Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2022/00928

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Б.Азбаяр, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ............. тоот хаягт оршин суух, Б овогт Э.Э /РД:00000000/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, ................. тоот хаягт оршин суух, Х боржигон овогт Г.Г /РД: 00000000/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ............ тоот хаягт оршин суух, Х овогт Г.Б /РД:00000000/,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 50,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч нарын өмгөөлөгч О.Ц, иргэдийн төлөөлөгч У.Г, П.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Э нь Г.Г, Г.Б нарт холбогдуулан гэм хорын хохиролд 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. К ХХК-д удахгүй хөрөнгө оруулалт орж ирнэ гэж 50,000,000 төгрөгийг залилан авч, гэм хор учруулсан болох нь Прокурорын тогтоолоор тогтоогдож байх тул хохирол болох 50,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтын дагуу хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Г.Г хариу тайлбартаа: К ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Ж нь Э.Э-аас компанидаа мөнгө зээлэхээр тохиролцож, тухайн үед компанийн данс битүүмжлэлтэй байсан тул миний дансаар хүлээн авсан. Компанийн Э.Э-аас зээлсэн 50,000,000 төгрөг миний дансанд орж би тодорхой хэмжээний зарлагыг өөрийн данснааасаа компаниудын цалин, барилгын гүйцэтгэлийн төлбөрт шилжүүлсэн байдаг. Үлдэгдэл мөнгийг бэлнээр буюу компанийн касс руу зарцуулалт бүрээр татан авч, тус мөнгийг компанийн үйл ажиллагаа, цалинд бүрэн зарцуулсан. Миний бие уг зээл, мөнгийг аваагүй, захиран зарцуулаагүй. Э.Э нь компанид зээлсэн мөнгөө компаниас гаргуулахгүй, аргаа барахдаа хувь хүн миний нэр төр, хүний эрхэд халдаж байгаад гомдолтой байна. Зээлийн гэрээний оролцогч биш буюу хариуцвал зохих этгээд биш гэв.

3. Хариуцагч Г.Б хариу тайлбартаа: Г.Б миний бие Э.Э-аас мөнгө зээлсэн удаагүй бөгөөд Э.Э болон К ХХК-ийн тохиролцооноос болж өнөөдрийг хүртэл хууль, шүүхийн байгууллагад удаа дараа шалгагдаж байна. Уг хэргийг хариуцагч биш бөгөөд хамаарал бүхий компаниуд болон хувь хүмүүсийн эртнээс төлөвлөсөн үйлдлийн улмаас болж маш их хохирч байна гэв.

4. Иргэдийн төлөөлөгч нар дүгнэлтдээ: Э.Э нь хариуцагч нарт итгэж, 50,000,000 төгрөгөө өгч, цаг хугацаагаар хохирсон байна. Авсан бол өгөх ёстой гэжээ.

5. Нэхэмжлэгчээс 2020.09.04-ний Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 1429 тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоол, 2015.11.25-ны өдрийн Э.Э-ын тайлбар, 2015.12.23-ны өдрийн хохирогч олон түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоол, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2019.12.23-ны 5/881 тоот хариу мэдэгдэх хуудас, 2015.11.25-ны өдрийн Э-ын өргөдөл, Хил хамгаалах Ерөнхий газрын 2020.08.19-ны өдрийн 2-5а/7444 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2019.10.14-ний 5/699 дугаар хариу мэдэгдэх хуудас, Э.Э-ын Төрийн банкны 000000000000 тоот харилцан дансны хуулга, Нийслэлийн Прокурорын газрын 2021.09.02-ны 1/2105 тоот хариу мэдэгдэх хуудас, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2021.03.24-ний 1/245 тоот хариу мэдэгдэх хуудсыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Г.Г-ийн Төрийн банк дахь 000000000000 тоот харилцах дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн Ерөнхий газраас К ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, Г.Г-ийн 2016.04.07-ны сэжигтнээр байцаасан тэмдэглэл, Г.Г-ийн 2016.03.09-ний сэжигтнээр байцаасан тэмдэглэл, Г.Г-ийн 2015.12.05-ны өдрийн тайлбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2015.12.15-ны 9/17801 тоот албан бичиг, хавсралт,

Хариуцагчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2015.12.23-ны өдрийн хохирогчийг байцаасан тэмдэглэл, 2016.04.13-ны өдрийн Э.Э-ыг хохирогчоор байцаасан тэмдэглэл, Төрийн банк ХХК-ийн 2021.12.06-ны өдрийн 026/6048 албан бичиг, Нийслэлийн Татварын газрын 2022.01.05-ны 03/7 тоот албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.01.05-ны өдрийн 10/73 дугаар албан бичиг, хуулийн этгээдийн лавалгаа, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022.01.12-ны 015 тоот албан бичиг, Төрийн банк ХХК-иас данс хаах тухай мэдэгдэл, бүртгэлийн хуудас зэргийг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. К ХХК-д удахгүй хөрөнгө оруулалт орж ирнэ гэж 50,000,000 төгрөгийг залилан авч, гэм хор учруулсан болох нь Прокурорын тогтоолоор тогтоогдож байх тул хохирол болох 50,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтын дагуу хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон баримт байхгүй. Нэхэмжлэгчид гэм хорын хохирол учруулаагүй. 50,000,000 төгрөгийг К ХХК нь нэхэмжлэгчээс зээлсэн бөгөөд тодорхой хэсгийг нь төлсөн. Компанийн данс битүүмжлэгдсэн байсан учраас Г.Гийн дансаар авч, компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан. Бид зээлийн гэрээний оролцогч биш буюу хариуцвал зохих этгээд биш гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгч, хариуцагч нарын дансны хуулга, хохирогчоор тогтоосон тогтоол, Э.Э-ыг хохирогчоор байцаасан тэмдэглэлүүд, Г.Г-ийг сэжигтнээр байцаасан тэмдэглэлүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсийн данс хаах тухай мэдэгдэл, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Проурорын тогтоол зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Э.Э нь өөрийн Төрийн банк дахь 000000000000 тоот харилцах данснаас хариуцагч Г.Г-ийн Төрийн банк дахь 000000000000 тоот данс руу 50,000,000 төгрөгийг шилжүүлжээ.

6. Уг мөнгийг залилсан гэх асуудлаар Э.Э нь цагдаагийн байгууллагад 2015.11.25-ны өдөр өргөдөл гаргаж, Э.Э нь хохирогчоор тогтоогдож, мэдүүлэг өгч, тус хэрэгт Г.Г нь сэжигтнээр татагдаж байцаагдсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт ... энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон.. гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т засан дээрх хүнд гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрч, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татах хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг хааж шийдвэрлэх нь зүйтэй байна гэсэн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2020.09.04-ний өдрийн 1429 тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол гарчээ. Уг хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолд Э.Э нь залилуулсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн байна.

7. Хариуцагч Г.Г нь өөрийн дансаар 50,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд тус мөнгийг К ХХК зээлсэн. Нэхэмжлэгчид ямар нэгэн гэм хорын хохирол учруулаагүй, зээлийн гэрээний харилцаа нэхэмжлэгч Э.Э, К ХХК нарын хооронд үүссэн, бид хариуцвал зохих этгээд биш гэж маргаж байна.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирол, үйлдэл болон хохирлын хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу байдаг.

Хуулийн дээрх зохицуулалтаас харахад хариуцлага тооцохын тул бусдын эд хөрөнгө байх, гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл байх, уг үйлдлийн улмаас эд хөрөнгөнд гэм хор учирсан байх, үйлдэл, учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх, зөрчил үйлдэгч гэм буруутай байхыг хуулиар тогтоосон байх шаардлагатай.

9. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт ... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно... гэж заасан бөгөөд хариуцагч нарын гэм буруугийй асуудлыг шүүхээр шийдвэрлээгүй, Прокурорын хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолоор гэм буруугийн асуудлыг хуулиар тогтоосон гэж үзэхгүй бөгөөд өргөдөл гаргагч Э.Э-ын өргөдлийн дагуу зөвхөн Г.Г-ийг шалгасан байна.

10. Шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэл, цагдаад гаргасан өргөдөл зэрэг баримтаар нэхэмжлэгч нь К ХХК-д 50,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр болжээ. Зээл авах тухай саналыг К ХХК-ийг төлөөлж санхүү хариуцсан Г.Г нэхэмжлэгчид тавьж, мөнгийг өөрийн Төрийн банкны дансаар хүлээн авчээ.

Хариуцагч Г.Г нь уг мөнгийг К ХХК-ийн Төрийн банк дахь харилцах данс битүүмжлэгдсэн байсан тул өөрийн дансаар авч, компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарлаж, үүнтэй холбоотой Төрийн банк ХХК-иас К ХХК-ийн дансанд тавигдсан хориг, битүүмжлэлтэй холбоотой баримтууд, өөрийн дансны хуулгыг гаргаж өгсөн.

Гэвч нэхэмжлэгч Энэтхэгээс ирсэн хөрөнгө оруулагчаас зээлсэн мөнгөө авах талаар хандахад би мэдэхгүй, хариуцахгүй гэсэн тайлбарыг өгч, К ХХК мөнгө төлөхөөс татгалзсан байна гэж шүүх дүгнэлээ.

11. Зээлийн гэрээг мөнгийг шилжүүлснээр байгуулагдсанд тооцдог бөгөөд зээлдэгч нь хуулийн этгээд байгаа тохиолдолд компанийн харилцах дансанд шилжүүлсэн, эсвэл заасан этгээдийн дансанд шилжүүлсэн бол зээлийн гэрээг хэн хэний хооронд байгуулсан болохыг тогтоож болно. Талуудын хувьд бичгээр байгуулсан гэрээ байхгүй, гэрээний харилцаа хэний хооронд үүссэн талаар маргаантай байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Г.Б байсан бөгөөд Г.Г нь компанийг төлөөлөх эрхгүй буюу Г.Г нь К ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулах, гэрээний зүйлийг хүлээн авах эрхгүй этгээд байжээ.

12. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна, 83.3-т Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна, 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж зааснаар К ХХК-ийг төлөөлж хэлцэл байгуулах эрх бүхий этгээд нь тухайн үед гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байсан Г.Б байжээ. 2015.05.06-ны өдрийн байдлаар Г.Г-д хэлцэл байгуулах, мөнгө хүлээн авах итгэмжлэл олгоогүй, тухайн хугацаанаас хойш нэхэмжлэгч Э.Э-т 50,000,000 төгрөгийг төлөх талаар тайлбар, тодорхойлолт, амлалт гаргаагүй буюу компанийг төлөөлөх эрх бүхий этгээд нь Г.Г-ийн үйлдлийн хүлээн зөвшөөрсөн болохыг хариуцагч тал нотлох баримтаар нотолж мэтгэлцээгүй болно.

Өөрөөр хэлбэл, компанийг төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т Энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэж зааснаар компанийг төлөөлөх эрх бүхий этгээдээс хэлцлийг хүлээн зөвшөөрсөн болохыг хариуцагч нотлоогүй тул 2015.05.06-ны өдөр К ХХК-ийг төлөөлж, Э.Э-аас 50,000,000 төгрөг зээлсэн Г.Г-ийн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэлээ.

13. Хөрөнгө олж авч байгаа Г.Г-ийн хувьд нэхэмжлэгчийн өмнө үүрэг үүсээгүй тул нэхэмжлэгч Э.Э нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэсэн үндэслэлээр хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

14. Иргэдийн төлөөлөгч нарын гаргасан мөнгийг нь авсан учир төлөх ёстой гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

15. Нэхэмжлэгч Э.Э нь Г.Г-д шилжүүлсэн 50,000,000 төгрөгөөс 6,800,000 төгрөг буцаан авсан болохоо эрүүгийн журмаар шалгуулж, хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрсөн байх тул шилжүүлсэн хөрөнгийн тодорхой хэсгийг хүлээн авсан гэж үзэн үлдэх хэсэг болох 43,200,000 төгрөгийг хариуцагч Г.Г-ээс гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

16. Харин хариуцагч Г.Б-ын хувьд нэхэмжлэгч Э.Э-т гэм хор учруулсан болох нь тогтоогдоогүй, түүнээс мөнгө хүлээн аваагүй, хариуцвал зохих этгээд биш гэсэн татгалзал үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Г.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Г.Г-ээс 43,200,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Г.Б-т холбогдох хэсэг болон 6,800,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Г.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид 373,950 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэдгомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Ч.МӨНХЦЭЦЭГ

        ШҮҮГЧИД                  Б.АЗБАЯР

                                                М.МӨНХТӨР