Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2018/ДШМ/15

 

   Б.О  холбогдох  эрүүгийн

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд прокурор Б.Мөнхдөл, нарийн бичгийн дарга А.Энхбаяр, хохирогч Д.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан

 Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2018/ШЗ/86 дугаар шүүгчийн захирамжтай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Б.О холбогдох 1 дугаартай эрүүгийн хэргийг эс зөвшөөрч бичсэн прокурор Э.Нямбилэгтийн эсэргүүцлийг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч  Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө 00 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Гранд” нэртэй ресторанд хохирогч Д.T түлхэн унагаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.О холбогдох эрүүгийн 1817000520034 дугаартай хэргийг Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч Б.Одсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурьдаж, шийдвэрийг эс зөвшөөрвөл ажлын 5 хоногт багтаан прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

           Прокурор Б.Мөнхдөл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч  Б.Онь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө 00 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Гранд” нэртэй ресторанд хохирогч Д.Э түлхэн унагаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Прокуророос ЭХТА-ийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг 2018.05.30-ны өдөр хүлээж аваад, 2018.06.15-ны өдөр шүүх хуралдааныг зарласан. Шүүхийн шатанд хохирогчийг шүүх хуралд ирээгүй гэдэг үндэслэлээр шүүх хуралдаан хойшилж байсан. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь хохирлын мөнгийг төлж барагдуулсан. Мөн хохирогч нь хохирлын талаар маргаангүй гэж 2 удаа байцаалт өгсөн байдаг. ЭХХШТХ-ийн 17.4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргээс улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн гэсэн үндэслэлээр шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. Шүүхийн шатанд хохирогч нь шүүгдэгчээс дахин мөнгө нэхэмжилсэн. Энэ мөнгийг ч гэсэн шүүгдэгч нь нөхөн төлөхөө илэрхийлсэн. Гэтэл шүүхээс эрх зүйн байдлыг дордуулж, шүүхэд эвлэрсэн баримтыг хавтаст хэрэгт хавсаргаагүй гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан. Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх 72 цагийн хугацаа дууссан. Гэтэл ердийн журмаар шийдвэрлээд, хохирлын асуудлыг шийдвэрлэх боломжтой байхад хэргийг буцааж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. ЭХШХШТХуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана гэж заасан. Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх гол нөхцөл болох 72 цагийн хугацаа өнгөрсөн байхад шүүхээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэж үзээд буцаасан нь үндэслэлгүй байна. Мөн шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан зүйл огт байхгүй. Хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Тийм учраас анхан шатны шүүхээр дахин хэргийг хянан шийдвэрлэх боломжтой учраас шүүгчийн захирамжийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн эсэргүүцэл байна гэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 86 дугаар шүүгчийн захирамж нь үндэслэлгүй учраас прокурорын эсэргүүцлийг өмгөөлөгчийн хувьд дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрсөн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Яагаад гэвэл Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлд зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх талаар заасан. ЭХТА-ийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж нэрлэн заасан байдаг. Тийм учраас энэ журмаар хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэх боломжтой байсан. Мөн прокурорын шатанд Б.О зүгээс хохирогч Д.T эвлэрсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн өөрөө хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналаа гарсан. Харин шүүхийн шатанд энэ асуудал хөндөгдөөгүй. Прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасаныг анхаарч үзээгүй. ЭХХШТХ-ийн 17.4 дүгээр зүйлд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тодорхой нөхцлүүдийг заасан байдаг. Энэ нөхцлүүдээс авч үзэхэд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, мөн прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэсэн нөхцлүүдийг хангаж байсан учраас шүүхээд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шат болон прокурорын шатанд хохирогч Д.Эр Б.Од зүгээс эвлэрсэн, хохирол төлбөр болох 500,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Мөн шүүхийн шатанд хохирогч Д нэхэмжилсэн 450,000 төгрөгийг цаашид сайн дураараа төлнө гэдэг санал, хүсэлтээ илэрхийлсэн байсан. Ийм байгаа нөхцөлд тухайн хэргийг анхан шатны шүүх прокурорт буцаахгүйгээр шийдвэрлэх боломжтой байсан.

Тийм учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн саналыг өмгөөлөгчийн хувьд оруулж байна. Хохирогчтой яагаад эвлэрсэн бэ гэхээр 2018.06.05-ны өдөр хэрэг анхан шатны шүүх дээр байх үед шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол төлбөрийг барагдуулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн. Ийм байгаа нөхцөлд тухайн хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл бичгээр илэрхийлээгүй гэсэн үндэслэлээр буцааж байгаа нь үндэслэлгүй юм. Тийм учраас анхан шатын шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн саналыг өмгөөлөгчийн хувьд оруулж байна гэжээ.

                 Хохирогч Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед би эмра зураг харуулахад 450,000 төгрөг болно гэхэд Б.О би 450,000 төгрөгийг төлнө өө гэсэн. Лхагвагарам байцаагч та яах юм бэ гэж надаас асуухад нь би Б.О 450,000 төгрөгийг төлнө гэсэн болохоор би гарын зурсан. Энэ эвлэрлийн гэрээг Лхагвагарам байцаагч, Б.Обид 3 хамт сууж байгаад бичсэн. Улаанбаатар хотод очоод би шинжилгээнүүд өгсөн. Гэтэл намайг дахиад эмра зураг харуул гэсэн эмчийн дүгнэлт гарсан. Тэгэхээр нь би Б.Одсүрэнд энэ талаар хэлэхэд би таны мөнгийг өгөхгүй гэсэн. Шүүхээс хурлын тов мэдэгдэхэд нь би өөрөө шүүх хуралд орно, жил бүр би эрүүл мэндийн үзлэгт ороход мэдрэлийн талаар эрүүл байдаг байсан гэтэл би өнөөдөр эмнэлэгт хэвтэх хэмжээнд хүрсэн байна гэж хэлсэн. Эхлээд би гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Ирээд эмнэлэгт хэвтсэн. Энэ бүх баримтуудаараа би эхэлж өгсөн 500,000 төгрөгийг авсан.  Бүх баримтууд нь одоо надад байна. Дахиад намайг эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн. Эмра зураг харуулах гэсэн боловч зүрхний асуудалтай байгаа учраас наашлуулах боломжгүй яаралтай эмнэлэгт хэвтэж эмчлүүл гэсэн. Ингээд би Б.О450,000 төгрөгийг нэхэмжилсэн. Би ажилгүй байсан, эмнэлэгт хэвтсэн, цалингүй байсан. Энэ бүх баримтаа бүрдүүлээд ирсэн байгаа. Б.О бол эвлэрсэн гээд байгаа. Надад хохирлын мөнгийг өгнө гээд Лхагвагарам байцаагчийн хажууд ярьж тохиролцоод надаар гарын үсэг зуруулчихаад эцэст нь би тэр мөнгийг чинь өгөхгүй гээд байгаа. Энэ асуудлаас болж би хохироод тархи толгойны өвчтэй болоод эмнэлэгээр явж байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

              Анхан шатны шүүх  нь  шүүгдэгч Б.Одсүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл /Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам/-ийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй гэсэн үндэслэлээр хэргийг мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, үндэслэлтэй зөв  гэж үзлээ.

              Шүүгдэгч Б.О нь 2018 оны 3 дугаар сарын 7-оос 8-нд шилжих шөнө 00 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  2 дугаар багт байрлах  “Гранд” ресторанд хохирогч Д.Э түлхэж унаган түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон, хэрэг нотлогдсон байх боловч прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлэхдээ хуульд заасан шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл яллагдагчаас хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй, хохирол нөхөн төлсөн баримт болон нөхөн төлөхөө илэрхийлсэн баталгааг хэрэгт хавсаргаагүй байна. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-58, 59/ дээр бичигдсэн хохирогч болон шүүгдэгчийн зүгээс гаргасан санал хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, түүнд хавсаргагдах ёстой хохирол нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгаа гэж үзэх үндэслэлгүй байна.

             Анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр шүүх хуралдааныг зарлан хуралдуулахдаа прокуророос нэгэнт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй ирүүлсэн байхад хохирогчийг шүүх хуралдаанд заавал оролцуулах зорилгоор шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан нь учир дутагдалтай болжээ.

             Зүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар хохирогч нь шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт бичгээр гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулах болон шүүх хуралдаанд хохирогч ирээгүй нь хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэсний дагуу шүүх хуралдааныг хойшлуулалгүйгээр  хэргийг прокурорт буцааж болох байсан байна.

              Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.          

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасныг заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2018/ШЗ/86 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ОДНЯМАА

                                           ШҮҮГЧИД                                Х.БАЙГАЛМАА

                                                                                            Г.ТЭГШСУУРЬ