Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 410

 

Ж.О, Х.Т, М.З нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Х.Т-н өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч М.З, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар, шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Э.Ганбат, А.Зүмбэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 411 дүгээр магадлалтай, Ж.О, Х.Т, М.З нарт холбогдох 17090057700127 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч М.З-н өмгөөлөгч Ж.Болдбаатар, шүүгдэгч Ж.О-н өмгөөлөгч Э.Ганбат, А.Зүмбэрэл нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч, физикч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Х.Т,

Монгол Улсын иргэн, 1971 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Ж.О нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, М.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Прокуророос шүүгдэгч Ж.О-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Х.Т-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч М.З-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн зүйлчилж,

шүүгдэгч Ж.О-г шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.Т-г шинжээчээр зориуд худал дүгнэлт гаргуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.З-ыг албан тушаалаа ашиглан мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Ж.О-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19,200,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч М.З-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12,240,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар сольж болохыг анхааруулж,

шүүгдэгч Х.Т-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

хохирогч Ч.Н нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж” шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч Х.Т гаргасан гомдолдоо “Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 2017 оны 06 дугаар сарын 19-ний өглөө манай байгууллагын нэгдсэн рапорт дээр шинжээч О.Д нь 40 орчим шинжилгээний хоцрогдолтой, 20 орчим шинжилгээ нь хугацаа хэтэрсэн тухай талаар мэдсэн. Тус өдрийн 11 цагийн үед дэд дарга, хурандаа Ц.Г намайг дуудаад “О.Д шинжээч дээр байгаа шинжилгээний асуудлуудыг даруйхан шийдвэрлэх хэрэгтэй байна. 5940, 6005, 6006 шинжилгээнүүд гараагүй байна. Цагдаагаас энэ шинжилгээ нарыг яаралтай гаргаад өгөөч гэсэн, шинжээч О.Д рүү залгасан боловч утсаа авахгүй байна, болохгүй бол ахлах шинжээч Ж.О-г дуудаад шинжилгээнүүдийг хийлгэ” гэх үүрэг өгсөн. Улмаар үүрэг болгосны дагуу Ж.О-г авч ирсэн. 14 цагийн орчимд Ж.О, Т.Т нартай Ц.Г дарга уулзаад дээрх шинжилгээнүүдийг яаралтай хийлгэх талаар үүрэг өгсөн байдаг. 2017 оны 06 дугаар сарын 23-ны баасан гарагийн 06 цагийн орчимд Биологийн лабораторид ороод ажлын явц, шинжээч О.Д-н хоцрогдолтой байгаа шинжилгээнүүд дууссан эсэх талаар лаборант С.Б-той уулзаж ярилцаад гарсан. Ж.О-г гэрээс нь авч ирсэн үйлдэл маань дээд шатны даргын өгсөн үүргийн дагуу хийгдсэн бөгөөд энэ нь манай байгууллагын шуурхай үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн. С.Б-н бүртгэлийн дэвтэрт нэмэлт бүртгэл хийхтэй холбоотой шаардлага нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу тавьсан шаардлага юм. Харин үүнийг мушгин гуйвуулж, эрүүгийн хэрэгт холбогдуулж байна. О.Д нь 5940 дугаартай шинжилгээг надаар хийлгэсэн гэж мэдүүлдэг боловч 2017 оны 06 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд миний бие Хууль зүй, Дотоод хэргийн яам дээр шинжилгээнд зориулж авсан хэв, загвар, дээжийн хадгалалт, тээвэрлэлттэй холбоотой төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдаантай байсан. Тус өдөр дэд хурандаа Б.Л намайг орлож байсан. Эдгээртэй холбоотой баримтуудыг хуралдаанд гаргаж өгсөн. Намайг гэм буруутайд тооцох болсон гэрч нар болох О.Д, С.Б нарын мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн, шинжээч н.Г-н мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй, бусад нотлох баримтуудад нийцээгүй байгааг шүүх анхаарч үзээгүй. Энэ хэргийн хувьд шүүгдэгч нарт ашигтай нотлох баримтыг бүрэн аваагүй, ажиллагааг дутуу хийсэн, хүсэлтүүдийг үндэслэлгүйгээр хүлээж аваагүй зэрэг нь хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн 256.1-д заасан шинжээчээр зориуд худал дүгнэлт гаргуулах нь 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон байхад анхан шатны шүүх энэ зүйл хэсгээр 1 жил хорих ял шийтгэсэнд гомдолтой байна. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн байна.  

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.Т-н өмгөөлөгч Д.Батсүх гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр гомдол гаргасан. Анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тодорхойлоход ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлуудыг бүрэн тогтоолгүйгээр миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон О.Д, Б, Б.Г, Ц.М. Р.Б нарын мэдүүлэгт Х.Т нь Ж.О болон бусад хумүүст худал дүгнэлт гаргуулахаар үүрэг чиглэл өгч, шахаж шаардсан, биологийн шинжээч О.Д-н гаргасан 5940 тоот шипжээчийн дүгнэлтийг устгасан гэх нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Эдгээр гэрчүүдийн мэдүүлгээр дээрх үйл баримтыг нотлоогүй байхад шүүх тухайн мэдүүлгүүдийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан О.Д, С.Б, Б.Г нараас бусад гэрчүүдийн мэдүүлэгт Х.Т-н эсрэг ямар ч мэдүүлэг байхгүй. О.Д-н нийт 6 удаа өгсөн мэдүүлгүүд нь эх сурвалжаар баталгаажаагүй, зарим мэдүүлэг нь бусад гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдсэн. Х.Т нь дэд захирал Ц.Г-н өгсөн үүргийг биелүүлж, Ж.О-г гэрээс нь авч ирсэн үйлдлийг шинжээчээр хуурамч дүгнэлт гаргуулсан гэж үзэж болохгүй. С.Б нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу бүртгэлийн дэвтрийг хөтөлдөг байсан бөгөөд харьяалан удирдах албан тушаалтныг газрын дарга гэж тодорхойлсон.  Х.Т нь зохих журмын дагуу бүртгэл нь зөв хийгдсэн эсэхийг шалгаж, зохих бүртгэл, өөрчлөлт хийхийг шаардсан нь хууль зөрчөөгүй байхад улсын яллагчийн буруутгасан. С.Б-н хөтөлдөг бүртгэлийн дэвтэрт өөрчлөлт оруулсан асуудал шинжээчийн дүгнэлттэй холбоогүй, нэгэнт гарчихсан байсан шинжээчийн дүгнэлтийг бүртгэхтэй холбоотой асуудал байхад түүнийг “шинжээчээр хуурамч дүгнэлт гаргуулсан гэх үйлдэлд хамааруулан үзсэн нь үндэслэлгүй юм. 5940 дугаартай шинжилгээний хувьд Ж.О-г хуульд заасан журмын дагуу томилогдсон шинжээч гэж үзэхгүй учир тэрээр 2002 оны Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект болж чадахгүй. Мөн 6005/6006 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй эсэх асуудлыг тодорхойлохдоо хуульд заасан журмыг баримтлаагүй. Дотоож, хөнжил, дэвсгэрийн даавууг шинжилгээ хийхээс өмнө мөрдөгч Ж.Б авч яваад, цаг гаруй хугацааны дараа авч иpсэн, дахин буцаан авч ирэх үед тэдгээр объект норсон байсан” гэх үйл баримтад хамаарах нотлох баримтуудыг анхан шатны шүүх тал бүрээс нь бодитойгоор хянаж чадаагүй бөгөөд мөрдөгч Ж.Б-н хууль зөрчин мөрдөн байцаах ажиллагаа явуулсан идэвхтэй үйлдлийг шалгаагүй. Хэрэв Ж.О-гийн шинжилгээ хийсэн дэвсгэр болон хөнжлийн давууг угаасан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул тухайн объектууд дээр биологийн гаралтай ул мөр илрэх боломжгүй бөгөөд түүнийг хуурамч дүгнэлт гаргасан гэж буруутгах үндэслэлгүй болно. Шинжээч Ж.О-гийн шинжилгээнээс өөр объект дээр дүгнэлт гаргасан шинжээч Ш.П-н гаргасан 3765 дугаартай дүгнэлтийг гаргахдаа шинжилсэн объект дээр Д.Г-н эр бэлгийн эс илэрсэн болох нь тогтоогдсон тул Ж.О-г хуурамч дүгнэлт гаргасан гэж буруутгах үндэслэлгүй юм. Давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдлыг буруугаар дүгнэж, Эрүүгийн хуулийн холбогдох зүйлийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн. Улсын яллагчийн зүгээс хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын шатанд гаргасан хууль хэрэглээний алдаагаа залруулсан. Энэ нь 2015 оны Эрүүгийн хуулийн 1, 2 дахь хэсэгт нийцсэн санал байсан. Өөрөөр хэлбэл Ж.О, Х.Т нарыг гэмт хэрэгт буруутгаж буй үйл явдал нь 2017 оны 6 дугаар сарын 19-нд болсон тул тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэх нь Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зарчимд нийцэх юм. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, яллах, цагаатгах талын мэтгэлцээнд дурдагдаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно" гэсэнд нийцээгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн дүгнэлтийг хийсэн. Түүнчлэн, өмгөөлөгч А.Зүмбэрэл, Ж.Болдбаатар болон миний гаргасан гомдлуудад ямар нэгэн дүгнэлт өгөөгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтыг тус тус зөрчсөн. 2015 оны Эрүүгийн хуулиар “шинжээчээр худал дүгнэлт гаргуулах” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоо больсон. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах дүгнэлтээ өөрчилж. зүйлчлэлийг өөрчилсөн тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.5-д заасан үндэслэлээр Х.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүйгээс тэрээр хууль бусаар хорих ял шийтгэгдээд байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг засах ёстой атал энэ алдааг нь залруулаагүй нь мөн дээр хуулийг ноцтой зөрчсөн. Тиймээс шийтгэх тогтоол, магадлалын Х.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэв.

 

Мөн шүүхэд шүүгдэгч М.З-ын өмгөөлөгч Ж.Болдбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...шийтгэх тогтоол болон магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрчүүдийн мэдүүлсэн мэдүүлгээр шүүхийн дүгнэлтээс өөр нөхцөл байдал тогтоогддог. Тухайлбал гэрч Н.Со нь М.З-д бичгийг хэрхэн өгсөн эсэхээ санадаггүй. Н.С болон бусад шинжээч нар бүгд шүүх эмнэлэгт илгээх бичгийн хариуг болон бусад бичгийг өрөөнд нь хамт суудаг хэн нэг байгаа эмчээр нь гарын үсэг зуруулаад ширээн тавиад явчихдаг ийм буруу жишиг байдаг талаараа мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлт болгон 2 хувь үйлдэгддэг бөгөөд дээрх алга болсон гэх шинжээчийн дүгнэлтийг М.З-ын өрөөнөөс алга боллоо гэхэд архивын 1 хувь заавал үлдэх ёстой. Гэрч н.Б мэдүүлэхдээ “...Н-с н.Б дарга би тухайн 5940 тоот шинжээчийн дүгнэлтийн архивын 1 хувийг аваад Ц.Г дэд захиралд өгсөн” гэж маш тодорхой мэдүүлдэг. Эндээс дүгнэхэд нэгэнт архивын 1 хувь үлддэг гэдгийг хамгийн сайн мэдэж байгаа М.З нь тухайн шижээчийн дүгнэлтийг авч устгах нь өөрөө ямар ч ач холбогдолгүй үйлдэл гэдэг нь хэнд ч ойлгомжтой байсаар байхад л түүнийг гарын үсэг зурсан гэсэн хэлбэрийн төдий үйлдлээр гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн өдөр М.З нь 5940 тоот хариунаас гадна бас тухайн өрөөнд хамт нэг өрөөнд суудаг н.Э эмчид өгөх ёстой бичгийг цугт нь хүлээж авсан гэж гарын үсэг зурсан байгаа нь бүртгэлийн дэвтрээс харагддаг. Энэ үйлдлийг шалгаж тогтоосноор миний үйлчлүүлэгчийг цагаатгах нотлох баримтад хамаарч тооцогдохоор буюу тухайн байгууллагын буруу тогтолцоо жишиг болох баримт бичгийг авах эрхтэй хүнд нь гардуулж өгдөггүй үлдээхдээ тухайн өрөөнд хамт сууж байгаа хэн нэгнээр нь гарын үсэг зуруулан үлдээдэг гэх хэрэгт маш чухал үйл баримт харагдахаар байсан. М.З нь тухайн 5940 тоот шинжээчийн дүгнэлт гэх бичгийг устгах болон устгаж мөрдөн байцаалтад саад учруулах ямар субъектив санаа зорилго байсан бэ гэдгийг тогтоох явдал нь хамгийн чухал асуудал юм. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар энэ талаар шалгаж тогтоосон зүйл огт байхгүй. Мөн М.З-ын хувьд ямар нэг шан харамж авсан уу, эсвэл ямар нэг байдлаар энэхүү дүгнэлтийг устгаж алга болгох талаар бусадтай тохиролцсон уу, хэн нэгэн даргаас үүрэг даалгавар авсан зүйл байгаа эсэхийг тодруулсан зүйл огт байхгүй. Тухайн шинжээч нарын өрөөнд М.З, О.Э нараас гадна 2 шинжээч эмч суудаг бөгөөд тухайн өрөөнд суудаг 4 эмч тус бүр нэг, нэг өрөөний түлхүүр эзэмшдэг. М.З болон гэрч н.С нарын мэдүүлж байгаагаар н.Э эмчийн ширээн дээр нь тавиад гарахад нь н.Э эмч өөрөө аваад устгачихсан юм уу, эсвэл нөгөө 2 эмч нь аваад устгачихсан юм уу, энэ талаар шалгаж тогтоосон зүйл огт байхгүй мөртлөө шууд М.З л гарын үсэг зурсан учраас устгасан гэдэг хэлбэрийн төдий нотлох баримтаар хүнийг гэм буруутайд тооцож байгаа нь харамсалтай. н.Э эмчийг огт шалгаагүй бөгөөд тэрээр ажлаасаа гараад гадаад улсад амьдрахаар явсан нь хачирхалтай. Энэ хэрэгт хуульд зааснаар шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн гэдэгт үндэслэл бүхий эргэлзээ төрж байвал шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэсэн гол зарчим алдагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай нотолж чадаагүй гэсэн хэдий боловч өмгөөлөгчийн зүгээс анхнаасаа цагаатгах байр суурьнаас шүүх хуралдаанд оролцсон бөгөөд одоо ч дээрх байр суурин дээрээ хэвээрээ гэдгээ илэрхийлж байна. Тухайн хэргийн зүйлчлэлийн хувьд анх улсын яллагч яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар зүйлчилж байсан бол шүүх шийдэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан. Хэдийгээр цагаатгах байр суурьтай боловч зүйлчлэлийн тал дээр хууль зүйн талаас дүгнэлт хийхэд М.З-ын гарын үсэг зурсан үйлдэл нь шинэ болон хуучин хуулийн дээрх 2 зүйлчлэлийн алинд ч хамаарахгүй болно. Анхан шатны шүүх М.З-ыг тухайн 5940 тоот шинжээчийн дүгнэлтийг устгаж алга болгон, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэж 2 гэмт хэрэг үйлдсэн мэт утгатай дүгнэлт хийсэн атлаа зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлийн 245.2-т “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол ...” гэж гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан. М.З хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэж үзэж байгаа бол албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэх үйл баримт хэрэгт тогтоогдоогүй, харин зөвхөн хамт нэг өрөөнд суудаг эмчид очих илгээмжийг үлдээсэн үйлдэлд гарын үсэг зурсан, эсвэл гарын үсэг зурж тухайн илгээмжийг хүлээн авсан гэх үйлдэлд албан тушаалаа ашигласан гэж үзэх боломжгүй. Учир нь шинжээчийн албан тушаалд илгээмж хүлээж авч гарын үсэг зурах ажил үүргийн хувиарт байхгүй бөгөөд энэ талаар зохицуулсан журам байхгүй. Мөн шинжээч эмчийн албан тушаалыг ашиглаж худал дүгнэлт гаргасан зүйл байхгүй болно. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн заалтыг баримтлан шийдвэрлэхдээ шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бас байгаа гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна. Магадлалд миний үйлчлүүлэгчийн үйлдэл холбогдлын талаар огтхон ч дүгнэлт хийгээгүй бөгөөд миний зүгээс гаргасан М.З-д холбогдох үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар огт дурьдаагүй байгаа нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна. Учир нь Давж заалдах шатны шүүх энэ миний гомдлыг хэлэлцээгүй үлдээсэн нь бидний хувьд ойлгомжгүй байна. М.З хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулаагүй, мөн энэ хэргийг үйлдэхдээ албан тушаалын байдлаа ашиглаагүй болох нь хэрэгт авагдсан баримт бичгээр хангалттай тогтоогдож байгаа тул түүнд холбогдох үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ж.О-гийн өмгөөлөгч Э.Ганбат, А.Зүмбэрэл нар хамтран гаргасан гомдолдоо “...шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Ж.Ог 2002 оны Эрүүгийн хуулийн 254-дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт болон 2015 оны Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах” гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй болох нь хэрэгт цугларсан дараах нотлох бичгийн баримтууд болон гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Х.Т-н зүгээс Ж.О-тай бүлэглэсэн гэх үйлдэл тогтоогдоогүй бөгөөд Х.Т нь шинжилгээг хамтран хийж оролцсон шинжээч биш гэдэг нь тогтоогдсон. Ж.О-гийн хувьд удирдлагын зүгээс дуудан ирүүлж яаралтай дүгнэлт гаргах шинжилгээг, түүнд өгсөн шинжилгээний объектуудад зохих стандарт журмын дагуу лаборант С.Б-н хамт хийсэн. Шинжилгээний объектуудад ажил үүргийн хуваарийн дагуу лаборант С.Б-н бэлдэж өгсөн бэлдэц дээр 2 төрлийн буюу хавтгай шилэн дээрх наалдац түрхцийг будаж микроскопоор харах шинжилгээ, хөвөн тампоноос хэсэгчлэн авч хатгай шилэн дээр будаж бэлтгэсэн бэлдцийг микроскопоор харах шинжилгээнүүдийг хийсэн. С.Б-н бэлдэж өгсөн 2 бэлдцийг микроскопоор харахад эр бэлгийн эс илрээгүй тул 5940 дугаартай хариуг гаргасан. Мөрдөгчийн шинжилгээ хийлгэх тогтоолд биологийн шинжээч Ж.О-гаар хууль сануулж гарын үсэг зуруулаагүй, хүлээлгэн өгсөн эд зүйлд дээрх үтрээний арчдас тампон, наалдац бүхий шил огт дурдалгүйгээр Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд заасан журмаар Ж.О-гаар шинжилгээ хийлгээгүй болох нь нотлогдож байгаа. Мөрдөгч нь О.Эд Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлийг сануулж тогтоолдоо гарын үсэг зуруулж авах ёстой байсан боловч үүргээ биелүүлээгүй. Иймд Ж.О-г энэ дүгнэлтийг зориуд худал гаргасан гэдэг нь үндэслэлгүй. Үүнээс гадна Ж.Огаар хийлгэсэн гэх шинжилгээний объект нь Ч.Н-х мөн эсэх нь эргэлзээтэй. Тухайлбал, С.Б нь шинжээч Ж.О-д энэ шинжилгээг урд нь О.Д шинжээч хийж эр бэлгийн эс илрүүлсэн гэж огт хэлээгүй. Чухамдаа Ж.О нь шинжээч эмч н.Э-с илгээсэн шинжилгээний объектыг өөрөө хүлээж аваагүй. С.Б, н.Н, н.М нарт итгээд тэдний бэлдсэн бэлдцийг л харсан. Бодит байдал дээр илгээлт бичиг 2 удаа бичигдсэн байх. Ж.О-гийн эр бэлгийн эс илрээгүй гэсэн шинжилгээний объект солигдсон байх магадлалтай байна. О.Эаас хэдэн удаа илгээлт бичиг үйлдсэнийг нь тодруулж, мэдүүлэг аваагүй. Хэрэв О.Э нь 2 удаа илгээлт бичиг үйлдсэн нь нотлогдвол шинжээч Золжаргалын гарын үсэг зурж авсан Даваасүрэнгийн хариуг О.Э нь өөрөө хүлээж авсан гэх үндэслэл тогтоогдоно. Ингэснээр М.З-н эрх зүйн байдалд шууд эерэгээр нөлөөлөх нөхцөл байдал үүснэ. Бид анхан шатны шүүх хуралдаанд гэрч О.Э-г оролцуулах хүсэлт гаргасаар байхад хүлээж авалгүй хуралдаан хийгдсэн. н.П-н 3785 тоот ДНХ-ийн шинжилгээний дүгнэлтийн 1-д 4 гэх дугаарын цагаан өнгийн цаасанд боосон хөвөнтэй савхнаас биологийн ул мөр, ДНХ илрээгүй” гэсэн тул Ж.О-гийн шинжилсэн объектууд солигдсон байх боломжтой байна. Шинжээч н.П-д ирүүлсэн ор дэвсгэрийн даавуу, дотоожны бүрэн бүтэн байдал болон өнгөний хувьд Ж.О-гийн шинжилгээ хийж дүгнэлт гаргасан объектоос эрс зөрж буйг шүүх анхаарч үнэлээгүй. Эд мөрийн баримтаар хурааж авсан 3 хос ор дэвсгэрийн даавуунаас бор шаргал өнгийн ор дэвсгэрийн даавуун дээр биологийн дахин давтан шинжилгээ болон ДНХ-ийн шинжилгээ огт хийгдээгүй. Анхан шатны шүүхийн хуралдаанд эдгээр объектуудыг эд мөрийн баримтаар оруулаагүй, таниулах ажиллагаа огт хийгдээгүй. Мөр судлалын шинжээчийн 2326 дугаартай дүгнэлтээр шинжилгээний объектууд нь Ж.О-гийн шинжилгээ хийсэн объект биш байсан болохыг нотолж байна. Мөр судлалын шинжээч нь энэ шинжилгээг хийхдээ хэдэн гэрэл зураг авсан болох нь тодорхойгүй байх ба хавтаст хэрэгт гэрэл зургийн үзүүлэлтүүдийг огт оруулаагүй. Гэрч Т.Т нь О.Э-аас Тусгай шинжилгээний газарт илгээсэн шинжилгээний объект дээр бэлгийн замын өвчин үүсгэгч байгаа эсэхийг шинжилхэд 5939 дугаартай дүгнэлт гарсан ба энэ дүгнэлтэд эр бэлгийн эс илрээгүй, илэрсэн гэх үр дүн бичигдээгүй буюу тийм дүгнэлт гаргаагүй байна. Т.Т нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “надаар Ч.Н-тай холбоотой бэлгийн замын халдварт өвчинтэй эсэхийг тогтоох шинжилгээ л хийлгэсэн. Намайг харахад бактери илрээгүй, эр бэлгийн эс илэрсэн байсан” гэж мэдүүлсэн нь хийсэн шинжилгээгээр нь нотлогдохгүй байгааг шүүх анхаарч дүгнээгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 1.15 дугаар зүйл, 16.2 дугаар зүйлийг тус тус үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Ж.О-д холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ж.О-гийн өмгөөлөгч А.Зүмбэрэл шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхээс Ж.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэх байдлаар дүгнэхдээ харин ч дордуулсан дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Ж.О болон Х.Т нарын зүгээс ямар нэгэн байдлаар Д.Г холбогдож, түүний ашиг сонирхлын төлөө үйлдэл хийсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн гэрчүүд шинжилгээний объектыг өөрчилсөн, устгасан байж болзошгүй талаар мэдүүлгүүд өгсөн байхад зөвхөн гэрч Н.Н-н мэдүүлгийг үндэслэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Иймд хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.

 

Шүүгдэгч Ж.О-гийн өмгөөлөгч Э.Ганбат шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Ж.О-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт болон 2015 оны Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжээч зориуд худал дүгнэлт гаргах гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй болох нь хэрэгт цугларсан дараах нотлох бичгийн баримтууд болон гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Х.Т Ж.О-тай бүлэглэсэн гэх үйлдэл тогтоогдоогүй бөгөөд шинжилгээг өөр байдлаар гаргахаар тохиролцсон үйлдэл, санаа зорилго тогтоогдоогүй. Шинжээч О.Э нь хохирогчийн биед үзлэг хийж үтрээний арчдас тампон, наалдцыг авсан бөгөөд түүний илгээх бичгээр шинжээч О.Д дүгнэлт бичээгүй байсан. Гэтэл Ж.О-г авч ирж шинжилгээ гаргуулсан. Тус шинжилгээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөгчийн тогтоолоор хийгдэж буй шинжилгээ биш байсан. Зөвхөн шинжээчийн гаргасан дүгнэлттэй хамааруулж баталгаажуулах ажиллагаа хийсэн. О.Э хохирогчийн биеэс арчдас, наалдаж авахдаа илгээх бичгийг хоёр удаа үйлдсэн байх нөхцөл байдал тогтоогдсон. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд уг асуудлыг нарийвчлан тогтоогоогүй. Мөн шинжээч н.Т-н хийсэн шинжилгээ нь бэлгийн замын халдварт өвчин үүсгэх нян бий эсэхийг тогтоох зорилготой бөгөөд түүний дүгнэлтэд эр бэлгийн эс илэрсэн талаар тусгагдаагүй. Гэтэл тэрээр мэдүүлэг өгөхдөө “намайг харахад бактери илрээгүй, эр бэлгийн эс илэрсэн байсан” гэсэн байдаг. Шинжээч дүгнэлтдээ тусгаагүй асуудлаар мэдүүлэг өгсөн нь үндэслэлгүй юм. Ж.О-гийн шинжилсэн объект нь бор шаргал өнгийн цэцгэн хээтэй даавуу, бор саарал өнгийн дотоож байсан. Гэтэл хохирогч Ч.Н, гэрч Ч.С мэдүүлгээс зөрүүтэй байсан боловч эд мөрийн баримтыг шинжлэн судлахдаа таньж олуулах ажиллагааг огт хийгээгүй. Д.Г-н эр бэлгийн эстэй тохирсон шинжилгээний объект нь ягаан өнгийн цэцгэн хээтэй даавуу байсан болохыг тогтоосон. Ж.О-гаар эр бэлгийн эс илрэхгүй объектод шинжилгээ хийлгэсэн байж болзошгүй нөхцөл байдал байгаа. Мөр судлалын шинжилгээгээр объектын зургийг бэхжүүлээгүй нь шинжилгээний объект зөрүүтэй байснаас шалтгаалсан байж болох талтай. О.Д шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэхийн тулд объектыг өөрчлөх зорилго хэн нэгэнд байсан болохыг шүүх анхаарч үзээгүй. Иймд Ж.О-д холбогдох хэргийг түүнд ашигтайгаар шийдвэрлэх, эсвэл нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах үндэслэлтэй. О.Э шинжээч шүүх хуралдаанд оролцсон бол илүү ач холбогдолтой байсан” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Давж заалдах шатны шүүх нь прокурор болон анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч М.Зын өмгөөлөгч Ж.Болдбаатар, шүүгдэгч Ж.Огийн өмгөөлөгч Э.Ганбат, А.Зүмбэрэл нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн Х.Т, М.З, Ж.О нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

Шүүгдэгч Ж.О нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын дарга Х.Т-с үүрэг чиглэл аван иргэн Ч.Н-н бусдад хүчиндүүлсэн гэх гомдлыг мөрдөн шалгах ажиллагааны үед шинжээчийн хувьд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ч.Н-н үтрээний арчдас, наалдац дээр болон түүний дотоож, орны дэвсгэр даавуунд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй гэж зориуд худал шинжээчийн дүгнэлтүүдийг гаргасан,

Шүүгдэгч Х.Т нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн ахлах шинжээч Ж.О болон бусад хүмүүст үүрэг чиглэл өгч, шахаж шаардан тус газрын биологийн шинжээч О.Д-н гаргасан байсан 5940 тоот шинжээчийн дүгнэлтийг устгах замаар иргэн Ч.Н нь бусдад хүчиндүүлсэн гэх эрүүгийн хэрэгт 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ч.Н-н үтрээний арчдас, наалдац дээр болон түүний дотоож, орны дэвсгэр даавуунд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй гэсэн зориуд худал 5940, 6005/6006 тоот шинжээчийн дүгнэлтүүдийг ахлах шинжээч Ж.О-гаар гаргуулсан,

Шүүгдэгч М.З нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн байранд иргэн Ч.Н-н үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илэрсэн талаарх шинжээч О.Д-н 5940 дугаартай хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий шинжээчийн дүгнэлтийг гарын үсэг зурж хүлээн авсан боловч шинжээч эмчийн албан тушаалаа ашиглан уг хүлээн авсан шинжээчийн дүгнэлтийг устгаж алга болгосон гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ж.О-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 19,200,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч М.З-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэгт зааснаар албан тушаалаа ашиглан мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 12,240,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Х.Т-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасан шинжээчээр зориуд худал дүгнэлт гаргуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан ялгамжтай байдлаар хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэсэн нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлоор өөрчлөх эсхүл хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр тэдний гэмт үйлдэлд өгсөн шүүхийн дүгнэлт, түүний үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон бодит оролцоог харгалзан тэдгээрт ялгамжтай ял оногдуулсан нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тус тусын гэм бурууд тохирсон гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.О-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Х.Т-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч М.З-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн зөв тайлбарлаж, хэрэглэсэн байна.

 

Харин давж заалдах шатны шүүхээс Ж.О, Х.Т нарын үйлдлийг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх шинжийг хэрхэн үгүйсгэсэн талаар хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр зүйлчлэлийг өөрчилсөн нь үндэслэлгүй, 2002 оны Эрүүгийн хуулийн 254.2-т заасан гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргээс хүнд тул Ж.О, Х.Т нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчлэх нь тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгохдоо хууль хэрэглээний алдаатай дүгнэлт хийжээ.

 

Шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч М.З-ын өмгөөлөгч Ж.Болдбаатар, шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Э.Ганбат, А.Зүмбэрэл нарын гаргасан гомдлууд нь “Хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлуудыг бүрэн тогтоолгүй гэм буруутайд тооцсон, Х.Т-н эсрэг О.Д, С.Б, Б.Г нараас бусад гэрчүүдийн мэдүүлэг байхгүй, нэр бүхий 3 гэрчийн мэдүүлэг нь эргэлзээтэй, эх сурвалжаар баталгаажаагүй, дээд шатны удирдлагын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Ж.О-г гэрээс нь авч ирсэн, шинжилгээний объект нь Ч.Н-х мөн эсэх нь эргэлзээтэй, бодит байдал дээр 2 удаа бичигдсэн байх, шинжилгээний объект солигдсон байх магадлалтай, М.З-ын тухайн дүгнэлтийг устгах санаа зорилгыг тогтоох шаардлагатай, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй, гарын үсэг зурсан үйлдэл нь шинэ, хуучин хуулийн алинд ч хамаарахгүй” гэх агуулга бүхий буюу хэргийн нөхцөл байдал, шүүхээс тогтоосон үйл баримттай маргаж байгаа хэсэг нь хяналтын шатны шүүхээр хэргийн нөхцөл байдлыг өөрөөр дахин тогтоолгох, нотлох баримтыг үнэлүүлэх, үүнээс үндэслэн хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгуулах агуулгатай байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох” эрхгүй гэж тодорхой заасан тул гомдлуудын дээрх үндэслэлүүдийг хүлээн авах боломжгүй гэж үзнэ.

 

Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч М.З-ын өмгөөлөгч Ж.Болдбаатар, шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Э.Ганбат, А.Зүмбэрэл нарын гаргасан хэргийн үйл баримтыг өөрчлөн тогтоолгож, Эрүүгийн хуулийг зөвтгөн хэрэглүүлэх тухай гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хэдийгээр 2015 оны Эрүүгийн хуулийн бүтэц, дараалал, зарим зүйл, хэсгийн нэршил өөрчлөгдсөн боловч 2002 оны Эрүүгийн хуулийн шүүн таслан ажиллагааны эсрэг “шинжээчээр худал дүгнэлт гаргуулах” гэмт хэргийн үндсэн ойлголт нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд бүрэн шингэсэн бөгөөд харин ч энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч үйлдсэн бол хүндрүүлэн үзэхээр уг гэмт хэргийн субъектийг илүү нарийвчлан тодорхойлсныг давж заалдах шатны шүүх болон өмгөөлөгч нар анхааралгүй орхигдуулжээ.

 

Эрүүгийн хуульд “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгохоор хууль тогтоогч хуульчилсан билээ.

 

Эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг илрүүлж бэхжүүлж авах, ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах эрх, чиг үүргийг Шүүхийн шинжилгээний тухай хуулиар тус байгууллага болон алба хаагчид тусгайлан олгосон бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ажилтан нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийт, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллагын дүрэмт хувцас, цол, ялгах тэмдэг хэрэглэж, тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдсон харилцаа нь цэргийн алба хаагчийн нэгэн адил зохицуулагддаг байна.  

 

Дээрх зохицуулалтуудаас харахад 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт Шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчдыг Эрүүгийн хуульд заасан хууль сахиулагч гэж үзэж, 2015 оны Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хүндрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин энэ гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль тогтоомж хүчин төгөлдөр үйлчилж байх цаг хугацаанд үйлдэгдсэн тул шүүгдэгч Х.Т-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 2-т заасан “хууль сахиулагч” гэх хүндрүүлэх шинжид хамааруулахгүйгээр өмнөх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Х.Т-н эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ж.О-н тухайд ээлжийн амралттай байх үедээ шинжилгээний объект болох Ч.Наранзаяагийн үтрээний арчдас, наалдац, түүний дотоож, ор хөнжлийн дэвсгэр даавуунд С.Б-р дээж бэлтгүүлэн уг объектод шинжээч О.Д өмнө нь шинжилгээ хийснийг мэдсэн, мэдэх бүрэн боломжтой байсан атлаа эр бэлгийн эс илрээгүй гэх 5940, 6005/6006 тоот дүгнэлтүүдийг гаргах зорилгоор тус объектод дахин шинжилгээ хийсэн нь Ж.О-гийн үйлдэл, сэдэлт, зорилго нь бүрэн тодорхойлогдсон гэж үзэх тул түүнийг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр оновчтой байна.

 

Мөн шүүгдэгч М.З-ын хувьд шинжээчийн 5940 дугаартай дүгнэлтийг хүлээн авсан болох нь бүртгэлийн дэвтэр дэх түүний гарын үсэг, гэрч Н.С-н мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шинжээчийн дүгнэлтийг худал гаргах гэмт хэрэгт оролцсон этгээдүүдэд эрүүгийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор хэрэгт чухал ач холбогдол бүхий шинжээчийн дүгнэлтийг устгасан үйлдэл нь шүүн таслах ажиллагааны эсрэг албан тушаалын байдлаа ашиглан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Өмгөөлөгч нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын зарим хэсэгтээ “шинжилгээний объект нь Ч.Н-х мөн эсэх нь эргэлзээтэй, бодит байдал дээр 2 удаа бичигдсэн байх, шинжилгээний объект солигдсон байх” зэргээр хэргийн үйл баримтад өөрсдийн таамаглалыг дэвшүүлж, бодит нөхцөл байдалд нийцэхгүй үндэслэлээр гомдлоо гаргасан нь гомдлыг хангах үндэслэл сул гэж дүгнэхэд хүргэсэн болно.

 

Анхан шатны шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч М.З-ын өмгөөлөгч Ж.Болдбаатар, шүүгдэгч Ж.О-гийн өмгөөлөгч Э.Ганбат, А.Зүмбэрэл нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 411 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

 

2. Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч М.Зын өмгөөлөгч Ж.Болдбаатар, шүүгдэгч Ж.О-гийн өмгөөлөгч Э.Ганбат, А.Зүмбэрэл нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                           ДАРГАЛАГЧ                                         Б.ЦОГТ

                                           ШҮҮГЧ                                                  Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН