Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00971

 

 

 

 

 

 

 

 

 

 

.......-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхороо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2022/00896 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч .......-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ......-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрчилгээг шилжүүлэхийг даалгаж өмчлөгчөөр тогтоолгох, хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ гудамж, 113-9 тоотод байрлах, 247 м.кв талбай бүхий амралтын зориулалттай хувийн орон сууцыг 350,000,000 төгрөгөөр худалдан авахаар худалдагч ......-той тохиролцож, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2-т 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 140,000,000 төгрөгт тооцож, Ланд ровер дисковери спорт /Land rover discovery sport/ автомашиныг хүлээлгэн өгөх, 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Төрийн банкны 312600169638 тоот дансанд 70,000,000 төгрөг гэж заасан ба бусад төлбөрийг төлбөрийн хуваарь гарган төлөхөөр тохиролцож, гэрээнд тусгасан. Мөн бидний хооронд байгуулагдсан 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний 3.4-т Үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгөх хугацаа 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэж заасан бөгөөд худалдагч ......- хувийн орон сууцны засварыг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төлөх 70,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэн, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Улмаар 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс Барилгын заслын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсан ба тус гэрээний хавсралтаар .......- миний худалдан авч буй хувийн сууцанд хийгдэх засварын ажлын тоо, хэмжээ, бараа материалын хэмжээг гаргаж, засварын ажлыг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр бүрэн дуусгахаар тохирсон. Өөрөөр хэлбэл, хувийн орон сууцны засварын ажлын зардал нь 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнд багтсан бөгөөд тус гэрээний 3.2-т заасан буюу 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төлөх 70,000,000 төгрөгийг бүхэлд нь засварын ажилд зарцуулахаар тохирсон. .......- миний бие 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүлээлгүйгээр зуны цагт хүүхдүүдээ салхинд гаргахаар яарч, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг ......-т шилжүүлсэн боловч тэрээр 10,000,000 төгрөгийг хувийн орон сууцны засварын ажилд зарцуулаагүй, гэвч би 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 9,500,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 53,000,000 төгрөгийг бараа, материал, ажлын хөлсөнд төлсөн. Гэтэл хариуцагч ......- гэрээгээр тохирсон хугацаанд хувийн орон сууцны засварын ажил гүйцэтгээгүй бөгөөд хувийн сууцыг гэрээнд заасан хугацаанд надад хүлээлгэн өгөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тооцоогоор 221,671,650 төгрөгийг төлсөн. ......-т энэ талаар олон удаа шаардлага тавьсан ба засварын ажлыг хийгээгүй бөгөөд өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүйгээр хохироож байна. Худалдагчийн зүгээс цаашид гэрээний үүргээ биелүүлэхгүй болох нь тодорхой тул миний бие худалдан авсан орон сууцны засварыг өөрийг хөрөнгөөр хийж, гарсан зардлыг гэрээний үнийн дүнгээс суутгах, мөн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авах зайлшгүй шаардлагатай боллоо. Мөн өмгөөллийн хөлсөнд 10,000,000 төгрөг төлж, энэ бүхнээс болж давхар хохирсон тул уг төлбөрийг ......-оос гаргуулах хүсэлтэй байна. Иймд дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхийг ......-т даалгаж, худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчсөний улмаас учруулсан хохирол 10,000,000 төгрөгийг хариуцагч ......-оос гаргуулах, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2.            Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3. Гуравдагч этгээд ......-ы бие даасан шаардлагын агуулга:

.......- болон ......- нарын хооронд байгуулагдсан 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөрийг 100 хувь ......- хүлээн авахаар тохиролцож, тус гэрээг байгуулсан. Гэтэл тус гэрээний талууд ......-ы оролцоогүйгээр, надад мэдэгдэхгүйгээр уг гэрээтэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх гэж байгаа нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар байна. Тус үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үнийг талууд 350,000,000 төгрөг гэж тохирсон ба үүнээс 140,000,000 төгрөгийг хөдлөх эд хөрөнгө буюу автомашинаар, үлдэх 210,000,000 төгрөгийг бэлэн бусаар Төрийн банк ХХК дахь ......-ы 312600169638 тоот дансанд /гэрээний 3.2-т заасан/ шилжүүлэхээр тохирсон. 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар ......- нь үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт 1 ширхэг автомашиныг 140,000,000 төгрөгөөр тооцон авсан. Мөн Төрийн банк ХХК-ийн дансаар 11,000,000 төгрөгийг дамжуулан авсан буюу 151,000,000 төгрөгийг авсан. Үлдэх 199,000,000 төгрөгийг нэхэмжлэгч .......-гаас гаргуулахаар шаардаж байна. Иймд .......-гаас 199,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний зүйл буюу 113-9 тоот үл хөдлөх эд хөрөнгийг ......- болон ......- нарын 100 хувь эзэмшдэг Ди Энд ТИ групп ХХК-ийн хооронд байгуулагдсан барилгын төсөл үргэлжлүүлэн дуусгах, барилга барих, хөрөнгө оруулах талаарх хамтран ажиллах гэрээний үндсэн дээр шилжсэн болно гэжээ.

 

4.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 245 дугаар зүйлийн 245.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч .......-д Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ гудамж, 113-9 тоотод байрлах, улсын бүртгэлийн Y-2204026629 дугаарт бүртгэлтэй, 247 метр квадрат талбай бүхий амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг хариуцагч ......-т даалгаж, худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчсөний улмаас учруулсан хохирол 10,000,000 /арван сая/ төгрөгийг хариуцагч ......-оос гаргуулж нэхэмжлэгч .......-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ гудамж, 113-9 тоотод байрлах, 247 м.кв талбай бүхий амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан .......-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг 199,000,000 төгрөг гаргуулах тухай бие даасан гуравдагч этгээд ......-ы шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч .......-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,152,900 /хоёр сая нэг зуун тавин хоёр мянга есөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ......- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч ......-оос 2,082,900 /хоёр сая наян хоёр мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .......-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хар усан тохой /13130/ гудамж, 113-9 тоот хаягт байрлах 247 м.кв амралтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Ү-2204026629/-ийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт авагдсан баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй тул дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Учир нь шүүх ... Харин худалдан авагч үнийг бүрэн төлөөгүй тул Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ гудамж, 113-9 тоотод байрлах 247 м.кв талбай бүхий амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв хэмээн дүгнэсэн. .......- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ гудамж, 113-9 тоот хаягт байрлах 247 м.кв амралтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг гаргасан. Хариуцагч ......- нь нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг гардан авч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбартаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гаргасан. Өөрөөр хэлбэл, ......-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Мөн хариуцагчийн зүгээс 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөр дутуу төлөгдсөн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд төлбөрийн үлдэгдлийн талаар анхан шатны шүүхэд ямар нэгэн сөрөг шаардлага гаргаагүй ба харин ч гэрээний үүргээ бүрэн биелүүлж дууссаны дараагаар төлбөрийн үлдэгдлээ нэхэмжлэгчээс авах нь зүйд нийцнэ хэмээн шүүх хуралдаанд тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар, тооцоо нийлсэн акт зэргийг үнэлэлгүйгээр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагатай маргаж мэтгэлцээгүй атал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шүүх хөндлөнгийн байх зарчимд нийцэхгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч талын зүгээс төлбөрийн хуваарийн дагуу төлөөгүй, төлбөр төлсөн, бараа нийлүүлсэн гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Энэ барилга өмчлөлийн хувьд маргаантай. Улсын бүртгэлийн байгууллагын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 7916 дугаартай мөн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 9083 дугаарт албан тоотууд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Тухайн барилгатай холбоотой өмчлөх эрхийн гэрчилгээ давхардуулан гарсантай холбоотойгоор цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Уг ажиллагааг тодруулахаар гуравдагч этгээдийн зүгээс хүсэлт гаргасан боловч хүлээж авахгүй шүүх хэргийг шийдвэрлэсэн. Дээрх шалтгааны улмаас нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоох боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

7. Гуравдагч этгээд ......-ы давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Д.Дайриймаа болон ......- нарын хооронд 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т гэрээний гол нөхцөлийг харилцан тохиролцсон бөгөөд Төлбөр төлөх нөхцөл, хугацаа 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 140,000,000 Land rover discoveru sort 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шинээр орж ирсэн гаалийн бичигтэй автомашиныг хүлээлгэн өгнө, 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Төрийн банк 312600169638 тоот дансанд 70,000,000 төгрөг... гэж зааснаар ......- миний бие гэрээний төлбөр болох 350,000,000 төгрөгийг хүлээн авахаар харилцан тохиролцсон. Тодруулбал, тухайн үед миний бие өвчтэй байсан тул маргаан бүхий барилгыг Г.Батзоригоор дамжуулан худалдаад, төлбөрийг нь авахаар хариуцагч ......-той хамтран ажиллах гэрээг байгуулж, барилгыг шилжүүлэн өгч, гэрээн дээр миний бие төлбөрийг хүлээн авахаар харилцан тохиролцсон.

Гэтэл анхан шатны шүүхээс энэхүү нөхцөл байдалд огт дүгнэлт хийсэнгүй. Шүүх ...маргаан бүхий орон сууцны эрхийн улсын бүртгэл давхардаж бүртгэгдсэн талаар холбогдох хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа талаар дурдсан боловч талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Y-2204026629 дугаарт давхардаж бүртгэгдсэн асуудлыг шалгаж байгаа, гэхдээ ......-ийн өмчлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгохгүй тул Д.Дайриймаад өмчлөх эрх шилжүүлэхэд асуудал гарахгүй хэмээн тайлбарласныг дурдах нь зүйтэй... гэжээ. Гэтэл улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 8/7916 дугаар , 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/9083 дугаар албан бичигт уг асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаатай холбогдуулан бүртгэлийг түдгэлзүүлсэн тул уг асуудлыг шийдвэрлэгдтэл шинээр бүртгэл хөдөлгөөн хийхгүй гэдгийг тодорхой мэдэгдсэн. Түүнчлэн, ......- нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгөх боломжгүй талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа мөн л тодорхой дурдсан. Гэвч анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80.1.4-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нөхцөл байдал үүссэн болон хэргийг хянан шийдвэрлэсэн ч шүүхийн шийдвэр биелэх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг үл харгалзан хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй шийдвэр гаргахад нөлөөлжээ. Үүнийг мөн тодруулахаар тухайн үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж авахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх ...140,000,000 төгрөгийн үнэ бүхий Land rover discovery sport маркийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсад орж ирсэн суудлын автомашиныг ......-т шилжүүлсэн, үлдэх 81,671,650 төгрөгийг .......-гаас ......-т бэлнээр болон бараа материалын үнэ, ажлын хөлсөнд төлсөн тухай тооцоо нийлсэн актыг ирүүлсэн, гэрээний үлдэгдэл төлбөр 128,328,350 төгрөг болох талаар талууд маргаагүй... гэжээ. Гэтэл энэ талаар талууд маргаантай, гуравдагч этгээдээс тайлбар гаргаж, гуравдагч этгээдээс бие даасан шаардлага гаргасан байхад маргаангүй мэтээр дүгнэж, шийдвэрээ гаргаж байгаа нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн орон сууцны засварын ажилд зарцуулсан гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхад үнэлэлт дүгнэлт өгсөн. Нөгөө талаас хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харвал ......-д гэрээний төлбөрт 140,000,000 төгрөгт тооцон дээрх автомашиныг 11,000,000 төгрөгийн хамт шилжүүлэн өгснөөс өөр төлбөр хүлээн аваагүй.

Маргаан бүхий барилгыг худалдан борлуулснаас бий болсон орлогыг хүлээн авах этгээд ......- биш болох нь гэрээний 3.2 дахь заалт, ......- болон ......- нарын байгуулсан Хамтран ажиллах гэрээ-нээс тодорхой харагдаж байгаа бөгөөд ......-т ашиггүй тул иргэн Д.Дайриймаатай тооцоо нийлсэн мэтээр баримт үйлдэж байгааг шүүх анхаараагүй. Түүнчлэн, гуравдагч этгээд ......- .......-гаас нийт 199,000,000 төгрөг гаргуулахаар бие даасан шаардлага гаргаж шүүх хүлээн авсан. Үүний дагуу тус хэрэгт 199,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд ......- нь хариуцагч болсон. Тиймээс ......- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу .......-гийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоолгохоор хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс уг хүсэлтийг нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид хандан гаргах боломжтой бөгөөд ......-ыг нэхэмжлэгч биш гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, .......-гаас 199,000,000 төгрөгийг гаргуулж ......-д олгож өгнө үү гэжээ.

 

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч ......-той гэрээ байгуулсан болохоос биш ......-тай байгуулаагүй тул гэрээний оролцогч биш. Улсын бүртгэлийн гэрчилгээний үндсэн өмчлөгч нь ......- байгаа. ......-, ......- хоёрын хооронд хийсэн гэрээ хэрэгт байхгүй. ......-, ......-той нийлээд засварын ажлыг 70,000,000 төгрөгөөр хийлгэх тухай гэрээ байсан. Энэ гэрээний дагуу тодорхой хэмжээний мөнгө ......-ы дансанд орсон. Төлбөрийн үлдэгдэл мөнгийг ......- шаардах эрхгүй. Анхан шатны шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлоор хянаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч .......- нь хариуцагч ......-т холбогдуулан Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой хэсэг гудамж, 113-9 тоотод байрлах, 247 м.кв талбай бүхий амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгаж өмчлөгчөөр тогтоолгох, худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд ......- нэхэмжлэгч .......-гаас 199,000,000 төгрөг гаргуулах бие даасан шаардлага гаргасан байна. (хх-56-57)

3.Зохигчдын хооронд 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээний зүйл болох Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой (13130) гудамж, 113-9 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ......- бүртгэгдсэн баримт хэрэгт авагджээ. (хх-ийн 186)

 

Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 3-1/4818, 2020 оны 8/9083, 2020 оны 8/7916 тоот албан бичгүүд хэрэгт авагдсан ба эдгээр албан бичигт маргааны зүйл болж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026629, Ү-2204093857 дугаарт тус тус давхардуулж бүртгэсэн нь хяналт шалгалтаар тогтоогдсон, улсын бүртгэлийн Ү-2204026629 дугаартай бүртгэлийг сэргээх үндэслэлгүй, түдгэлзүүлж шийдвэрлэсэн талаар тусгагджээ. (хх-ийн 40-42)

 

4.Анхан шатны шүүх дээрх байдлаар маргааны зүйлийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг давхардуулж бүртгэсэн, улмаар бүртгэлийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн байхад энэ талаар тодруулаагүй, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарын гаргасан Улсын бүртгэлийн газраас тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой дэлгэрэнгүй лавлагааг гаргуулах тухай хүсэлт нь хэрэгт ач холбогдолтой байхад шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШЗ2022/05296 дугаар захирамжаар хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Энэ талаар гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой (13130) гудамж, 113-9 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026629, Ү-2204093857 дугаартай бүртгэлүүдийн аль нь хүчин төгөлдөр болох, тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой өөр этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал зэргийг тодруулахгүйгээр талуудын хооронд үүссэн худалдах, худалдах авах гэрээний шаардах эрхийн талаар болон өмчлөх эрхийн маргааны талаар эрх зүйн дүгнэлт өгч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх учиртай. Энэ хэрэгт гуравдагч этгээд шаардлага гарган оролцсон, тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой өөр этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай тул ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, шүүх хөндлөнгийн байх зарчимд нийцээгүй ... гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Иймд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй үндэслэлд, мөн хуулийн 168.1.7-д зааснаар мөн хуулийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн үндэслэлд тус тус хамаарч байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгож, гуравдагч этгээд ......- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2022/00896 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, гуравдагч этгээд ......- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Н.БАТЗОРИГ