Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 0171

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч М.Мөнхбаатар, шүүгч Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Иргэдийн төлөөлөгч Б.Цэвэгсүрэн, М.Пүрэвдорж,

Улсын яллагч Ц.Ариунтуяа,

Хохирогч Л....,

Шүүгдэгч Б...., түүний өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянгад овогт ...ийн ...од холбогдох 1908044601693 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-өндөр суманд төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ...тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тоосгоны ... тоот нийтийн байранд оршин суух, урьд

   1.2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж харгалзсан,

   2.2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 03 сар хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

   3.2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2,11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

   4.2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жил 04 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №2019/ХИШЗ/112 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 06 сар 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнссэн суллагдсан, Мянгад овогт ...ийн ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга: 

Б.... нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тоосгоны ... тоот нийтийн байранд өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “өөхтэй махаар хоол хийж өглөө, би чамтай амьдарч чадахгүй” гэж хэлсний улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Л....ийг цээжин тус газар нь хутга буюу хүйтэн зэвсэг хэрэглэн 1 удаа хутгалж "цээжний баруун талд өвчүүний хажуугийн шугамаар 4-5-р хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт” бүхий хүнд хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Хохирогч Л....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ажилаа тараад 2019 оны 08 дугаар сарын 24-ний орой 21 цаг 15 минутын орчим гэртээ ирэхэд ... архи уучихсан, мах чанасан суухаар нь архи уусан байна гэж уурлаад  мөн өөхтэй махаа тэнцүүлээд хоол хийхгүй, би чамтай амьдарч чадахгүй, нэг бол аав ээж рүүгээ яв, эсвэл одоо би цагдаа дуудаж өглөө гэж хэлтэл орны хөлөн дээр сууж байснаа гэнэт босч ирээд ширээн дээр савтай махан дээр байсан хүрэн эрээн хуванцар иштэй хутгаар миний цээжний баруун хэсэгт хөхний дээд талд нэг удаа хатгачихаад гэрээс зугтаагаад гараад явсан. ... намайг гэрээсээ хөөлөө, цагдаа дуудаж өгнө гэлээ гэх шалтгаанаар хутгалчихаад зугтаачихсан. ... энэ хүнээс авах зүйл байхгүй учраас хохиролд нэхэмжлээд байх зүйлгүй, гомдолтой байна ...” гэх мэдүүлэг /хх 36 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

2.Шүүгдэгч Б....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Би ...тэй 1992 онд гэр бүл болсон дундаасаа 2 хүүхэдтэй. Хууль ёсны эхнэр нөхөр гэрлэлтийн батлахтай. 2017 оны 12 дугаар сарын 20-нд Эрүүгийн шүүхээр орж  Эрүүгийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шалгагдаж байгаад 11.7 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 3 сар хорих ялаар шийтгэгдэж ял эдэлж байгаад нуугдмал хэрэг илэрч мөн ял нэмүүлсэн. 2019 оны 07 дугаар сарын 31-нд шоронгоос хугацааны өмнө тэнсэн суллагдсан. Шоронгоос гарч ирээд эхнэр ...тэй холбогдож Ханын материалын эцэс дээр нийтийн байр түрээслэж байгаа гэхээр нь шууд очиж хамт нийтийн байранд амьдарсан. 2019 оны 08 дугаар сарын 24-ний өглөө нь сураар бугуйл хийж Нарантуул зах дээр очиж зарчихаад орой гэртээ хонины хаа, нуруу авч гэртээ чанаж байгаад эхнэр ... рүү утсаар чи гэртээ ирж байна уу ажил чинь тарж байна уу гэж асуусан чинь 32 дээрээс автобусанд сууж байна. Одоо очлоо гэсэн. 19 цагийн орчим эхнэр ... удаагүй гэртээ ороод ирсэн. Мах чаначихсан байгаа чи мах ид гээд би ширээн дээр чанасан мах тавьсан чинь
... дургүйцсан янзтай ярвайж “Чи муу шоронгийн тав намайг ажилд явчихаар ганцаараа идэх гэж дан өөх чаначихсан байна“ гэж уурласан. Би тэгэхээр нь “чи яахаараа ингэж байдаг юм бэ? чиний зан араншин чинь яачихаад байгаа юм гэж хэлээд гэрт хэрэглэж байсан хутга аваад өгсөн чинь ... "чи наадах аа аваад зайл гэж хэлээд миний цээж рүү гараараа нэг удаа цохиод авахаар нь уур хүрээд өөдөөс нь хутгатай гараараа зөрүүлж Уранчмэгийн цээж рүү цохисон чинь гарт байсан хутга цээж рүү нэг удаа хутгалчихсан. ... “чи намайг хатгалчихлаа ш дээ гэхээр нь чи битгий худлаа яриад бай гэж хэлээд хартал ... царай нь цонхийгоод цээжнээс нь цус гарч харагдсан. Миний баруун гарт хутга байсан. Тэгээд би шууд гэрээс гарч гүйж толгойт чиг рүү намаг орчмоор явган алхаж Толгойтод байдаг дүү ...ын гэрт очсон. Замдаа ...ийг хутгалсан хутгаа намаг орчим явж байх даа хаячихсан. Дүү ...тад “ах нь эгч ...ийг чинь хутгалчихлаа гэж хэлсэн чинь ... чи ийм хэрэг хийчихээд юу хийж манайд ирж байгаа юм яв зайл гээд намайг хөөсөн. Намайг гэрээсээ гаргасан. Би толгойтын гудамжаар өглөө болтол алхаж сэлгүүцэж байгаад цагдаад баригдсан. Дүү ...эд би утсаар хэлж намайг цагдаа дээрээс ирж авсан. Нэг мөрдөгч дээр 10 гаруй хоног шалгагдаж байгаад хэрэг шийдэгдэх гэхээр нь Уранчимэгт мөнгө олж өгье гэж бодоод цагдаагаас зугатаачихсан юм. Тэрнээс хойш гэр орон энд тэнд тэнэмэл байдалтай явж өмсөх хувцасгүй, орох оронгүй болж сүүлдээ буцаж Уранчимэг рүү утсаар ярьж надад хэцүү байна хувцас аа авмаар байна. Биеийн байдал чинь яаж байна. Мөнгө төгрөг олох гээд явж байна гэж хэлсэн чинь Уранчимэг чиний мөнгө төгрөгөөр яадаг юм чамаас бөөс авахгүй юм бол юу авдаг юм гэж намайг үг хэлээр доромжилсон. Энд тэнд очиж ганц нэг халтуурын ажил хийж архи уугаад таарсан газартаа
очиж явж байгаад өчигдөр цагдаад баригдсан юм. ... Надаас яллагдагчаар дахин мэдүүлэг аваагүй, Шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулах, эд мөрийн баримт болох хохирогчийг хутгалсан хутгаа байгаа газраас нь гаргаж өгөх, хохирогч намайг хэл амаар доромжилдог, гэрээс хөөсөн буруутай үйлдлээс болсон зэргийг дахин шалгуулмаар байна ...” гэх мэдүүлэг  /хх 74-75 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс /,

3.Гэрч Г....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... нь манай төрсөн ах байгаа юм. Саяхан 2019.07.31-ний өдөр Хархорингийн хорих ангиас суллагдсан хүн байгаа юм. Хорих ангиасаа гарч ирээд бид нартай холбоо барьдаггүй байж байгаад сая хэрэгт холбогдоод гэрээсээ яваад манайд байж байгаад хагас сайны өглөө манай гэрээс ... ах байцаагчтайгаа уулзана гээд гараад явсан. Тэгээд би өдөр 12 цагийн үед залгахад холбогдох боломжгүй байсан тэрнээс хойш ирээгүй. ... ах жоохон хурдан ууртай архи уудаг хүн байгаа юм. ... ” гэх мэдүүлэг /хх 44 х/,

4.Гэрч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд: “...Би энэ хүнийг хаана байгааг огт мэдэхгүй байна. Ер нь дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй, бага байхын зүггүй зодоон нүдээн хийх гээд байдаг зан араншинтай хэцүү хүн байсан. ...” гэх мэдүүлэг /хх 48 х/,

5.Гэрч Г....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...аав ... ээж ... 2 хамт амьдраад 20 гаруй жил болж байна. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Архи их уудаг, ээжийг зодож цохидог. Түрээсийн байранд ээж хамт байж байгаад хутгалуулсан байгаа юм. ... ” гэх мэдүүлэг /хх 50 х/,

 6.Гэрч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... аав ээжийнхээ гэрийн ойролцоо ах дүү нар дээрээ л байгаа байх гэж бодож байна. Өмнө нь хэрэгт шалгагдаж байхдаа оргож алга болоод аав ээжийнхээ гэрээс баригдсан. Ална гэж заналхийлж байгаа. Шалтгаан нь хадам ээж ...ийн өмнөөс цагдаагаар яваад байна гэж л надад дургүй нь хүрээд байгаа юм шиг байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх 52 х/,

7.Шинжээчийн 10374 тоот дүгнэлт:

1.Л....ийн биед цээжний баруун талд өвчүүний хажуугийн шугамаар 4-5-р хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт гэмтэл тогтоогдпоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 54 х/,

            8.Шүүх сэтгэц эмгэг судлалын 1355 дугаар дүгнэлт:

            1.Б.... сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

            2.Б.... нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

            3.Б.... нь гэмт хэрэг үйлдэх /үйлдэгдэх/ үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

            4.Б.... сэтгэцийн ямар нэгэн өвчингүй  байна.

            5.Б.... сэтгэцийн ямар нэгэн өвчингүй  байна.

            6.Б.... нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

            7.Б.... нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна.

            8.Б.... хэрэг хариуцах чадвартай байна.

            9.Б.... эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

            10.Б.... нь архины хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна. гэх дүгнэлт /хх 130 х/

        9.Аюулын зэрэг “өндөр” гэх дүгнэлт /хх 21 х/

10.Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх 84 х/

11.Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 86-100, 157, 169-176 х/

12.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 106 х/

13.Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 109 х/

14.Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №2019/ХИШЗ/112 дугаартай шүүгчийн захирамж  /хх 97-99 х/ зэрэг болно.

Б.... нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тоосгоны ... тоот нийтийн байранд байрлах гэртээ архидан согтуурсан, мах чанасан сууж байхад нь  эхнэр Л.... ажлаасаа тарж ирээд “архи яах гэж уусан, өөх, махаа тэнцүүлээд чанаж чадахгүй дан өөх чаналаа, яв” хэмээн уурлахад түүний цээжин тус газар нь хутгаар 1 удаа хатгаж "цээжний баруун талд өвчүүний хажуугийн шугамаар 4-5-р хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Л....ийн “... ширээн дээр савтай махан дээр байсан хүрэн эрээн хуванцар иштэй хутгаар миний цээжний баруун хэсэгт хөхний дээд талд нэг удаа хатгачихаад гэрээс зугтаагаад гараад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 36 х/,

Шүүгдэгч Б....ын “... уур хүрээд өөдөөс нь хутгатай гараараа зөрүүлж Уранчмэгийн цээж рүү цохисон чинь гарт байсан хутга цээж рүү нэг удаа хутгалчихсан. ... “чи намайг хатгалчихлаа ш дээ гэхээр нь чи битгий худлаа яриад бай гэж хэлээд хартал ... царай нь цонхийгоод цээжнээс нь цус гарч харагдсан. Миний баруун гарт хутга байсан. ...” гэх мэдүүлэг  /хх 74 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс /,

             Гэрч Г....гийн “...аав ... ээж ... 2 хамт амьдраад 20 гаруй жил болж байна. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Архи их уудаг, ээжийг зодож цохидог. Түрээсийн байранд ээж хамт байж байгаад хутгалуулсан байгаа юм. ... ” гэх мэдүүлэг /хх 50 х/,

           Шинжээчийн 10374 тоот дүгнэлт:

            1.Л....ийн биед цээжний баруун талд өвчүүний хажуугийн шугамаар 4-5-р хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт гэмтэл тогтоогдпоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 54 х/

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэргийн ул мөрийг агуулсан 1 ширхэг футволк, 1 ширхэг даавуу, 1 ширхэг хөхний даруулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Б....ын: “... Надаас яллагдагчаар дахин мэдүүлэг аваагүй, Шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулах, эд мөрийн баримт болох хохирогчийг хутгалсан хутгаа байгаа газраас нь гаргаж өгөх, хохирогч намайг гэрээс хөөсөн буруутай үйлдлээс болсон зэргийг дахин шалгуулмаар байна ...” гэх асуудлын талаар.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээс юуг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ шүүгдэгч тодорхой илэрхийлээгүй, уг дүгнэлт хуульд заасан журмын дагуу гарсан, хэрэгт ач холбогдол бүхий асуудлыг бүрэн тодруулсан, эд мөрийн баримт болох хутга олдоогүй бөгөөд уг гэмт хэрэг хутгаар үйлдэгдсэн болох нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон, хохирогчийн буруутай үйлдлээс гэмт хэрэг гарсан гэх асуудал нь шүүгдэгчийн мэдүүлгээс өөр баримтгүй тул дангаар нь шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боломжгүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоож чадсан гэж дүгнэсэн.

Шүүгдэгч Б....ын хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт.

          Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол Б.... нь Л....ийн цээжин тус газар нь хутга буюу хүйтэн зэвсэг хэрэглэн 1 удаа хутгалж "цээжний баруун талд өвчүүний хажуугийн шугамаар 4-5-р хавирганы түвшинд цээжний хөндийд хутгалж хүнд гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас шүүгдэгчийн үйлдэл түүний улмаас үүдэн гарсан хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой.

            Б....ын үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн “нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.2. “эхнэр, нөхөр ...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн.

             Шүүгдэгч Б.... хохирогч Л.... нар гэр бүлийн гишүүд болох нь тэдгээрийн гэрлэлтйн бүртгэлийн лавлагаа /хх 36, 74 х/-ны баримтаар тогтоогдож байгаа тул тэдгээрийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж үзнэ.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн Тайлбар: Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл бүтцийн хувьд аливаа биетийг утсгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. гэж хууль тогтоогчоос тайлбарласан.

           Шүүгдэгч Д....ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйл нь олдоогүй, хэрэгт хураагдаж ирээгүй ч гэсэн шүүгдэгч хүний эрүүл мэндэд хохирол учруулахдаа хутга хэрэглэсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газраас хураан авсан бусад эд мөрийн баримтууд болон шинжээчийн дүгнэлт “ир үзүүр бүхий зүйлээр үүсгэгдэнэ”-ээр тус тус тогтоогдсон.

            Хууль тогтоогчийн аутентик тайлбараар Хутга нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай эд зүйл бөгөөд хүйтэн зэвсэгт хамаарах тул Д....ыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй тул түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүдийг бүрэн хангасан.

                 Шүүгдэгч Б.... өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарласан, түүнийг хүсч, дээрх хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Иргэдийн төлөөлөгч: Шүүгдэгч Б....ыг гэм буруутай гэх саналыг гаргасан.

Хохирогч Л.... хохирол нэхэмжлэхгүй болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 36 х/-ээр тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

Улсын яллагч: Уг гэмт хэрэгт хохирогчийн буруутай үйлдэл байхгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1-д заасан  ялын зорилгод нийцүүлэн 11 жилийн хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 06 сар 27 хоногийг нэмж нэгтгэн 11 жил 06 сар 27 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хохирогчийн хэрүүл маргаан эхэлж гаргасан, ер нь шоронгоос гарснаас нь хойш хэл амаар доромжилдог байдал уг гэмт хэрэг гарахад зохих хэмжээгээр нөлөөлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож 06 жилийн хорих ял оноож өгнө үү? гэх саналыг гаргасан.

Шүүгдэгч: Прокурор зөвхөн нэг талыг барьсан шийдвэр гаргаж байна гэв.

Шүүгдэгчийн “хохирогч хэл амаар байнга шахам доромжилдог гэр орноос хөөдөг гэх асуудлаас болж гэмт хэрэг үйлдсэн” гэх байдал бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй, шүүгдэгчийг согтуу байхаар нь хохирогчийн уурлаж загнасан асуудлыг шалтаг болгож хутгалсан нь тогтоогдсон тул уг гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэх боломжгүй учраас өмгөөлөгчийн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Шүүгдэгч Б....ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд ахуйн хүрээнд архидан согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг ихтэй, хохирол төлбөр төлөөгүй зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс 09 жилийн хорих ял оногдуулж, хувийн байдлын хувьд урьд 4 удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Б.... 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жил 04 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №2019/ХИШЗ/112 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 06 сар 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, дээрх тэнсэнгийн хугацаа дуусаагүй байхад дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн эдлүүлэх.

Шүүгдэгч Б.... нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 98 хоног урьдчилан цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж, Б....од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг футволк, 1 ширхэг даавуу, 1 ширхэг хөхний даруулга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Мянгад овогт ...ийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар Б....ыг 09 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б....од энэ тогтоолоор оногдуулсан 09 жилийн хорих ял дээр 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 01 жил 04 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан 06 сар 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 09 жил 06 сар 27 хоногийн хугацааны хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б....од оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Б....ын урьдчилан цагдан хоригдсон 98 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

6.Б....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, хохирогч эрүүл мэндийн зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг футволк, 1 ширхэг даавуу, 1 ширхэг хөхний даруулга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ

                   ШҮҮГЧИД                              Г.АЛТАНЦЭЦЭГ

                                                                  М.МӨНХБААТАР