Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 253

 

“Ю...” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Ашигт малтмал, газрын тосны газрын

Кадастрын хэлтсийн даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Ч.Тунгалаг

            Шүүгчид:                        Г.Банзрагч

                                                   М.Батсуурь

                                                   Б.Мөнхтуяа

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа

            Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаар шийдвэрийн “Ю...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2020/0023 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 222 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2020/0023 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2-т тус тус заасныг баримтлан “Ю...” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаар шийдвэрийн “Ю...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 222 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ю...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, өмгөөлөгч Д.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

           3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрийн хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 408 тоот шийдвэрийн “Ю...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхтэй адил дүгнэлт хийн, шийдвэрийг хэвээр үлдээлээ. Ингэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн тусгай зөвшөөрлийн төлбөртэй холбоотой зохицуулалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

          4. Анхан болон давж заалдах шатны шүүх тусгай зөвшөөрлийн 14 дэх жилийн төлбөрийг 2019 оны 7 дугаар сарын 25-наас өмнө төлөх ёстой байсан гэж дүгнэсэн нь алдаатай бөгөөд нэхэмжлэгч энэхүү төлбөрийг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төлсөн нь хуульд заасан хугацааг зөрчөөгүй юм. Учир нь,

         5. Хэрэв тусгай зөвшөөрлийн 14 дэх жилийн төлбөрийг 2019 оны 7 дугаар сарын 25-наас өмнө алдангийн хамт төлөгдөх ёстой байсан гэж үзэж байгаа бол түүний өмнөх буюу 13 дахь жилийн төлбөр ч мөн ялгаагүй 2018 оны 7 дугаар сарын 25-наас өмнө төлөгдсөн байх ёстой.

          6. Гэхдээ 13 дахь жилийн төлбөр нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төлөгдсөн. Үүнийг Кадастрийн хэлтэс хүлээн авч, КГ-34 маягт үйлдэн тодорхойлолт гаргаж өгсөн байдаг. Анхан, давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийн дагуу бол энэхүү 13 дахь жилийн төлбөр ч мөн ялгаагүй 2018 оны 7 дугаар сарын 25-наас өмнө төлөгдсөн байх ёстой. Бодит нөхцөл байдал дээр хариуцагч яагаад 13 дахь жилийн төлбөрийг 2018 оны 9 дүгээр сарын 10-нд хүлээн авч, түүнийг хүлээн зөвшөөрсөн бэ гэвэл тусгай зөвшөөрлийн эрхийг 2018 оны 8 дугаар сарын 14-нд л албан ёсоор сэргээж, бүртгэлийн системдээ оруулсанд байгаа юм.

         7. Өөрөөр хэлбэл 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрийн хэлтсийн дарга 556 дугаартай шийдвэр гаргасан байдаг. Үүнээс өмнө Кадастрийн хэлтэс “Ю...” ХХК-ны МV-... тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээгээгүй буюу нэхэмжлэгч компанид уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар нэгэн эрх үүсгээгүй байсан.

        8. Ашигт малтмалын тухвй хуулийи 4.1.16-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуупийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг хэлнэ гэж заасан байдаг. Энэхүү тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах боломжгүй.

         9. Тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах гэдэг нь тухайн тусгай зөвшөөрлийн талбай дээр шууд очоод олборлолт хийх асуудал биш бөгөөд хууль, журамд заасан Төхник эдийн засгийн үндэслэл, Уулын ажлын төлөвлөгөө, Байгаль орчны үнэлгээ, төлөвлөгөө зэрэг олон бичиг баримтыг батлуулж байж олборлолт явуулах нөхцөл боломж үүсдэг. Эдгээр бичиг баримтууд тусгай зөвшөөрөл нь өөрөө Кадастрийн бүртгэл, мэдээлэлд бүртгэгдээгүй бол батлагдах, хянагдах ямар ч боломжгүй юм.

          10. Эндээс харахад Улсын дээд шүүхийн тогтоолын огноо 2018 оны 6 дугаар сарын 25 боловч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх бодитоор 2018 оны 8 дугаар сарын 14-нд хариуцагч тушаал гаргаж, өөрийн бүртгэл системдээ тусгай зөвшөөрлийн мэдээллийг оруулснаар үүссэн байна.

           11. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх үүрэг Кадастрийн хэлтэст харьяалагдана.

           12. Тусгай зөвшөөрлөө ашиглах эрх нь албан ёсны бүртгэл, мэдээллийн сан дээрээ үүсээгүй, тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байсан тул 2018 оны 6 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 14-нийг хүртэлх хугацаанд төлбөр тооцогдохгүй, 13 дахь жилийн төлбөрийг 2018 оны 9 дүгээр сарын 10-нд төлсөн асуудалд ямар нэгэн зөрчил үүсэхгүй, үүсээгүй болно.

           13. Энэ байдлаар 14 дэх жилийн төлбөр нь 2019 оны 8 дугаар сарын 23-нд төлөгдсөн байх ба тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

           14. Анхан шатны шүүхээс “13 дахь жилийн төлөгдсөн төлбөрийн хамрах хугацаа нь 2018 оны 12 дугаар сарын 15-наас эхэлсэн гэж үзэх боломжгүй, хэрэв тийм бол тусгай зөвшөөрөл сэргэсэн хугацаанаас 2018 оны 12 дугаар сарын 15 хүртэлх хугацааны төлбөр төлөгдөөгүй гэж ойлгоно” гэсэн ба давж заалдах шатны шүүх үүнийг зөв гэж үзсэн.

           15. МV-... тоот тусгай зөвшөөрлийг анх 2000 оны 12 дугаар сарын 15-ны өдөр олгосон байдаг бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т (Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө) зааснаар тусгай зөвшөөрөл анх олгосон хугацаагаар тооцож, жил бүрийн төлбөрийг өмнөх оны 12 дугаар сарын 15-наас өмнө урьдчилан төлж байсан. Кадастрийн хэлтсийн даргын шийдвэрээр уг тусгай зөвшөөрөл өмнө нь цуцлагдсан боловч буцаад сэргэсэн.

           16. Сэргэсэн тусгай зөвшөөрлийн өмнөх мэдээлэл, түүх хадгалагдан үлдэх ёстой. Тусгай зөвшөөрөл өмнө нь буюу 2017 оны 7 дугаар сарын 25-нд цуцлагдах хүртлээ төлбөрийн ямар нэгэн асуудал байгаагүй. Цуцлагдаагүй байсан бол 2017 оны 12 дугаар сарын 15 хүртэл тус тусгай зөвшөөрөлд төлбөрийн өр, хугацаа хэтрэлт үүсэхгүй байсан.

           17. Харин 2018 онд шүүхийн шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрөл сэргэснээр сэргэсэн гэж үзэж байгаа өдрөөс эхлээд шууд төлбөр шинээр төлүүлэх ёстой гэж үээх учиргүй. Тусгай зөвшөөрөл цуцлагдахаас өмнө төлсөн төлбөр нь тусгай зөвшөөрөл сэргэснээр ч үргэлжлэн тооцогдох ёстой. Учир нь МV ... тоот тусгай зөвшөөрөл нь шинээр буюу анх удаа олгогдож байгаа тусгай зөвшөөрөл биш, харин захиргааны байгууллагын алдаатай шийдвэр хүчингүй болсноор эрх нь эргэн сэргэж байгаа лиценз болно.

           18. Шүүхийн маргаантай байх хугацаанд мэдээж ашиглагдаагүй учраас энэ хугацааны төлбөр нь мөн царцах ёстой болохоос төр энэхүү хугацааны төлбөрийг орлого болгоод авах учиргүй. Тусгай зөвшөөрөл эргэн сэргэснээр өмнө төлөгдсөн төлбөр нь ч үргэлжлэн тооцогдоно.

           19. Эдгээр нөхцөл байдлуудаар “Ю...” ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 13-нд маргаан бүхий 408 тоот шийдвэр гарах үед тусгай зөвшөөрлийн төлбөрийн өртэй байх үндэслэлгүй байна.

            20. Анхан, давж заалдах шатны шүүх тусгай зөвшөөрлийн хавсралт дээр 13 дахь жилийн төлбөр нь 2018 оны 6 дугаар сарын 25-наас 2019 оны 6 дугаар сарын 25 хүртэл гэж тэмдэглэгээ хийчихсэн учраас энэхүү тэмдэглэгээгээр хугацааг тооцож, улмаар цуцалсан шийдвэр гаргасан нь зөв гэсэн.

           21. Нөгөө талдаа шүүхийн шийдвэрийн үр дагавраар тусгай зөвшөөрөл сэргэж байгаа учир захиргааны байгууллага тусгайлан тусгай зөвшөөрлийг сэргээсэн тухай тушаал шийдвэр гаргах шаардлагагүй байсан буюу уг тушаалын дагуу тусгай зөвшөөрлийг сэргээсэн өдрийг баримтлахгүй гэж дүгнээд байна. Өөрөөр хэлбэл тэрхүү 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 556 дугаартай шийдвэрийг ямар нэгэн эрх зүйн үр дагаваргүй, шаардлагагүй гэжээ.

            22. Энэхүү тушаалыг захиргааны байгууллагаас гаргасан. Уг тушаалаар нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлөө бодитоо сэргэлээ гэж үзсэнийг шүүх буруутгаж байгаа хэрнээ яг эсрэгээр нь буюу тусгай зөвшөөрлийн хавсралт дээр хийгдсэн тэмдэглэл бол чухал гэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй.

            23. Захиргааны шийдвэр, үйл ажиллагаа нь хуульд нийцсэн байх үндсэн гол зарчимтай бөгөөд маргааны энэ тохиолдолд энэхүү хавсралт дээрх тэмдэглэлээс илүүтэйгээр хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийн өр, хугацаа хэтрэлт үүссэн эсэхийг тооцож, тогтоох ёстой юм.

            24. Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.20-д “Тусгай зөвшөөрлийн төлбөр гэдэг нь тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс төлж байгаа төлбөр” гэж тодорхойлсон. Эндээс тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаа - төлбөр 2 шууд хамааралтай нь харагдана. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн идэвхтэй хугацаанд хамаарах төлбөр төлөгдсөн байх ёстой болохоос тусгай зөвшөөрөл хүчингүй гэж бүртгэгдсэн үед өмнөх төлбөр нь тооцогдоод суутгагдаад явах ойлголт байж болохгүй.

           25. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2020/0023 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 222 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.       

           26. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... анхан болон давж заалдах шатны шүүх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр, түүнийг төлөх хугацаа, журамтай холбоотой Ашигт малтмалын түхай хуулийн зохицуулалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 длгаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны байх” шаардлагад нийцээгүй.

          27. “Ю...” ХХК нь “тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй ” гэх үндэслэлээр тус компанийн эзэмшлийн МV-... тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 408 тоот шийдвэрийн үндэслэлийн талаар “тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө төлөх ёстой” маргаж байгаа бол хариуцагчийн зүгээс “тусгай зөвшөөрлийн 14 дэх жилийн төлбөрийг 2019 оны 7 дугаар сарын 25-наас өмнө төлөх ёстой” гэж маргасан.

           28. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болон талуудын тайлбаруудаас энэхүү захиргааны хэргийн тухайд “Ю...” ХХК-ийн МV-... дугаартай тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх хугацааг хэрхэн тодорхойлох” нь хэргийн талаар үнэн зөв, бодитой шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой болох нь харагдаж байгаа.

           29. Хугацаа тодорхойлох болон тоолох журмыг Монгол Улсын Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “... хууль, хэлцэл, шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлоно...” гэж, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “...хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, ...-ийн дараах өдөр цагаас эхлэн тоолно...” гэж тус тус хуульчилсан.

            30. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “... Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө ...” хэмээн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх хугацааг хэрхэн тодорхойлох, тоолох журмыг хоёрдмол утгагүйгээр маш тодорхой хуульчилсан.

            31. “Ю...” ХХК-ийн эзэмшилд байсан МV-... дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг анх 2000 оны 12 дугаар сарын 15-ны өдөр олгосон ба Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар тухайн тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2000 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс тооцон жил бүр урьдчилан төлж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа.

            32. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаан дээр “...”Ю...” ХХК-ийн эзэмшлийн МV-... дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийн талаар гарсан маргааныг шийдвэрлэсэн Монгол Улсын дээд шүүхийи хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 293 дугаар тогтоолыг биелүүлж тусгай зөвшөөрлийг сэргээхдээ тухайн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тооцож хавсралтад бүртгэсэн тул энэ хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх ёстой байсан...” гэж тайлбарласныг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж үзсэн нь “тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг тодорхойлсон болон төлбөр төлөх журамтай холбоотой” Иргэний хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн 34.2-т заасан зохицуулалтуудад нийцээгүй дүгнэлт болсон гэж үзэж байна.

           33. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг “тусгай зөвшөөрлийн хавсралтаар өөрчлөн тогтоох” хууль зүйн үндэслэл байхгүй байхад Ашигт малтмал, газрын тосны кадастрын хэлтэсээс МV-... /2810А/ тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтад тус тусгай зөвшөөрлийн 13 дахь жилийн төлбөрийг “2018.06.25-2019.06.25 хүртэл” гэж тэмдэглэсэн нь хууль бус үйлдэл байсан.

            34. Анхан шатны шүүх энэ асуудлын талаар “... Ашигт малтмалын тухай хуулийи 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл нь тусгай зөвшөөрөлтэй холбоотой өөрчлөлтийг тэмдэглэх зориулалт бүхий хавсралттай байхаар заасан байх ба 2810А тусгай зөвшөөрөлд “Тусгай зөвшөөрөл хавсралтгүй бол хүчингүй” гэж тэмдэглэжээ. Төрийн захиргааны байгууллагаас “Ю...” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-... дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хөдөлгөөний код 018-FЕ бүхий хэсэгт тусгай зөвшөөрлийн 13 дахь жилийн төлбөр төлснийг бүртгэхдээ хугацааг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөр тооцсон тэмдэглэгээг ... хийсэн байх ба нэхэмжлэгч хуулийн этгээд нь уг хавсралтыг хүлээн авсан тухайд маргаагүй... гэсэн дүгнэлт хийгээд улмаар “...”Ю...” ХХК-ийн 2810А тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах хүсэл зоригтой бол 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө тухайн тусгай зөвшөөрлийн 14 дэх жилийн төлбөрийг алдангийн хамт нөхөн төлсөн байх шаардлагатай байсан...” гэж үзээд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийжээ.

           35. Шүүх дээрх дүгнэлтүүдийг хийдээ Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2. 34.6, 34.7 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтуудыг үндэслэл болгосон боловч хуулийн тэдгээр хэсэг, заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн.

           36. Түүнчлэн шүүх хариуцагч байгууллагын зүгээс тусгай зөвшөөрлийн хавсралтад тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаас өөрөөр тодорхойлсныг зөвтгөсөн хууль зүйн үндэслэл, дүгнэлтийг огт хийгээгүй. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага хуулиар тогтоосон тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг өөрчлөн тогтоох эрх хэмжээ байсан эсэх асуудалд бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй.

           37. Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжид тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг тусгай зөвшөөрлийн хавсралтад заасан хугацаагаар тодорхойлох ямар нэгэн зохицуулалт байхгүй. Харин анхан болон давж заалдах шатны шүүх тусгай зөвшөөрлийн төлбөрийн талаарх дүгнэлтдээ хэрэглэсэн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт тусгай зөвшөөрлийн төлбөрийг “...тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө...” хэмээн маш тодорхой хуульчилсан байхад анхан болон давж заалдах шатны шүүх тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг тусгай зөвшөөрлийн хавсралтад заасан хугацаагаар тооцсон нь хуульд нийцээгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

           38. Анхан шатны шүүх “Ю...” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээсэн хариуцагч байгууллагын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 556 дугаар шийдвэр гарснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг үүссэн талаарх нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын талаар “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны ... 0086 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар ” ... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 429 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 110.1.3-т заасны дагуу 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон, ... тул нэхэмжлэгч хуулийн этгээдэд энэ өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэл бий болно. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож, шийдвэрлэсэн байхад захиргааны байгууллагаас уг шийдвэрийг дахин хүчингүй болгох” улмаар тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэрийг тусгайлан гаргах шаардлагагүй байхад захиргааны байгууллагаас ийм шийдвэр гаргасан нь тухайн тусгай зөвшөөрлийн хувьд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцох талаарх хуулийн тусгайлсан зохицуулалтыг хэрэглэхгүй байх үндэслэл биш байна гэсэн дүгнэлт хийсэн нь дараах байдлаар хуульд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт болжээ.

           39. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсгийн “... энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэсэн зохицуулалт нь “тусгай зөвшөөрлийн төлбөр төлөхтэй хугацааг тодорхойлохтой холбоотой харилцаа ”-нд хамааралгүй бөгөөд тухайн тусгай зөвшөөрлийн тухайд Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт заасан “30 жил”-ийн хугацааг тодорхойлох тухай зохицуулалт юм.

            40. Хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсгийн “үргэлжлүүлж тооцно” гэдэг нь ашигт малтмалын ашиглалтын МV-... дугаартай тусгай зөвшөөрлийн хувьд 2018 онд сэргэж байгаа тул тухайн тусгай зөвшөөрлийн хугацааг 18 дахь жилээс нь үргэлжлүүлэн тоолохтой холбоотой харилцааг зохицуулсан заалт гэж ойлгоно.

            41. Гэтэл анхан шатны шүүхийн “...тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэрийг тусгайлан гаргах шаардлагагүй байхад захиргааны байгууллагаас ийм шийдвэр гаргасан нь тухайн тусгай зөвшөөрлийн хувьд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцох талаарх хуулийн тусгайлсан зохицуулалтыг хэрэглэхгүй байх үндэслэл биш байна” гэсэн дүгнэлт хийхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсгийг илтэд буруугаар ойлгон тайлбарлажээ.

           42. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, 15.10.6 дахь заалт, Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг зөвхөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх үүрэгтэй.

           43. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгож бас хүчингүй болгодог.

           44. Аль ч төрлийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь зөвхөн тусгай зөвшөөрөл олгох, эсхүл хүчингүй болгох шийдвэр гаргаснаар шууд хууль зүйн үр дагавар үүсгэдэггүй.

           45. Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийг олгохдоо тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэдд бүртгэх бөгөөд тухайн бүртгэл хийгдэхгүйгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах эрх үүсдэггүй, үүнээс улбаалан мөн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах үндэслэлгүй байдаг.

           46. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хянах хүрээнд төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан чиг үүргийн тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлийг хөтөлдөг.

          47. Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 429 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч компанийн 2810А тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо тухайн шийдвэрийн хоёр дахь заалтаар “тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд өөрчлөлт оруулах”-ыг холбогдох мэргэжилтэнд даалган шийдвэрлэсэн байдаг.

           48. Тухайн захиргааны актын талаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлээд гарсан Ннйслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийи 2018 оны 0086 дугаар шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 429 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиин 110 дугаар зүйлийн 110.1.3-т заасны дагуу 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон хэдий ч тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор тусгай зөвшөөрөл эзэмшигч эрх, үүргээ хэрэгжүүлэх хууль зүйн боломжтой байсан гэж үзэх нь учир дутагдалтай.

          49. 1-рт тухайн шүүхийн шийдвэр 2018 оны 6 дугаар 25-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон боловч хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх эсэх, түүнийг сайн дураар биелүүлэх эсэх нь тухайн хэргийн нэхэмжлэгч “Ю...” ХХК-ийн хувьд тодорхойгүй байсан.

           50. Хариуцагчийн зүгээс Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 293 дугаар тогтоолыг гардан аваагүй тул тус шүүхээс 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шуудангаар хүргүүлсэн болох нь шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан нотлох баримтаар хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар уг тогтоолд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан.

           51. 2-рт хариуцагч байгууллагын зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 0086 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 293 дугаар тогтоолыг 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр сайн дураар биелүүлж 556 дугаар шийдвэрийг гаргасан.

           52. Энэ шийдвэрийнхээ 1 дэх заалтаар “Ю...” ХХК-ийн эзэмшилд байсан ашигт малтмалын ашиглалтын МV-... дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээн шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд уг шийдвэрийг шаардлагагүй захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй.

           53. Учир нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 429 дүгээр шийдвэрээр MV-... дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг цуцлахдаа тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн. Тиймээс уг өөрчлөлтийг буцаан бүртгэхийн тулд шинээр захиргааны акт гаргах шаардлагатай.

          54. Нөгөө талаар шүүхийн шийдвэрээр МV-... дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалсан захиргааны актыг хүчингүй болгосон тул тус захиргааны актын дагуу гаргасан үр дагаврыг арилгах шаардлагатай бөгөөд түхайн захиргааны актын улмаас тусгай зөвшөөрлийн эрхийг хүчингүи болгосон үр дагаврыг, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх хэлбэрээр л арилгах хууль зүйн боломжтой. Шүүхээс ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд захиргааны байгууллагаас “тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн” захиргааны акт гаргах хэлбэрээр шүүхийн шийдвэрийг биелүүлдэг нь нэгэнт тогтсон үйл баримт юм.

          55. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 556 дугаар шийдвэрээр “Ю...” ХХК-ийн эзэмшилд байсан ашигт малтмалын ашиглалтын МV-... дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд өөрчлөлт оруулснаар тус компани сэргээгдсэн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах эрх болон тухайн тусгай зөвшөөрлийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзнэ.

         56. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 0086 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс нэхэмжлэгч хуулийн этгээдэд энэ өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэл бий болно...” гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт болсон.

          57. Дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 128/ШШ2020/0023 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 222 дугаар магадлалыг түс тус хүчингүй болгож, “Ю...” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

58. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, шүүхийн шийдвэр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

59. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаар шийдвэрээр “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт хугацаанд нь төлөөгүй” гэх үндэслэлээр “Ю...” ХХК-ийн MV-... дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан, нэхэмжлэгчээс “... тусгай зөвшөөрөл анх 2000 оны 12 дугаар сарын 15-ны өдөр олгогдсон, энэ өдрөөс өмнө төлбөрийг төлж ирсэн, гэтэл Кадастрын хэлтэс 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөр тооцож энэ өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн төлөх ёстой гэж үзэж байгаа нь үндэслэлгүй“ гэж, хариуцагчаас “...тусгай зөвшөөрлийн төлбөрөө 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө төлөх үүрэгтэй байсан. Энэ хугацаанд төлөөгүй тул тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

60. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 дугаар дүгнэлтээр “... “Ю...” ХХК нь 2016, 2017 онд уурхайн олборлолтын үйл ажиллагаа эхлүүлэхэд шаардагдах холбогдох баримт бичиггүй, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй /гэх үндэслэлээр/ ... Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу MV-... тоот тусгай зөвшөөрлийг энэхүү дүгнэлтийг үндэслэн цуцлах шийдвэр гаргаж хариу ирүүлэхийг /Ашигт малтмал, газрын тосны газарт мэдэгдье” гэснийг үндэслэн,  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 429 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасныг баримтлан, нэхэмжлэгч “Ю...” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-... дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан, нэхэмжлэгчээс уг акт, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаж, Улсын дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 293 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, уг шүүхийн шийдвэрийг үндэслэж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 556 дугаар шийдвэрээр “Ю...” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн, ингэхдээ тусгай зөвшөөрлийн хугацааг “2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс” тоолохоор тогтоон, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэсэн, талууд уг үйл баримтуудтай маргаагүй байна.

61. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэсний дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр, түүнийг анх олгосон өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй, мөн хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд зааснаар жил бүр урьдчилан төлөх нь уг тусгай зөвшөөрлийн эрхийг хадгалах үндсэн нөхцөл болох юм.

62. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, анх 2000 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутагт, Гутайн даваа гэх газарт ашигт малтмалын ашиглалтын 2810А дугаар тусгай зөвшөөрлийг олгосон, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 2000-2012 онуудад хамаарах тусгай зөвшөөрлийн төлбөрүүдийг өмнөх жилийн 12 дугаар сарын 15-ны дотор төлсөн, харин 2013-2017 онуудын хугацаанд “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаарагдаж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон” гэж тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй, энэ тохиолдолд, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 556 дугаар шийдвэрээр “Ю...” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг “2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс” тоолохоор тогтоосныг хууль зөрчсөн гэж шүүх дүгнэх боломжгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн “... тусгай зөвшөөрлийн төлбөрийг /урьд төлж байсны адилаар/ 12 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө төлөх ёстой, ... тусгай зөвшөөрлийн 13 дахь жилийн төлбөрийг “2018.06.25-2019.06.25 хүртэл” гэж тэмдэглэсэн нь хууль бус үйлдэл байсан” гэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

63. Тодруулбал, “Ю...” ХХК нь тусгай зөвшөөрлийн 12 дахь жилийн төлбөрийг 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлсөн, цаашид үргэлжүүлэн төлөөгүй байх тул тусгай зөвшөөрлийн эрх нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хадгалагдсан гэж үзэх боломжгүй, хариуцагч захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийн 13 дахь жилийн төлбөрт хамаарах хугацааг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс тоолохоор тогтоосон нь тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ю...” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 429 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцлахаас өмнөх жилүүдэд, тодруулбал, 2013-2016 онуудад 12 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө төлөх ёстой тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй, 2017 онд мөн төлөөгүй байхад “... 13 дахь жилийн төлөгдсөн төлбөрийн хамрах хугацаа нь 2018 оны 12 дугаар сарын 15-наас эхэлсэн гэж үзэх боломжгүй, хэрэв тийм бол тусгай зөвшөөрөл сэргэсэн хугацаанаас 2018 оны 12 дугаар сарын 15 хүртэлх хугацааны төлбөр төлөгдөөгүй гэж ойлгоно” гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

64. Иймд, “Ю...” ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг төрийн захиргааны байгууллагаас тогтоож өгсөн буюу 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө төлөх үүрэгтэй байсан, энэ хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй, түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д зааснаар 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй байх тул тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаар шийдвэр мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасантай нийцсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2. 34.6, 34.7 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтуудыг ... буруугаар тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

65. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 7/4899 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийн төлбөрөө хугацаанд төлөх талаар болон хугацаанд нь төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах талаарх мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ю...” ХХК-ийн Кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй “Сүхбаатар дүүргийн 6 хороо, АВ центр, 9 давхарт 903 тоот” хаягт хүргүүлсэн, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх”-ээр заасан байхад уг бүртгүүлсэн хаягтаа “Ю...” ХХК байхгүй “нүүсэн” нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй. 

66. Эдгээр үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2020/0023 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 222 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ю...” ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, өмгөөлөгч Д.Б нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ю...” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ТУНГАЛАГ

                                   ШҮҮГЧ                                                       Д.МӨНХТУЯА