Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/00357

 

Голомт банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/01014 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 235 дугаар магадлалтай,

Голомт банкны нэхэмжлэлтэй,

С.Отгонбаатарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 108.983,34 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Голомт банкны дэд захирал Т.Нямсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчив, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Голомт банкны дэд захирал Т.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Отгонбаатар нь автомашин худалдан авах зорилгоор 2008 оны 8 дугаар сарын 13-ны өдөр тус банктай “Автомашины зээлийн гэрээ” байгуулан 128.760.53 ам.долларыг 12 сарын хугацаатай 1.7 хувийн хүүтэй зээлж авсан. Зээл олгохдоо талуудын хооронд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангагдах хүртэл эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээг байгуулан 15-48 УБЕ дугаартай Lexus LX470, 50-14 УБК улсын дугаартай Mercedes Benz G-500 автомашинуудыг барьцаалсан. Зээлдэгч нь үндсэн зээлээс 101.531.01 ам.доллар, зээлийн хүүд 26.697.92 ам.долларыг төлсөн. Зээлдэгчийг зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан. Иймд, С.Отгонбаатараас үндсэн зээлийн үлдэгдэл 27.229.52 ам.доллар, хүү 66.367.77 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 15.386.05 ам.доллар нийт 108.983.34 ам.долларыг гаргуулж өгнө үү. Хариуцагч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дөлгөөн шүүхэд гаргасан тайлбартаа: Голомт банктай 2008 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Автомашины зээлийн гэрээ”-ний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 27.229,52 ам.доллар, үндсэн хүү 66.367,77 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 15.386,05 ам.доллар, нийт 108.983.34 ам.долларыг нэхэмжилсэн байна. Үүнээс үндсэн зээл 27.229,52 ам.долларыг төлөхөд татгалзахгүй харин үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй. Учир нь, зээлийн гэрээг 2008 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан байтал 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу шаардлага гаргах эрхээ алдсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хариуцагч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 128.228,93 ам.доллар төлсөн. Иймд, Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагын хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/01014 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч С.Отгонбаатараас 106.870,84 ам.доллар буюу 213.080.149 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.244.427 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 235 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/01014 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “106.870,84 ам.доллар буюу 213.080.149 төгрөг” гэснийг “62.110,49 ам.доллар буюу 93.455.557 төгрөгийг гэж”, 2 дахь заалтын “1.223.350” гэснийг “777.133” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн “Голомт банк” гэснийг “Голомт банк ХХК” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Отгонбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.223.356 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Голомт банкны дэд захирал Т.Нямсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.Үүнд:

1. Тухайн хэрэг маргааны хувьд Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх заалтад заасны дагуу Үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтрүүлсэн буруутай гэж үзэж байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 235 дугаартай магадлалын хянах хэсэгт Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар Голомт банк ХХК-ийн эс үйлдэл нөлөөлсөн гэж үзэн улмаар Үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэн, Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.3-т зааснаар 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхээ алдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зээлдэгч болон тухайн автомашины өмчлөгч болох А.Ундрах нараас 47-52 УНЦ улсын дугаартай Lехus 570 маркийн автомашиныг төлбөрт тооцон өгөх тухай хүсэлтийг Голомт банкинд хандан ирүүлсний дагуу саналыг хүлээн авсан боловч Хүсэлт гаргагч тал ямар ч үндэслэлгүйгээр тухайн саналаа биелүүлэхээс татгалзсан юм. Тухайн хүсэлтэд дурдагдсан автомашин нь “Фидуцийн гэрээ”-ээр барьцаалагдсан автомашин биш юм.

Голомт банк нь зээлийг олгохдоо фидуцийн гэрээг байгуулан “Lехus LХ470” маркийн 15-48 УБЕ улсын дугаартай автомашиныг, мөн “Мегсеdes Веnz G500” маркийн 50-14 УБК улсын дугаартай автомашинуудыг барьцаалсан.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар нэхэмжлэгч хүү шаардах эрхтэй. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтад Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байхаар хуульчилсан байх бөгөөд энэхүү заалтыг үндэслэн байгуулсан Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй тул талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ нь стандарт нөхцөлийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ юм. Банк. эрх бү.хий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24.3-д заасны дагуу Зээлдүүлэгч Зээлдэгчээс зээлийн гэрээний дагуу үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардан авах эрхтэйг нотолж байна. “46.872,85 ам.доллар буюу 93.455.557 төгрөг”-ийг сэргээх үндэслэлтэй юм.

Мөн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 216 дугаар зүйлийг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь энэхүү хуулийн заалт нь хэд хэдэн төлбөртэй хариуцагчийн хувьд Төлбөр гүйцэтгэх сонголтыг бий болгож өгсөн зохицуулалт бөгөөд энэ хэрэг маргааны хувьд зөвхөн ганц нэхэмжлэгчтэй хэрэг маргаан юм.

Түүнчлэн Зээлдэгчийн санхүүгийн байдал хэрхэн хүндэрсэн, үүнд үүрэг гүйцэтгүүлэгч буруутай эсэхийг тогтоогоогүй атал баримтаар тогтоогдсон мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр 2017 оны 01 сарын 18 өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн 235 дугаартай магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй бөгөөд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж маргааныг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 235 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 181/ШШ2016/01014 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч “Голомт” банк нь хариуцагч С.Отгонбаатарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 27.229.52 ам.доллар, хүү 66.367.77 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 15.386.05 ам.доллар нийт 108.983.34 ам.доллар нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлд автомашины зээлийн гэрээ, эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээг дурджээ.

Хариуцагч хүү, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч, фидуцийн гэрээнд заасан автомашиныг аваагүйгээс хүүгийн хэмжээ хэт их болсон гэжээ.

Зохигчдын хооронд 2008 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн болон фидуцийн гэрээгээр хариуцагч нь 128.760.53 ам.долларыг сарын 1.7 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, LX470 маркийн 15-48 УБЕ дугаартай автомашин, Mercedes Benz G-500 маркийн 50-14 УБК улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох ам долларыг хариуцагчид шилжүүлсэн, гэрээний хугацаа 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдөр дууссан бөгөөд хариуцагч зээлийн төлбөрт 128.228.93 ам.доллар төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Харин хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэлт хийсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй байна.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн  эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болдог. Түүнчлэн фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд үлдээсэн тохиолдолд зээл, хүүг төлөх  эцсийн хугацаа дууссан үед түүнийг банкинд шилжүүлэх, ийнхүү шилжүүлээгүй тохиолдолд банк үл маргалдах журмаар эзэмшилдээ авах, улмаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол зах зээлийн ханшаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангах эрхтэй талаар фидуцийн гэрээний 3.3, 3.6-т тусгажээ.

Хариуцагч зээлийн төлбөрт LX570 маркийн автомашиныг тооцуулан өгөх хүсэлтийг 2014 оны 2 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчид гаргаж байжээ.

Гэрээний хугацаа дууссан үед үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд гэрээнд заасан үйлдлийг хийх ёстой байсан боловч хийгээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд хүү авах эрхээ алдахаар Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасан.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлсөн төлбөрийг үндсэн зээлд тооцон, үлдэх төлбөрөөс хүүг цаг хугацаагаар нарийвчлан тооцож, төлбөл зохих төлбөрийн хэмжээг тогтоосон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасантай нийцжээ.

Түүнчлэн нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 235 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 625.228 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ