Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 191

 

Д.Б, Ж.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгч Д.Б, Ж.Э болон тэдний өмгөөлөгч Э.Ганбат, хохирогч Д.С болон түүний өмгөөлөгч Г.Тунгалаг, иргэний хариуцагчийн төлөөлөгч Х.Ц, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1005 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 121 дүгээр магадлалтай, Д.Б, Ж.Э нарт холбогдох 1805056391052 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1967 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эх барих эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмч ажилтай, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 55-23 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Жын Э,

2. Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эх барих эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмч ажилтай, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат 16 дугаар гудамжны 698 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, М овогт Дын Б.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх барих эмэгтэйчүүдийн тасгийн их эмч Д.Б, тус тасгийн эрхлэгч Ж.Э нар нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 54 минутад тус эмнэлгийн төрөх тасагт төрөхөөр ирсэн Д.Сыг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өглөөний 08 цаг 30 минутанд хүлээн авсан боловч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас Д.С нь цаашид ураг тээх, хүүхэд төрүүлэх чадваргүй болж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Э, Д.Б нарыг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ж.Э, Д.Б нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Д.С, иргэний нэхэмжлэгч Д.М нар нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Э, Д.Б нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Ганбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй.

Шүүх шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангалттай, эргэлзээгүй нотлогдоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруутай үйлдэл нь хэрхэн яаж тогтоогдож буйг, шалтгаант холбоог тогтоох зорилгоор анагаах ухааны нарийн мэргэжлийн буюу эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандарт, удирдамжийн ямар заалтыг хэрхэн зөрчсөн эсэхийг шалгаж тогтоох ёстой байсан боловч уг ажиллагааг дутуу хийсэн гэж үзэх үндэстэй. Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан эмнэлгийн мэргэжилтний үүрэгт “Оношилгоо, эмчилгээний стандарт, удирдамж, технологийг дагаж мөрдөнө” гэж заасан. Уг үүргээ биелүүлээгүй эсхүл дутуу биелүүлснийг “зохих ёсоор биелүүлээгүй” гэж үзнэ. Гэтэл тухайн эхийг төрүүлэхдээ хүчилтөрөгч дор ямар стандарт, удирдамж мөрдөгдөж байсан, уг стандарт удирдамжийн ямар заалтыг хэн, хэрхэн яаж зөрчсөн болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгоогүй, хэрэгт уг маргааны эрх зүйн актыг нотлох баримтаар ч хавсаргаагүй. Ийм нөхцөлд шүүх хэрэгт бодитой, хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байхад таамаглаж дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаар төрөх гэж байсан эх Д.Сд төрөлт эхлэх явцад ургийн хүй хэт богино байснаас умай базалж, агших явцад хүй татагдсанаар эхэс төвөөсөө ховхорч цус алдалт үүсгэсэн. Одоогоор анагаах ухаанд хүй богино эсэхийг урьдчилан оношлох боломжгүй бөгөөд дээрх эхэс татагдаж ховхрох, цус алдах үед л яаралтай тусламж үзүүлж нярай болон эхэс, хүй гарсны дараа богино байсныг оношилдог. Яг л ийм процесс явагдаж цус алдаж, умайн агшилт суларсан хүндрэл гарах үед эхийн амь насыг аврах, амь насны заалтаар умайг тайрч авч цус тогтоохоос өөр гарцаагүй байдал үүссэн тул умайг тайрч авсан нь нотлогдсон. Дээрх хүндрэл (эхэс ховхорч цус алдсан) гарсны дараах үйлдлийг шинжээчийн 729 дугаартай дүгнэлтээр буруу гэж дүгнээгүй. Эхэс богино хүйтэй байсан учир умай агших болгонд татагдаж эхэс ховхорсноос цус алдалт үүсч урагт цус болон хүчилтөрөгчийн дутагдал үүсч бүтсэн нь эмч нарын үйл ажиллагаатай холбоогүй төдийгүй ямар нэгэн стандарт, удирдамжийг зөрчөөгүй золгүй тохиолдол юм. Анагаах ухаанд эмч нараас шалтгаалахгүй, урьдчилан мэдэх, урьдчилан сэргийлэх боломжгүй өвчин эмгэгийн процесс нь оношилгоо, эмчилгээний үр дүнгүй төгсгөлд хүргэдэг олон тохиолдол байдаг. Үүнийг эмнэлгийн практик дахь золгүй тохиолдол гэж үздэг. Цус алдсаныг оношлоогүй, мэс засал яаралтай хийгээгүй бол эхийн амь нас ч хохирох эрсдэл үүсэх байсан. Учирч болох эрсдэлийг багасгаж амь насыг нь аварсан үйл баримт нотлогдсон. Ургийн зүрхний цохилтыг Д.Сд 6 удаа бичлэг хийж хянаж байсан нь төрөлтийн түүхэнд тэмдэглэгдэж нотлогдсон байхад шинжээчийн 729 дугаартай дүгнэлтийн 15 дахь хэсэгт “Төрөхөөс өмнө үеийн хяналт бүрэн хийж, ургийн бүтэлтийг эрт оношилсон бол хүндрэлээс сэргийлэх, ураг эндэхгүй байх боломжтой” гэж үндэслэлгүй дүгнэсэн байдаг. Эхэс хэзээ ховхорсныг шинжээч нар тогтоох боломжгүй гэж мэдүүлсэн атлаа эхэс ховхорсныг эрт оношлоогүй гэсэн нь шинжээчийн дүгнэлт бүрэн биш эргэлзээтэй гэдгийг нотолж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг зөрчсөн талаар 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ж.Э, Д.Б нарыг яллагдагчаар татаж өмгөөлөгч Э.Ганбатыг байлцуулан мэдүүлэг авч шууд хэргийн материалтай танилцуулах үед бид шинжээчийн 729 дугаартай дүгнэлттэй танилцсан. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр прокурор Т.Оюунжаргалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан эрхийн дагуу хүсэлт гаргасан. Хүсэлтэд оношилгоо, эмчилгээний ямар стандарт, удирдамжийн, ямар заалтыг зөрчсөн эсэхийг тогтоох, 729 дугаартай дүгнэлт эргэлзээтэй, үндэслэл муу тул Эрүүл мэндийн яамны Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд оролцсон дахин шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах талаар хүсэлт гаргасан. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийг зөрчиж уг хүсэлтийг шийдвэрлэсэн талаар хариу шийдвэр тайлбарыг өгөөгүй бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.14, 6.15 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргаж шүүх хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн боловч зөв дүгнэлт хийлгүй шүүгдэгчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан. Шүүх хуралдаанд оролцсон 729 дугаартай дүгнэлт гаргасан шинжээч эмч нар нь “Бидэнд ямар стандарт, удирдамж зөрчсөн талаар дүгнэлт гаргуулах асуулт тавиагүй. Эрүүл мэндийн яамны Эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн салбар зөвлөл стандарт, удирдамжийг мэднэ, тэд л боловсруулж мөрдүүлдэг гэж мэдүүлсэн.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, гэмт хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй байхад гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон мэт дүгнэлт хийж, хөөн хэлэлцэх хугацааны талаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Хөөн хэлэлцэх хугацааны талаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх асуудал нь гэм буруутай гэж шийдвэрлэсний дараа шийдвэрлэх асуудал байхад давж заалдах шатны шүүх өмгөөлөгчийн гомдлыг хэлэлцэхгүй орхисон нь уг шийдвэрийг үндэслэлгүй болохыг нотолно. Хэрэв гомдлыг хэлэлцээд, дүгнэлт хийгээд хүлээн авах боломжгүй гэж үзээд эрүүгийн хариуцлагын асуудлаар дүгнэлт хийх байсан. Гомдлыг хэлэлцэхгүй орхиод Эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт хийсэн нь гомдол гаргагчийн эрхийг ноцтой зөрчсөн асуудал гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, хэргийг прокурорт буцааж мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх боломж олгоно уу” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Тунгалаг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг зөв тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Магадлалыг хэвээр үлдээвэл шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчид гэм буруугийн асуудлаар маргах эрх нь нээлттэй үлдэнэ. Иймд магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжиж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна. Д.Б, Э.Э эмч нарын хяналтад ирэхээс өмнө хохирогч Д.Сд 5 удаагийн ургийн бичлэг хийгдсэн бөгөөд тэдний хяналтад ирснээс хойш огт хяналтгүй байсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, эмнэлгийн баримтуудаар нотлогдсон. Тийм учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгүйгээр анхан шатны шүүхээр хэлэлцэх бүрэн боломжтой. Иймд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн Д.Б, Ж.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх барих эмэгтэйчүүдийн тасгийн их эмч Д.Б, тасгийн эрхлэгч Ж.Э нар нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 54 минутад тус эмнэлгийн төрөх тасагт төрөхөөр ирсэн Д.Сыг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өглөөний 08 цаг 30 минутанд хүлээн авсан боловч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Д.С нь цаашид ураг тээх, хүүхэд төрүүлэх чадваргүй болж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ тухайн ажиллагаа нь бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлж байдаг тулгуур болсон үндсэн, суурь ухагдахуунд тулгуурлах ёстой. Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэг дэх нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж чадаагүй байна.

Тодруулбал, гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгч нарын үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс үнэлж тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд дахин шинжээч томилуулах, гэмтэл юунаас болж үүссэнийг тогтооход ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах ажиллагааг хийгээгүй, оролцогчийн гомдол хүсэлтийг шалгаж шийдвэрлээгүй зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байх тул хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзнэ.

Тухайлбал, эмч Ж.Э, Д.Б нар нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс болж Д.Сын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж шүүхүүд дүгнэсэн боловч тус эмч нар үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамж зэргээс чухам ямар заалтыг, хэрхэн яаж зөрчсөн эсэхийг шалгаж тогтоогоогүй, энэ талаар гаргасан шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, түүнчлэн анагаахын шинжлэх ухааны ерөнхий мэдлэгийн бус харин эх барих, нөхөн үржихүйн нарийвчилсан тусгай мэдлэгийн хүрээнд дахин шинжилгээ хийлгэх шаардлагыг хангаагүй, энэ талаар оролцогч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авалгүйгээр хэргийн нотолбол зохих байдал нотлогдсон гэж шүүхэд шилжүүлж, улмаар шүүх хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж чадаагүй байх тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэргийн нотолбол зохих байдлуудыг тогтоогоогүй үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байгаа тул шүүгдэгч нарын гэм бурууд энэ удаа эцэслэн дүгнэлт хийх боломжгүй болохыг үүгээр тэмдэглэж байна.

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан “...хэргийн нотолбол зохих байдал нотлогдоогүй, ...шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад оролцогч нараас гаргасан гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаалгах” тухай гомдлыг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1005 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 121 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

2. Шүүгдэгч Д.Б, Ж.Э нарын өмгөөлөгч Э.Ганбатын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН