| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 183/2016/01062/И |
| Дугаар | 001/ХТ2017/00345 |
| Огноо | 2017-03-28 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2017/00345
“Хар бамбай” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 183/ШШ2016/00999 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 167 дугаар магадлалтай,
“Хар бамбай” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“Нархан” СӨХ-д холбогдох,
гэрээний үүрэгт 6.030.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзулын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзул, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч “Хар бамбай” ХХК-ийн захирал Б.Гансүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тус компани нь 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр харуул хамгаалалтын гэрээг “Нархан” СӨХ-той байгуулж 1 хамгаалагчийн төлбөр 550.000 төгрөг байхаар тохирч, 2 постон дээр 24/48 цагаар ээлжээр 6 хамгаалагчтай, нийт 3.300.000 төгрөгийг cap болгон төлж байхаар харилцан тохиролцсон. 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “Нархан” СӨХ-д харуулын цэгүүдийг хүлээлгэж өгснөөр хамгаалалтын гэрээ дуусгавар болсон. “Нархан” СӨХ нь 5 дугаар сарын төлбөрийн үлдэгдэл 1.200.000 төгрөг, 6 сарын төлбөр 3.300.000 төгрөг нийтдээ 4.500.000 төгрөгийг удаа дараа шаардахад оршин суугч нар зуслан гарсан, зуслангаас орж ирэхээр СӨХ-ны мөнгөө авч байж өгнө гэсэн боловч өгөөгүй. Үүн дээр 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртлэх хугацааны алданги 1.860.000 төгрөг нийт 6.030.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Тус СӨХ-ны захирал байсан н.Галбадрах 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажлаа хаяад явсан. Өмнө нь “Ус залаат” гэдэг харуулын үйл ажиллагаа явуулдаг компанитай нэг харуулын 300.000 төгрөгөөр тохирч ажилладаг байсан. Гэтэл н.Галбадрах нь энэ газраасаа татгалзаж нэг харуулыг 550.000 төгрөгөөр цалинжуулахаар гэрээ байгуулахдаа удирдах зөвлөл, хяналтын зөвлөлд мэдэгдээгүй. Энэ хугацаанд айлд хулгай орж, гадаадын иргэний мотоцикл, хүүхдийн унадаг дугуй, машины 4 толь алга болсон. Иймд н.Галбадрахтай хариуцлага тооцох ёстой. Тус СӨХ мөнгөгүй, нийгмийн даатгалаас Хаан банкны данс хаасан. Төлбөрийг зөвшөөрөхгүй байна. Энэ төлбөрийг н.Галбадрахаас нэхэмжлэх ёстой. “Хар бамбай” ХХК нь манай өмнөх хамтарч ажилладаг байсан харуулын үйлчилгээнээс 250.000 төгрөгөөр илүү хийсэн боловч харуулын ажлаа хийж чадаагүй. “Нархан” СӨХ-ны бүх гишүүд л санхүүг мэддэг гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 183/ШШ2016/00999 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Нархан” СӨХ-с 6.030.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хар бамбай” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111.430 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 111.430 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 167 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2016/00999 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 4.500.000 төгрөгийг хариуцагч “Нархан” СӨХ-ноос гаргуулж, нэхэмжлэгч “Хар бамбай” ХХК-д олгож, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 1.530.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн 2 дахь заалтын “хариуцагчаас 111.430 төгрөг” гэснийг “хариуцагчаас 86.950 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114.430 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ганбатад нэхэмжлэлийн хувийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гардуулж өгсөн бөгөөд Ганбатыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр албан тушаалаас нь чөлөөлсөн бөгөөд Энхтуяаг гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг танилцуулаагүй байна.
Харин давж заалдах шатны шүүх магадлалдаа: “Шүүх 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлүүдэд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт, шинээр нотлох баримт гаргах эсэхийг асууж, тодруулахад хариуцагчийн төлөөлөгчөөс эрх, үүргээ ойлгоогүй болон нэмж тайлбарлуулах, шинээр нотлох баримт гаргахтай холбоотой ямар нэг хүсэлт гаргаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүх зохигчийн эрхийг ноцтой зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.”гэж үзэн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасны дагуу явуулсангүй.
Шүүх Энхтуяагаар эрх, үүрэг тайлбарласан тухай гарын үсэг зуруулаагүй, эрх үүргийг тайлбарлаагүй байгаа нь нотлогдож байна.
Хариуцагчийн шинэ итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх үүргийн танилцуулаагүйгээс сөрөг нэхэмжлэл гаргах, нотлох баримт гаргаж өгөх, өмгөөлөгч авах зэрэг эрхээ хэрэгжүүлж чадаагүй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн байгаа тул анхан болон давж шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч “Хар бамбай” ХХК нь хариуцагч “Нархан” СӨХ-д холбогдуулан “...хөлс 4.500.000 төгрөг, алданги 1.860.000 төгрөг нийт 6.030.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа хуучин гүйцэтгэх захирал нь хэт өндөр үнээр гэрээ байгуулсан, гэрээний хугацаанд оршин суугчдын эд зүйлс хулгайд алдагдсан гэсэн тайлбар гаргажээ.
Нэхэмжлэгч нь Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхон дах обьектын аюулгүй байдлыг хангах, хариуцагч сард 3.300.000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцож, улмаар 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулсан ба 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэрээг цуцалсан үйл баримт тогтоогджээ.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-т заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэхдээ шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч нь 2016 оны 5, 6 дугаар сарын хөлс 4.500.000 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Гэрээний 2.6-д “үйлчлүүлэгч тал нь хамгаалалтын байгууллагад үйлчилгээний төлбөрийг сар бүрийн 1-ний дотор бэлнээр хийнэ, ...тодорхойгүй шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам нийт төлбөрийн 1.5 хувьтай тэнцэх алданги төлнө” гэж заасан, анхан шатны шүүх алдангид 1.530.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж алдангийг хэрэгсэхгүй болгохдоо алдангийн хэмжээ хоногийн 0.5 хувиас хэтрэхгүй байх тухай Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах заалтыг зөрчсөн гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна.
“Нархан” СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 16/08 дугаар тогтоолоор П.Энхтуяаг гүйцэтгэх захирлаар томилсон, тэрээр “Хар бамбай” ХХК-ийн нэхэмжлэлд тайлбар гаргасан, анхан шатны шүүх хуралдаанд эрх, үүргийг тайлбарлан өгөхөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байх тул “...сөрөг нэхэмжлэл гаргах, нотлох баримт гаргаж өгөх, өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлж чадаагүй” гэх гомдол үндэслэлгүй байна.
Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 167 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзулын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 86.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ