Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 103/2022/00029/И |
Дугаар | 210/МА2022/00855 |
Огноо | 2022-05-06 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2022/00855
Б ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 03-ны өдрийн 0 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э ХХК-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 18,858,118 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Э ХХК нь тус компанитай 2020 оны 02 сарын 07-ны өдөр 0 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг 1 сарын 3.9%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн барьцаанд Э ХХК-ийн өмчлөлийн 0 хаягт байрлалтай, улсын бүртгэлийн 0 дугаартай 0 гэрчилгээтэй агуулах болон 0 хаягт байрлалтай улсын бүртгэлийн 0 дугаартай 0 гэрчилгээтэй эзэмших эрхтэй газар болон Б 0 хаягт байрлалтай улсын бүртгэлийн 0 дугаартай 0 гэрчилгээтэй ажилчдын байр зэргийг барьцаалсан ба барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Зээлдэгч Э ХХК нь зээлийн гэрээний хавсралт болох эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байгаад 2020 оны 08 сараас эхлэн зээлийн төлөлт огт хийхээ больсон. Уг зээлийг манай компанийн зүгээс зээлдэгч болох Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г ын Х ны 0 тоот дансанд 2020 оны 02 сарын 11-ний өдөр бүрэн шилжүүлсэн. Зээлдэгчид зээлээ төлөхийг удаа дараа хэлж шаардсан ч өнөөдрийг хүртэл төлөлгүй 421 хоносон байна.
Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 11,382,528 төгрөг, хуримтлагдсан хүү 6,229,658 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,245,932 төгрөг, нийт 18,858,118 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Хариуцагч компани нь Б ХХК-аас 2020 оны 02 сарын 07-ны өдөр 15,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар өөрийн өмчлөлийн агуулах, эзэмших эрхтэй газар, ажилчдын байр зэргийг барьцаалж зээл авсан нь үнэн. Уг зээлийг манай хадам аав болох С.А өөрийн хамтран ажиллагч түнш Өвөр Монголын иргэнд авч өгсөн бөгөөд би уг хүнийг танихгүй. Дэлхий нийтийг хамарсан Коронавирус цар тахал дэгдэж улс орон даяар ажил үйлчилгээ явуулах боломжгүй болсон бөгөөд одоог хүртэл уг хөл хорио тогтоосон амаргүй цаг үе үргэлжилж байна. Зээлээс 2021 оны 03 сарын 10-ны өдөр 975,000 төгрөг, 2021 оны 06 сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 10 сарын 09-ний өдөр 900,000 төгрөг, 2021 оны 10 сарын 19-ний өдөр 1,080,000 төгрөгийг тус тус төлсөн. Гэхдээ энэ хүнд хэцүү цаг үе дэлхий нийтийг хамарч байгаа, орлого багассан, бараа материалын үнэ өссөн зэргээс шалтгаалан Б ХХК-ийн гаргаж өгсөн төлөлтийг төлөх боломж бололцоо дутмаг байгаа тул өнөөгийн байдлыг харгалзан үзэж, нэмэгдсэн хүү, алдангиас чөлөөлж үндсэн хүүг бууруулж өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 18,858,118 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-аас 252,240 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгосон.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
4.а. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, алдаатай дүгнэлт хийсэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан бөгөөд хариуцагч нь 11,382,528 төгрөгийн үндсэн зээлийн хүү 6,229,658 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,245,932 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн буюу зөвхөн хүүгийн хэмжээ нь үндсэн зээлийн 50%-иас хэтэрсэн байгаа нь зээлдэгчийн эрх, ашиг сонирхолд илт хохиролтой байна.
4.б. Засгийн газраас цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хямралаас иргэн аж ахуйн нэгжийг хамгаалах, бизнесийн хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр дэмжих бодлого баримталж байхад шүүхээс хэт өндөр зээлийн хүү гаргуулах шийдвэр гаргасан нь компанийн үйл ажиллагаа зогсоход хүргэж байна. Э ХХК нь барилгын засал чимэглэлийн үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгүүлсэн, БНХАУ-ын хил урт хугацаанд хаалттай байснаас өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан.
4.в. Зээлээ хугацаанд нь эргэн төлж чадаагүй нь хариуцагчаас үл хамаарсан шинжтэй, цар тахлаас шалтгаалсан хүнд нөхцөл байдлын улмаас үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн байдаг. Иймд хариуцагчаас бүрэн хамаарсан гэм буруу байхгүй нөхцөлд нэмэгдүүлсэн хүү гэх хариуцлагын заалтыг хэрэглэснээр хэт өндөр төлбөрийн дарамтад ороод байна.
4.г. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хүү жилийн 46.8% буюу ижил төрлийн зээлийн хүүнээс хэт өндөр, үндсэн зээлийнхээ хагаст дөхсөн, зээлдэгчид илт хохиролтой байгаа.
Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан зээлийн хүүгийн хэмжээг бууруулах боломжтой байхад анхан шатны шүүх уг хэрэг маргааныг шийдвэрлэхдээ илт үүргийн тэнцвэрт байдлыг хангах, хэт өндөр төлбөрийн дарамтаас зээлдэгчийг хамгаалах зорилго бүхий хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шийдвэр гаргасан тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 18,858,118 гэх дүнгээс нэмэгдүүлсэн хүү 1,245,932 төгрөгийг хасч тооцож өгнө үү.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч Э ХХК-ийн хөрөнгө оруулалт, бизнес нь цар тахлын улмаас бүрэн зогссон гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г нь үндсэн зээл 11,382,528 төгрөг, хүү 6,229,658 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрч маргахгүйгээ илэрхийлсэн. Хариуцагчийн гомдолд Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг иш татсан байх ба энэ хуулиар Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн үйл ажиллагааг бус Барьцаалан зээлдүүлэх газрын хүү, алдангийн хэмжээг тодорхой хугацаагаар зохицуулсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зээлийн хүүг ямар нөхцөлд, ямар хувь хэмжээгээр авахыг тохиролцсон. Талууд сайн дурын үндсэнд, гэрээний чөлөөт байдлын зарчмыг үндэслэн гэрээ байгуулсан. Э ХХК нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн, талууд гэрээ байгуулахдаа хуулиар тогтоосон хэлбэр, агуулгыг зөрчөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 11,382,528 төгрөг, хуримтлагдсан хүү 6,229,658 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,245,932 төгрөг, нийт 18,858,118 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. /хх 1-2/
Хариуцагч Э ХХК нь дээрх шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 11,382,528 төгрөгийг хүлээн зөвшөөрч, хуримтлагдсан хүү 6,229,658 төгрөгийг багасгахыг шүүхээс хүсч, нэмэгдүүлсэн хүү 1,245,932 төгрөгийг эс зөвшөөрч маргасан ба татгалзлын үндэслэлээ ...зээлийн хүү хэт өндөр учир Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу багасгах үндэслэлтэй, Коронавирус цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан тул нэмэгдүүлсэн хүү төлөх боломжгүй... гэх агуулгаар тайлбарлажээ. /хх 25/
3. Хэрэгт авагдсан 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 0 тоот Зээлийн гэрээ-нээс үзвэл Б ХХК нь 15,000,000 төгрөгийг нэг сарын 3.9%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлдүүлэх, Э ХХК нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх, хэрэв хугацаа хэтрүүлвэл үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан болох нь тогтоогдож байна. /хх 6-7/
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан талаар, мөнгөн хөрөнгийг өмчлөлдөө хүлээн авсан үйл баримтын талаар, мөн нэхэмжлэгч талаас гаргасан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд маргаагүй.
Нэхэмжлэгч Б ХХК-ийн зүгээс барьцаа хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргаагүй тул хэрэгт авагдсан 2020 оны 02 сарын 07-ны өдрийн Барьцааны гэрээ-ний талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, нэхэмжлэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхийн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
5. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаанд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасан зээлийн хүүг багасгах зохицуулалт буюу иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаанд баримтлах зохицуулалтыг хэрэглэх боломжгүй учраас зээлийн хүү хэт өндөр тул багасгах үндэслэлтэй гэх агуулгаар гаргасан хариуцагч талын тайлбар, давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
6. Коронавирус цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан тул нэмэгдүүлсэн хүү төлөх боломжгүй гэх агуулгаар гаргасан хариуцагч талын тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.
Учир нь Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 04 сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд Банк, бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүг багасгах, нэмэгдүүлсэн хүүг хүчингүй болгох талаар аливаа зохицуулалт ороогүй байна.
7. Иймд гэрээний талуудын харилцан тохиролцож тогтоосон хүүг бууруулах, нэмэгдүүлсэн хүүг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй тул хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 03-ны өдрийн 0 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 03 сарын 31-ний өдөр урьдчилан төлсөн 35,000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Д.НЯМБАЗАР