Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 221/MA2016/0429

 

Ш.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Алтанчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Урантуул нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 235 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу, Ш.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Отгонбаатарын нэхэмжлэлтэй, Гааль, татварын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Гаалийн улсын байцаагчийн 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр, Гаалийн ерөнхий газрын 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 02/3240 тоот, Гаалийн ерөнхий газрын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 02-8/3808 тоот, Гаалийн ерөнхий газрын 2015 оны 10 дугаар сарын 27-ны 01/4212 тоот тайлбарыг нийтэд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр БНСУ-ын Илсан боомтоос ачуулж 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Монгол улсад орж ирсэн КIА RETONA CRUISER GX маркийн суудал, хагас ачааны машиныг Монгол улсын Гаалийн үнэ, ангиллын алба "барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт"-ын дагуу 8703,32,70 кодод ангилагдана гэж үзэж хариу тайлбар өгч байгаа нь Монгол улсын Олон Улсын хууль журам, норм стандартыг баримтлаагүй.

-“ачааны" гэсэн үйлдвэрлэгч болон, Олон улсын машин үйлдвэрлэгчийн стандарт тэмдэг, тэмдэглэгээг үл анзаарч тайлбар гаргасан.

- “барааны гарал үүсэл стандартаар барааг үнэлж, ангилна” гэж барааг үнэлэх, ангилах журамд заачихсан байхад ижил төсөөтэй машинаар нь ангилах гэсэн тайлбар гаргаж байгаа,

-“барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт”-ын 8703,32,70 кодоос гадна уг тээврийн хэрэгслийн зориулалт агуулгад таарах ангилал байхад тулган ангилж байгаа нь:

-Төрийн байгууллагын хариуцлагагүй байдлаас үүдэн иргэн өмчөө эзэмшиж чадахгүйд хүрэх,

-Тухайн тээврийн хэрэгсэлд оногдох 800.000 төгрөгийн татварыг төлчихөөд байхад 11.600.000 төгрөгийн татвар нэхэж байгаа нь гаалийн татварыг давхар төлүүлэх, цаашилбал Гаалийн байгууллагын хариуцлагагүй үйлдлээс болж өмчөө алдах эрсдэл үүсэж байна. Иймээс уг хэргийг нягталж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн. Ш.Бат-Эрдэнийн нэр дээр Бүгд Найрамдах Солонгос Улсаас ачигдаж ирсэн “Kia Retone” маркийн тээврийн хэрэгслийг 02-2141023-15-131066 тоот мэдүүлгээр “ачааны зориулалттай тээврийн хэрэгсэл” гэж мэдүүлснийг гаалийн хяналт шалгалтаар, мөн Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын шийдвэрээр “Барааг тодорхойлох, кодлох, уялдуулсан системийн тухай болон Олон улсын конвенц”-ийн дагуу "87.03"-т хамаарах "Суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл" болохыг тодорхойлсон. Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээ хариуцсан нэгжийн албан тушаалтнууд гомдлыг нягтлан шалгасан. Нягтлан шалгасны эцэст Монгол Улс нэгдэн орсон 1983 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай" Олон улсын конвенц, Дэлхийн гаалийн байгууллагын Уялдуулсан системийн ерөнхий тайлбар дүрэм, Уялдуулсан системийн хорооны шийдвэр, Улсын дээд шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Онцгой албан татварын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 13 дугаар тогтоолын 1-д заасныг тус тус үндэслэн "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт"-ын 87.03 буюу “Суудлын автомашин”-ы кодод ангилагдахыг тодорхойлон, 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 02/3240 тоот албан бичгээр хариуг өгсөн. Олон улсын конвенцийн 87.03-т хамаарах хүн тээвэрлэх болон, хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай, нэг бүхээгтэй автомашины дараах шалгуур үзүүлэлтийг Уялдуулсан системийн тайлбар бичигт Дэлхийн гаалийн байгууллагын Уялдуулсан системийн хорооны шийдвэрээр оруулсан. Үүнд:

а. Хүн бүрийн аюулгүй байдлыг хангах хэрэгсэл болох хамгаалалтын бүс, түүнийг тогтооход хэрэглэх бэхэлгээний суурь болон тоноглол бүхий суурин суудалтай, эсвэл жолоочийн хойд хэсэгт аюулгүй байдлыг хангах хэрэгсэл болон суудлыг суурилуулах зориулалтын бэхэлгээний суурь, тоноглолтой эдгээр суудлууд нь хөдөлгөөнгүй бэхлэгдсэн, эвхэгддэг. бэхэлгээний сууринаас салдаг буюу хураагддаг байж болно,

b. Хоёр хажуугийн талдаа шилэн цонх бүхий,

           с. Хажуу тал буюу хойд талдаа цонх бүхий гүйгддэг, гадагшаа онгойдог, сөхөгддөг хаалгатай;

          d. Жолоочийн эгнээний хэсэг, хүн ба ачааны алиныг нь тээвэрлэж болох хойд хэсгийн хооронд хөдөлгөөнгүй суурилуулсан байнгын хана буюу хаалтгүй;

          е. Тээврийн хэрэгслийн Салон нь бүхэлдээ зорчигчийн хэсэгтэйгээ адил доторлогоо, тоноглолтой байна.

Иргэн Ө.Отгонбаатарын нэхэмжлэлд дурдсан “Kia Retone” маркийн тээврийн хэрэгслийг Улаанбаатар хот дахь гаалийн газрын "Прогресстранс" дахь гаалийн хяналтын бүсэд очиж, биет шалгалт хийхэд : 2 хүний суудалтай, жолооч, зорчигчийн хойд талын ачааны зориулалтын хэсэг нь шилэн цонхгүй, жолооч, зорчигч болон ачаа тээвэрлэх хэсгийг тусгаарласан "хаалт" гэх төмөр хүрээ бүхий хэсэг нь сул байрлалтай байсан бөгөөд зориулалтын биш, гар аргаар хийж суурилуулсан, тээврийн хэрэгслийн хананд гаргасан нүх нь гар аргаар нүхэлсэн, болхи, зорчигч болон ачаа тээвэрлэх хэсэг нь бүхэлдээ ижил доторлогоотой байсан зэрэг нь дээрх шалгуур үзүүлэлтийг хангаж байна. Улсын дээд шүүхийн тогтоолын 1-д “JEEP” загварын автомашинууд нь суудлын автомашины ангилал-д орно гэж тогтоосон ба нэхэмжлэлд дурдсан “Kia Retone” маркийн автомашин нь “jeep” загварын автомашин болох нь биет үзлэг болон нэхэмжлэлд хавсаргасан бодит зураг зэргээс тодорхой харагдаж байгаа болно. Гаалийн байгууллага үндэсний хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ Дэлхийн гаалийн байгууллагын тээврийн хэрэгслийн ангилалыг тодорхойлох шалгуур үзүүлэлтийн дагуу тодорхойлсон бөгөөд нэхэмжлэлд дурдсан тээврийн хэрэгсэлд дээр дурдсан тусгаарлагч хаалт байхгүй, ердийн суудлын авто машиныхтай адил салоны гэрэлтүүлэг, доторлогоотой тул 87.03-т хамаарах “van” буюу Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор батлагдсан тайлбарын суудлын автомашины тодорхойлолтод заасан 87.03 ангилалд хамаарах автомашин мөн юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй болно” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 235 дугаар шийдвэрээр: ”Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Гаалийн улсын байцаагчийн 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр, Гаалийн ерөнхий газрын 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 02/3240, 09 дүгээр сарын 24-ний өдрийн 02-8/3808, 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/4212 дугаар албан бичгүүд хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн ангиллыг үнэн зөв тогтоолгох шаардлага бүхий иргэн Ш.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Отгонбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэн зөвийг тогтоох, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн захиргааны үйл ажиллагаа, шийдвэр түүний үндэслэл нь холбогдох хууль журамд нийцэж байгаа эсэхийг хянан шалгах, хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Улаанбаатар хотын Гаалийн газраас автомашины улсын бүртгэлийн гэрчилгээ, тодорхойлолт, 87.03, 32.70 кодын ангилалд хамаарна гэсэн улсын байцаагчийн дүгнэлт болон шийдвэр зэргийг авч, дүгнэлт хийсэнгүй. Конвенцийн Уялдуулсан системийн ерөнхий тайлбар дүрэм хэсэгт “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн Жагсаалтын дагуу барааг ангилахад дараахь зарчмыг баримтална” гээд “хэсэг бүлэг болон дэд бүлгийн гарчиг нь барааг ангилахад зөвхөн анхан шатны лавлагаа баримжаа болно” Хууль ёсны ангилал нь зүйлийн гарчиг болон холбогдох хэсэг, бүлгийн тайлбараар тодорхойлогдохын зэрэгцээ эдгээр зүйл болон тайлбарт өөрөөр заагаагүй бол дор дурьдах дүрмийн заалтыг баримтална гэж, мөн хэсэгт 2 /b/ дүрмийг хэрэглэх буюу бусад шалтгаанаар тухайн бараа, бүтээгдэхүүн нь 2 буюу түүнээс дээш зүйл ангиар ангилагдаж болох тохиолдолд дараах байдлаар ангилна” гээд “Тухайн барааны шинжийг ерөнхийд нь тодорхойлж заасан зүйл ангийг эрхэмлэнэ” гэж тус тус заажээ. Дээр дурьдсан зохицуулалтаар шүүх тухайн автомашины үндсэн шинж нь илэрхий давамгай байдал нь аль ангилалд хамаарахаар байгааг харьцуулан дүгнэлт хийх нь шүүхийн үүрэг байсан боловч шүүх танай нэхэмжлэл нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж үзсэн. Энэхүү машин нь анхнаасаа үйлдвэрээс арын хэсэгт зөвхөн ачаа ачих зориулалттай үйлдвэрлэгдсэн байхад хариуцагч татгалзсан тайлбарынхаа үндэслэлийг “ийм ачааны автомашиныг монголчууд оруулж ирээд “суудлын” болгож” өөрчлөөд байгаа гэж тайлбарладаг. Мөн уг автомашин нь 2 бүхээгтэй байхад шүүх нэг бүхээгтэй гэж, түүнчлэн ачааны хэсгээс хөдөлгөөнгүй байнгын суурилагдсан төмөр хаалтаар битүү /онгойхгүй/ тусгаарлагдсан, арын бүхээгт хүн суух сандлын нүх, үнсний сав, хамгаалалтын бүс, тогтоогч, халуун, хүйтэн сэлгэх төхөөрөмж, агааржуулалт байхгүй, ямар нэг онгойж агаар орох цонхгүй, 2 хажуу тал нь битүү төмөр хаалттай, жижиг ачаа буюу нийт 400 кг ачаа ачих даацтай “Van” загварын зэрэг бодит нөхцөл байдлыг үнэлж үзсэнгүй. Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу бодит автомашинтайгаа тохирсон, үнэн зөв мэдүүлэг өгсөөр байтал гаалийн байцаагч үндэслэлгүй зөрүүтэй дүгнэлт гаргаж, улмаар гаалийн онцгой албан татвар төлөх үр дагаварыг бий болгож, 87.04 кодод хамаарах автомашиныг 87.03-т хамаарна гэж дүгнэлт гаргасан үйл ажиллагааг нарийвчи лж шалгасангүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү” гэжээ

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн гүйцэтгээгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлөхөөр байх тул шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “...нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэдэгт дараахь зүйл багтана”, 32.5.1-д “Захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 33 дугаар зүйлийн 33.2-т “нэхэмжлэл нь энэ хуулийн 32.2-т заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно”, 33.3-т “нэхэмжлэгч шүүгчийн тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй бол уг нэхэмжлэлийг шүүгчийн захирамж гаргаж буцаана” гэж тус тус заасан байх бөгөөд анхан шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 8694 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон боловч нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа захиргааны байгууллага, албан тушаалтны ямар хууль бус актын улмаас эрх нь зөрчигдсөн, захиргааны хэргийн шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсч байгаагаа мөн адил тодруулж өгөөгүй  байна.

Гэтэл шүүх “Импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн ангиллыг үнэн зөв тогтоолгох”-ыг хүссэн шаардлагад захиргааны хэрэг үүсгэсэн атлаа шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг “Гаалийн улсын байцаагчийн 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр, Гаалийн ерөнхий газрын 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 02/3240, 09 дүгээр сарын 24-ний өдрийн 02-8/3808, 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/4212 дугаар албан бичгүүд хууль бус болохыг тогтоон хүчингүй болгох, импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн ангиллыг үнэн зөв тогтоолгох” гэж тодорхойлсон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээр дурдсан заалтуудыг зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болж байна.

Зүй нь шүүх нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрөхгүй гэх 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр нь Бүрдүүлэлтийн албаны дарга Н.Уранчимэг, Барааг тодорхойлох, кодлох уялдуулах систем, Үнэлгээ хариуцсан гаалийн улсын байцаагч З.Дэлгэрмаа нарын гаргасан шийдвэр /хэргийн 25-р хуудас/ болон гомдлыг хянасан Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын шийдвэрийн /хэргийн 4-р хуудас/ аль нь маргаан бүхий акт болохыг тодруулснаар хариуцагчийг зөв тодорхойлж хэргийг шийдвэрлэх учиртай.  

Түүнчлэн, шүүх 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хийсэн автомашины үзлэгээр Уялдуулсан системийн 87.03-т заасан “Суудлын автомашин”-ы шинж болох хүн бүрийн аюулгүй байдлыг хангах хэрэгсэл болох хамгаалалтын бүс, түүнийг тогтооход хэрэглэх бэхэлгээний суурь болон тоноглол бүхий суурин суудалтай, эсвэл жолоочийн хойд хэсэгт аюулгүй байдлыг хангах хэрэгсэл болон суудлыг суурилуулах зориулалтын бэхэлгээний суурь, тоноглолтой эдгээр суудлууд нь хөдөлгөөнгүй бэхлэгдсэн, эвхэгддэг. бэхэлгээний сууринаас салдаг буюу хураагддаг, хоёр хажуугийн талдаа шилэн цонх бүхий, хажуу тал буюу хойд талдаа цонх бүхий гүйгддэг, гадагшаа онгойдог, сөхөгддөг хаалгатай, жолоочийн эгнээний хэсэг, хүн ба ачааны алиныг нь тээвэрлэж болох хойд хэсгийн хооронд хөдөлгөөнгүй суурилуулсан байнгын хана буюу хаалтгүй, тээврийн хэрэгслийн салон нь бүхэлдээ зорчигчийн хэсэгтэйгээ адил доторлогоо, тоноглолтой зэргийг нарийвчлан тогтоогоогүй, гагцхүү үзлэгт байлцсан хүмүүсийн тайлбарыг тэмдэглэлд тусгасан байх тул хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болж чадаагүй байна.

           Өөрөөр хэлбэл Уялдуулсан системийн 87.03-т заасан тээврийн хэрэгслийн шинжийг агуулж байгаа эсэхийг шүүх шалгаж тогтоолгүй, зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна” гэж заасныг зөрчжээ.

     Иймд  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж,  хэргийг анхан шатны шүүхээр  дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 235 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                       Э.ЗОРИГТБААТАР   

ШҮҮГЧ                                                       Ц.ЦОГТ   

ШҮҮГЧ                                                       О.НОМУУЛИН