Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шаравын Оюунханд |
Хэргийн индекс | 182/2021/03619/И |
Дугаар | 210/МА2022/00967 |
Огноо | 2022-05-20 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2022/00967
2022 оны 05 сарын 20 өдөр | Дугаар 210/МА2022/00967 |
М.Ч-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2022/00757 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч М.Ч-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ТЕГ-т холбогдох,
2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8,422,075 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
М.Ч- нь Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын орлогын хураагчаар ажиллаж байхад 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ТЕГ-ын 6/153 тоот тушаалаар ажлаас халсан. Уг тушаалыг эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж уг нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тус шүүх шийдвэрлэж ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговорт 2,756,909 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч ТЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэцогт давах болон хяналтын шатны шүүхэд тус тус гомдол гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж 2020 оны 12 дугаар сарын 17-ны байдлаар эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарч ажилдаа ороод 2 сар шахуу болсон. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 09-ний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8,422,075 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
ТЕГ-ын даргын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/99 дугаар тушаалаар М.Ч-ийг ТЕГ-ын харьяа Орхон аймгийн татварын хэлтсийн жижиг татвар төлөгчтэй харилцах тасагт хураагчаар томилсон. Нэхэмжлэгч М.Ч- нь нэхэмжлэлдээ ямар үндэслэлээр 7,979,132 төгрөгийг гаргуулах талаар дурдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.4-д заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг нэхэмжлэлд тусгасан байна гэдгийг зөрчсөн. Мөн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасныг зөрчсөн. М.Ч- нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу эрхээ зөрчигдсөнөөс хойш 3 сарын хугацаанд хөдөлмөрийн маргаан таслах зөвлөл болон шүүхэд тавьж шийдвэрлүүлэхгүй хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч хариуцагч ТЕГ-аас 7,501,764 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ч-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 920,311 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Ч-ийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч ТЕГ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160,822 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч М.Ч-т олгож, хариуцагч ТЕГ-аас 134,978 улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Гэтэл М.Ч- нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.
Мөн нэхэмжлэгчийг ажил олгогч 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Б/99 дугаартай хураагчаар томилох тухай тушаал гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг олгоогүй байхад шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх талаар холбогдох газарт хандаагүй, мөн ажилтныг ажилд ажиллуулахгүй, цалин хөлс олгохгүй байсан тухай асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд хөдөлмөрийн маргаан таслах зөвлөл болон шүүхэд тавьж шийдвэрлүүлэхгүй хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар нэхэмжлэлийг хариу тайлбарт тодорхой дурдсан байхад шүүх дүгнэлт хийсэнгүй.
Мөн М.Ч- нь нэхэмжлэлдээ ямар үндэслэлээр 8,422,075 төгрөгийг олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгөх талаар дурдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг нэхэмжлэлд тусгасан байсан гэдгийг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3. Нэхэмжлэгч М.Ч- нь хариуцагч ТЕГ-т холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8,422,075 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
4. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/00001 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч М.Ч-ийг Орхон аймгийн Татварын хэлтсийн орлогын тасгийн хураагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ТЕГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2,756,909 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс ТЕГ-ын даргын 2019 оны 07 дугаар сарын 25-ны Б/313 тоот тушаалыг хүчингүй болгох гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 388 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2020/00826 дугаартай тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх5-11/
5. М.Ч-ийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Б/99 тоот ТЕГ-ын даргын тушаалаар ТЕГ-ын харьяа Орхон аймгийн татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасагт хураагчаар томилжээ. /хх18/ Харин ажил олгогч нь ажилтантай 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулсан байна.
5.а. Дээрх хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүдийн дагуу 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/99 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилж, эрхийн зөрчил зогссон байна.
5.б. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна.
5.в. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй талаар заасан. Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүдийн дагуу 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/99 тоот тушаалаар нэхэмжлэгчийг хуучин эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсноос хойш 3 сарын дотор ажил олгогч урьд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг нөхөн олгохгүй байгаа эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн эрхийн зөрчил бөгөөд нэхэмжлэгч нь уг хугацаанаас хойш 3 сарын дотор тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлс шаардах нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар тасалдсан гэж дүгнэх боломжгүй байна.
6.а. Мөн хэрэгт Иргэний хуулийн 78 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэхээс татгалзсаныг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээн зөвшөөрсөн гэх, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан гэх хөөн хэлэлцэх хугацаа түр зогссонтой холбоотой баримт авагдаагүй.
6.б. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул үүрэг гүйцэтгэгч буюу ажил олгогч үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байгааг буруутгах үндэслэлгүй.
6.в. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу эрхээ зөрчигдсөнөөс хойш 3 сарын хугацаанд хөдөлмөрийн маргаан таслах зөвлөл болон шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлээгүй, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд хандсан нь хөөн хэлэлцэх 3 сарын хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.
7. Иймд М.Ч-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2022/00757 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ТЕГ-т холбогдох 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8,422,075 төгрөг гаргуулах тухай М.Ч-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО
Ш.ОЮУНХАНД