Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00954

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00954

 

 

ХХ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/00741 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ХХ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Б-д холбогдох,

Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 6,586,342 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

ХХ ХХК-тай Б.Б- нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр барилгын туслах материал түрээслэх гэрээг байгуулж, 4,750 ширхэг труба, хэв зэрэг барилгын туслах материалыг Тэрэлжийн Чингисийн Уул хаадын амралтын газрын барилгын ажилд ашиглах зорилгоор авсан. Ингээд 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөрт 27,529,995 төгрөг, борлуулалт 1,796,000 төгрөг, түрээсийн барааны гэмтлийн төлбөрт 604,400 төгрөг, акталсан бараа материалын төлбөрт 40,000 төгрөг, нийтдээ 29,974,390 төгрөг болсноос хариуцагчийн зүгээс 25,583,500 төгрөг төлж, үлдэгдэл 4,390,895 төгрөгийг төлөөгүй. Иймээс 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2 дахь хэсэгт зааснаар түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд буюу гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөөгүй бол үүргийн үнийн дүнгээс тооцож хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно гэж заасан. Иймд барилгын туслах материал түрээслэх гэрээний үлдэгдэл 4,390,895 төгрөг, алданги 2,195,447 төгрөг, нийт 6,586,342 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

ХХ ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулж барилгын туслах материал түрээсэлсэн. 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр барьцаа мөнгөнөөс гадна 25,583,500 төгрөг төлсөн. Барилгын гүйцэтгэгч компани хугацаа хэтэрсэн болон барааны гэмтэл акталсан төлбөрийг бүрэн хариуцах байтал нэхэмжилсэн. Ковид-19 цар тахлын улмаас барилгын ажил болон амралтын газрын ажил бүрэн зогсож үлдэгдэл төлбөрөө бүрэн төлөх боломжгүй болсон. Манай амралтын газар одооноос ажиллаж эхэлж байгаа учраас алданги болон акталсан барааны төлбөрийг гаргаж өгөх боломжгүй. Үлдсэн бусад төлбөр болох 3,781,985 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны дотор бүрэн төлж дуусгах хүсэлтэй.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Б-аас 5.673.742,5 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаа үлдэх 912.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ХХ ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 105,729 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

1. Алданги 1,891,248 төгрөгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй.

ХХ ХХК-тай 2020 оны 05 сарын 26-ны өдөр Барилгын туслах материал түрээслэх гэрээг байгуулсан. Гэрээнд заасан төлбөрийг төлж чадаагүй хугацаа хэтэрсэн нь Ковид 19 цар тахлын улмаас барилгын ажил бүрэн зогссонтой холбоотой юм. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн үед алданги тооцохгүй гэж хэлж, гэрээнд заасан хугацаа дуусахаас өмнө барилгын материалаа татаж авсан болно. Гэтэл бүрэн гүйцэт ашиглуулаагүй байж алданги нэхэж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алдангийг хасаж өгнө үү. Миний хувьд үлдэгдэл 3,782,495 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Ажил эрхлэх боломжтой байсан учраас алдангиас чөлөөлөх үндэслэлгүй. Мөн Ковидтой холбоотойгоор алдангиас чөлөөлөх боломжтой байсан боловч анхан шатны шүүх манай гэмтэл засварласан төлбөр 608,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул алданги чөлөөлөх боломжгүй.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. ХХ ХХК нь Б.Б-д холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үлдэгдэл төлбөр 4,390,895 төгрөг, алданги 2,195,447 төгрөг, нийт 6,586,342 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч 3,781,985 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргажээ.

 

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

2.а. Зохигчид 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 20-341 дугаартай барилгын материал түрээслэх нэртэй гэрээгээр 4,750 ширхэг труба, хэв зэрэг барилгын туслах материалыг түрээсэлж, төлбөр 27,529,995 төгрөг, борлуулалт 1,796,000 төгрөг, түрээсийн барааны гэмтлийн төлбөрт 608,400 төгрөг, акталсан бараа материалын төлбөрт 40,000 төгрөг, нийтдээ 29,974,390 төгрөг болсноос хариуцагч 25,583,500 төгрөг төлсөн гэх тооцооллыг хариуцагч үгүйсгэж маргаагүй байна.

 

2.б. Анхан шатны шүүхээс барааны гэмтлийн төлбөр гэх 604,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.

 

3. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үндэслэл муутай дүгнэжээ.

 

3.а. Хэргийн баримт, талуудын тайлбараас үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан, гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

4. Талууд гэрээний 7.2-т алданги тооцох талаар тохиролцсон.

 

4.а. Хариуцагч Б.Б- нь эд хөрөнгө хөлсөлсний төлбөр 3,782,495 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч алданги 1,891,248 төгрөгт холбогдох хэсгийг барилгын ажил бүрэн зогссонтой холбоотойгоор төлбөрөө төлж чадахгүй хугацаа хэтрүүлсэн, нэхэмжлэгч тухайн үед алданги тооцохгүй гэсэн, гэрээнд заасан хугацаа дуусахаас өмнө барилгын материалаа татаж авсан гэж үндэслэл заан маргаж байна. Дээрх тайлбар, үндэслэлийг нэхэмжлэгч няцааж чадаагүй байна.

 

4.б. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болох юм.

 

5. Иймд Ковид-19 цар тахлын үеэр барилгын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаа дуусахаас өмнө барилгын материалаа татаж авсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан алданги 1,891,248 төгрөгөөс 50 хувиар буюу 945,624 төгрөгөөр алдангийн хэмжээг багасгах боломжтой гэж хариуцагч Б.Б-аас 4,728,118 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,858,224 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/00741 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 гэснийг 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт гэж, 5.673.742,5 гэснийг 4,728,118 гэж, 912.600 гэснийг 1,858,224 гэж өөрчилж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 105.729 гэснийг 90,600 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

  ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ш.ОЮУНХАНД