Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2017/00433

 

Д.Сэргэлэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 138/ШШ2016/01277 дугаар шийдвэр,           

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 201/МА2017/00003 дугаар магадлалтай,

Д.Сэргэлэнгийн нэхэмжлэлтэй,

П.Эрдэнэбатад холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1.960.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ганчулууны гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Сэргэлэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: би 2014 оны 01 сарын 22-нд өөрийн эзэмшлийн 45-85 УБЕ улсын дугаартай портер машины клапан тавиулахаар очсон. П.Эрдэнэбат засварчин залуугийн хамт үзээд нударган голын эрүү солих шаардлагатай, тэгж байж клапан тохирно гээд манайд эрүү байгаа гээд энгийн портерын 2 номерын эрүүг, 3 номерын эрүү таарах байтал болдог юмаа гэж хэлээд тавьсан. Би тэр үед "болох юм уу, таарах уу" гэж болгоомжлоод байхад таарна гэсээр байгаад тавьсан. Надаас нийт 160.000 төгрөгийг ажлын хөлсөнд авсан. Би бараагаа ачиж хөдөө сумдаар борлуулах гээд засвар хийсний дараа шууд Цагаан-Овоо сум руу явж байтал 43 км газарт машины мотор цохиж блокоо цөм цохиод гарч ирсэн. Энэ нь таарахгүй эрүү тавьсантай холбоотой гэж үзэж байна. Өөрсдөө буруу клапан тавьчихаад 1 км газар яваад ирэхэд асахгүй байхаар нь чирүүлээд гараашид хийсэн. Тэгээд надад нударган голын эрүү нь суларчихсан байна гэж хэлсэн. Тэр нударган голын 3 номерын эрүүг буруу тавьснаас болж эвдэрдэг. Мөн клапангийн тагийг их хэмжээний циликон цавуу түрхсэн байдалтай байсан. Циликон цавуу их хэмжээгээр түрхэхэд маслын суваг бөглөрдөг. Тэрнээс болоод л тосны суваг битүүрээд мотор цохисон. Энэ хүн клапангаа ч тавьж чадахгүй байсан. Зэв арилгагчид яваад ирье гэхэд пижигнээд асахаа больсон. Тэгээд бас эвдэрхий хуучин сэлбэг тавихдаа өндөр үнэлж тавьсан. Би машины мотороо дахин солиулсан. Иймд моторын үнэ 1.700.000 төгрөг, Улаанбаатар хотоос мотор ачуулахад гарсан тээврийн зардал 100.000 төгрөг, засварын зардал 160.000 төгрөг нийт 1.960.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч П.Эрдэнэбат шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 01 сарын сүүлчээр Сэргэлэн Портер машины нударган голын эрүүг сольж клапан тохируулна гэж ирсэн. Машины нударган голын эрүү нь резвагүй болсон байсан тул өөрт нь харуулж байгаад өөр нударган голын эрүү тавьж өгсөн. Сэргэлэнгийн мотор блокоо цөм цохиж гарч ирсэн нь миний хийсэн засвартай ямар ч хамаагүй. Нударган голын эрүү сольсноос болж мотор цохих үндэсгүй. Миний засаж өгсөн зүйл бол моторын дээд анги, энэ хүний эвдрэл нь моторын доод анги. Моторын дээд ангийг зассанаас болж доод ангид нөлөөлөхгүй. Хэрвээ миний засаж өгсөн зүйл эвдэрсэн бол моторын дээд ангид эвдрэл гарна. Мөн моторт таарахгүй эрүү хийснээс болж мотор нь цохисон гэж гомдол гаргасан байна. Энэ хүний машинд 3 номертой эрүү тавьсан. 2, 3 номерын эрүү хоорондоо таардаг. 1, 5 номерын эрүү хоорондоо таардаггүй. Тийм учраас 2 номерын эрүүнд 3 номерын эрүү тавьснаас болж мотор цохисон гэдэг нь үндэслэлгүй гэдгийг машин мэддэг захын жолооч, засварын газрууд гэрчлэх болно. Хамгийн гол нь өнөөдрийг хүртэл мотороо харуулаагүй. Тэр мотор цохьсон, үгүйг мэдэхгүй байна. Иймд нэхэмжилж байгаа 1.960.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 138/ШШ2016/01277 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Эрдэнэбатад холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1.960.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Сэргэлэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Сэргэлэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 46.310 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 201/МА2017/00003 дугаар магадлалаар: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 15-ны өдрийн 138/ШШ2016/01277 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Сэргэлэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ганчулуун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

1. Давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас “нотлох баримт дутуу бүрдүүлсэн, шинжээчийн дүгнэлт гаргуулах” үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож байсан. Энэ үндэслэлээр шинжээчийг томилсон боловч уг автотээвэрт нэг бүрчлэн үзлэг хийх боломжгүй гэсэн хариу өгсөн бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 1-ны өдөр дүгнэлт гаргаж ирүүлсэн байна.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй ба дүгнэлт нь хуулийн шаардлага хангахгүй, шүүхийн шинжилгээний тухай хуулийн 3, 4, 7, 9, 12.1, 13, 14, 18 дугаар зүйлийг зөрчсөн байна. Мөн нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан.

3. Нэгэнт шинжээчийн дүгнэлт нь хууль зөрчин гарсан, нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн, дүгнэлт доторх хариултууд нь хангалтгүй, үгүйсгэсэн байдлаар авагдсан, мэргэжлийн чадвар дутмаг, мэргэжлийн хүн эсэх нь тодорхойгүй байгаа тул 19 дүгээр зүйлд зааснаар нэмэлт шинжилгээ хийх ёстой.

4. ИХШХШТХ-ийн 111.3-д зааснаар шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан, дүгнэлт нь эргэлзээтэй тул дахин шинжээч томилуулах хүсэлтэй байна.

5. Шүүх гэрчүүдийн мэдүүлгийг огт үнлээгүй.

6. Шүүх “машины үзлэг хийлгэх шаардлагагүй, зургийг нь ав” гэсний дагуу 6 ширхэг моторын зураг авчирч хэрэгт хавсаргасан боловч алга болсон байсан. Энэ нь ИХШХШТХ-ийн 45 дугаар зүйлийн 45.2-д заасан заалтыг зөрчсөн гэж үзнэ. ИХШХШТХ-ийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д зааснаар хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Хариуцагч П.Эрдэнэбат нь 2014 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр нэхэмжлэгч Д.Сэргэлэнгийн Портер маркийн автомашины моторын клапан тавьж, энэ ажлын хөлсөнд 160.000 төгрөг авахаар тохиролцжээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...засвар хийсний дараа шууд Цагаан овоо явах замд машины мотор цохисон, энэ нь клапангийн таганд их хэмжээний цавуу түрхсэнээс маслын суваг бөглөрсөн, мөн таарахгүй 2 номерийн эрүү тавьснаас болсон” гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хийсэн засварын ажлаас нэхэмжлэгчийн автомашины мотор цохисон эсэх нь маргааны зүйл болжээ.

Шүүхээс шинжээчээр томилогдсон Автотээврийн үндэсний төвийн дүгнэлтэд Портер-100 маркийн автомашины моторын нударган голын 3 номерийн эрүүнд 2 номерийн эрүү тавьсан нь мотор цохиход хамааралгүй, клапангийн крышкний тагийг их хэмжээгээр циликон цавуу түрхсэнээс дээд ангийн суваг бөглөрөх магадлалтай, моторын дээд ангид үүссэн гэмтэл доод ангид нөлөөлөхгүй гэжээ.

Хариуцагч клапан солихдоо их хэмжээний цавуу түрхсэн, мөн нударган голд таарахгүй эрүү тавьснаас нэхэмжлэгчийн Портер маркийн автомашины мотор цохисон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах” талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 138/ШШ2016/01277 дугаар шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 201/МА2017/00003 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ганчулууны гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 02-ний өдөр төлсөн 46.310 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ