Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 207/МА2022/00064

 

 

2022.05.26 Баян-Өндөр сум

 

 

 

 

******* ББСБ-ын

нэхэмжлэлтэй, хариуцагч *******,

******* нарт холбогдох иргэний

хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2022/00473 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ББСБ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 3.066.086 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Адилбаярын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Адилбаяр, Н.Мөнхбат / цахимаар /, хариуцагч *******, *******, нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* ББСБ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, агуулга:

Орчлон Авто Финанс ББСБ нь иргэн *******, ******* нартай харилцан тохиролцож, 2019 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр ЗГ2019/01/017 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан 7.000.000 төгрөгийг сарын 2.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай эргэн төлөх нөхцөлтэй зээлийг олгосон. Барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор иргэн *******тэй Фидуцийн гэрээ байгуулж, 57-96 УБО улсын дугаартай Toyota Ractis суудлын автомашиныг 10,000,000 төгрөгөөр үнэлэн, автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авч, зээлдэгчид шаардлагатай мөнгийг зээлүүлсэн. Зээлдэгч ******* нь автомашиныг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхтэй байхаар тохиролцон, автомашиныг эзэмшилдээ авч явсан боловч хугацаандаа зээлийн төлбөр, хүүгээ огт төлөлгүйгээр гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Зээлдэгч *******ийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 99364281 дугаартай утас руу залгахад гар утас нь салгаатай байсан. 9 дүгээр сарын 18-нд 80978432 дугаартай утас руу ярихад ээж Цэндээхүү нь Хүүхдүүд Эрдэнэт байгаа, би очиж амжихгүй гэсэн, 9 дүгээр сарын 24-ний өдөр хамтран зээлдэгч *******тэй 88832483 дугаартай утас руу нь холбогдоход би групптэй, ажилгүй болчхоод төлж амжихгүй байгаа, 10 дугаар сарын 10, 15-нд хот орно тэгээд хүсэлт гаргаад группийн данс руу холбочих хүсэлтэй байгаа гэсэн боловч ирж уулзаагүй. 2019 оны 10 дугаар сарын 19-нд хамтран зээлдэгч *******гийн 88832483 дугаартай утас руу ярихад ирэх долоо хоногоос очиж уулзана. Хаан банкны данстай группэд байдаг данстай танай дансыг холбуулж шийдүүлэх санаатай байгаа, материалуудтайгаа танилцана гэсэн боловч ирээгүй. 2019 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хамтран зээлдэгч *******тэй холбогдоход Хүсэлтээ гаргаж байгаад эхний ээлжинд группийн мөнгөөрөө төлж эхэлнэ, очиж амжихгүй байна гэсэн. Мөн оны 11 дүгээр сарын 5-ны өдөр дахин хамтран эзэмшигч нь болох *******тэй холбогдоход Орхон аймагт байгаа, одоогоор очиж чадахгүй ээ, эхний ээлжинд хүсэлтээ гаргаж 300.000 төгрөг хийсэн байгаа цаашдаа сайн хийгээд явна аа гэж хэлсэн боловч энэ хугацаанд ямар нэгэн эргэн төлөлт хийгдээгүй. 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр зээлдэгч *******ийн хамтран зээлдэгч *******тэй холбогдож зээлийн эргэн төлөлтөө хийхийг сануулсан боловч группийн мөнгөөрөө хийхээс өөр илүү төлөлт хийж чадахгүй, өөр боломж байхгүй гэж эргэн төлөлтийг хийгээгүй болно. 2021 оны 2 дугаар сарын 25, 7 дугаарын 21-ны өдрүүдэд *******тэй дахин холбогдож гэрээний үүргээ биелүүлэх, ирж уулзахыг дахин анхааруулж, үүргээ биелүүлэхгүй байгаа тул фидуцийн гэрээний дагуу тээврийн хэрэгслийг өгөхийг шаардахад хурааж аваа ав, гэртээ байж байя, ирэхээрээ залгаж хэлээрэй гэсэн. Зээлдэгч нарт дээрх арга хэмжээг удаа дараа авсан боловч барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээл авсан өдрөөс биелүүлээгүй, зээлийн төлбөрийг огт төлөлгүй гэрээний үүргийг ноцтойгоор зөрчсөн тул 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гэрээнд заасан Орхон аймгийн Баян-Өндөр 7 дугаар баг Дэнж баруун Дэнж 1Б гудамж 13 тоот хаягаар очиход 4, 5 жил хүн оршин суугаагүй хоосон хашаа байсан. Асууж лавлахад зээлдэгч нар нь Орхон аймгийн Эрдэнэ баг 21а-ийн 6 тоотод оршин сууж байгаа нь тодорхой болсон тул фидуцийн гэрээний 4.1-т заасны дагуу 57-96 УБО Toyota Ractis автомашиныг акт үйлдэн авсан. Зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор уг автомашиныг Итгэл эстимэйт хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэхэд зах зээлийн ханшаар 6.000.000 төгрөгөөр худалдаалагдах боломжтой гэж тогтоосон. Зээлдэгч ******* нь 2019 оны 1 дүгээр сарын 21-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 27-ны хооронд 57-96 УБО дугаартай Toyota Ractis маркийн автомашиныг ашиглахдаа 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 335,000 /гурван зуун гучин таван мянга/ төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг зээлийн эргэн төлөлтөөр хийж гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн. Иймд зээлдэгч *******, ******* нарын төлөөгүй үндсэн зээл 6,268,467.29 /зургаан сая хоёр зуун жаран найман мянга дөрвөн зуун жаран долоон төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг, зээлийн хүү 3,212,771.88 /гурван сая хоёр зуун арван хоёр мянга долоон зуун далан нэгэн төгрөг наян найман мөнгө/ төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 19-өөс 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдрийг дуустал нэмэгдүүлсэн хүү 84.847.51 /наян дөрвөн мянга найман зуун дөчин долоон төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөг нийт 9.566.086.68 /есөн сая таван зуун жаран зургаан мянга наян зургаан төгрөг жаран найман мөнгө/ төгрөгөөс Фидуцийн гэрээний дагуу авсан автомашины худалдсан бодит үнэлгээ 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг хасч тооцон 3.566.086.68/ гурван сая таван зуун жаран зургаан мянга наян зургаан төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг гаргуулж, гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэжээ ...бид 57-96 УБО Toyota Ractis автомашиныг үнэлгээ хийлгэхэд 6.000.000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон.Гэхдээ 6.500.000 төгрөгөөр худалдан борлуулсан тул худалдсан үнээр буюу 6.500.000 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагыг 500.000 төгрөгөөр бууруулж, одоо хариуцагч нараас 3.066.086 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн тайлбар, татгалзал, түүний агуулга:

Миний бие ******* нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Toyota Ractik авто машины 3.000.000 төгрөгийг өөрөө гаргаж ******* ББСБ-иас 7.000.000 төгрөгийн зээл авч авч нийт 10.000.000 төгрөгөөр худалдан авсан байдаг. Зээл авснаас хойш 2.230.000 төгрөгийн зээл, зээлийн хүүний төлбөрт төлсөн. Нийтдээ энэ машинд 5.200.000 төгрөгийг төлсөн байхад зээл авснаас хойш төлбөр төлөөгүй мэт тайлбар гаргаж биднээс 9.566.000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Бид тус ББСБ-д дэлхий даяар үүссэн цар тахлын улмаас орлого буурсан гэдгээ удаа дараа мэдэгдэж зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг 2020 оны 10 дугаар сард бичгээр гаргаж хадам ээж болох Л.Нарантуяагаар хүргүүлэн өгсөн боловч шийдвэрлэхгүй явсаар 2021 оны 7 сарын 27-ны өдөр 8 203 592.82 төгрөгийг төлөөгүй учраас миний авто машиныг хураасан. Ингэхдээ манай компани нэр дээрх машин учраас манайх хурааж авах эрхтэй гэж тайлбарласан. Миний хувьд 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр машиныг хурааж авснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж ойлгож байна. Гэтэл 9.566.000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний машины өнөөгийн зах зээлийн үнэ 10.000.000 төгрөгөөс 10.500.000 төгрөгийн хооронд байхад хүчээр хураан авч явж миний зөвшөөрөлгүй дур мэдэн үнэлүүлж 6.000.000 төгрөгт тооцон зөрүү 3.566.086 төгрөгийг нэхэмжилж байгаа болон эдгээр үйлдлүүдийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжилж байгаа нийт үнийн дүн машин хурааж авч явснаас хойш 1 362.493 төгрөгөөр нэмэгдсэн байгааг зөвшөөрөхгүй байна. Миний бие машиндаа тухай бүр засвар үйлчилгээ хийж ирсэн бөгөөд машинаа өөрөө зах зээлийн үнэ ханшаар худалдан борлуулах нөхцөлийг надад олгоогүй, хүчээр хураан авч түүнээс хойш хүү нэмэгдүүлсэн байдлаар 4 сарын дараа нэхэмжилж болдог юм уу. Иргэн хүний хувьд энэ болоод байгаа үйлдлийг нийтэд хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Иймд дараах хүсэлтийг Орхон аймаг дахь сум дундын Иргэний маргааны анхан шатны шүүхэд гаргаж байна. Үүнд 1. Миний бие 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөр 8.203.592 төгрөгийг төлөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Машиныг хурааж авснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул түүнээс хойш тооцогдсон 1.362.493 төгрөгийн хүүг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Машины үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа учир өөрөө зарж борлуулах боломжит дүнгээр зээлээ төлөх боломжоор хангаж өгнө үү. Учир нь энэ байгууллага зөвхөн өөрийн эрх ашгийг хангуулах зах зээлийн үнээр зарахгүй гэдэг нь нэхэмжлэлд хавсаргасан баримтуудаар нотлогдож байна. Машиныг зарсны дараа төлбөр үлдвэл би өөрөө хариуцан төлнө. Гэхдээ машины зах зээлийн үнэ өндөр байхад бараг зөрүү мөнгө гарч бидний амьдралд тус нэмэр болохоор байгааг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 1.703.592 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.362.494 төгрөг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72.007 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* нараас 42.207 төгрөг гаргуулж ******* ББСБ-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Адилбаяр шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

...Талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй бөгөөд хариуцагчтай байгуулсан Барьцаат зээлийн болон Фидуцийн гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэрээний хугацаа дуусахаар 30 сарын хугацаатай байгуулсан. Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт 12-т Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын 1.362.494 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч талаас хариуцагч талыг үүргээ хугацаанд гүйцэтгүүлэх талаар байнга, давтамжтай шаардаж, энэ талаар тэмдэглэл хөтөлж байсан Хяналтын карт-ыг Шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн хариуцагч тал руу манай компаниас тогтмол утсаар залгаж, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсныг үгүйсгээгүй, мөн энэ шаардлагын хүрээнд өөрсдөө өргөдөл, хүсэлт хүртэл гаргаж өгч байсан нь хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа болно. Энэхүү үйлдлүүд нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т заасан үйлдэл хийсэн байхад Шүүх нэхэмжлэгч талыг ямар нэгэн үйлдэл хийгээгүй гэж үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч талаас хариуцагч талыг үүргээ гүйцэтгүүлэхээр арга хэмжээ авч байсан нь тодорхой байхад нэхэмжлэгч тал хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь заалтыг хэрэглэх боломжгүй тул тус хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасан мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах үр дагавар үүсэхгүй. Тус шийдвэрийн Үндэслэх хэсгийн 14-т Иймд 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр автомашиныг хураан авах өдөр зээлийн төлбөр 8.203.592 төгрөг байснаас автомашиныг худалдан борлуулсан үнэ 6.500.000 төгрөгийг хасч,... үлдэх 1.703.592 төгрөгийг хариуцагч ... нараас гаргуулж ******* ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,362,494 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэсэн нь: Шүүх талуудын байгуулсан хүчин төгөлдөр Барьцаат зээлийн гэрээ 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр дуусах байсан байтал хариуцагч талаас Фидуцийн гэрээний дагуу автомашиныг хураан авсан өдрөөр зээлдэгчийн зээлийн төлбөрийг тооцох үндэслэлгүй юм. Зээлдэгч нь зээлийн төлбөр төлөх графикт хугацаандаа төлбөрөө барагдуулаагүйгээс банкны зээлийн системээр зээлдэгчийн төлсөн 731.533 төгрөг нь үндсэн зээлээс хасагдаж, мөн төлсөн төлбөрийн 1.963.467 төгрөг нь зээлийн хүүнд бодогдоно. Иймд Барьцаат зээлийн гэрээ дуусах 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөр зээлдэгчийн нийт төлөх ёстой төлбөр 9.152.800.64 төгрөг болно. Гэвч зээлдэгч нь зээлийн төлбөрийг барагдуулаагүй, энэ талаар ямарваа үйлдэл хийгээгүй тул нэхэмжлэгч талаас гэрээний үүргийг хангуулахаар шүүхэд хандах хүртэл буюу 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хүү бодогдох бөгөөд нийт төлөх төлбөр нь 9.566.086.69 төгрөг болсон. Иймд тус шүүхийн шийдвэр нь нотлох баримтыг дутуу үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Орхон аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2022/00473 дугаар шийдвэрийн ...нэхэмжлэлийн шаардлагаас 1.362.494 төгрөг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Нэхэмжлэгч ******* ББСБ нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 3.566.086 төгрөг гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 500.000 төгрөгөөр бууруулсан ба хариуцагч *******, ******* нар ...8.203.592 төгрөгийг төлөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч байна. 1.362.493 төгрөгийн хүүг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна... гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

3. Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 223 дугаар зүйлийн 223.2., 224 дүгээр зүйлийн 224.2.3.-т заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 1.703.592 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.362.494 төгрөг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4. Зохигчдын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Барьцаат зээлийн гэрээ, Фидуцийн гэрээ байгуулагдсан ба талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

5. Барьцаат зээлийн гэрээний 3.1.4.-д Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээ цуцлагдсан өдрөөс эхлэн... нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, зээлийн үндсэн төлбөр, зээлдүүлэгчид учруулсан бусад хохирлыг барагдуулах гэж зааснаар хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй өөрөөр хэлбэл зээлийн төлбөрийг гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлөөгүй тул нэхэмжлэгч үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

6. Фидуцийн гэрээний 1.1.-д ...үүрэг хүлээгч нь ...Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн өмчлөлийн, энэхүү гэрээний 2.1.-д заасан хөдлөх эд хөрөнгийг ББСБ-ын өмчлөлд шилжүүлэх, үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд ББСБ уг эд хөрөнгийг түүний өмчлөлд буцаан шилжүүлнэ... гэж заасны дагуу ББСБ нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчийн Toyota Ractis маркийн, 57-96 УБО улсын дугаартай автомашиныг хариуцагч нараас хураан авч, худалдан борлуулж, хариуцагч нарын төлөх зээлийн төлбөрөөс 6.000.000 төгрөгийг хасч тооцсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр шинжээчийн гаргасан үнэлгээг үндэслэн машины үнийн зөрүү 500.000 төгрөгийг хасч нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан нь хууль болон гэрээ зөрчөөгүй байна.

7. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, автомашин хүлээлцсэн акт, хяналтын карт зэрэг нотлох баримтуудыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. ...нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2.-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй.

8. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл: Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлж буй Зээлийн тооцооны мэдээлэл-д хариуцагч *******ийн төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 6.268.467 төгрөг, зээлийн хүү 3.212.771 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84.847 төгрөг гэж тооцоолсон боловч уг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, үндсэн зээлийн үлдэгдлээс сар бүр тооцогдох зээлийн хүүг тооцоолсон баримт хэрэгт авагдаагүй байна. /хх-ийн 11 дүгээр тал/

8.1. Тухайлбал: Хариуцагч *******ийн 1109130111000026 дугаар дансны Зээлийн дансны хуулга /2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх/ гэх баримтанд орлого 3.920.408 төгрөг, зарлага 6.838.045 төгрөг гэж, Зээлийн хүүгийн тооцоолол /2019 оны 01 дүгээр сарын 21-нээс 2019 оны 11 дүгээр сарын 03 хүртэл хугацаанд/ гэх баримтанд үндсэн зээлийн үлдэгдэл 1.549.868 төгрөг, зээлийн төлөгдсөн 646.492 төгрөг, зээлийн хүүгийн төлөгдсөн нийт дүн 1.500.776 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 96.698 төгрөг, нэмэгдүүлсэн хүү төлөгдсөн 9.429 төгрөг, нийт тооцсон 3.060.075 төгрөг, нийт төлөгдсөн 2.060.000 төгрөг гэж, Зээлийн эргэн төлөлтийн мэдээ гэх баримтанд үндсэн хүү 436.563 төгрөг, нийт төлсөн 635.000 төгрөг гэж тус тус тооцоолсон байх тул нэхэмжлэгчээс нэхэмжилж буй зээлийн хүүгийн төлбөр 3.212.771 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84.847 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах боломжгүй юм. /хх-ийн 15-19 дүгээр тал/

9. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Автомашин хүлээлцсэн актанд ...зээлийн төлбөрийг 8.203.592 төгрөг, зээлийн хугацааг 513 хоног гэж тодорхойлсныг үндэслэж хариуцагч нарын нийт төлөх үндсэн зээл, зээлийн хүүг дээрх үнийн дүнгээр тооцож, хариуцагч нараас зээлийн төлбөрт 1.362.494 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл байхгүй байна.

10.Түүнчлэн хариуцагч нарын шүүхэд гаргасан ...2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 8.203.592 төгрөг төлөх ёстой байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...машиныг хурааж авснаас хойш тооцсон зээлийн хүү 1.362.493 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэх тайлбар, татгалзлалыг нэхэмжлэгч үгүйсгэж, няцааж чадаагүй байна.

11. Анхан шатны шүүх нотлох чиг үүргийг нэхэмжлэгч талд хүлээлгэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийн ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2022/00473 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Адилбаярын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Адилбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ