Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/91

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ачмаа,                                                                               

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б-н О-д холбогдох эрүүгийн 1817000520034 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 03-нд Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, вагоны техникч мэргэжилтэй, Чойр техник үйлчилгээний газар вагон үзэгч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р баг, Тээвэрчдийн байрны .......... тоотод оршин суух, улсаас Монгол Улсын мэргэн цол авч байсан, урьд ял шийтгэлгүй гэх Б овгийн Б-н О /РД:Е........./

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 00 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Гранд нэртэй ресторанд иргэн Д.Э-г түлхэн унагаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 00 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гранд ресторанд хохирогч Д.Э-тай маргалдаж улмаар түүнийг түлхэж унаган хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Гранд ресторанд эхнэрийгээ авах гээд очтол үйл ажиллагаа дуусаагүй байна гээд явуулахгүй байсан. Тэгээд түлхэж унагааснаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.2. Шүүгдэгч Б.О мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Манай эхнэрийн ажлын газар 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Гранд ресторанд эмэгтэйчүүдийн баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн. Манай эхнэр Б над руу утсаар яриад үйл ажиллагаа дуусч байна, хүрээд ир гэж 00 цагийн орчим хэлэхээр нь би ганцаараа найз Б-р машинаа бариулаад хоёулаа очсон. Би ингэж очихоос өмнө хөдөөний найз Т-н хамт манай гэрт 0.75 грамын Соёрхол нэртэй архи нэг шилийг хувааж уугаад Т манай гэрээс явчихсан. Харин Б манай гэрт хамт байсан юм. Б архи уугаагүй эрүүл байсан юм. Ер нь Б-р машинаа бариулна гээд дуудчихсан манай гэрт хамт байсан.

Би Гранд ресторанд очиход манай эхнэрийн ажлын газрын хэдэн хүмүүс нэг давхарт бүжгийн талбайд бүжиглэж байсан. Би хоёр давхарт байх эхнэрийнхээ байсан караокений өрөө рүү орох гээд бүжгийн талбай дундуур гарахдаа тэнд зогсож байсан Ц гэх залууг өмнөөсөө холдуулах гээд мөр лүү нь гараараа түлхэж холдуулсан. Тэгээд би хоёр давхарт гараад өрөө рүү нь ороход тэнд цэцэрлэгийн хэсэг хүмүүс юм яриад сууцгааж байхаар нь би тэнд байсан хүмүүстэй мэндлээд эхнэртээ хандаад явах уу гэрт хүүхдүүд маань байгаа гэж хэлсэн. Тэгтэл тэнд байсан хүмүүс манай баярын арга хэмжээ дуусаагүй байна гэж хэлсэн.

М гэдэг хүн гаднаас орж ирээд О бүжгийн талбай дээр Ц-г цохьчихлоо гэж хэлснээс болж М бид хоёр хоорондоо жоохон маргалдсан. Тэгтэл Э эрхлэгч манай эхнэр Б-г хамт яв гэж хэлсэн чинь ажлынхан газрын бусад хүмүүс явуулахгүй гээд байсан. Тэгэхэд Э эрхлэгч намайг чи ер нь яв гээд намайг түлхээд өрөөнөөс гаргасан. Тэгэхээр нь би эхнэрийгээ авах гээд буцаад орсон чинь намайг мөн Э чи яв гээд түлхээд гаргахаар нь миний уур хүрээд Э даргыг түлхчихсэн чинь Э аргаш саваад толгойгоороо шалан дээр унасан. Өөр зүйл болоогүй. Цагдаа дуудахаар нь би явалгүй тэндээ байж байсан. Би Э эрхлэгчийг түлхэж унаган биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь Сансар цэцэрлэгчийн хаалганы шилийг хаах гэж байхад савагдаад хагарсан юм. Би тэр хаалгыг шиллэж өгсөн. Шилийг хагалъя гэж хагалаагүй юм. Тухайн өдөр салхи ихтэй байсан учир хаалга нь салхинд савагдаад хагарсан, тэрийг хэлсэн байна... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/

 

1.3. Хохирогч Д.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 03 дугаар сарын 07-ны 20 цагт Мартын-8 баяр тэмдэглэхээр манай цэцэрлэгчийн ажилчид Гранд баранд очиж эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэж байхад, би 2 давхарт караокений өрөөнд намайг үйлчлэгч Ц.Б, туслах багш Ц, өмнө нь манай цэцэрлэгт сахиулаар ажиллаж байсан Б, багш М, багш С бид нарыг дуулаад сууж байтал өрөөнд үйлчлэгч ажилтай Ц.Б-н нөхөр болох О согтуу орж ирээд эхнэр Ц.Б-тээ хандаж “миний ханиа гэр рүүгээ явья” гэж хэлсэн. Араас нь цэцэрлэгийн нярав М орж ирээд надад “энэ О сахиул Ц-г зодчихоод ороод ирлээ” гэж хэлэхээр нь би Б.О “чи яагаад хүн зодож байгаа юм бэ? гэж асуухад Б.О надад юм хэлэлгүй нярав М руу элдэв үгээр хэлж, өөдөөс нь гараараа салаавч үзүүлж агсам тавьж хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би Б.О рүү очоод ард талаас нь нуруу хэсэг рүү нь хоёр гараараа түлхэж чи болохгүй, одоо гэртээ харьж амар гэж хэлээд караокений өрөөнөөс түлхэж гаргангуут Б.О надад “би эхнэрээ аваад хамтдаа гэр рүү явмаар байна, гэхээр нь би буцаж караокений өрөөнд орж Б.О-н эхнэр Ц.Б-т “нөхөр чинь чамайг авч явна гээд байна, чи хамт явчих” гэж хэлэхэд Ц.Б надад “би явахгүй, наадах чинь согтуу байна гэж хэлээд гарахгүй байж байтал Б.О буцаад караокений өрөөнд орж ирээд эхнэртээ “миний ханиа явъя” гэж хэлээд зогсож байснаа М-г харангуутаа дахиад хэл амаар доромжлоод гарын салаавч үзүүлээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь би Б.О рүү очоод урд талаас нь цээж хэсэг рүү хоёр гараараа түлхээд “өнөөдөр баярын өдөр, ганц баярын өдөр чи ингээд байх юм, ямар учиртай юм бэ гээд түлхээд караокений өрөөнөөс гарангуутаа хаалгыг нь хаатал Б.О надад “та ер нь яах гээд байгаа юм бэ” гэд хэлээд миний цээж хэсэг рүү хоёр гараараа түлхэж би хойшоо шалан дээр дагзаараа унаж түр зуур ухаан алдаад сэргэсэн. Тэгээд манайхан цагдаа руу дуудлага өгсөн байсан.

Миний тархи доргиж хаван үүссэн гэсэн онош гарсан, би дахин эмчилгээнд явна, миний биед гэмтэл гарсан тул гомдолтой байна. 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна, 2018 оны 03 дугаар сарын 19-нд эмнэлгээс гараад дахиад Улаанбаатар хот руу эмчилгээнд явна. Хоол идэхээр гэдэс гүйлгээд байгаа тул явж биеэ эмчлүүлнэ. Эмчилгээнд болон бусад гарсан зардлуудыг гаргаж өгнө… гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

....Б.О караокений өрөөнөөс гараад цаашаа явж байгаад эргэж ирээд миний цээж хэсэгт гараараа нэг удаа цохиод унагасан. Тухайн үед миний цээж хэсэгт жоохон хүндүүрлэж байгаад зүгээр болсон. Би энэ талаар шүүх эмчид хэлээгүй.

Би анх ажлынхаа хүний нөхөр гэж бодоод түлхсэн гээд хэлчихвэл арай гайгүй байх юм болов уу гэж бодсон юм. Б.О миний цээж хэсэг рүү нэг удаа гараараа цохиход би арагш саваад толгойгоороо газар саваад унасан. Үүнээс болж би хэсэг ухаан алдсан байсан. Тухайн үед намайг Б.О-с өөр цохисон хүн байхгүй. Миний биед учирсан гэмтэл нь О миний цээж рүү гараараа нэг удаа цохиж газар толгойгоор унаснаас болоод үүссэн… гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

 

1.4. Гэрч Т.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Манай байгууллага 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Гранд ресторанд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр үйл ажиллагаа зохион байгуулсан. Энэ өдөр үйл ажиллагаа 19 цагаас эхлэн явагдаад тарах гэж байсан чинь манай ажлын хэсэг хүмүүс гадаа үлдсэн хүмүүс нь 2 давхарт караокений өрөөнд сууж байсан чинь манай нярав М доороос өрөөнд орж ирээд О доор ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгтэл удалгүй О гаднаас бид нарын сууж байсан өрөөнд согтуу орж ирээд эхнэр Б-г аваад явъя гэж хэлэхэд нярав М манайх ганц өдөр баяр тэмдэглээд тарах гэж байхад гэж хэлснээс болж О М нар хоорондоо маргалдаад хэлсэн. Тэр үед хэн нь О-г өрөөнөөс гар гэж хэлсэн гэдгийг мэдэхгүй, олон хүн шаагилдаад байсан. Тэгтэл О эрхлэгч Э караокений өрөөнөөс түлхээд гаргасан чинь О зөрүүлээд Э-г түлхсэн чинь Э арагшаа шалан дээр уначихаад босч ирэхгүй байсан. Өөр зүйл болоогүй. Эдгээр хүмүүс урд өмнө нь миний хажууд хоорондоо маргалдаж муудалцаж байгаагүй… гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

 

1.5. Гэрч Ш.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Манай байгууллага анги даасан багш нар зохион байгуулаад “Гранд ресторанд 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн орчим Мартын-8 баяр тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаа эхэлсэн. Дээрх үйл ажиллагаанд манай албан хаагчид бүгд хамрагдсан. Би тухайн үед доод давхар луу буугаад 00-н өрөө рүү орж биеэ засчихаад буцаад гараад ирсэн чинь Одсүрэн ирчихсэн эхнэр Б-г авч явах гээд байх шиг байсан. Би караокений өрөө рүү ороод дуулаад байж байсан чинь өрөөний гадаа гэнэт манай ажлын С дарга уначихсан гэж хүн хашгирахаар нь би гараад ирсэн караокений өрөөний гадаа Э, С болон доор бүжиглэж байсан бүх хүмүүс хоёр давхарт гараад ирчихсэн байсан. Би тухайн үед яг юу болсон, хэн хэнийгээ цохьсон түлхсэн гэдгийг хараагүй. Тэнд байсан манай ажлын хүмүүс О, Э даргыг цохиод унагачихлаа гэж ярьж байхыг сонссон. Өөр надад энэ талаар мэдэх зүйл байхгүй… гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

 

1.6. Гэрч Д.Ү мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Тухайн өдөр манай ресторанд Сансар цэцэрлэгийн хүмүүс хоорондоо муудалцсан асуудал гарсан. Яг хэн нь хэнтэйгээ ямар шалтгааны улмаас маргалдаж муудалцсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Сүүлд сонсож байхад Сансар цэцэрлэгийн нэг ажилтны нөхөр нь эхнэрээ авах гэж ирээд даргатай нь муудалцсан гэж сонссон... гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/

 

1.7. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дүгээр сарын 14-ны өдрийн 95 дугаартай дүгнэлтэд: 

- Д.Э-н биед тархи доргилт, зүүн далны дээд хэсгээр цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /хх-ийн 36 дугаар хуудас/

           

1.8. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэлүүд /хх-ийн 4-7 дугаар хуудас/

 

1.9. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11 дүгээр хуудас/

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Б.О-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Б.О болон түүний өмгөөлөгч Б.Батчимэг нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Б.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдасан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Б.О-н хувьд хамт олонтойгоо нийтэч, төлөв томоотой даруу, хүнд тусархуу зантай. Хамт олны дунд нэр хүнд сайтай, шагайн спортоор хичээллэдэг. Архи нээх их хэрэглээд байдаггүй. Баяр ёслол болон бусад нийтийг хамарсан арга хэмжээний үед архи дарс хэрэглэдэг. Ажлын цагаар архи дарсны асуудал огт гаргаж байгаагүй. Архи уусан үедээ их наргианч зантай, бусадтайгаа их хөгжилтэй, хүн инээлгээд л явж байдаг манай ажилчин юм… гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

 

2.2. Гэрч Ө.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Б.О манай ээлжийн вагон үзэгч, би ээлжийн ахлахаар нь ажилладаг. Б.О-н хувьд хамт олонтойгоо нийтэч, төлөв томоотой даруу, хүнд тусархуу зантай. Баяр ёслол болон нийтийг хамарсан арга хэмжээний үед архи дарс хэрэглэдэг. Ажлын цагаар архи дарсны асуудал огт гаргаж байгаагүй. Архи уусан үедээ их наргианч зантай, бусадтайгаа их хөгжилтэй, хүн инээлгээд л явж байдаг манай ажилчин юм… гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

 

            2.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-57 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Б.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

            Иймд шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.

 

            Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Э-д 500 000 /таван зуун мянга/ төгрөг төлсөн, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогч Д.Э нь эмчилгээний зардалд 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг нэхэмжилсэн боловч 392 000 /гурван зуун ерэн хоёр мянга/ төгрөгний баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцээгүй орхиж, хохирогч Д.Э-ы тархины цахилгаан бичлэг хийлгэсэн төлбөр болох 30 000 /гучин мянга/ төгрөг, Улаанбаатар хот явсан тээврийн зардал болох 28 000 /хорин найман мянга/ төгрөг, нийт 58 000 /тавин найман мянга/ төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.О-с гаргуулж хохирогч Д.Э-д олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Д.Э нь цаашид гарах эмчилгээний зардалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Б-н О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Э-д 500 000 /таван зуун мянга/ төгрөг төлсөн, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Э-ны нэхэмжилсэн 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгнөөс 392 000 /гурван зуун ерэн хоёр мянга/ төгрөгийг хэлэлцээгүй орхиж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.О-с 58 000 /тавин найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Э-д олгосугай.

 

7. Хохирогч Д.Э нь цаашид гарах эмчилгээний зардалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.ЭНХМАНДАХ