсэн нь М.Мтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндэслэх хэсэгт заагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн түр гэрээ ажиллуулсныг анхаарч үзээгүй. Хэрэглэвэл зохих хэм хэмжээг буруу хэрэглэж үндэслэлгүй шийдвэрлэсэн.

Диспетчер, инженерийн ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэсэн үндэслэлээ тодорхой баримт, хуулийн хэм хэмжээнд тулгуурлан тайлбарлаагүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасан зөрчил тус бүрд тусдаа тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл ногдуулсан байхыг шаардахгүй гэсэн заалтыг зөрчиж шийдвэрлэсэн. Иймд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж компанийн зүгээс давж заалдах гомдол гаргаж байна.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М-ийн М-ийн хувьд Шинжлэх ухааны технологийн их сургуулийг төгссөн инженер хүн байгаа. Инженер хүн гэдэг бол анхан шатны удирдах албан тушаалтан юм. Өнөөдрийн шүүх хуралдаанаас гадна цаашлаад залуу хүн учраас энэ өөрийнхөө алдаа дутагдлыг дараа, дараачийн ажлын байранд гаргахгүйн тулд ажилтайгаа уялдаж энэ бол болдоггүйн юм байна шүү, миний буруу байсан гэдгийг тодорхой хэмжээгээр өөрт нь ойлголтыг өгөхгүй бол өөрийн ажлын байранд өөрийн буруутай гэж байгаа юмыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаад байгаа юм.

Би бол ажил хариуцсан инженерийн дарга нь юм. Би энэ талаар маш олон удаа тайлбарласан. Тухайн гаргасан алдаа дутагдал нь өөрийг нь диспетчер дээр дулаан хангамжийн албанд, станц дээр гарсан асуудал юм. Тэгээд ажлын байр нь буураад манай албанд 2 сарын хугацаанд ирж ажилласан. Би ажиллах хугацаанд нь энэ бол чиний буруутай үйлдлээс болоод Дорноговь аймаг хөлдөх хэмжээний ч юм уу, ийм том асуудал үүсэхүйц байсан.

Тэгэхээр чи мэргэжлийн инженер хүн учраас үүн дээр маш сайн анхаараад одоо зуухтайгаа танилцаарай, чамд боломж байгаа гэж хоёр, гурав удаа өөрт нь зөвлөмж зөвлөгөө өгч байсан. Үүнийг тухайн үед сайхан ярьсны дараагаар зөв ойлгоод хүлээж авчихлаа гэхээр дараа нь дахиад буруу ойлголттой яваад байсан. Энэ асуудал нь залуу хүний хувьд эмзэглүүштэй санагдаад байгаа юм. Өөрийнх нь ажил үүргийн тодорхойлолтод инженер хүн ажил хариуцах чадамжтай, хэдэн албатуудын хоорондын уялдаа харилцаа, ерөөсөө л 24 цагийн хугацаанд хэн байх нь хамаа байхгүй.

Тэр диспетчер, инженер гэдэг ажилтан үүргээрээ дээрх байдлыг хангаж байх ёстой. Гэтэл одоо энэ нь эсрэгээрээ болчхоод тэр хангах шаардлагагүй. Ажилтан өрөө дарга дээрээ очоод хөөе энийг би нээлээ шүү гэж хэлээд дарга мэдсэнээр тэр ажил цаашаа явах юм шиг бодоод байна. Гэтэл ажил маань удирдлагаас үүрэг даалгавар өгөөд нөгөө ажилтан гүйцэтгэж байж манай үйл ажиллагаа хэвийн, жигд тасралтгүй горимтой үйл ажиллагаатай учраас үүнийг харж шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна.” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч талын гаргаж байгаа гомдлын агуулгын шаардлага нь түр буюу туршилтын хугацаанд ажиллаж байсан. Тухайн хугацаанд нэхэмжлэгчийг зөрчил дутагдал гаргасан гэсэн агуулга бүхий гомдлыг гаргасан байдаг. Хэрэгт авагдсан хавтаст хэргийн 7-8 дугаар хуудаст ажил хэргийн талаарх хөдөлмөрийн гэрээ авагдсан байгаа.

Хөдөлмөрийн гэрээний хоёр дахь заалтаар нэхэмжлэгчийн ажлын байрны төрөл нь байнгын ажлын байранд диспетчер, инженерээр ажиллаж байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заахдаа тухайн туршилтын хугацааг хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон хугацааг болон сургалтын хугацаагаар гэж байна. Гэтэл захиргааны зүгээс болон тухайн компанийн 2021 оноос 2022 оны хамтын гэрээний 3.15 дахь заалтад шинээр орж байгаа ажилтны туршилтын хугацаа 3 хүртэлх сар байна гэж заагаад өгсөн. Энэ талаар анхан шатны шүүх дээр хариуцагч талтай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргасан. Гэтэл үүнд туршилтын хугацаа юм уу гэдэг талаар ямар ч маргаан яригдаагүй байж давж заалдах шатанд энэ асуудлыг хөндөж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Хоёрдугаарт тухайн ажлын байр хугацаагүй, байнгын ажлын байр байсан учраас хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах ажлын байр байхаар хөдөлмөрийн гэрээндээ тусган заасан байгаа. Үүнээс харахад нэхэмжлэгч 07 дугаар сарын 01-ний өдөр диспетчер, инженерийн ажлын байранд анх удаа шинээр орсон юм уу гэхэд хавтаст хэрэгт авагдсан 58 дугаар хуудаст ажлын байрыг түр өөрчилсөн тушаалаас харахад анх 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Ч” ОНӨХХК-д нэхэмжлэгч М.М ус хангамжийн ариутгах татуургын албаны усны оператораар ажилд орсон байдаг.

Гэтэл дахиад ажлын байрыг өөрчлөөд тавихад М.Мг шинээр ажилд орсон юм аа гэж үзэх үндэслэл эдгээр баримтаас харагдах боломжгүй. Дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байгаа байдал харагддаг. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг үйлдвэрлэлийн хэмжээнд доголдол үүсэх хэмжээний зөрчил гаргасан гэж тайлбарладаг.   

Хэдийгээр нэхэмжлэгчийн хувьд тухайн зөрчлийг гаргасан юм уу, үгүй юм уу гэдэг зүйлд маргаантай байдаг хэдий ч шууд тэр зөрчлийг нэхэмжлэгчийн үйлдэл, үйл ажиллагаатай холбоотой зөрчил юм уу гэж үзэх хэрэгт авагдсан нотлох баримтаас төдийлөн харагдаж тогтоогддоггүй. Тухайн шугам сүлжээг засаж барьсан сантехникийн албаны инженер болон инженер техникийн ажилтнууд тухайн сантехникийн ажлыг дуусгаад заавал инженерт мэдэгдэх байтал тухайн үүргээ биелүүлээгүйгээс шууд хаалтыг нээснээс зууханд цохилт үүсэж аваарын байдал зарлагдах хэмжээнд хүрсэн байдаг. Нэхэмжлэгч яг тэр үед нь мэдсэн болохоос биш өмнө нь сантехникийн ажилчдаас мэдээлэл ирсэн байсан бол цааш нь дамжуулаад хэлэх боломж байсан. Үүнийг хөдөлмөрийн дотоод журмаараа байгууллагын хавтаст хэрэгт авагдсан 50 дугаар хуудаст хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.2-т заасан ажилтныг тухайн ажлын байранд мэргэжлийн болон эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй болсон эсвэл дотоод хяналт шалгалтаараа тэр зөрчлийг тогтоосон тохиолдолд тухайн зөрчил гаргасан гэж үзэхээс биш зөвхөн байгууллагын захирал өөрөө шууд зөрчлийг гаргасан гэж дүгнэж үзэх ямар ч боломжгүй нөхцөл байдал дээрх заалтаас харагдаж байна.

Мөн хавтаст хэргийн 50 дугаар хуудаст байгаа төлөвлөгөөт хяналт түүнд тавих хяналтын тогтолцооны 4 дүгээр зүйлийн 4.2.2-т тухайн нэхэмжлэгчийн ажлын байранд шууд хяналтыг хэн тогтоож, алдаа дутагдал гаргасан юм уу гэдгийг дээрх заалтад зааснаар үйлдвэр техникийн хэлтсийн дарга хяналт тавьж ажиллана гэж заасан. Гэтэл үйлдвэр техникийн хэлтсийн даргыг тухайн зөрчлийг гаргасан, гаргаагүй талаар албан ёсны дотоод хяналт шалгалтыг тогтоож танилцуулагдаагүй байхад шууд үйлдвэрлэлийн дарга энэ зөрчлийг гаргалаа гэх үндэслэлээр ажлын байрыг өөрчилж байгаа нь үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар заалтаас 34 дүгээр заалтад өөр ажилд шилжүүлэх талаар заагаад өгсөн. Гэтэл нэхэмжлэгчийн ажлын байрыг одоо өөрчилж байгаа нөхцөл нь ерөөсөө алдаа, зөрчил дутагдлыг гаргасан хариуцлагагүй хандсаны улмаас ажлын байрыг өөрчиллөө гэж байгаа тушаал нь өөрөө хуульд нийцээгүй. Нэхэмжлэгчийг диспетчер инженерийн ажлын байрнаас чөлөөлөөд өөр ажилд авсан байхаар тушаал гарсан байдаг. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан байгаа учраас шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна.” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх зүйл алга. Өмгөөлөгч тодорхой ярилаа.” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хариуцагч “Ч” ОНӨХХК-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг тус тус хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч “... туршилтын хугацаанд ажиллаж байх хугацаанд гаргасан зөрчлүүдийг хэлэлцээгүй, ... байнгын ажлын байранд хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллуулсныг анхаараагүй, хэрэглэвэл зохих хэм хэмжээг буруу хэрэглэсэн ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

            Нэхэмжлэгч М.М нь хариуцагч “Ч” ОНӨХХК-д диспетчер инженерээр ажиллаж байгаад “Ч” ОНӨХХК-ийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/239 дугаартай тушаалаар /хх 9/ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, Компанийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6.3, 6.6.4 дэх заалт, хөдөлмөрийн дотоод журмын 3.1.1, 13 дугаар зүйлийн 13.1.2 –т заасныг тус тус үндэслэн “...эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж үйлдвэрлэлийн хэвийн ажиллагаанд нөлөөлөхүйц хэмжээний доголдол үүсгэсэн...” гэж үзэн хөдөлмөрийн гэрээ цуцлагдсаныг эс зөвшөөрч ажлаас буруу халсан буюу ажлын байрыг өөрчлөн албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоох, ажлаас буруу шилжүүлсний үеийн олговор буюу зөрүү цалин 1470766 төгрөг нэхэмжилсэн ба энэ тухай нэхэмжлэлийн шаардлагыг 1131676 төгрөг болгон багасгаж өөрчилсөн байна.

 

            Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... М.М нь тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрсдэлд оруулах өндөр магадлал удаа дараа үүсгэж диспетчер инженерийн ажлын байранд ажиллуулах боломжгүй нь туршилтаар ажиллах хугацаанд нотлогдсон тул ... өөр ажилд сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн ... үйлдвэрлэлийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагаанд нөлөөлөхүйц зөрчил дутагдал гаргасан ...” гэж маргажээ.

 

               Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч М.М нь хариуцагч “Ч” ОНӨХХК-д ус хангамж ариутгах татуургын албаны усны оператороор ажиллаж байгаад тус компанийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/120 дугаартай тушаалаар /хх 6/ 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс диспетчер инженерээр түр хугацаагаар томилогдон тухайн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ /хх 7/ байгуулан ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуваарьт ээлжинд ажил үүрэг гүйцэтгэж байхдаа хэрэглэгчээс ирүүлсэн дуудлагын дагуу Эрчмийн байранд гадна шугамд гарсан алдагдлыг ээлжийн засварчинд үүрэг өгч шалгуулсан боловч эргэж холбогдож мэдээлэл аваагүй, ... шуурхай зохицуулалтаар хангаж ажиллагаагүйгээс дулааны станцад сүлжээний даралт унаж, зууханд цохио үүсэж аваарын нөхцөл байдал үүссэн, ...“шуурхай ажиллагааны журнал” болон “үйлдвэрлэлийн мэдээлэл”-д дээрх аваарын нөхцөл үүссэн талаар тэмдэглэл огт бүртгэж, хөтлөөгүй /хх12-14, 101-103, 117-125/ зөрчил дутагдлын улмаас хариуцагч буюу ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцалж, дулааны хангамжийн албанд гэрээт ажилчнаар томилсон /хх 9/ үйл баримт тогтоогджээ.

 

               Нэхэмжлэгч М.Мг диспетчер инженерээр ажилд томилсон, ажлаас халсан тушаалуудад болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд /хх 60-61/ хариуцагч буюу ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасныг үндэслэсэн байх ба хариуцагчийн тайлбарт  нэхэмжлэгчийг уг хуульд зааснаар туршилтын хугацаагаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэжээ.

 

               Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-т зааснаар ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болох бөгөөд ийнхүү хугацаа тогтоосон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 231 дүгээр зүйлийн 231.2-т тус тус зааснаар уг хугацааг хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заах ёстой.

 

               Гэтэл хэрэгт авагдсан хөдөлмөрийн дотоод журам /хх48-57/ болон хариуцагч буюу ажил олгогч нь нэхэмжлэгчтэй  байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хугацааг заагаагүй, талууд энэхүү хугацааг тохиролцон тогтоосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.3-т зааснаар ажилтныг туршилтын хугацаагаагүйгээр ажилд авсанд тооцно.

 

               Өөрөөр хэлбэл ажилтныг туршилтын хугацаагаар ажиллуулах нь түүний мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилготой ба энэ утгаараа нэхэмжлэгч М.М нь зөрчил дутагдал гаргасан явдал нь тухайн ажлын байранд тавигдах шаардлагад нийцээгүй, туршилтын хугацаагаар ажиллуулсан зорилгод хүрээгүй, энэ нь туршилтын хугацааг дуусгавар болгох үндэслэл болж болох боловч түүнд туршилтын хугацааг хэдий хэмжээгээр тогтоосон нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

 

               Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.2-т туршилтын хугацааг 3 сар хүртэл байж болохоор заасан бөгөөд нэхэмжлэгч М.М нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тухайн ажлын байранд буюу диспетчер инженерээр 6 сарын хугацаанд ажиллажээ.

 

               Хариуцагч буюу ажил олгогч нь нэгэнт хөдөлмөрийн гэрээнд ийнхүү туршилтын хугацааг заагаагүйгээс ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцох тул хариуцагчийг туршилтын хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

               Харин хариуцагч буюу ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалдаа хөдөлмөрийн дотоод журмын /хх56/ 13 дугаар зүйлийн 13.1.2–т заасан “Ажилтан тухайн ажлын байранд мэргэжлийн болон эрүүл мэндийн хувьд тэнцэхгүйг мэргэжлийн байгууллага болон дотоод хяналт шалгалтын ажилтны шалгалтаар тогтоосон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл ажилтантай тохиролцсоны үндсэн дээр албан тушаал бууруулна.” гэснийг үндэслэсэн байх боловч зохигчдын тайлбараас үзэхэд ажил олгогч нь энд заасан ажлын байранд мэргэжлийн болон эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэсэн үндэслэлээс илүүтэй албан тушаал бууруулна гэснийг үндэслэл болгосон гэж үзэхээр байх ба энэ тохиолдолд ажилтантай тохиролцоно гэж заасныг ажил олгогч хэрэгжүүлээгүй байна.

 

               Мөн нэхэмжлэгчийн гаргасан зөрчил дутагдал нь туршилтын хугацаагаар ажиллуулсан зорилгод хүрээгүй гэж үзэх үндэслэл болсон байх ба хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэж ажил олгогч үзээгүй нь “Ч” ОНӨХХК-ийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/239 дугаартай тушаалын /хх 6/ агуулга болон зохигчдын тайлбараар тогтоогджээ.

 

               Иймд нэхэмжлэгч М.Мг ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 136/ШШ2022/00112 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Ч” ОНӨХХК-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар хариуцагч “Ч” ОНӨХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь  хяналтын  журмаар  гомдол  гаргах хугацааг тоолоход   саад  болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    А.САЙНТӨГС

 

                                                 ШҮҮГЧИД                                     Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                                                       Н.БАТЧИМЭГ