Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01049

 

 

 

 

 

 

 

 

 

.......-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/00928 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч .......-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ....., ...... нарт холбогдох гэм хорын хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамба, түүний өмгөөлөгч Д.Болормаа, хариуцагч нарын өмгөөлөгч О.Цолмон, хариуцагч ...., хариуцагч ..........ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Заяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

...., .......... нар Креатив монгол солюшн групп ХХК-д удахгүй хөрөнгө оруулалт орж ирнэ гэж 50,000,000 төгрөгийг зээлсэн боловч эргэн төлөөгүй. Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2015 онд гомдол гаргасан боловч Хан-Уул дүүргийн Прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1429 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хаасан. Уг тогтоолд залилан авч, гэм хор учруулсан болох нь тогтоогдсон. Иймд хариуцагч нараас 50,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ....ийн тайлбар, татгалзлын агуулга:

Креатив монгол солюшн групп ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Жаргалсайхан нь .......-аас компанидаа мөнгө зээлэхээр тохиролцож, тухайн үед компанийн данс битүүмжлэлтэй байсан тул миний дансаар хүлээн авсан. Компанийн зүгээс .......-аас зээлсэн 50,000,000 төгрөг нь миний эзэмшлийн дансанд орсон. Уг мөнгийг компанийн ажилчдын цалин, барилгын гүйцэтгэлийн төлбөрт шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг бэлнээр буюу компанийн касс руу зарцуулалт бүрээр татан авсан. Миний бие уг мөнгөн хөрөнгийг зээлж аваагүй тул зээлийн төлбөрийг хариуцахгүй гэжээ.

 

3. Хариуцагч ..........ын тайлбар, татгалзлын агуулга:

.......-аас мөнгөн хөрөнгө зээлж аваагүй. Креатив монгол солюшн групп ХХК болон .......- нарын хоорондын асуудлаас болж хуулийн байгууллагад удаа дараа шалгагдаж байна. Уг хэргийн хариуцагч биш гэжээ.

 

4. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: .......- нь хариуцагч нарт итгэж 50,000,000 төгрөгөө өгч хохирсон байна. Авсан бол өгөх ёстой гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ....ээс 43,200,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч .......-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ..........т холбогдох хэсэг болон 6,800,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ....ээс улсын тэмдэгтийн хураамжид 373,950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх ...компанийг төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэж зааснаар компанийг төлөөлөх эрх бүхий этгээдээс хэлцлийг хүлээн зөвшөөрсөн болохыг хариуцагч нотлоогүй тул 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Креатив монгол солюшн групп ХХК-ийг төлөөлж, .......-аас 50,000,000 төгрөг зээлсэн ....ийн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Шүүх .......- болон Креатив монгол солюшн групп ХХК-ийн хооронд 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан болохыг зөв тодорхойлсон хэдий ч ....ийг төлөөлөх эрхгүй этгээд гэж, мөн түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан этгээд гэж тус тус дүгнэж улмаар зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг ....ээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч болон компанийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, тухайн зээлийн гэрээг компанийн ТУЗ-ийн дарга Б.Жаргалсайхан болон нэхэмжлэгч нар харилцан тохиролцож байгуулсан нь нотлогдоно. .... нь Креатив монгол солюшн групп ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Жаргалсайханы зөвшөөрлөөр нэхэмжлэгчээс 50,000,000 төгрөгийг өөрийн дансаар зөвхөн хүлээн авсан болохоос гэрээ байгуулсан этгээд биш юм. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч ....ийг компанийг төлөөлж гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч ....ийг хариуцсан ажил үүрэгтэй нь холбогдуулж түүнийг компанийг төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг өгч эрүүгийн журмаар авсан мэдүүлгээр нотлогддог ба .... нь компанийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээд болох нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчээс зээлсэн 50,000,000 төгрөгийг компани бүрэн авч ашигласан нь хариуцагч компанийн шударгаар төлөөлсөн болохыг илэрхийлж байна.

.......- нь Креатив монгол солюшн групп ХХК-ийн хамаарал бүхий компани болох нь тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, ийнхүү ажиллаж байхдаа компанийн бүхий л удирдлага, төлөөлөх эрхтэй этгээд хэн болох зэргийг мэдэж байсан нь нотлогдоно. Өөрөөр хэлбэл, .......- нь .... Креатив монгол солюшн групп ХХК-ийг төлөөлөх эрхгүй бөгөөд түүнтэй хэлцэл хийснээ мэдэж байсан тул 50,000,000 төгрөгийн гэрээнээс үүсэх үр дагаврыг хариуцах үүрэггүй. Харин компани нь нэхэмжлэгчээс авсан зээлээ бүрэн төлж барагдуулах үүрэгтэй. .......- нь Креатив монгол солюшн групп ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Сүхбатын авга дүү бөгөөд тэрээр авга ахынхаа хувьцаа эзэмшдэг компанид 50,000,000 төгрөг зээлж, тухайн зээлсэн мөнгөнийн дийлэнх хэсгийг А.Сүхбатын рестораны барилгын ажилд зарцуулж, үлдэх мөнгийг өөрийн болон хамаарал бүхий компанийн цалин хөлсөнд олгож зарцуулсан. .... нь Креатив монгол солюшн групп ХХК-д нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байсны хувьд л компанийн данс битүүмжлэгдсэн байсан учир ТУЗ-ийн даргын зөвшөөрлөөр өөрийн дансанд мөнгийг авсан.

Анхан шатны шүүх хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. .......-ын гаргасан нэхэмжлэл нь гэрээний үүргийн гүйцэтгэлтэй хамааралтай бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгч дангаар хянан шийдвэрлэх маргаанд хамаарна. Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан маргаан нь дангаар шийдвэрлэх маргаан юм. Гэтэл анхан шатны шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн хууль бус бүрэлдэхүүнээс шийдвэрлэсэнд хамаарна.

Мөн хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байсан этгээд болох Б.Анарыг гэрчээр асуулгах, үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хариуцагчийн эрхийг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Хэргийн материалд зээлийн гэрээ байгуулагдсан талаар баримт байхгүй. Гэм хорын хохиролд 50,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Прокурорын тогтоолоор 50,000,000 төгрөг залилсан нь тогтоогдсон. .... 50,000,000 төгрөгийг аваагүй, компаниас шаардах эрхтэй гэх боловч нэхэмжлэгч уг мөнгийг хүү ..........ын компанийн үйл ажиллагаанд зарцуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт гэм хорын хохирлын маргааныг шүүх бүрэлдэхүүтэй шийдвэрлэхээр заасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхээс хэргийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч .......- нь хариуцагч ...., .......... нарт холбогдуулж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу залилан мэхэлж гэм хор учруулсан үндэслэлээр 50,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1429 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд хохирогч .......-ын зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар ... Төрийн банкаар 50,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч залилуулсан болох нь тогтоогдож байна... гэх утга санааг тусгасан нь Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1-д заасан зарчимд нийцээгүй тул хариуцагчийн гэм буруугийн асуудлыг тогтоогдсон гэж үзэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй боловч талуудын хооронд зээлийн гэрээ хийгдсэн эсэх, уг гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргасан тохиолдолд тухайн маргаантай эрх зүйн харилцааны талуудыг бүрэн оролцуулалгүйгээр шүүхээс маргааны талаар эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байгааг анхаараагүй байна.

 

Тодруулбал, талуудын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг тодорхойлох, тухайн маргаантай эрх зүйн харилцаанд хамаарах хуулийг хэрэглэж маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байна.

 

Хариуцагч өөрийн татгалзлын үндэслэлээ өөрийн дансаар хүлээн авсан 50,000,000 төгрөг нь Креатив монгол солюшн групп ХХК-ийн зээл, уг зээлийн мөнгөн хөрөнгө компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан гэж татгалзлаа тайлбарлаж байгаа тохиолдолд зээлийн гэрээний харилцаа нэхэмжлэгч .......- болон ....ийн хооронд, эсхүл нэхэмжлэгч болон Креатив монгол солюшн групп ХХК-ийн хооронд үүссэн эсэхийг тодорхойлох нь ач холбогдолтой байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч О.Цолмон шүүхэд хандаж, Б.Жаргалсайхан, Б.Бат-Өлзий нараас гадна Креатив монгол солюшн групп ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулах гэсэн агуулгатай хүсэлт гаргасан байна. (хх-ийн 111)

 

Хэдийгээр хариуцагч хариуцагчаа тодорхойлохгүй, нэхэмжлэгч өөрөө тодорхойлно гэдэг агуулгаар шүүх уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй боловч хариуцагчийн зүгээс Креатив монгол солюшн групп ХХК-ийг ямар нэгэн байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах агуулгатай хүсэлт гаргасан эсэхийг шүүхийн зүгээс тодруулах шаардлагатай.

 

Ийм учраас тухайн маргаантай эрх зүйн харилцааны талуудыг бүрэн оролцуулсан тохиолдолд шүүхээс уг маргааны талаар эрх зүйн дүгнэлт өгөх, маргааныг үндэслэлтэй шийдвэрлэх боломжтой.

 

4. Харин давж заалдах гомдолд дурдсан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн тавин хоёрдугаар зүйлийн 1.Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан. Нэхэмжлэгч гэм хорын хохирол шаардаж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэнэ. Нөгөө талаар, дангаар хянан шийдвэрлэх хэргийг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн ч энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарахгүй. Мөн анхан шатны шүүх гэрчийн мэдүүлэг авахуулах, үзлэг хийлгэх хүсэлтийг хангаагүй гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байна. Шүүх өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд гэрч асуулгах, үзлэг хийлгэх хүсэлтийг шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул талуудын маргааны талаар эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

Анхан шатны шүүх маргаантай эрх зүйн харилцааны оролцогчийг зөв тодорхойлсон эсэхийг хэрэгт цугларласан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/00928 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 373,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Н.БАТЗОРИГ