Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01047

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

........-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2022/00564 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ........-ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч .....- ХХК, ........ нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 263,044,800 төгрөг, алданги 131,522,400 төгрөг, нийт 394,567,200 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч ..........-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямба-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Манай компани нь .....- ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 108/2019/.....-/01 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд 445,168,000 төгрөгийн үнэ бүхий 232,560 литр дизель түлш худалдан авсан. Худалдсан дизель түлшний төлбөрөөс 182,123,200 төгрөгийг төлж, 263,044,800 төгрөгийг төлөөгүй. Гэрээний дугаар зүйлийн 5.2.1-т Худалдан авагч нь гэрээний салшгүй хэсэг болох хавсралтуудад заасан барааны төлбөрийг худалдагчийг бараа нийлүүлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор бүрэн буюу 100 хувь төлж барагдуулна гэж, мөн гэрээний 5.2.2-т Худалдан авагч гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлнө гэж заасан.

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож ........ нь Зуун найман-Ойл ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр, 2019 оы 07 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. .....- ХХК нь гэрээний дагуу нийлүүлсэн дизель түлшний төлбөр 263,044,800 төгрөгийг төлөхгүй 513-525 хоногоор хугацаа хэтрүүлсэн тул гэрээний 5.2.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг үлдэгдэл төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож 131,522,400 төгрөг, нийт 394,567,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

..........-ийн өмч болох Улсын бүртгэлийн 000668760 дугаар бүхий гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206058428 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол /17130/, 818 дугаар байр, 5 тоот хаягт байршилтай 81,28 м.кв талбай бүхий 75 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцны зориулалттай ул хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн 000709018 дугаар бүхий гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206058430 дугаарт бүртгэгдсэн мөн хаягт байршилтай, 81 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн 000668764 дугаар бүхий гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206058432 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо,28 дугаар хороолол /17130/, 818 -р байр, 3 тоот хаягт м.кв талбай бүхий 75 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн 000668763 дугаар бүхий гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206058431 дугаарт бүртгэгдсэн мөн хаягт байршилтай, 81 м.кв талбай бүхий 75 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч .....- ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

........-ХХК-тай .....- ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээний үүргийн гүйцэтгэлд ..........-ийн өмчлөлийн 4 үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Эдгээр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ болон барьцааны гэрээний тухайд маргахгүй. Үндсэн төлбөрийн дүнгийн талаар маргаан, тооцооллын зөрүүгүй. Манай компани 182,123,200 төгрөгийг төлсөн. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр талууд тооцоо нийлсэн. Тооцоо нийлэхэд 263,044,800 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй. Манай зүгээс алдангийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд дурдсанаар 525 хоногоор хугацаа хэтрүүлээгүй. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлснээс хойш, 365 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Бизнесийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан цаг хугацаанд хамааруулж алданги тооцож байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2-т зааснаар алдангийн хэмжээ нь 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр гэж байхад хуульд заасан хамгийн дээд хэмжээгээр тогтоосон. Монгол Улсын Их Хурал 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль баталсан. Өөрөөр хэлбэл, гамшгийн үед түрээсийн төлбөрийг нэмэх, бараа үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, холбогдох гэрээний нэмэлт хариуцлага тооцохгүй байхын аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгосон. Иймд алданги 131,522,400 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч ..........-ийн тайлбар, татгалзлын агуулга:

........-ХХК нь .....- ХХК-тай байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 263,044,800 төгрөг, алданги 131,522,400 төгрөг, нийт 394,567,200 төгрөгийг .....- ХХК-аас гаргуулж үүргийн гүйцэтгэлийг,

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, дугаар хороолол /17130/, 818 дугаар байр, 5 тоот хаягт байршилтай ..........-ийн өмчлөлийн 81,28 м.кв талбай бүхий 75 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцны зориулалттай ул хөдлөх эд хөрөнгө,

Улсын бүртгэлийн 000709018 дугаар бүхий гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206058430 дугаарт бүртгэгдсэн мөн хаягт байршилтай, 81 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Улсын бүртгэлийн 000668764 дугаар бүхий гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206058432 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол /17130/, 818 дугаар байр, 3 тоот хаягт м.кв талбай бүхий 75 хувийн гүйцэтгэлтэй Амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Улсын бүртгэлийн 000668763 дугаар бүхий гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206058431 дугаарт бүртгэгдсэн мөн хаягт байршилтай, 81 м.кв талбай бүхий 75 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулахыг хүссэн. Дээрх 4 үл хөдлөх хөрөнгөөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад үнийн дүнгийн хувьд нийцэхгүй байна. Тухайн үл хөдлөх хөрөнгүүд нь тодорхой тогтсон үнэтэйгээс гадна эрүүл цэвэр агаартай, дэд бүтэц сайтар шийдэгдсэн орчинд байрлалтай, олон талын давуу тал, сайн чанарын материал, шинэлэг загвараар бүтэж, зах зээлийн ханш нь нэхэмжлэлийн үнээс давсан үнэтэй. Иймд барьцааны үл хөдлөх хөрөнгийг бүхлээр нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч .....- ХХК-аас 328,806,000 төгрөгийг гаргуулж, ........-ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 65,761,200 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч .....- ХХК сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хамтран хариуцагч ..........-ийн өмчлөлийн барьцаа хөрөнгө болох;

-Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206058428 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол /17130/, 818-р байр, 5 тоот хаягт байршилтай 81,28 м.кв талбай бүхий 75 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцны зориулалттай ул хөдлөх эд хөрөнгө,

- Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206058430 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28дугаар хороолол /17130/,818 дугаар байр, 3 тоот хаягт байршилтай 81 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206058431 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол /17130/ 818 дугаар байр, 4 тоот хаягт байршилтай, 81 м.кв талбай бүхий 75 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206058432 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол /17130/ 818 дугаар байр 3 тоот хаягт байршилтай 8 м.кв талбай бүхий 75 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцны зориулалттай үл хөрөнгүүдийгхудалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэгч ........-ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,200,986 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч .....- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,801,980 төгрөг, ........эс 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ........-ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч ..........-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг зөв дүгнээгүй, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарласан. Үүрэг гүйцэтгэгч буюу .....- ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой, гэрээний үүргийн зөрчлийг шүүхээр шийдвэрлэсний үндсэн дээр ипотекийн зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу худалдах зохицуулалт юм. Гэтэл гэрээний үүргийн барьцаанд буй хөрөнгийн өмчлөгчөөс гэрээний үүрэг шаардсан мэтээр хуулийг буруу тайлбарлаж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь буруу. Учир нь ........ .....- ХХК-ийн өмнө үүрэг хүлээгээгүй. ........-ХХК болон .....- ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний барьцааны өөрийн өмчлөлийн 4 ширхэг үл хөдлөх хөрөнгийн тодорхой хугацаанд барьцаанд байршуулах .....- ХХК-д итгэмжлэлээр өгсөн болохоос тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхийг өгөөгүй юм. Гэтэл шүүх нотлох баримтын хүрээнд бус нэхэмжлэгч талын тайлбарт хөтлөгдөж Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарласан.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Шүүх хуралдаанд хариуцагч ..........-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээч томилуулж 4 ширхэг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзсан үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад ..........-ийн 3 ширхэг үл хөдлөх хөрөнгө үнийн хувьд хангалттай хүрэлцэх юм. Гэтэл шүүх шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй атлаа 4 ширхэг үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь алдаатай болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж заасан. Барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэлээр хангуулах шаардлагын хувьд ........ хамтран хариуцагчаар оролцсон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн магадлалд ..........-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай гэж дүгнэсэн. Барьцаа хөрөнгийн үнэ нь нэхэмжлэлийн шаардлагаас илүү тул үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хангаагүй гэх гомдол үндэслэлгүй. Барьцаа хөрөнгийн үнэ нэхэмжлэлийн шаардлагаас илүү бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн дагуу албан дуудлага худалдаанд оруулж, зарж, борлуулаад барьцаа нэхэмжлэлийн үнийн дүнгээс хэтэрсэн тохиолдолд илүү гарсан хувийг өмчлөгчид буцааж өгөх зохицуулалттай. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч ..........-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар

1.а. Нэхэмжлэгч ........-ХХК нь хариуцагч .....- ХХК-д холбогдуулан дизель түлшний үнэ болон алданги нийт 394,567,200 төгрөг гаргуулах, хариуцагч ........д холбогдуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч .....- ХХК нь ...үндсэн төлбөр 263,044,800 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй, алданги 131,522,400 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй... гэж, хариуцагч ........ барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

 

1.б. Зохигчдын хооронд 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 108/2019/.....-/01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, энэ гэрээгээр худалдагч ........-ХХК нь худалдан авагч .....- ХХК-д газрын тосны бүтээгдэхүүн болох өвлийн болон зуны дизель түлш нийлүүлэх, худалдан авагч нь нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг төлөхөөр тохиролцсон байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Нэхэмжлэгч ........-ХХК нь худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч .....- ХХК-д 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 232,560 литр буюу 445,168,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг нийлүүлснээс хариуцагч 182,123,200 төгрөгийг төлж, үлдэгдэл 263,044,800 төгрөг төлөөгүй болох нь тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогджээ. (1хх-ийн 31-34)

 

Иймд нэхэмжлэгч ........-ХХК нь хариуцагч .....- ХХК-аас газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 263,044,800 төгрөг төлөхийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй тул анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Хариуцагч нь үндсэн төлбөр 263,044,800 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй, шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт талууд гомдол гаргаагүй байна.

 

1.в. Талууд гэрээний 5.2.2-т Худалдан авагч гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн тул нэхэмжлэгч ........-ХХК нь хариуцагч .....- ХХК-аас алданги гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч ........-ХХК нь хариуцагч .....- ХХК-аас алданги 131,522,400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар багасгаж 65,761,200 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хариуцагч алданги гаргуулсан шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

1.г. Талууд газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ..........-ийн өмчлөлийн дөрвөн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. Үүнд:

1. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол /17130/, 818 дугаар байр, 5 тоот хаягт байршилтай 81,28 м.кв талбай бүхий 75 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууц,

2. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол /17130/, 818 дугаар байр, 3 тоот хаягт байршилтай 81 м.кв талбайтай амины орон сууц,

3. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол /17130/ 818 дугаар байр, 4 тоот хаягт байршилтай, 81 м.кв талбай бүхий 75 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууц,

4. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол /17130/ 818 дугаар байр 3 тоот хаягт байршилтай 81 м.кв талбай бүхий 75 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцыг барьцаалжээ.

 

Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна. Тиймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

1.д. Хариуцагч ..........-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын талаар.

Хариуцагч ..........-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоолгох... хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2022/02505 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгахгүй үндэслэлгүй. Учир нь шинжээчээр барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоолгох нь талуудын хооронд үүссэн газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч ..........-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2022/00564 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ..........-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Н.БАТЗОРИГ