Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 209/МА2022/00044

 

*******ны
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/00121/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  03 дугаар сарын 15-ны өдрийн 429 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох   

Нэхэмжлэлийн шаардлага: “гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд:  хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

...******* нь 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Бот-2013/623 тоот гэрээгээр 5,000,000 төгрөгийн FT-200 маркын хадлангийн иж бүрдлийг урьдчилгаа 60 хувь болох 3,000,000 төгрөг төлөн үлдэгдэл 40 хувь болох 2,000,000 төгрөгийг 2015 оны 08 сарын 28-ны дотор төлөхөөр гэрээ байгуулсан.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан анз 1,000,000 төгрөг, гэрээний үлдэгдэл 2,000,000 төгрөг нийт 3,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн  татгалзал, тайлбарын агуулга:

...Тухайн үед зоос банкны данс өгсөн боловч банк дампуурсан, сангаас эргэж холбогдоогүй, зээлийн эргэн төлөлтийн талаар мэдэгдэл ирүүлээгүй, утсаар холбогдоогүй атлаа бүхэл бүтэн 1,000,000 төгрөгийн алданги тооцож 3,000,000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар хуульчилсан, 8 жилийн дараа шаардаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч *******ээс 3,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны *******нд олгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн зүгээс дараах гомдол гаргаж байна.

4.а. Хариуцагч талаас шаардах эрхийн эрх залгамжлалын тухай биш, шаардах эрхээ хэрэгжүүлэх нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар 3 жилийн хугацаатай шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тухай асуудал дээр үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар хариуцагч талаас маргасан.

4.б. Анхан шатны шүүх хагас жилийн дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байгууллагын бүтэц, нэршил өөрчлөгдсөн үйл баримт түүнтэй холбоотой нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримтад үндэслэн буруу дүгнэлт хийсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболдын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******ны нэхэмжлэлтэй *******д холбогдох хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв. 

2. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд нь ...

2.а.анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

2.б. Шүүх, өмгөөлөгчийн татгалзлын үндэслэл болгож буй Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гурван жилийн хугацаатай шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, эс өнгөрсөн тухай асуудал дээр үндэслэл бүхий дүгнэлт хийх учиртай, энэ талаар маргасан байхад дээрх хугацаанаас хойш хагас жилийн дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байгууллагын бүтэц, нэршил өөрчлөгдсөн үйл баримт, түүнтэй холбоотой нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримтад үндэслэн буруу дүгнэлт хийж хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

3. Анхан шатны шүүх нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх” журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, хэргийн үйл баримт болон нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэсэн  нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

4. Давж заалдах гомдлын  Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан  гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх тусгай хугацаа болох гурван жилийн хугацаа нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, шүүх, нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримтад буруу дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн... гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

5. Хэргээс судлан үзвэл: талуудын хооронд 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр 5,000,000 төгрөгийн үнэ бүхий FT-200 маркын хадлангийн иж бүрдэл нэг ширхэг  эд хөрөнгийг түрээслэгчийн хадлан бэлтгэх үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх зориулалтаар олгох, гэрээний хугацаа 3 жил буюу 36 сар байх, нийт үнийн дүнгийн 60 хувь буюу 3,000,000 төгрөгийг түрээслүүлэгч талд төлөх, үлдэгдэл төлбөр болох 40 хувь буюу 2,000,000 төгрөгийг 2014-2015 оны хугацаанд хэсэгчлэн төлж дуусгах, хуваарьт  төлбөрийг төлөөгүй тохиолдолд  төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.

6. Талуудын хооронд байгуулагдсан “Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн  гэрээ”-ний  агуулга, түүнд тусгасан нөхцөл зэрэг нь  Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулж байх тул талуудын хооронд эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

7. Зээлээр эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний нэг төрөл бөгөөд  талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр худалдагч тал худалдан авагчид эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн,  харин худалдан авагч нь үнийг төлөх үүргийг хүлээсэн боловч биелүүлээгүй байх тул  нэхэмжлэгч буюу худалдагч  нь  FT-200 маркийн тракторын үнийн үлдэгдэл болох 2,500,000 төгрөгийг шаардах эрхтэй юм.

8. Хэрэгт авагдсан нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд  нэхэмжлэгч тал нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж гэрээний үүргийн гүйцэтгэл болон гэрээний хариуцлага болох  “алданги”  зэргийг гаргуулахаар шаардсан, хариуцагч тал зээлийн гэрээ байгуулсан болон бага оврын тракторыг зээлээр худалдан авсан талаар маргаагүй, харин гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ. 

9. Хэргийн 10-11 дүгээр талд авагдсан  Хүнс, хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дугаар “Хөдөө ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” тушаал,

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар “******* байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай” тогтоол зэрэг бичгийн баримтуудаас үзвэл:   Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг байгуулж, Тариаланг дэмжих сангийн  санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг,авлага,...г  Хөдөө аж ахуйг дэмжих санд  балансаас балансад шилжүүлэхээр тус тус  шийдвэрлэж,  *******нд улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгосон байна.

            10. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ:  75.2.1-д ”гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж хуульчлан зохицуулсан.  

             Харин хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг Иргэний хуулийн 72, 76 дугаар зүйл, заалтаар зохицуулсан ба хуулийн 72.1-д хугацааг тоолохдоо тогтоосон он,сар,өдрөөс, 76.1-д шаардах эрх үүссэн үеэс тоолно гэж тус тус заасан.

              11.Энэ хэргийн хувьд хэргийн 4-6 дугаар талд авагдсан зээлийн гэрээнээс үзэхэд: гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа нь 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болохоор байх ба хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр дуусна гэж үзэхээр байна.

   12.Нэхэмжлэгч тал нь 2021 оны 12 дугаар сарын 17 гэсэн огноотой нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч “тэмдэглэгээ”/хх-1-2/ хийсэн байх ба энэхүү  нэхэмжлэлдээ Засгийн газрын тогтоол, байгууллагын гэрчилгээ, Хүнс,хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын тушаал, гэрээний хуулбар, санхүүгийн тооцооны үлдэгдэл/2021.01.01-2021.12.31 өглөг, авлагын дэлгэрэнгүй журнал гэх гарчигтай, тамга, гарын үсэггүй, хуулбар атал нотариатаар гэрчлүүлээгүй/  зэрэг бичгийн баримтуудыг хавсаргажээ. 

13. Дээрх нэхэмжлэлд хавсаргаж, хэрэгт авагдсан Монгол Улсын Засгийн газрын тогтоол  2020 оны 1 дүгээр сарын 8-ний өдөр, Монгол Улсын  Хүнс,хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тус тус гарсан байх бөгөөд  энэ хугацаанаас хойш 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр  нэхэмжлэгч ******* нь шүүхэд гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан үйл баримт тогтоогдож байна.

Харин  нэхэмжлэгч нь гэрээний хугацааны дотор болон гэрээний хугацаа дуссанаас хойш 2019 оны 08 дугаар сарын 28-ний дотор  гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй, талуудын тайлбарт ч энэ талаар тусгагдаагүй  байна.

14.Түүнчлэн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.2-т “Зээлдэгчээс зээлийн үнэ, төлбөрийг графикийн дагуу төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгчийн лизинг хариуцсан ажилтан зээлдэгчийн бүх орлогод хяналт тавьж төлбөрийг төлүүлэх арга хэмжээ авна” гэсэн,

5.4-т “Зээлдэгч гэрээний 3.2-т заасан графикт хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд зээлдэгчийн бизнесийн нэр хүндэд халдах, зээлийн өрийг гуравдагч этгээдэд шилжүүлэх, худалдах болон шаардлагатай гэж үзвэл зээлдэгч, хамтран зээлдэгчийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг зээлийн өр төлбөрийг Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийг баримтлан төлүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авна” гэсэн  үүргийг   нэхэмжлэгч тал хүлээсэн байх боловч  уг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр  байна. 

Мөн нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна.

Тухайлбал, хариуцагч *******ийн  ...зээлийн хугацаа 2015 оны 08 дугаар сарын 28-ний өдөр байсан, тухайн үед Зоос банкны данс л байсан боловч уг банк нь дампуурсан, үүнээс хойш Хөдөө аж ахуйн дэмжих сангаас огт холбогдоогүй, шүүхэд нэхэмжлэл өгөх хүртэлх хугацаанд нэг ч удаа зээлийн эргэн төлөлтийн талаар мэдэгдэл ирүүлээгүй, утсаар ч холбогдоогүй ... гэх тайлбар/хх-22/-ыг үгүйсгэсэн тайлбар, баримтыг нэхэмжлэгч талаас огт  гаргаж өгөөгүй байна.

15. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй“ гэж,

Хуулийн 82.2-т “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй” гэж тус тус заасан.

             Хэргээс үзэхэд хариуцагч ******* нь  хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөнийг мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг зөвшөөрсөн, эсхүл  үүргийг гүйцэтгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тэрээр  шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж  үүрэг гүйцэтгэхээс татгалзсан  тайлбарыг гаргасан түүний татгалзал Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасанд нийцэж байна гэж үзнэ. 

16. Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа  түр зогссон, тасалдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

17. Иймд нэхэмжлэгч ******* нь гэрээний хугацааны болон хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байсан, мөн  нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэх үндэслэл хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хариуцагч талын ...шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэсэн  агуулга бүхий гомдлыг хүлээн авч, хангаж шийдвэрлэх  үндэслэлтэй  гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.4-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ :

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  03 дугаар сарын 15-ний өдрийн 429 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, *******ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч талаас  давж заалдах гомдол гаргахдаа 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

   3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                    

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.АМАРСАНАА

                                                          ШҮҮГЧИД                                 Г.ДАВААРЕНЧИН

                                                                        Х.БАЙГАЛМАА