Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 15

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                 Б.Батзориг

Шүүгчид                                Я.Туул

                                                                     Д.Буянжаргал

   Оролцогчид:

Прокурор                              А.Золзаяа

Ялтан нарын өмгөөлөгч    А.Отгонбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Нолхоосүрэн даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 14Б дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтан нарын өмгөөлөгч А.Отгонбаярын давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Олхонууд овогт Гэндэнбавуугийн Тайванбаатар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Харачу овогт Довчингийн Ганболд нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201518000021 дугаартай, 148/2015/0095/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1984 оны 09 дүгээр 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт Сэлэнгэ аймаг Хүдэр сум 2 дугаар баг, 2 дугаар гудамж 3 тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Ойн ангийн дарга ажилтай, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Олхонууд овогт Гэндэнбавуугийн Тайванбаатар /РД: ДН84093011/

2. Монгол улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 46-б дугаар байрны 24 тоотод оршин суух, “Алъянс Минерал” ХХК-нд туслах ажилтнаар ажилладаг, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Харачу овогт Довчингийн Ганболд /РД: УС70060113/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Ойн ангийн дарга Г.Тайванбаатар нь тус суманд гэрээгээр хуш модны самар бэлтгэж байгаа “Алъянс Минерал” компаний ажилтан Д.Ганболдод Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолын сар, өдрийг засварлан өгч нэг сая төгрөгийн хээл хахууль авсан,

“Алъянс Минерал” компаний ажилтан Д.Ганболд нь Сэлэнгэ аймаг, Хүдэр сумын Ойн ангийн дарга Г.Тайванбаатарт Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолын сар, өдрийг засварлаж өгсний төлөө нэг сая төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх  Г.Тайванбаатар, Д.Ганболд нарт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 14Б дугаартай шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Олхонууд овгийн Гэндэнбавуугийн Тайванбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар “Хээл хахууль авах” гэмт хэрэгт, шүүгдэгч Д.Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар “Хээл хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тайванбаатарын тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг 01/нэг/ жилийн хугацаагаар хасч, 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганболдыг 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан тус бүрийн 01/нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч Д.Ганболдод оногдуулсан 01/нэг/ жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Г.Тайванбаатараас гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох /Авилгатай тэмцэх газрын төрийн сангийн 900033401 тоот дансанд байршуулсан/ 1.000.000 /нэг сая/ төгрөгийг улсын орлого болгохыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд үүрэг болгож,

-Энэ гэмт хэргийн улмаас Г.Тайванбаатар, Д.Ганболд нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тайванбаатарт оногдуулсан 01/нэг/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж, 01/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг ялтан Г.Тайванбаатарт сануулж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Тайванбаатарт хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэжээ.

Ялтан нарын өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Удаа дараагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь 1 сая төгрөгийг уг тогтоолыг засварлахаас өмнө буюу 2014 оны 10 дугаар сарын сүүлчээр Г.Тайванбаатарын “...мөнгө зээлээч...” гэсэн хүсэлт, гуйлтын дагуу Д.Ганболд нь

дүүдээ хэлж зээл өгсөн гэж мэдүүлсэн. Энэ мөнгийг Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд Д.Ганболдын машинд биш, харин Дархан-Уул аймагт Д.Ганболдын дүү Д.Бадрах өгсөн талаар мэдүүлдэг. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Г.Тайванбаатар нь Сэлэнгэ аймгийн цагдаагийн албан хаагчид мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэн, “...чи мөнгө авсан...” гэж тулгасан, хорьж цагдана гэж айлгасан, дараа дараагийн мэдүүлэгт “...чи тайлбар, мэдүүлгээсээ буцвал хорино...” гэх мэтээр айлган сүрдүүлж мэдүүлэг авсан талаар мэдүүлдэг. Анхан шатны шүүхээс дээрх байдалд хууль зүйн дүгнэлт хийж “Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч шүүгдэгч Г.Тайванбаатараас эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө тайлбар авахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 252 дугаар зүйлийг сануулж өөрийнх нь эсрэг мэдүүлэг авсан нь Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан заалт зарчмыг зөрчсөн болохыг дурьдах нь зүйтэй...” гэсэн атлаа үндсэн хууль зөрчиж авсан тайлбар мэдүүлгийг яллах нотлох баримт болгон ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Г.Тайванбаатарын мэдүүлгийг “Шийтгэх тогтоол”-ын үндэслэл болгосон тухайд Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно...” гэсэн заалттай шууд зөрчилдөж байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг хянан дүгнэлт хийж Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 323 дугаар зүйлд заасны дагуу Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 14Б дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтэндээ:

Энэ хэргийг 2015 онд анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Урьд 2-3 удаа анхан болон давж заалдах шатны шүүх хурал болж, мөн хэрэг нэмэлт мөрдөн байцаалтанд шилжиж, 2-3 удаа цагаатгах тогтоол гарч байсан.

Тухайн самар нь дээрх тогтоол засахаас 1 сарын өмнө ороод ирсэн байсан нь сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч нар тогтоол зассаны төлөө 1 сая төгрөг өгсөн талаар мэдүүлдэг. Гэтэл сүүлд мэдүүлгээсээ буцсан байдаг.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасны дагуу өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Тодорхойлох нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Хүдэр сумын Ойн ангийн дарга Г.Тайванбаатар нь тус суманд гэрээгээр хуш модны самар бэлтгэж байгаа “Алъянс Минерал” компаний ажилтан Д.Ганболдод Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолын сар, өдрийг засварлан өгч нэг сая төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар,

“Алъянс Минерал” компаний ажилтан Д.Ганболд нь Сэлэнгэ аймаг, Хүдэр сумын Ойн ангийн дарга Г.Тайванбаатарт Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолын сар, өдрийг засварлаж өгсний төлөө нэг сая төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Тайванбаатар, Д.Ганболд нарт холбогдох хэргийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 14Б дугаартай шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Олхонууд овгийн Гэндэнбавуугийн Тайванбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар “Хээл хахууль авах” гэмт хэрэгт, шүүгдэгч Д.Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар “Хээль хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тайванбаатарын тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг 01/нэг/ жилийн хугацаагаар хасч, 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганболдыг 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан тус бүрийн 01/нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч Д.Ганболдод оногдуулсан 01/нэг/ жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Г.Тайванбаатараас гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох /Авилгатай тэмцэх газрын төрийн сангийн 900033401 тоот дансанд байршуулсан/ 1.000.000 /нэг сая/ төгрөгийг улсын орлого болгохыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд үүрэг болгож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тайванбаатарт оногдуулсан 01/нэг/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж, 01/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж тус тус шийвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Ялтан Г.Тайванбаатар, Д.Ганболд нарын өмгөөлөгч А.Отгонбаярын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын дагуу хавтаст хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Ойн ангийн дарга Г.Тайванбаатар нь тус суманд гэрээгээр хуш модны самар бэлтгэж байгаа “Алъянс Минерал” компаний ажилтан Д.Ганболдод Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолын сар, өдрийг засварлан өгч нэг сая төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэргийг,

“Алъянс Минерал” компаний ажилтан Д.Ганболд нь Сэлэнгэ аймаг, Хүдэр сумын Ойн ангийн дарга Г.Тайванбаатарт Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолын сар, өдрийг засварлаж өгсний төлөө нэг сая төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь гэрч Д.Цэцэгсайханы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1-р        хх-ийн 24-25-р ху/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1128 тоот дүгнэлт /1-р хх-ийн 30-32-р ху/, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын баримт бичгүүдийн хуулбарууд /1-р хх-ийн 99-106-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх Г.Тайванбаатар, Д.Ганболд нарын гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.

Түүнчлэн авлигын гэмт хэргийн гол шинж болох хоёр талын ашиг сонирхлын үүднээс төрийн албан тушаалтнаар хууль зөрчсөн, шударга бус үйлдэл хийлгэхийн тулд Д.Ганболд нь Г.Тайванбаатарт 1.000.000 төгрөг өгсөн, Г.Тайванбаатар нь  “Алъянс Минерал” компаний хугацаанаас нь өмнө хууль бусаар бэлтгэсэн самрыг хууль ёсны мэт харагдуулахын тулд Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолын сар, өдрийг засварлан гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж, өөрийн албан тушаалын эрх хэмжээнд хамрагдахгүй эрх үүргийг дур мэдэн хэрэгжүүлж 1.000.000 төгрөг авсан болох нь дээр дурьдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Г.Тайванбаатарыг яллагдагчаар удаа дараа байцаахдаа түүний амь нас, эрүүл мэндэд аюултай, эсвэл түүний нэр төрийг гутаан доромжилсон, хүнлэг бус хэрцгий харьцсан, тулган шаардсан, хуурч мэхэлсэн байдлууд тогтоогдоогүй, энэ талаар мөрдөн байцаалтын шатанд зохих байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж байгаагүй байх тул өмгөөлөгч А.Отгонбаярын гаргасан …шүүхийн хэлэлцүүлэгт Г.Тайванбаатар нь Сэлэнгэ аймгийн цагдаагийн албан хаагчид мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэн, “...чи мөнгө авсан...” гэж тулгасан, хорьж цагдана гэж айлгасан, дараа дараагийн мэдүүлэгт “...чи тайлбар, мэдүүлгээсээ буцвал хорино...” гэх мэтээр айлган сүрдүүлж мэдүүлэг авсан талаар мэдүүлдэг… Г.Тайванбаатарын мэдүүлгийг “Шийтгэх     тогтоол”-ын үндэслэл болгосон тухайд Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно...” гэсэн заалттай шууд зөрчилдөж байх тул дээрх нөхцөл байдлуудыг хянан дүгнэлт хийж Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 323 дугаар зүйлд заасны дагуу Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 14Б дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 14Б дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Г.Тайванбаатар, Д.Ганболд нарын өмгөөлөгч А.Отгонбаярын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 14Б дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Г.Тайванбаатар, Д.Ганболд нарын өмгөөлөгч А.Отгонбаярын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                             Я.ТУУЛ

                                                             Д.БУЯНЖАРГАЛ