Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 388

 

Б.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 171 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 423 дугаар магадлалтай, Б.Г-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Г, хохирогч Л.У нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1971 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Төв аймаг дахь Сумд дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүургийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 cap 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 4 cap 27 хоногийн хугацаагаар тогтоож, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 112 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 6 cap 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар Б.Г-ыг 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-д энэ тогтоолоор оногдуулсан 9 жилийн хорих ял дээр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан 6 cap 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 9 жил 6 cap 27 хоногийн хугацааны хорих ялаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар Б.Г-ыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-д энэ тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ял дээр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан 6 cap 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 6 жил 6 cap 27 хоногийн хугацаагаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд хохирогч Л.У гаргасан гомдолдоо “Миний бие цээжний хөндий рүүгээ Б.Г-д хутгалуулсны улмаас хүнд гэмтэл авч шоконд орж, их хэмжээний цус алдаад эрүүл мэндээрээ хохирсонд гомдолтой байна. Тухайн өдөр Б.Г нь намайг хутгалчихаад хутгаа аваад зугтаасан, гэрт өөр хүн байгаагүй, би аргагүй эрхэнд хажуу айлаасаа хүн дуудан түргэн, цагдаа дуудсан. Би цэргийн эмнэлэгт үхэхийн даваан дээр очиж, өөр хүний цусаар сэлбэж, алтан гартай эмч нарын ачаар амиа аварсан. Б.Г нь надтай гэр бүл болсноос хойш сүүлийн 20 жилийн хугацаанд архи ууж, агсам согтуу тавьж, зоддог байсан бөгөөд 2 удаа шүүхээр орж шийтгүүлж байсан. Эмчилгээний зардалд 1,300,000 төгрөг гарсан боловч нотлох баримтаа бүрдүүлж чадаагүй. Б.Г надад нэг ч төгрөг өгөөгүй. Давж заалдах шатны шүүх Б.Г-ын хорих ялыг багасган нь үндэслэлгүй. Өмнө ял шийтгэгдэж байсан, засарч гэмшсэн сэтгэлгүй хүнд оногдуулсан 9 жилийн хорих ялыг багасгасан нь ойлгомжгүй байна. Надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Хэрэг учрал болсны дараа над руу утсаар залгаж заналхийлсэн. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хөнгөн ял оногдуулсан. Энэ хүнээс маш их айж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгоно уу” гэсэн байна.

 

Мөн шүүхэд шүүгдэгч Б.Г гаргасан гомдолдоо “...Би хань Л.У-г гэмтээснээ анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Эмнэлгээс гарахад нь утсаар залгаж биеийн байдлыг нь асуухад чамаас бөөс авахгүй бол юу авах юм бэ, шоронгийн хадаас минь” гэх зэргээр хэл амаар доромжилсон тул уучлалт гуйх боломж олдоогүй. Би өмнө суллагдаад сураар эд зүйл хийж эхэлтэл үмхий үнэртэй ширээрээ намайг өөд нь татах нь, шоронд яваад цоорч гэгээрсэн чам шиг яаж ингэж гэгээрэх вэ гэх зэргээр миний сайхан амьдрах урмыг хугалж, надад хутга тулган дарамталж хөөж заналхийлж байсан. Би одоо биеийн байдал муу, сэтгэл санаа тогтворгүй байгаа тул эмчийн хяналтад байдаг. Л.У нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас ийм зүйл болсон гэдгийг ухаарахгүй байна. Харилцан ойлголцох гэхэд намайг битгий жүжиглээд бай гэж хэлээд элэг доог хийгээд шоолж доромжилдог. Яагаад ял нэмүүлэх тухай гомдол гаргаад байгааг ойлгохгүй байна. Намайг ял шийтгэлээ эдлээд суллагдаад гарсны дараа энэ хүн ямар нэгэн зүйл зохиож яриад дахиад хэрэгт хийх байх гэхээс маш их айж байна. Би ханиа баярлуулаад сайхан урмын үг сонсох гээд хоныны мах чанаад хүлээсэн. Л.У нь шүүгч, прокурор нарыг итгэхээр худлаа ярьж итгүүлсэнд гомдолтой байна. Тиймээс хэргийн зүйлчлэл болон дэглэмийн өөрчлөлт оруулж, ял шийтгэлийг маань хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нөхцөл байдал байдаг. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар оногдуулсан 6 жил хорих ял эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Л.Уранцэцэгийг зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд дүгнэлт хийж хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх хорих ялыг хуульд заасан хэмжээнд багасгасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Г, хохирогч Л.У нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Б.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тоосгоны нийтийн байрны 42д тоотод “өөхтэй махаар хоол хийж өглөө, би чамтай амьдарч чадахгүй” гэж хэлсний улмаас эхнэр Л.У-г цээжин тус газар нь 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь “цээжний баруун талд, өвчүүний хажуугийн шугамаар 4, 5 дугаар хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

Энэхүү үйл баримтыг хоёр шатны шүүх хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэн үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэн үзэх хоёр шинжийг хангасан, хохирол төлбөр төлөгдөөгүй, хувийн байдал зэргийг харгалзсан гэсэн шалтгаанаар уг зүйл хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээнд дөхүү байдлаар буюу 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэж үзэж 6 жилийн хорих ял болгон хөнгөрүүлсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалаар Б.Г-ын эдлэх ялыг 6 жил болгон хөнгөрүүлснийг гэм бурууд нь тохирсон гэж хяналтын шатны шүүх үзсэн тул шүүгдэгч Б.Г-ын дахин ял хөнгөрүүлэх тухай, хохирогч Л.У-н шийтгэх тогтоолд заасан илүү хүнд ялыг хэрэглэх тухай гомдлуудыг хангахаас татгалзав.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ялыг хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 171 дугаар шийтгэх тогтоолд “оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлсэн” өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 423 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г, хохирогч Л.У нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                  ДАРГАЛАГЧ                                         Б.ЦОГТ

                                                  ШҮҮГЧ                                                  Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН