Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2018/0489

 

Д.Е-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 110/ШШ2018/0052 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Е-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 110/ШШ2018/0052 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 19 дүгээр зүйлийн 19.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 100 дугаар зүйлийн 100.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Д.Е-ийг соёл урлагийн бодлого хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх нөхөн олговор 2.253.254 /хоёр сая хоёр зуун тавин гурван мянга хоёр зуун тавин дөрөв/ төгрөгийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг, даатгалын дэвтэрт бичилт хийхийг тус тус ажил олгогчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн захиргааны хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс тасалбар болгон төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан явдал нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Ажил олгогчоос 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “мэргэжилтэн Д.Е-т сануулах арга хэмжээ ногдуулах тухай” Б\05 тоот тушаалаар сануулах, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “Д.Е-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б\10 тоот тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг тус тус хүлээн зөвшөөрч байсан юм. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. захирах, захирагдах ёс, 4.2.3. ард түмэнд үйлчлэх, 12 дугаар зүйлийн 12.1 Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол улсын иргэн төрийн жинхэнэ албанд орохдоо “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ", 13 дугаар зүйлийн 13.1.4. харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүргээ тус тус зөрчсөн тул Д.Е-ийг үүрэгт ажлаас чөлөөлөх нөхцөл байдал үүссэн явдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна. Нэхэмжпэгч Д.Е нь 2017 оны үр дүнгийн гэрээнд заасан тусгай ажпын үйлчилгээг огт гүйцэтгээгүй учраас “F” үнэлгээ авахаас өөр арга зам байгаагүй, тэрээр өөрөө ч ажил хийгээгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. 2017 оны үр дүнгийн гэрээг хуульд заасан хугацаанд дүгнэх талаар менежерээс биечлэн болон байгууллагын удирдах зөвлөлийн хурлаар түүнд удаа дараа тавьсан шаардлагыг биелүүлээгүй байдал, тэрээр ямар нэгэн бичиг баримтанд гарын үсэг зурахаас удаа дараа эрс татгалзсан байдал, байгууллагын хүний нөөцөд байгаа Хувийн хэргийн материалыг дур мэдэн аваад явсан байдал зэрэг нь шүүхээс хийсэн дээрхи дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болохыг нотлож байна. ажил олгогчоос нэхэмжлэгч Д.Е-д сахилгын шийтгэл ногдуулах нэг хууль зүйн үндэслэл нь 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулахаас татгалзсан явдал байсан ба энэхүү үйл баримтыг анхан шатны шүүх зөв үнэлэн дүгнэлт хийсэн мөртлөө нэхэмжпэгчийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн зарчмыг ноцтой зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Д.Е нь “Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Соёл, урлагийн бодлого хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлүүлж, даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ.  

          Тодруулбал,

          Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа “2017 онд хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж, удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй, ажил олгогчийн тавьсан хуульд нийцсэн шаардлагыг удаа дараа биелүүлээгүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, гүйцэтгэсэн ажил нь чанаргүй, хугацаат ажлыг заасан хугацаанд удирдлагад тайлагнаагүй, 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтээр “F” үнэлгээ авсан, 2018 оны үр дүнгийн гэрээг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр байгуулаагүй татгалзсан, урьд нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн талаар 2 удаа сахилгын арга хэмжээ тооцуулсан” гэх зөрчилд буруутгаж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт зааснаар “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл ногдуулжээ.

          Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн”, 23.1.2-т “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” гэж заасныг төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах үндэслэл гэж, 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж заасныг төрийн албан хаагчийг төрийн албанаас халах үндэслэл гэж, 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.1.3 “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж заасныг төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл, шийтгэлийн төрлийг тодорхойлон заасан зохицуулалт гэж ойлгоно.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Д.Е-д Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар “хариуцсан ажилдаа хайхрамжгүй хандаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй, удаа дараа ажлын шаардлага тавьсан боловч хийсэн ажил нь шаардлага хангахгүй, түүнийг давтан үйлдсэн” гэх зөрчилд “сануулах” шийтгэл, мөн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, түүнийг давтан үйлдсэн, байгууллагын захиргаанд танилцуулалгүй дур мэдэн төлбөртэй тоглолтын билет хэвлүүлэн, зар тарааж, байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх ажил зохион байгуулсан” гэх зөрчилд “1 сарын цалинг 20 хувиар бууруулах” шийтгэл тус тус ногдуулж байсан, тэрээр 2017 оны 03 дугаар сарын 06-ны Б/11 дүгээр тушаалаар жирэмсний болон амаржсаны амралт авч, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар мөн өдрөөс ээлжийн амралтаа эдлэж, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс ажилдаа орсон үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч нь Д.Е-ийг “эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, гүйцэтгэсэн ажил нь чанаргүй, хугацаат ажлыг заасан хугацаанд удирдлагад тайлагнаагүй” зөрчил гаргасан гэж үзвэл Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг сонгон хэрэглэх боломжтой байсан бөгөөд харин хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан сахилгын шийтгэл хүлээлгэж байгаа тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн байхыг, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ огт хэрэгжүүлээгүй, гүйцэтгээгүй байхыг шаардах ба уг зөрчил нь нэхэмжлэгчийн ажилдаа орсон 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс ажлаас халагдсан 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд гарсан, баримтаар нотлогдсон, бодит нөхцөл байдал тогтоогдсон байх ёстой.

Гэтэл дээрх хугацаанд Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, ямар үүрэг даалгавар биелэгдээгүй нь ойлгомжгүй байх ба урьд 2 удаа сахилгын шийтгэл хүлээлгэсэн үндэслэлтэй адил байх тул нэг төрлийн зөрчилд давхардуулан сахилгын шийтгэл хүлээлгэсэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч Д.Е-ийн 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлт “F” үнэлэгдсэн эсэх нь тодорхойгүй, гэрээний биелэлтийг дүгнэсэн илтгэх хуудас хувийн хэрэгт нь байхгүй тул “F” буюу хангалтгүй үнэлэгдсэн гэж үзэх боломжгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх ба нэхэмжлэгч нь 2017 онд жирэмсэний болоод амаржсаны амралтаа эдлээд ойролцоогоор 6 сар гаруй хугацаанд ажилласан нөхцөл байдлыг харгалзалгүйгээр үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, ажил хийгээгүй тул “F” үнэлсэн гэх хариуцагчийн тайлбар нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, тэгш байдлын зарчимтай зөрчилдөхөөр байна.

Харин мараан бүхий актад дурдагдсан “2018 оны үр дүнгийн гэрээг хуульд заасан хугацаанд байгуулаагүй” гэсэн нь нотлогдсон, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 2 дугаар хэсгийн 2.1-т “Төрийн жинхэнэ албан хаагч нь ...дараа оны гэрээний төслийг чанартай боловсруулж, танилцуулах үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байвч уг журмын 8.1-д заасан гомдол, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй тул тухайн зөрчил нотлогдсон гэж үзэх боломжгүй юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Е-ийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацааг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/05 дугаар тушаалаас хойш тооцсон нь буруу бөгөөд сүүлд шийтгэл хүлээсэн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс тооцоход түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байна.

Гэвч түүнийг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл сахилгын зөрчил гаргасанд тооцох боломжгүй тул Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар нэхэмжлэгчид “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчсөн гэж үзэх ба шүүх энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэсэн зохицуулалтыг хэрэглэсэн нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Иймд анхан шатны  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 110/ШШ2018/0052 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.                          

                            

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

                        ШҮҮГЧ                                                               Ц.САЙХАНТУЯА

                        ШҮҮГЧ                                                               О.НОМУУЛИН