Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/61

 

2020      01          20                                       2020/ШЦТ/61

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2019/0929/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж, улсын яллагч Ж.Энх-Амгалан, нарийн бичгийн дарга П.Тулга, хохирогч Ч.Наранзаяа, түүний өмгөөлөгч М.Ариунболд, гэрч Н.Норовням, Н.Солонго, Ж.Цолмон, О.Даваасүрэн, Ц.Мөнхбат, Б.Энхчимэг, Ц.Гантулга, Ж.Батдэлгэр, С.Баттогтох, Ч.Саранзаяа, Р.Баярмаа, Б.Гантуяа, шинжээч Б.Тэнүүн, Ж.Сарантуяа, С.Ганболд, шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл, шүүгдэгч М.З, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.З, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.О, Х.Т нарт холбогдох эрүүгийн 1709005770127 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч, физикч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүргийн 6 дугаар хороо, 22 байрны 27 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал: Хөдөлмөрийн хүндэт медалиар 2015 онд шагнагдсан, урьд ял шийтгэлгүй, одоо Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын дарга ажилтай, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х.Т, /РД:/,

Монгол Улсын иргэн, 1971 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 46б байрны 05 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, одоо Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газарт Биологийн ахлах шинжээч ажилтай, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ж.О, /РД: /,

Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 1017 байрны 8 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, одоо Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн    газарт шинжээч ажилтай, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, М.З, /РД: /

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын Биологийн ахлах шинжээч Ж.О нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын дарга ажилтай Х.Т-тэй бүлэглэн иргэн Ч.Н-с гаргасан 10596 тоот гомдлын мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ч.Н-н үтрээний арчдас, наалдац дээр болон түүний дотоож, ор хөнжлийн дэвсгэр даавуунд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй гэсэн зориуд худал 5940, 6005/6006 тоот дүгнэлтүүдийг гаргасан,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын дарга ажилтай Х.Т нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын Биологийн ахлах шинжээч Ж.О-той бүлэглэн иргэн Ч.Н-с гаргасан 10596 тоот гомдлын мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ч.Н-н үтрээний арчдас, наалдац дээр болон түүний дотоож, ор хөнжлийн дэвсгэр даавуунд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй гэсэн зориуд худал 5940, 6005/6006 тоот дүгнэлтүүдийг гаргасан,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн газрын шинжээч эмч буюу хууль сахиулагч М.З нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн байранд иргэн Ч.Н-н үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илэрсэн талаарх 5940 дугаартай хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий шинжээчийн дүгнэлтийг гарын үсэг зурж хүлээн авсан боловч зориуд устгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Х.Т мэдүүлэхдээ: “2017 оны 06 дугаар сарын 19-ний өглөө манай Шүүхийн шинжилгээний шинжээч нарын нэгдсэн зөвлөгөөн болсон. Тус зөвлөгөөнөөр ажлын ачаалал хоцрогдолтой, хугацаа хэтэрсэн шинжилгээнүүдийг ярилцахад О.Даваасүрэн шинжээчид 40 орчим шинжилгээ хийгдэхээс 20 шинжилгээний хугацаа хэтэрсэн талаар дурдагдсан. Өдрийн 11 цагийн орчимд тэргүүн дэд дарга н.Гантулга намайг дуудаад О.Даваасүрэн дээр байгаа шинжилгээний асуудлуудаа шийдээч ээ, нийт 39 шинжилгээ байгаагаас 20 нь хугацаа хэтрэлттэй байна, яагаад энэ хүн чинь ажлаа хийдэггүй юм бэ, би энэ хүн рүү зөндөө залгахад холбогдохгүй байна, цагдаагийн байгууллагаас яаралтай шинжилгээнүүдийг нэхээд байна, 5940, 6005, 6006 дугаар дүгнэлтүүдийг яаралтай гаргаж өг гэж хэлэхээр нь би О.Даваасүрэн шинжээч рүү залгасан боловч зарим тохиолдолд утас нь холбогдоод зарим тохиолдолд утас нь холбогдохоо больдог. Гантулга дарга О.Даваасүрэнгийн утас нь холбогдохгүй бол ахлах шинжээч рүү нь залга гэхээр нь би шинжээч Ж.О руу ярихад лагерь дээрээ байна гэсэн. Дээрх нөхцөл байдлыг дэд даргад илтгэхэд шинжилгээнүүдээ яаралтай хийх хэрэгтэй байна, ахлах шинжээчийг нь авч ир гэсэн. Тэгээд намайг Ж.О-н гэр, лагерын байршлыг мэддэг юм чинь миний жолоочтой хамт яв гэж үүрэг болгохоор нь Ж.О-г дэд дарга н.Гантулгын машинаар өдрийн 14 цагт авч ирэхэд ажил дээр Г.Татьяна эмч ирсэн байсан. Би н.Гантулга даргын өрөөнд Г.Татьяна, Ж.О нарыг оруулаад хоцрогдолтой байгаа шинжилгээнүүдийг ахлах шинжээчээр нь шинжилгээнүүдийг хийлгүүлье гэж хэлсэн. Би өөрөө шинжээч томилох эрхгүй учир өөрийнхөө ажлыг хийгээд явсан. н.Гантулга дарга шинжилгээнүүдийн талаар үүрэг чиглэл өгсөн байх. Тухайн өдөр шинжилгээнүүд хийгдээд сүүлд нь надаар хаагдаад 6005, 6006 дугаартай шинжилгээнүүд хийгдсэн. Би чиг үүргийн дагуу шинжилгээнүүдэд хаалт тавьж, хяналт тавьдаг. Ийм л процесс болсон” гэв.

Шүүгдэгч Ж.О мэдүүлэхдээ: “Би бамбайн үрэвсэлтэй болохоор зарим зүйлсээ мартах гээд байгаа тул цаасан дээр бичсэн зүйлсээ хараад хэлье. Намайг Жаргалсайхан овогтой Ж.О гэдэг. 2005 оноос хойш Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч эмч, биологийн шинжээч эмчээр ажиллаж байна. 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр би ээлжийн амралттай байхад Х.Т даргаас дуудлага ирээд “...О.Даваасүрэн дээр олон шинжилгээнүүд хаагдаагүй байна, н.Гантулга дарга чамайг дуудаж, шинжилгээнүүдийнхээ учрыг ол гээд байна..” гэхээр нь О.Даваасүрэн яагаад өөрөө ирэхгүй байгаа юм бэ гэж асуухад “...холбоо барих боломжгүй байна, утас нь холбогдохгүй байна, хэзээ ирэх нь тодорхойгүй байна” гэсэн. Нөхөр бид хоёр 2015 онд 5 хоногтой хүүхэд өргөж авсан бөгөөд хүүхэд маань зүрхний цоорхойтой, зүрх нь өвддөг байсан. Тухайн үед хүүхдийг маань өвчин зовлон ороож байсан болохоор агаарт гаргана гээд хот руу орж ирэхгүй байсан. Тиймээс би Х.Т даргад би хүүхдээ харж байна, ээж эгчтэйгээ хамт байна, би боломжгүй байна гэхэд н.Гантулга даргатай холбогдоод хариу хэлье гэсэн. Би гэр бүлийнхэндээ ажлаас залгаж байна, О.Даваасүрэн гэж шинжээч байдаг юм, бага насны хүүхдүүдтэй, түүн дээр асуудлууд үүсч байгаа юм байна, утас нь холбогдохгүй байна гэж хэлсэн. Манай гэр бүлийнхэн шүүх, цагдаагийн байгууллагад ажилладаггүй, урлагаар амьсгалсан хүмүүс байдаг. Миний ажлыг маш их хүндэтгэдэг тул чиний ажлыг ойлгож байна, чи очиж ажлаа хий гэж ээж, эгч маань хэлсэн. Ээж маань 80, эгч маань 50 орчим настай хүмүүс байдаг. Би дотроо яагаад О.Даваасүрэн шинжилгээнүүдээ орхиод явсан юм бол, Дотоод аудитаас шалгалт ороод арга хэмжээ авчих юм болов уу, ядаж над руу утсаар холбогдоод хэлж болоогүй юм байхдаа гэх зэргээр бодоод намайг дарга нар дуудаж байгаа юм байна, бас О.Даваасүрэнг бодохгүй бол болохгүй юм байна гэж бодож байтал удалгүй Х.Т дарга над руу залгасан. Би түүнд за ямар ч байсан би очъё доо гэж хэлэхэд хажуунаас нь н.Гантулга дарга утсыг нь аваад “...чи ирэх шаардлагатай байна, ирж шинжилгээнүүдийн учрыг нь олохгүй бол болохгүй байна тиймээс чи ахлахын хувьд заавал ир” гэсэн. Тэгэхээр нь би лагерынхаа байршил, хаягийг зааж өгөхөд удалгүй н.Гантулга даргын тусгай дуут дохиололтой машинаар н.Гантулга даргын жолооч Отгонбаатар, Х.Т дарга нар ирээд намайг авч явсан. Улмаар ажил дээрээ ирээд өрөөнд ороход Тэнүүн, Татьяна нар байсан. Бямбадорж байсан үгүйг мэдэхгүй. Бүгдтэй нь мэндлээд хүүхдийнхээ талаар ярилцаж байтал н.Гантулга дарга Татьяна бид 2-ыг дуудаж байна гэхээр нь Х.Т даргатай хамт орсон. О.Даваасүрэн шинжээч дээр олон шинжилгээ дутуу байна, яаралтай гаргах шинжилгээнүүд байна, байцаагч нар нь нэхээд байна гээд илгээх бичиг өгөөд Татьяна эмчийг бэлгийн замын халдварт өвчин байгаа эсэхийг шалга, намайг үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс байгаа эсэхийг үз гэх чиглэл өгсөн. Илгээх бичгээ аваад лабораторид ороход С.Баттогтох лаборант байсан. С.Баттогтох лаборант нь шинжилгээг бэлдэж өгдөг, илгээх бичиг дээрх шинжилгээг бэлдээд өгөөч, би энэ шинжилгээг харах шаардлагатай байна гэсэн. С.Баттогтох лаборант надад өмнө нь О.Даваасүрэн шинжээч шинжилгээ хийсэн талаар огт хэлээгүй. Х.Т дарга мөн адил надад огт хэлээгүй. УИХ-ын гишүүнтэй холбоотой шинжилгээ гэж хэлээгүй. Илгээх бичиг дээр ч нэр байдаггүй. Тиймээс би огт мэдэлгүй шинжилгээ хийсэн. Үтрээний арчдас гэдэг нь энгийн үгээр тайлбарлавал хөвөн тампон юм. Хөвөн тампон нь чих ухдаг хөвөн шиг тампон байгаа юм. Түүнээс хайчилж авдаг. Наалдац нь тавиур шил дээр бэлтгэсэн наалдацыг хэлж байгаа юм. Эдгээр зүйлсийг бэлдэж өгсний дараа би шинжилгээ хийсэн. Манайд өдөрт дунджаар 5 үтрээний наалдац, арчдас ирдэг. Тэдгээрт хийдэг журмаараа хийхэд үтрээний арчдас дээр эр бэлгийн эс харагдаагүй. Тухайн үед манай микроскоп одооны микроскоптой харьцуулахад хүчин чадал багатай байсан. 2018 онд манай микроскоп сайжирсан байгаа. Тухайн үед 2005 онд Герман улсад үйлдвэрлэсэн микроскопоор харж байсан. Нягталж харахад эр бэлгийн эс байгаагүй, миний нүдэнд харагдаагүй, тогтоогдоогүй болохоор дүгнэлтээ хянуулахад н.Гантулга дарга Х.Т даргад өг гэсэн. Би дүгнэлтээ өгөөд явах гээд байж байтал одоо дахиад шинжилгээ ирнэ түр хүлээж бай гэсэн. Ямар шинжилгээ юм бэ гэсэн чинь ор дэвсгэрийн даавуу ирэх ёстой гэсэн. Тэгэхээр нь би 5-10 минут өрөөний хүмүүстэйгээ ойр зуурын сэдвээр юм ярьж сууж байтал Бүртгэл мэдээллийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Мөнхбат надад ор дэвсгэрийн даавууг авч ирж өгсөн. Би онгойлгож үзэхэд нойтон, угаагдсан, цэвэрлэгдсэн байдалтай байсан. Би бүгдийг нь өдрийн гэрэлд харахад сэжигтэй толбо байгаагүй. Би дүгнэлтээ бичээд н.Гантулга даргад хэлэхэд Бүртгэл мэдээллийн хэлтсийн Баяраа даргад өг гэхээр нь би дүгнэлтээ Х.Т даргаар хянуулаад Баяраа даргад өгсөн. н.Гантулга даргад шинжилгээнүүдээ хийсэн талаараа хэлэхэд дуудна шүү, амар тайван амраарай, хүүхдээ хараарай гэж хэлээд н.Гантулга даргын жолоочоор лагерь руугаа хүргүүлсэн. Надад урьд нь хийгдсэн шинжилгээ, УИХ-ын гишүүн холбогдсон талаар хэн ч хэлээгүй, би бусадтай хуйвалдаагүй, манай байгууллагын хүчин чадал өөрийн мэдлэгийн хүрээнд тухайн шинжилгээнүүдийг хийгээд явсан” гэв.

Шүүгдэгч М.З мэдүүлэхдээ: “Намайг Мөнхжаргалын М.З гэдэг. Шүүхийн шинжилгээний байгууллагад 8 дахь жилдээ ажиллаж байна. Тухайн үед бага эмч нар биологийн лаборатороос авсан шинжилгээний хариунуудыг шинжээч эмч нарт тарааж өгдөг байсан. Бага эмч Н.Солонгын тэмдэглэлийн бүртгэлийн дэвтрээс үзэхээр 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Энхтайван эмчийн илгээх бичгийн хариу, Эрдэнэболор эмчийн хариуг хамтад нь авсан тухай гарын үсэг зурсан байдаг. Миний гарын үсэг мөн байна лээ. Тухайн үед нэг өрөөнд 4 шинжээч эмч суудаг байсан. Туяа, Эрдэнэболор, Энхтайван бид нар нэг өрөөнд суудаг байсан. Бага эмч нар хариунуудыг эмч бүрт гарт нь тарааж өгдөггүй байсан. Өрөөнд хэн сууж байна тэдэнд өгөөд гарын үсэг зуруулаад тэр эмчийн хариуг ширээн дээр нь тавилаа шүү гарын үсгээ зураарай гэж хэлээд гарын үсэг зуруулдаг байсан” гэв.

Хохирогч Ч.Н мэдүүлэхдээ: “2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн үүрээр Гантулга гэх хүнд гэртээ хүчиндүүлсэн. Цагдаа дээр очиход Шүүх эмнэлгийн шинжээч эмчид шинжилгээ хийлгэх бичиг өгсөн. Түүнийг нь бариад Шүүх эмнэлэг дээр өдөр очиход Энхтайван гэх эмч хүлээж аваад 2 давхарт нь шинжилгээ авсан. Тэндээс гараад урд талд нь байдаг эмнэлэгт шинжилгээ өгсөн. Би цагдаа болон Энхтайван эмч дээр очоогүй шууд гэр рүүгээ явсан. Би Шүүх эмнэлэг дээр 1 удаа очиж үзүүлсэн. Дахиж үзүүлээгүй. 2017 оны 6 дугаар сарын 13, 14-ний өдрөөс хөдөө орон нутаг руу явж ирээд 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр орчимд гэртээ эгчтэйгээ байж байтал гэрийн хаалга дуугарахаар нь эгч хаалга тайлахад нэг хүүхэд ийм юм авч ирлээ гэж хэлээд тамхины хайрцагтай зүйл авч ирсэн. Түүнийг нь онгойлгоод үзэхэд цаасанд боодолтой зүйлс байсан. Түлхүүрний хэлбэртэй шар өнгийн флаш диск, цаасанд боодолтой бор шаргал өнгөтэй 2, 3 даавууны өөдөс, чих ухдаг хөвөнгийн хугархай буюу тал нь байсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс:

Хохирогч Ч.Н-н: "...нэг хүн хаалга тогшоод юм өгсөн гэсэн. Эгч хаалга онгойлгосон болохоор би хараагүй. Тэгтэл эгч сая нэг хүүхэд энийг өгчхөөд явчихлаа гэсэн. Тэр өгсөн зүйлийг тамхины хайрцаг дотор плаш диск, 2-3 ширхэг жижиг боодолтой зүйл байсан. Тэрийг нь нээгээд үзэхэд плаш дотор нь миний шинжилгээний дүгнэлтийг хуурамчаар үйлдэж байсан гэсэн утгатай, нэр хаяггүй захиа, бүртгэлийн дэвтрийн зурагнууд байсан юм" гэсэн мэдүүлэг /1хх-ийн 166-167 тал/,

Гэрч Ч.Саранзаяагийн: "...2017.6.28-ны орой 20-21 цагийн орчим би дүү Наранзаяагийн хамт гэртээ байж байхад манай хаалгыг тогшсон. Би хаалгыг онгойлгоход манай байрны гадаа тоглодог хүүхэд шиг байсан. Уг эрэгтэй хүүхэд тамхины хайрцагтай эд зүйл өгсөн. Би хүүхдээс хэн өгсөн талаар тодруулах асуухад нэг ах өгсөн гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй. Бид 2 уг тамхины хайрцгийг нээж үзэхэд түлхүүр шиг хэлбэртэй шармал өнгийн флаш 1 ширхэг, цаасанд боосон манай дүүгийн хэрэг болох үедээ өмсөж байсан дотоожны өөдөс, цагаан хэрэглэлийн өөдөс гээд 2, 3 зүйл байсан" гэсэн мэдүүлэг /1хх-ийн 20-22, 23-25 тал/,

Гэрч С.Баттогтохын "...Миний бичгийн хэв байгаа юм... Шинжээч эмч Даваасүрэнгээс ирүүлсэн шинжилгээний дээжний хариуг өөрийн бүртгэлийн дэвтэр дээр бичсэн. Уг дээжний хариу нь эр бэлгийн эс илэрсэн талаар бичигдсэн байсныг дэвтэр дээр бичиж тэмдэглэсэн. Би эмнэлэгт хэвтэж, гэдэсний наалдац салгах дурангийн хагалгаанд орсон учраас чөлөө авсан. Намайг ажилдаа эргэж ороход бүртгэлийн дэвтэр дээрх Ч.Н-д холбогдох хэсгийн эр бэлгийн эс илэрсэн талаарх хариуг штрихээр дарсан байсан юм..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 29, 63-65 тал/,

Гэрч О.Даваасүрэнгийн "...2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Ч.Н гэх эмэгтэйгийн холбоотой үтрээний арчдас, наалдцад эр бэлгийн эс тодорхойлох, бэлгийн замын өвчин илрүүлэх, хохирогчоос хурааж авсан ор, хөнжлийн дэвсгэр даавуу, дотоож зэрэг зүйлст шинжилгээ хийхээр бүртгэл мэдээллийн хэлтсээс надад хуваарилагдаж ирсэн. Ингээд би тухайн өдрөө хүлээж аваад тэр өдрөө шинжилгээ хийж орны дэвсгэр даавуу болон дотоож, үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илэрсэн, үтрээний арчдас, наалдац дээр илэрсэн эр бэлгийн эсийг надад хуваарилж өгсөн илгээх бичиг дээр нэмэх тэмдэглэгээ тавьж, дэвсгэр даавуу, дотоож дээр илэрсэн эр бэлгийн эсийг өөрийн хувийн бор өнгийн хавтастай дэвтэр дээр нэмэх тэмдэглэгээгээр тэмдэглэгээ тавьсан. Ингээд 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр надад илгээхээр ирсэн үтрээний арчдас, наалдцанд эр бэлгийн эс илэрсэн, ДНК-ийн шинжилгээ хийх шаардлагатай, шинжээч, цагдаагийн дэслэгч О.Даваасүрэн гэсэн дүгнэлтийг гаргаж газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Тэр хянуулж хаалгах тэмдэг даруулан гарын үсгээр зуруулан баталгаажуулаад өөрийн бүртгэл мэдээллийн хэлтэст шинжилгээ хүлээлцдэг дэвтэрт бичиж 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн өглөө хариуг шинжилгээний бүртгэл мэдээллийн ажилтан Норовнямд хүлээлгэж өгсөн... Ингээд би 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр... миний утсанд дуудлага ирсэн байсан... Ингээд би маргааш нь ажил дээрээ очиход миний ширээн дээр байсан бүх журнал, хувийн бүртгэлүүд байхгүй, ширээн дээрх бичиг баримтууд замбараагүй болчихсон байсан... Ингээд би өөрийн бүртгэлүүдийг хайхад байхгүй байсан ба дэд захирал бүгдийг нь авсан гэж хэлж байсан... Би өрөөндөө очоод шинжилгээнүүдээ цэгцлэх гэтэл дэд захирал намайг дуудаад 13:30 цагаас өмнө чи яв, нэг сарын хугацаанд утсаа битгий асаагаарай гэж хэлсэн бөгөөд би түүнд хандаж шинжилгээнүүдээ яах юм бэ гэж хэлэхэд Таня багшдаа хүлээлгэж өгөөд яв гэж хэлсэн. Тэгэхээр нь би яагаад хөөгөөд байгаа юм болоо гэж бодоод өөрийнхөө ажилтнуудаас асуухад "та Улсын Их Хурлын гишүүн хүн хүчиндсэн гэсэн хэргийн шинжилгээг хийсэн юм байна лээ. Тэрийг чинь Ж.О эгчийг өчигдөр дарга нар эр бэлгийн эс илрээгүй гэж бич гэж хэлээд эр бэлгийн эс илрээгүй гэж гаргуулсан гэсэн. Тэгээд манай лаборант Баттогтох эгчийг газрын дарга Х.Т хэлэхдээ Даваасүрэнгийн хийсэн шинжилгээг устга, Ж.О-г хийсэн болгож бич гэж хэлэхээр нь Баттогтох тэр хэсгийг устгалгүйгээр шинээр хүснэгт татаж байгаад Ж.О шинжээч Ч.Н-н үтрээнд эр бэлгийн эс илрээгүй шинжилгээний талаар оруулсан" гэж хэлсэн... Намайг анх тухайн зүйлсийг авахад бүрэн бүтэн байсан. Би тухайн эд зүйлсийг хүлээн аваад шинжилгээ хийхдээ тухайн орны дэвсгэр даавууны толбо болсон нэг хэсгийг хайчилж авсан, мөн дотоожны бохирдолтой  нэг жижиг хэсгээс хайчилж аваад,  тухайн хайчилсан жижиг хэсгүүддээ шинжилгээ хийж эр бэлгийн эс байгаа болохыг тодорхойлсон юм. Би тэр хэсгүүдийг хаана хадгалж байгаа талаар мэдэхгүй байна. Миний ширээний шургуулганд л байх ёстой... Би өөрийн албаны нэр хүндийг бодож байна. Манай байгууллагын удирдлагууд амарч байсан Ж.О эмчийг оруулж ийм хуурамч дүгнэлт гаргуулсанд би харамсаж байна. Миний гаргасан дүгнэлтийг устгуулж, өөр хүнээр хуурамч дүгнэлт гаргуулсанд нь би гайхаж байна..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 60-62, 66-68 тал/,

Гэрч О.Энхтайваны өгсөн: "...2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр би үзлэг хийх хуваарьтай, үзлэг хийж байсан. Тухайн өдөр иргэн Ч.Н нь 2017 оны 06 дyгaap сарын 12-ны өдөр бусдад хүчиндүүлсэн гээд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Түвшинжаргалын 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн шинжээч томилох тогтоолтой ирж, үзүүлсэн. Харин бодит үзлэгээр Ч.Н-н баруун болон зүүн шуунд гарын хурууны ором бүхий шинэ цус хуралттай, охин хальс хуучин урагдалтай байсан. Ч.Н-н үтрээнээс эр бэлгийн эс илрүүлэх 2 ширхэг арчдас, наалдац авч тусгай шинжилгээний газарт илгээх бичиг бичиж хүргүүлсэн... 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Биологийн шинжилгээний 4940 дугаартай дүгнэлтээр Ч.Н-н үтрээнээс авсан арчдас, наалдац дээр ямар нэгэн эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй. Уг дүгнэлтийг биологийн шинжээч Ж.О гаргасан байсан... Би дээрх биологийн дүгнэлтийг үндэслэн иргэн Ч.Н-н биед баруун зүүн шуунд цус хуралт тогтоогдсон боловч шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй байна. Мөн Ч.Н-н үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй... байна гэж гаргасан юм..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 39-42, 109 тал/

Гэрч Г.Татьянагийн өгсөн: "...1999 оноос хойш Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд  бага  эмч,  биологийн  шинжээчээр  ажиллаж байгаад 2012  онд тэтгэвэртээ гарсан. Харин 2017 оны 6 сарын 19-ний өдөр эргэж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бактерлогийн шинжээчээр томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа. О.Даваасүрэн шинжээч хүүхэд асрах чөлөө авсан бөгөөд түүний оронд томилогдсон юм... 2017 оны 06 сарын 20-ны өдөр Х.Т дарга  надтай уулзаад "Даваасүрэнгийн үлдээсэн тогтоол, хэргийн материалууд, шинжилгээнүүдийг та аваад гаргах уу. Учир нь Даваасүрэнгийн хүүхэд нь өвчтэй гээд ирэхгүй байна" гэхээр нь би зөвшөөрсөн... Тэгээд намайг авахад 18 шинжилгээ хийх тогтоол байсан. Тэр үед би Даваасүрэнтэй утсаар нь холбогдоход "би ажил дээрээ очно, та тэгвэл миний шинжилгээнүүдийг хийж бай" гэсэн юм. Тэгтэл Х.Т захирал надад "Ч.Н-н гэх дүгнэлтийг Даваасүрэн гаргасан байна. Гэхдээ бактерлогийн шинжилгээний дүгнэлт дээр он сар өдрөө 2017 оны 05 сарын 19-ний өдөр гэж нүүрэн дээрээ биччихээд ард талын хаалт хийсэн дардас дээрээ 2017 оны 06 сарын 16-ны өдөр гэж зөрүүтэй бичсэн байна. Та үүнийг дахин шинжилгээ хийж бичээд он, cap, өдрийг нь зөв болгоод дахин дүгнэлтийг гаргаад өг" гэсний дагуу би шинжилгээг нь дахин хийгээд бэлгийн замын халдварт өвчингүй гэж гаргасан. Харин Ч.Н-тэй холбоотой биологийн дүгнэлтийг нь Ж.О шинжээч ирж гаргасан юм. Надаар бол тэр Ч.Н-тэй холбоотой биологийн шинжилгээг хийлгээгүй. Ж.О амралтын дундуураа дуудагдаад ганцхан тэр биологийн шинжилгээг хийгээд явсан. Тэр үед би энэ Ч.Н-тэй холбоотой шинжилгээг хийж байгааг мэдээгүй. Тухайн үед түүнийг өөрийн дутуу үлдээсэн ажлаа ирж хийгээд явж байгаа юм байна гэж бодсон. Энэ асуудал сүүлийн үед ил болсны дараа түүнийг энэ шинжилгээг хийснийг мэдсэн юм. Харагдана. Харахад эр бэлгийн эс, өвчин үүсгэгч бактерууд нь зэрэг харагддаг юм. Тэгээд намайг харахад бол Ч.Н-н биеэс авсан гэх наалдац дээр шинжилгээ хийхэд өвчин үүсгэгч бактери илрээгүй. Харин эр бэлгийн эс илэрч байсан юм. Илэрч байсан талаараа лаборант Баттогтоход хэлж байсан. Тэгэхэд Баттогтох ч гэсэн илэрсэн талаар мэдэж байсан... Намайг ажилд орсон өдөр Даваасүрэнгийн бүртгэлийн дэвтрүүд нь ширээн дээр ил байсан. Тэгээд нэг мэдэхэд алга болчихсон байсан юм... Тэгээд хүмүүсээс дам сураг сонсоход тэр дэвтрүүдийг нь Гантулга, Х.Т дарга нар авсан байсан юм. Сүүлд тэр дэвтрүүд нь аудитын хэлтсийн даргын өрөөнд байсан ба би тэр хүний өрөөнд орж дэвтэр дээрээс нь юм харж байсан юм..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 113-114 тал/,

Гэрч Н.Норовнямын дахин мэдүүлсэн: "...Бүх л дүгнэлтүүд бэлэн болчихсон, дарга нь хяначихсан, тамга, тэмдэг нь дарагдчихсан, мөрдөн байцаагч нарт хүлээлгэн өгөхөд бэлэн болчихсон дүгнэлтүүд над дээр ирдэг. Хэрэв би Наранзаяагийн гэх дүгнэлтийг авсан бол эцсийн байдлаар бэлэн болчихсон дугнэлт над дээр орж ирсэн гэсэн үг... Би 5940 дугаартай дүгнэлтийг 2017 оны 06 сарын 15-ны өдөр Даваасүрэнгээс хүлээн авч, 2017 оны 06 сарын 16-ны өдөр бага эмч Солонгод хүлээлгэн өгсөн байна. Энэ нь О.Даваасүрэнгийн бүртгэлийн дэвтэр болон миний бүртгэлийн дэвтрээс харагдаж байна. Харин 6006, 6005 дугаартай дүгнэлтүүд 2017 оны 06 сарын 14-ний өдөр манайд ирсэн байна. Энэ дүгнэлтийг Ж.О шинжээч гаргасныг би хүлээн аваад 2017 оны 06 сарын 21-ний өдөр хошууч Батдэлгэрт өгсөн. Энэ шинжилгээний объектыг ахлах шинжээч Мөнхбат нь надад орж ирээд Батдэлгэрт өгчих гэсний дагуу би түүнд өгсөн. Дараа нь хэдэн цагийн дараа Батдэлгэр нь тухайн объектыг буцааж авчирсан бөгөөд Мөнхбат нь наад объектоо эргүүлээд авчих гэхээр нь би авсан. Тэгээд би бүртгэлдээ энэ талаар тэмдэглэсэн... Энэ шинжилгээний эх хувь дүгнэлт нь надад орж ирээгүй учраас би хүлээлгэн өгөөгүй байна. Дүгнэлт нь эх хувиараа надад орж ирээд хүлээлгэн өгдөг юм. Энэ шинжилгээний дүгнэлтийг надад өгөөгүй учраас би Батдэлгэрт дүгнэлтийг хүлээлгэн өгөөгүй. Тухайн үед энэ шинжилгээний дүгнэлтийг шууд шинжээчээсээ авчихсан байх гэж ойлгосон. Би тэр объектыг Батдэлгэр яагаад авч яваад, эргүүлэн авчирч өгснийг мэдэхгүй... Надад дахин 5940 дугаартай шинжилгээ орж ирээгүй. Дугаар давхцах ёсгүй..." гэх мэдүүлэг /1хх-ийн 123-124 тал/,

Гэрч Н.Солонгын өгсөн: "...Н.Норовнямын бүртгэлийн дэвтрийг үзлээ. 2017 оны 06 сарын 16-ны өдөр Н.Норовнямаас би 5940 дугаартай дүгнэлтийг авсан байна. Хүлээн авсан хүний гарын үсэг нь минийх мөн байна. Би өөрийн... бүртгэлийн дэвтрээс харахад тус 5940 дугаартай шинжилгээний дүгнэлтийг 2017 оны 06 сарын 16-ны өдөр М.Энхтайван шинжээчийн өрөөнд хамт суудаг шинжээч М.З-д хүлээлгэн өгсөн байна... Би энэ дүгнэлтийг нэг л удаа хүлээн авч, Норовнямд хүлээлгэн өгсөн байна... Энэ нь миний бүртгэлийн дэвтрээс харагдаж байна... Би Ж.О шинжээчийн гаргасан 5940 дугаартай дүгнэлтийг Норовнямаас хүлээн авсан тухай бүртгэл байхгүй байна..." гэх мэдүүлэг,

Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл,

Шинжээч О.Даваасүрэнгийн хэрэглэж байсан компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 152-154 тал/,

Хураан авсан дэвтрүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 214-216 тал/

Шүүхийн  шинжилгээний  үндэсний  хүрээлэнгийн  Тусгай  шинжилгээний газрын биологийн ахлах шинжээч Ж.О-ийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан    5940    дугаартай    дүгнэлтэнд    "..шинжилгээнд    ирүүлсэн Наранзаяагийн гэх үтрээний арчдас, наалдац дээр үрийн шингэн илрээгүй" гэсэн дүгнэлт /1хх-ийн 133 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний ззрын биологийн ахлах шинжээч Ж.О-ийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан 6005/6006 дугаартай дүгнэлтэнд "...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураагдсан гэх ор хөнжлийн даавуу болон хохирогчийн гэх дотоожин дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй" гэсэн дүгнэлт /1хх-ийн 136 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1371 тоот дүгнэлт 2хх-ийн 75-79 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн ахлах шинжээч Ш.Пүрэвдуламын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан 3765 дугаартай дүгнэлт/4хх-ийн 135-143 тал/,

Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 72 тал/

Биологи, ДНХ, бактериологийн лабораторид шинжилгээ хийлгэх илгээх бичиг /1хх-ийн 132 тал/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 217-219 тал/,

Гэрч Б.Гантуяагийн мэдүүлэг /1хх-ийн 110 тал/,

Гэрч Ц.Мөнхбатын мэдүүлэг /1хх-ийн 115-116 тал/,

Шинжилгээ хийх шинжээч томилох тухай тогтоол /1хх-ийн 134-135 тал/,

Гэрч Ц.Гантулгын мэдүүлэг /1хх-ийн 248-249 тал/,

Гэрч Н.Норовнямын дахин өгсөн мэдүүлэг /2хх-ийн 42-43 тал/,

Гэрч О.Даваасүрэнгийн дахин өгсөн мэдүүлэг /3хх-ийн 209-210 тал/,

Гэрч Ж.Цолмонгийн мэдүүлэг /1хх-ийн 112 тал/,

Гэрч Ш.Ганцэцэгийн мэдүүлэг /1хх-ийн 117-118 тал/,

Хураан авсан дэвтрүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 214-216 тал/,

Гэрч Ж.Батдэлгэрийн дахин өгсөн мэдүүлэг /1хх-ийн 242-243 тал/,

Хэргийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-ийн 29-31 тал/,

Шинжээч Б.Тэнүүний 9102 дугаартай дүгнэлт /5хх-ийн 60-62 тал/,

Гэрчүүдийг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /5хх-ийн 83-84 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.О, Х.Т нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт тус тус үйлдэж ирүүлсэн бөгөөд улсын яллагч Ж.Энх-Амгалан нь дүгнэлт хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар зүйлчлэх саналыг гаргасан бөгөөд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, улсын яллагчийн шүүгдэгч нарыг хэргийн зүйлчлэлийг өөрчлөх тухай зарим саналыг үндэслэлтэй гэж үзэн шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдаанд өгсөн гэрчүүдийн мэдүүлэг, шинжээч нарын мэдүүлэг зэргийг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

Шүүгдэгч Ж.О нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын дарга Х.Тэс үүрэг чиглэл аван иргэн Ч.Н бусдад хүчиндүүлсэн гэх эрүүгийн хэрэгт 10596 тоот гомдлын мөрдөн шалгах ажиллагааны үед шинжээчийн хувьд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2017.06.19-ний өдөр иргэн Ч.Н-н үтрээний арчдас, наалдац дээр болон түүний дотоож, ор хөнжлийн дэвсгэр даавуунд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй гэсэн зориуд худал 5940, 6005/6006 тоот шинжээчийн дүгнэлтүүдийг гаргасан гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Х.Т нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн ахлах шинжээч Ж.О болон бусад хүмүүст үүрэг чиглэл өгч, шахаж шаардан урьд тус газрын биологийн шинжээч О. Даваасүрэнгийн гаргасан 5940 тоот шинжээчийн дүгнэлтийг устгах замаар иргэн Ч.Н бусдад хүчиндүүлсэн гэх эрүүгийн хэрэгт 2017.06.19-ний өдөр иргэн Ч.Н-н үтрээний арчдас, наалдац дээр болон түүний дотоож, ор хөнжлийн дэвсгэр даавуунд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй гэсэн зориуд худал 5940, 6005/6006 тоот шинжээчийн дүгнэлтүүдийг ахлах шинжээч Ж.О-р гаргуулсан,

Шүүгдэгч М.З нь 2017.06.16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн байранд иргэн Ч.Н-н үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илэрсэн талаарх шинжээч О.Даваасүрэнгийн 5940 дугаартай хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий шинжээчийн дүгнэлтийг гарын үсэг зурж хүлээн авсан боловч шинжээч эмчийн албан тушаалаа ашиглан уг хүлээн авсан шинжээчийн дүгнэлтийг устгаж алга болгон мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон хохирогч, гэрчүүд, шинжээчдийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь шүүгдэгч тус бүрийг гэм буруугүй гэж маргадаг боловч, шүүх дараах нотлох баримтуудад тулгуурлан тэдгээрийн мэдүүлэг, дүгнэлтийг няцаав.

Шүүгдэгч Х.Т болон түүний өмгөөлөгч нь шинжээч Ж.О-р хуурамч дүгнэлт гаргуулаагүй гэж маргадаг боловч хавтаст хэрэгт авагдсан:

гэрч О.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгэхээр нь би яагаад хөөгөөд байгаа юм болоо гэж бодоод өөрийнхөө ажилтнуудаас асуухад "та Улсын Их Хурлын гишүүн хүн хүчиндсэн гэсэн хэргийн шинжилгээг хийсэн юм байна лээ. Тэрийг чинь Ж.О эгчийг өчигдөр дарга нар эр бэлгийн эс илрээгүй гэж бич гэж хэлээд эр бэлгийн эс илрээгүй гэж гаргуулсан гэсэн. Тэгээд манай лаборант Баттогтох эгчийг газрын дарга Х.Т хэлэхдээ Даваасүрэнгийн хийсэн шинжилгээг устга, Ж.О-г хийсэн болгож бич гэж хэлэхээр нь Баттогтох тэр хэсгийг устгалгүйгээр шинээр хүснэгт татаж байгаад Ж.О шинжээч Ч.Н-н үтрээнд эр бэлгийн эс илрээгүй шинжилгээний талаар оруулсан" гэж хэлсэн... гэх мэдүүлэг,

гэрч С.Баттогтохын шүүх хуралдаанд өгсөн: “...анх Шинжилгээ бүртгэлийн хэлтсээс Энхтайван эмчийн илгээх бичигтэй О.Даваасүрэн шинжээчийг томилсон шинжилгээг хүлээж аваад 1 хоногийн дараа дээжийг хатаагаад тавьж өгөхөд эр бэлгийн эс илэрсэн. Түүнийг би журналдаа тусгасан. Эр бэлгийн эс илэрсэн гэдгийг шинжээч микроскопоор хараад дүгнэлтээ гаргасан. Би шинжилгээний дүгнэлтүүдийг журналдаа тусгадаг. ...Өмнөх шинжилгээнд хариуг би илэрсэн гэж бичсэн байхад Х.Т дарга ажил тарж байхад орж ирээд Ж.О шинжээчийн хариуг бич гэж тулгасан. Тэгэхээр нь би нэг хүснэгтэнд нэг шинжилгээг бичдэг гэж хэлээд бичээгүй юм. Гэтэл намайг загнаад нэг хүснэгтийг хоёр хувааж бичүүлсэн. Тухайн үед намайг эмнэлэгт хагалгаанд ороод гарч ирэхэд миний журнал байхгүй болсон байсан. Илэрсэн гэж бичсэн хэсгийг штрикдсэн байсан. ...Би О.Даваасүрэнгийн хариу дээр нэг ч засвар хийгээгүй. ... Х.Т дарга надад илэрсэн байсан хариуг илрээгүй гэж бич гэсэн тул би түүнд итгээгүй. Тиймээс би зохих үйл явцыг тухайн үед манай шинжилгээний Лабораторийн хэлтсийн дарга байсан Ганболдод мэдэгдсэн...” гэх мэдүүлэг,

гэрч О.Даваасүрэнгийн шүүх хуралдаанд өгсөн: “...Он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээж аваад орой нь шинжилгээнүүдээ хийгээд маргааш өглөө нь дүгнэлтүүдээ гаргаад                   Х.Т даргаар хаалгаад бүртгэл мэдээллийн хэлтэст өгсөн. ...Илгээх бичгээр ирсэн арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илэрсэн дүгнэлтийг бичээд өгсөн. Харин тогтоолоор ирсэн бактерлогийн шинжилгээний хариуг өгч амжаагүй байсан. Гэхдээ шинжилгээг нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний орой хийгээд үзлэгийн дэвтэртээ бичсэн боловч одоог хүртэл олдохгүй байгаа. ...энэ бүх ажиллагаа Х.Т даргатай холбоотой...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Гантуяагийн шүүх хуралдаанд өгсөн: “...Тухайн үед ийм юм болоод байна гэдгийг л О.Даваасүрэнд хэлсэн. Анх Х.Т, Гантулга дарга 2 биологийн Лабораторийн өрөөнд орж ирээд обьект хайгаад байсан. Удалгүй Ж.О шинжээч ирээд шинжилгээ хийсэн. Тэр үйл явдал надад тод үлдсэн. Намайг үзлэг хийж байхад сонин харагдаж байсан. Дараа нь тус хэрэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. ...Манай дарга, удирдлага нар шинжилгээний өрөөнд орж обьект хайдаггүй. Гэтэл тухайн өдөр би үзлэг хийгээд сууж байхад дарга нар орж ирээд С.Баттогтох лаборантыг дуудаж оруулж ирээд юм хайлгаад байсан. ...Тухайн үед намайг микроскопоор үзлэг хийж байхад Х.Т дарга орж ирээд С.Баттогтохыг нэг зүйлийг арилга гэж хэлээд тэдний хооронд маргаан үүсч байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Ц.Мөнхбатын шүүх хуралдаанд өгсөн: “...Манай хэлтэст 3 ахлах мэргэжилтэн байдаг. Тус тусын чиг үүрэгтэй. Бүртгэлийн ажилтан шинжилгээг хүлээж аваад цахимд шивдэг. Баярмаа шинжээч тусгай шинжилгээг хариуцдаг. Баярмаа амрахаасаа өмнө шинжилгээнүүдээ даалгаж өгөөд явсан тул ажлыг нь би орлосон. Тухайн обьектуудад Баярмаа өмнө шинжээч томилоод шинжилгээ хийлгэхээр даалгаж өгчихөөд явсан байсан. Энэ хугацаанд О.Даваасүрэн шинжээч ажлаас чөлөөлөгдсөн байсан. Шинжилгээний хүрээлэн ганцхан бактерлогийн шинжээчтэй байсан. О.Даваасүрэнгийн шинжилгээг хэн хийх нь тодорхойгүй болсон байсан. Яах нь тодорхойгүй заавал дараагийн хүн томилогдож байж шинжилгээ хийгдэх ёстой. Гэтэл удалгүй мөрдөгч ирээд танай О.Даваасүрэн ээлжийн амралтаа авсан юм байна, шинжилгээний обьектоо авъя гэсэн. Мөрдөгч Ж.Батдэлгэр нь дэд захирал Гантулгатай уулзсан юм шиг байгаа юм. Удалгүй Гантулга захирал намайг өрөөндөө дуудаад шинжилгээний обьектуудыг мөрдөгчид нь олж өг гэж хэлсэн. Би О.Даваасүрэнгийн өрөө рүү нь ороод бусад шинжээчээс асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Улмаар би дээж хадгалах лаборатори руу орж обьектуудыг дугаараар нь хайж олоод мөрдөгч Ж.Батдэлгэрт хүлээлгэж өгсөн. Мөрдөгч авч яваад буцаагаад авч ирсэн. Удалгүй дэд захирал Ж.О шинжээчид өг гэхээр нь би өгсөн. ... Надад шинжилгээний обьект нойтон байсан нь ажиглагдсан. Би шинжилгээний обьектийг задалж үзвэл нэмэлт мөр үүсгэх магадлалтай. Миний шүлс, үс үсрэх тул би задлах эрхгүй. Мөрдөгч нь надаас авч яваад буцааж авч ирэхдээ обьектын жин нь хүнд болсон байсан. Би өнгийж хараад гараараа дарахад нойтон чийгтэй байсан. Обьект удвал өмхийрнө. Өмхийрвөл шинжилгээ хийх боломжгүй болно. Тиймээс тус обьектийг хатаах хэрэгтэй юм байна гэж бодож байсан. Гэтэл удалгүй Ж.Од обьектыг өг гэсэн. ... Би Норовнямд шинжилгээний обьект өгч авсан тухайн үеийн тэмдэгллийг цаг, минуттай нь сайтар тэмдэглэж, бүртгээрэй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Р.Баярмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шинжээч эмч Энхтайваны илгээх бичгээр орж ирсэн арчдас, наалдацын шинжилгээг би хүлээн авч О.Даваасүрэн шинжээчид хуваарилсан юм байна лээ. Тухайн үед би энэ хүний шинжилгээ гэж мэдэхгүй. Тэр өдөр маш олон шинжилгээ ирсэн бөгөөд бүгдийг нь О.Даваасүрэн шинжээчид хуваарилж өгсөн. Биологийн болон бактерлогийн шинжилгээг бүгдийг О.Даваасүрэн шинжээчид хуваарилж өгсөн. Шинжилгээг нь хүлээж авч хуваарилчихаад би маргааш нь амралтаа авсан. Намайг амарсны дараа шинжилгээний хариу гарсан байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Н.Норовнямын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Он, сар, өдрийг сайн санахгүй байна. Арчдас, наалдацын шинжилгээг шинжээч эмчийн илгээх бичгээр шүүх эмнэлгийн бага эмчээр дамжиж надад орж ирдэг. Мөн эд мөрийн баримтыг цагдаагийн алба хаагч, мөрдөгчөөс хүлээн авч дээрх журмын дагуу дамжиж хийгддэг. ... Манай хэлтэс дотор эд мөрийн баримт хадгалдаг дээж өрөө гэж байдаг. Мөрдөгчдөөс ирүүлсэн эд мөрийн баримтыг хүлээж аваад ахлах шинжээч нараар томилуулаад шинжээч нарт хүлээлгэн өгдөг. Шинжээчээс буцааж аваад мөрдөгчийг ирж авах хүртэл эд мөрийн баримтын өрөөнд хадгалдаг. ... Эд мөрийн баримтыг мөрдөгч авч явах юм байна он, сар, өдрийг цаг минуттай нь сайтар тэмдэглээрэй гэж ахлах шинжээч Мөнхбат надад хэлсний дагуу би тэмдэглэсэн. ... Мөрдөгч нь авч явах гээд байна чи яг одоо сайн тэмдэглэ гэж ахлах Мөнхбат хэлж байсан. Удалгүй мөрдөгч нь эд мөрийн баримтыг буцааж авч ирээд дүгнэлтийн хамт авъя гэж байна дахин тэмдэглэ гэсэн. ...О.Даваасүрэн шинжээчийн илгээх бичиг орж ирсэн. Түүний нэг хувийг нь Солонго хүлээлгэж өгсөн бөгөөд О.Даваасүрэн шинжээчийн илгээх бичиг над дээр байсан. Надад үлдэх хувийг Баяраа дарга надаас авсан. Буцааж авч ирэхдээ миний бичсэн тэмдэглэлгүй Ж.О шинжээчийн дүгнэлтээр солигдож орж ирсэн...” гэх мэдүүлэг,

гэрч Г.Татьяанагийн өгсөн: “...Харин Наранзаяатай холбоотой биологийн дүгнэлтийг нь Ж.О шинжээч ирж гаргасан юм. Надаар бол тэр Наранзаяатай холбоотой биологийн шинжилгээг хийлгээгүй. Ж.О амралтын дундуураа дуудагдаад ганцхан тэр биологийн шинжилгээг хийгээд явсан...” гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

Шүүгдэгч Х.Т нь “...дэд дарга Гантулга Ж.Ог дуудаж ир гэсэн, ...Би Гантулга даргын өрөөнд Г.Татьяана, Ж.О нарыг оруулаад хоцрогдолтой байгаа  шинжилгээнүүдийг ахлах шинжээчээр нь хийлгэе гэж хэлсэн. ...Гантулга дарга шинжилгээнүүдийн талаар үүрэг чиглэл өгсөн байх...” гэж мэдүүлдэг боловч энэ нь гэрч Ц.Гантулга, Г. Татьяана нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Шинжээч О.Даваасүрэнд хийх ёстой 40 орчим шинжилгээнээс 20 нь хугацаа хэтрэлттэй байсан гэх бөгөөд хугацаа хэтрэлттэй байгаа шинжилгээнүүдийг шинжээч Г.Татьяана, Ж.О нараар хийлгэе гэж ярилцсан гэх боловч гэрчүүдийн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ээлжийн амралттай байсан шинжээч Ж.О нь дуудагдаж ирээд зөвхөн хохирогч Ч.Наранзаяатай холбоотой 5940, 6005/6006 тоот дүгнэлтүүдийг гаргасан гэдэг нь нотлогдож байна. Хохирогч Ч.Наранзаяатай холбоотой хэргийн дүгнэлтийг гаргуулах гэж зориуд ээлжийн амралттай байсан шинжээч Ж.Ог авчирч дүгнэлт гаргуулсан нь шүүгдэгч Х.Т гэмт хэргийн чиглэсэн санаа зорилго, идэвхтэй үйлдлийг харуулж байна.

Ч.Н-н үтрээнээс авсан арчдаст биологийн болон ДНХ-ийн шинжилгээг шинжээч О.Даваасүрэн хийсэн болох нь түүний гэрчээр өгсөн “...илгээх бичгээр ирсэн арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илэрсэн дүгнэлтийг бичээд өгсөн. Харин тогтоолоор ирсэн бактерлогийн шинжилгээний хариуг өгч амжаагүй байсан. Гэхдээ шинжилгээг нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний орой хийгээд үзлэгийн дэвтэртээ бичсэн боловч дэвтэр одоог хүртэл олдохгүй байгаа...” гэх мэдүүлэг болон гэрч С.Баттогтохын өгсөн “...анх Шинжилгээ бүртгэлийн хэлтсээс Энхтайван эмчийн илгээх бичигтэй О.Даваасүрэн шинжээчийг томилсон шинжилгээг хүлээж аваад 1 хоногийн дараа дээжийг хатаагаад тавьж өгөхөд эр бэлгийн эс илэрсэн. Түүнийг би журналдаа тусгасан. Эр бэлгийн эс илэрсэн гэдгийг шинжээч микроскопоор хараад дүгнэлтээ гаргасан. Би шинжилгээний дүгнэлтүүдийг журналдаа тусгадаг. ...Тухайн үед намайг эмнэлэгт хагалгаанд ороод гарч ирэхэд миний журнал байхгүй болсон байсан. Илэрсэн гэж бичсэн хэсгийг штрикдсэн байсан. ...Би О.Даваасүрэнгийн хариу дээр нэг ч засвар хийгээгүй...” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байх бөгөөд шинжээч Ж.О нь шинжээч О.Даваасүрэнгийн шинжилгээ хийсэн шинжилгээний обьект дээр дахин шинжилгээ хийсэн болох нь гэрч С.Баттогтохын “...би О.Даваасүрэнгийн хийсэн шинжилгээний дээж дээр Ж.О шинжээчид 1 удаа дээж бэлтгэж өгч байсан...” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нарын талаас шинжилгээний обьектыг ялангуяа хохирогч Ч.Н-с хураан авсан хөнжлийн болон дэвсгэр даавууг мөрдөгч ШШҮХ-гээс гадагш гарган авч явж угааж авчирсан, анх эд мөрийн баримтаар өөр объект хурааж авсан байсан гэх зэргээр маргадаг боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдохгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс ялангуяа шүүгдэгч      Ж.О-н өмгөөлөгчийн зүгээс Ж.О-н гаргасан 5940, 6005/6006 дугаартай дүгнэлтүүд нь шинжилгээний хариу болохоос шинжээчийн дүгнэлт биш юм гэж нэлээдгүй маргаж байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д “шинжээчийн дүгнэлт” гэж шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримтын эх сурвалж болох нотлох баримтыг хэлнэ гэж; мөн хуулийн 17 дугаар зүйлд “шинжээч дүгнэлт гаргах” талаар тусгасан бөгөөд 17.1-т: шинжээч шинжилгээний явц үр дүнг үндэслэн дүгнэлтээ бичгээр гаргаж гарын үсэг зурна, 17.2-т: шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой аргазүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна, 17.3-т: шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно, 17.4-т: шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж тодорхой зааж хуульчилсан байх ба шинжээч Ж.О-н гаргасан 5940, 6005/6006 дугаартай дүгнэлтүүд нь дээрх хуулийн шаардлагыг хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.О-н өмгөөлөгч А.Зүмбэрэлийн Ж.О-н 5940, 6005/6006 дугаартай дүгнэлт нь шинжээчийн дүгнэлт биш, илгээх бичгийн хариу гэж дүгнэсэн байдал нь үүгээр няцаагдаж байна.

Шүүгдэгч Ж.О-н хувьд гэмт хэрэг үйлдэх үедээ хэдийгээр ээлжийн амралттай байсан боловч Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах Шинжээчийн үүргээ хөсөрдүүлж бусдын нөлөөнд автан гэмт хэрэг үйлджээ.

Хожим Ж.О-н гаргасан дээрх худал дүгнэлт шинжээчдийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №4614 дугаартай ДНХ-ийн шинжилгээний дүгнэлтээр няцаагдсан байна.

Түүнчлэн шүүгдэгч М.З нь 5940 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүлээн авсан гэж дэвтэр дээр гарын үсэг зурсан байх бөгөөд би өөрийн биеэр хүлээж аваагүй гэж мэдүүлдэг боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрч Н.Солонго болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр тэрбээр шинжээчийн дүгнэлтийг биечлэн хүлээн авсан болох нь нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Хууль хэрэглээний хувьд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь 2017 оны 6 дугаар сарын 16-наас 19-ний өдрүүд байх тул шүүгдэгч нарын гэмт хэргийн үйлдэл холбогдлыг 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзсэн болно.

Иймд шүүгдэгч Ж.О-г 2002 оны Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан: шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.Т-г 2002 оны Эрүүгийн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасан: шинжээчээр зориуд худал дүгнэлт гаргуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.З-г Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэгт заасан: албан тушаалын байдлаа ашиглан мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч нарт тус бүр хорих ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн оролцоо, хувийн байдлууд зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.О-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.З-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.240.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Х.Т-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Т гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч Ч.Н-н хувьд шүүх хуралдаан болохоос өмнө шүүгдэгч нараас сэтгэл санааны хохиролд нийтдээ 50 сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл гаргасан байсан боловч шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийн хамт “энэ шүүх хуралдаанаар эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлээ хэлэлцүүлэхгүй орхиё, шаардлагатай гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэлээ гаргана гэсэн тул шүүх дээрх нэхэмжлэлийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Гэхдээ хохирогч Ч.Н нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн:

1. Тусгай шинжилгээний бүртгэл  №5383, /2017.5.25/ Норовнямын дэвтэр №2, 100 хуудас,

2. ШШҮХ, Биологийн шинжилгээний журнал 2017.5.22 хүртэл, дугаар №22, Баттогтохын дэвтэр №1, 100 хуудас,

3. Хими, биологийн шинжилгээний хариу хүлээлгэн өгсөн бүртгэл 2017 он, Солонгын дэвтэр, 100 хуудас,

4. Криминалистик, хими биологи, ДНХ, бактерлоги, физик эдийн засгийн шинжилгээний бүртгэл, Даваасүрэнгийн дэвтэр №1, 48 хуудас,

5. Норовнямын дэвтэр №1, 99 хуудас,

6. Задлан шинжилгээний бүртгэл №1, Солонгын дэвтэр №2, 100 хуудас гэх хаягтай 6 ширхэг бүртгэлийн дэвтрүүдийг хэргийн хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.О-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Х.Т-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.З-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Ж.О-г шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.Т-г шинжээчээр зориуд худал дүгнэлт гаргуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.З-г албан тушаалын байдлаа ашиглан мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 /арван есөн сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.З-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.240.000 /арван хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О, М.З нар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар сольж болохыг анхааруулсугай

 

5. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

6. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1. Тусгай шинжилгээний бүртгэл  №5383, /2017.5.25/ Норовнямын дэвтэр №2, 100 хуудас, 2. ШШҮХ, Биологийн шинжилгээний журнал 2017.5.22 хүртэл, дугаар №22, Баттогтохын дэвтэр №1, 100 хуудас, 3. Хими, биологийн шинжилгээний хариу хүлээлгэн өгсөн бүртгэл 2017 он, Солонгын дэвтэр, 100 хуудас, 4. Криминалистик, хими биологи, ДНХ, бактерлоги, физик эдийн засгийн шинжилгээний бүртгэл, Даваасүрэнгийн дэвтэр №1, 48 хуудас, 5. Норовнямын дэвтэр №1, 99 хуудас, 6. Задлан шинжилгээний бүртгэл №1, Солонгын дэвтэр №2, 100 хуудас гэх хаягтай 6 ширхэг бүртгэлийн дэвтрүүдийг хэргийн хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Хохирогч Ч.Н нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч нараас жичдээ нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Ж.О, М.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Х.Т-г энэ өдрөөс  цагдан хорьсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР