Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00976

 

 

 

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00976

 

 

А-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/00895 дугаар шийдвэртэй,

А-ы нэхэмжлэлтэй

Б-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 30,196,100 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтайван, Э.Батсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баяртогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: А- нь Б-тай 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Б- өөрийн хүссэн хэмжээгээр А-аас зээл авч цааш нь өөрийн сонгосон гуравдагч этгээдэд мөнгө зээлж, өдөр бүр зээл болон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй байсан.

Гэрээний харилцааны явцад буюу 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд Б- 358,111,000 төгрөгийн зээл авч, зээлийн хүү 35,711,000 төгрөг болсон. Нийт зээлийн 12,500,000 төгрөгт хүү тооцоогүй, үлдэх дүнд хүү тооцсон.

А- нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зээл олгохоо зогсоосон. Үүний дараа 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэн Б- зээлээ төлөхөө зогсоосон.

Б- нийт 393,822,100 төгрөг төлөх үүрэгтэйгээс зээлийн үндсэн төлбөрт 329,660,000 төгрөг, хүүд 32,966,000 төгрөг нийт 362,626,000 төгрөгийг төлсөн.

Үлдэгдэл үндсэн зээлийн төлбөрт 27,451,000 төгрөг, хүүд 2,745,100 төгрөг нийт 30,196,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: А-, Б- нар нэгнийгээ огт таньдаггүй, уулзаж байгаагүй, аман хэлцэл хийж байгаагүй.

2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл А-, У-, З-, О- нарын данснаас гэрээ хийх хүртэл хугацаанд нийт 289,661,000 төгрөгийг Б-гийн данс руу шилжүүлсэн. Б- нь тэдэнтэй уулзаж зээл өгч авах, хүүтэй талаар ярьж байгаагүй. Тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж байгаагүй байхад хүү тооцсон нь үндэслэлгүй.

Харин Б-, А- нар 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Б-гийн хүссэн хэмжээгээр А- зээл олгож, Б- нь цааш нь өөрийн сонгосон гуравдагч этгээдүүдэд мөнгө зээлэх, Б- мөнгийг өдөр бүр хүүгийн хамт А-д буцаан төлөх үүргийг хүлээсэн. Гэрээ байгуулснаас хойш нийт 68,450,000 төгрөгийг Б-гийн данс руу шилжүүлсэн.

Б- 358,111,000 төгрөгийг дансаар хүлээн авч, 362,066,000 төгрөгийг буцаан шилжүүлж, 5,515,000 төгрөгийг А-д илүү төлж хохиролгүй болгосон.

Гэрээ байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл шилжүүлсэн мөнгийг хүүгийн хамт бүрэн төлж дууссан. Одоо төлөх төлбөрийн үлдэгдэлгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Б- Баянзүрх дүүрэгт байрлах Баялаг ундраа худалдааны төвд лангуу ажиллуулж бичил бизнес эрхэлдэг. 2020 оны 09 дүгээр сараас П-аар дамжуулж А-тай утсаар холбогдож түүний өгсөн мөнгийг цаг тухайд нь төлдөг байсан.

Б- А-тай хамтран ажиллаж байна гэж ойлгодог байсан ба 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б-д 1,000,000 төгрөгийн цалин орж ирсэн. Б- А-аас орж ирсэн мөнгийг бусдад дамжуулж, орой нь нийт цугларсан мөнгийг буцаан шилжүүлдэг бөгөөд уг ажлыг албажуулж гэрээ байгуулсан гэж ойлгон гарын үсэг зурсан.

Гэрээг байгуулахдаа компани гэж бодсон. А- хэлэхдээ ...чи найдвартай юм чинь надтай гэрээ байгуулаад ажилла, цалин авна, чи Баялаг ундраа худалдааны төвд байрлах өдрийн зээлдэгч нарын мөнгийг орой болгон хурааж өөрийн дансанд төвлөрүүлээд шилжүүл, чамд цалин урамшуулал өгнө. Удахгүй манайх тусгай зөвшөөрөлтэй болох үед манай үндсэн ажилтан болох боломжтой... гэж хэлсэн. Уг газраас олон хүн зээл авахаар очиж, оффист нь хүмүүс сууж ажиллаж байсан учраас компани, аж ахуй нэгж гэж ойлгосон. Хариуцагчид гэрээний нэг хувийг өгөөгүй, гэрээтэй бүрэн танилцаж ойлгоогүй. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах үед гэрээг нотлох баримтаар өгөхөд гэрээтэй уншиж танилцсан.

Иймд Б-д нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар ноцтой төөрөгдсөн байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Б-тай Зээлийн гэрээ байгуулсныг компанитай хөдөлмөрийн харилцаанд орж буй мэт ойлгож, төөрөгдөх боломжгүй.

Гэрээнд зорилго, талуудын хүлээх үүргийг ойлгомжтойгоор тусгасан. Хариуцагч өөрийн хүссэн хэмжээгээр зээл авч бусад хүмүүст зээлдэг байсан тул ноцтой төөрөгдөл гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийг, 58 дугаар зүйлд ноцтой төөрөгдсөн гэх үндэслэлийг заасан. Хариуцагчийн хууль зүйн үндэслэл тодорхойгүй, өөрийн татгалзлын үндэслэлийг нотлох ёстой боловч баримт, тайлбараараа нотолж чадахгүй байна.

Мөн хариуцагч хүчин төгөлдөр бус гэрээ гэж тайлбарлаж байгаа боловч гэрээний дагуу хариуцагч үүргээ гүйцэтгэсэн учраас үүнээс шалтгаалж ямар эрх ашиг нь зөрчигдсөн байгаа нь ойлгомжгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, дэх хэсэгт заасныг баримтлан А- нэхэмжлэлтэй, хариуцагч Б-д холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 30,196,100 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагч Б-гийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Гэрээ-Т3 дугаартай Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354,450 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх А-ы 28,506,100 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

6.1. Нэхэмжлэгч нь 28,506,100 төгрөгийг шаардах эрхтэй. Б- нь нийт 357,111,000 төгрөгийн зээл авсан бөгөөд үүний хүү 34,461,000 төгрөг, нийт 391,572,100 төгрөг төлөх үүрэгтэй болсон. Үүнээс үндсэн зээлийн төлбөрт 331,196,364 төгрөг, хүүгийн төлбөрт 31,869,636 төгрөг, нийт 363,066,000 төгрөг төлсөн. Үлдэх үндсэн зээлийн төлбөрт 25,914,636 төгрөг, хүүгийн төлбөрт 2,591,464 төгрөг, нийт үлдэгдэл 28,506,100 төгрөгийг нэхэмжилсэн. Уг дүн нь зөвхөн гэрээ байгуулагдсанаас хойш зээлсэн мөнгөний төлбөр бөгөөд гэрээ байгуулахаас өмнө авсан зээлийн төлбөрийг хариуцагч бүрэн төлсөн.

6.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа хариуцагчийг зээлийн гэрээ байгуулахаас өмнө хүү төлж байсныг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл шүүх төлсөн хүүг хасаж, үндсэн төлбөрөөс суутган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь Монгол Улсын дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай Зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн практик, анхаарах зарим асуудал" зөвлөмжид Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү шаардах эрхгүйг зохицуулснаас бус харин зээлдэгч хүүг зөвшөөрөх, зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг буцаан шаардах эрхийн үндэслэлд дээрх хуулийн зохицуулалт хамаарна" гэж тайлбарласан талаар өмгөөлөгч хэлсэн боловч шүүх уг хэсэгт дүгнэлт өгөөгүй байна. Хариуцагч нь хүүнд төлсөн мөнгөө буцаан шаардах эрхгүй болно.

6.3. Мөн дээрх үндэслэлгүй дүгнэлтийг хийхдээ талуудын гаргаж өгсөн тооцоо, дансны зарлага орлогын хөдөлгөөнийг харуулсан банкны хуулгыг огт үнэлээгүй байна. Дансны хуулгаас хүү төлж байсан нь харагддаг. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж байна.

6.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр Ц.Баяртогтох оролцсон боловч шүүх шийдвэрт тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2, 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхээр өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч гаргасан тайлбарын агуулга: Б-, А- нар бие биенээ таньдаггүй. А- нь зээл олгодог ба Б- нь Баялаг ундраа худалдааны төвд лангуу түрээсэлж ажиллуулдаг. А-ы ажлыг өмнөөс нь хийж өөрийнхөө дансанд мөнгө хуримтлуулж цаашаа зээлдэгч нарт олгож хамаарал бүхий иргэдийн данс руу тухай бүрт мөнгийг шилжүүлж байсан. Б-, А- нар бие биенээ танихгүй, данснаас мөнгөө авч буцаагаад энэ данс руу хийгээрэй гэж утсаар ярьсан болохоос бие биенээ харж байгаагүй. Зээлийн хүү төлсөн гэх үндэслэлгүй. Хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн банкны хуулгаар зээл төлөв болгон хүүгийн орлого биш. Зөвхөн багц гэж иргэдийн зээлүүдийг өөрийн дансандаа төвлөрүүлж иргэн А-ы данс руу шилжүүлсэн гүйлгээ байдаг.

Анхан шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 68,450,000 төгрөг Б-гийн дансанд орсон. Нэхэмжлэгч талаас 12,500,000 төгрөгийн хүүгээс чөлөөлж үлдэгдэлд хүү тооцож нэхэмжилсэн. Үлдэгдэл 56,000,000 төгрөг нь 5,000,000 төгрөг илүү төлсөн нь иргэн А-ыг хохиролгүй болгож хүү төлсөн гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заалтыг баримталж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болсон байх тул тус шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлтийн, тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлтийг тус тус оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,196,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. А-, Б- нар 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бичгээр гэрээ байгуулсан байх ба уг гэрээний 1.1-д А /А-/ талаас энэ гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг Б /Б-/ талын өмчлөлд тодорхой хугацаагаар шилжүүлэх, Б тал нь А талд энэ гэрээгээр тохирсон нөхцөлөөр тухайн мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлэхтэй холбоотой харилцааг энэ гэрээгээр зохицуулна, 1.2-т Б тал нь А талаас шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг өөрийн сонгосон гуравдагч этгээдэд хүүтэйгээр зээлдүүлэх зорилгоор авч байгаа болно, 1.3-т Б талыг А талын төлөөлөгч гэж үзэхгүй бөгөөд Б тал нь өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдүүдтэй бие даан зээлийн гэрээ байгуулж, А тал нь Б талд шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө зөвхөн Б талаас шаардана, 2.1-т А тал нь Б тал хүсэлт гаргасан мөнгөн хөрөнгийг 20 өдрийн хугацаатайгаар 10 хувийн хүүтэйгээр буюу өдрийн 0.5 хувийн хүүтэйгээр Б талд зээлдүүлнэ. Ийм байдлаар энэ гэрээ цуцлагдах хүртэл хэдэн ч удаа зээлдүүлж болох бөгөөд А талаас Б талд мөнгө шилжүүлэх бүрд энэ заалтад заасан хүүтэйгээр мөн ижил хугацаагаар шилжүүлж буйг талууд хүлээн зөвшөөрөв гэж тохиролцсоноос дүгнэвэл А-, Б- нар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах зээлийн үйл ажиллагааг байнга эрхэлж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж дүгнэхээр байна. /1 дүгээр хавтасны 6-7 дахь тал/

 

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ тусгай зөвшөөрөлтэй байх шаардлага тавигддаг.

 

Талууд зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлж буй тул тэдний хооронд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх тул уг гэрээ хүчин төгөлдөр бус байна. Иймд нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийг үндэслэн зээлийн гэрээний үүргийг Б-гаас шаардах эрхгүй буюу Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн хамгаалалт авч чадахгүй юм. Гэтэл анхан шатны шүүх тэдгээрийн хооронд үүссэн хууль бус харилцааг зөвтгөж дүгнэсэн нь буруу болжээ. Уг алдааг залруулав.

 

4. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч дүгнэлт буруу хийснийг залруулав. Учир нь сөрөг нэхэмжлэл гэж тодорхойлсон хариуцагчийн шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах бөгөөд тэрээр хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг шаардах эрхтэй болно. Гэтэл хариуцагч нь хүчин төгөлдөр хэлцлийн үр дагаврыг шаардаагүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

5. Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баяртогтохын нэрийг шийдвэрт орхигдуулж бичсэн техникийн алдаа гаргасныг дурдаж, энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүйг дүгнэв.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо найруулгын алдаа гаргасныг залруулах боломжтой болно.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/00895 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 30,196,100 төгрөг гаргуулах тухай А-ы нэхэмжлэлийг бүхэлд нь, нэхэмжлэгч А-д холбогдох 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Б-гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Э.ЗОЛЗАЯА