Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 01277

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 40 дүгээр байрны 08 тоотод оршин суух, Боржигон овгийн Дашийн Сэргэлэн /РД:ЖГ63100870/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 8-30 тоотод оршин суух, Цахар овгийн Пүрэв-Очирын Эрдэнэбат /РД:ЖЙ76120874/-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 1960000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Нэхэмжлэгч Д.Сэргэлэн, түүний өмгөөлөгч Р.Ганчулуун

Хариуцагч П.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Сэргэлэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "…2014 оны 01 сарын 22-нд би өөрийн эзэмшлийн 45-85 УБЕ улсын дугаартай портер машины клапан тавиулна гэж очсон. Тэгээд Эрдэнээ засварчин залуутайгаа үзээд нударган голын эрүү солих шаардлагатай, тэгж байж клапан тохирно гэсэн. Гэтэл манайд эрүү байгаа гээд энгийн портерийн 2 ноймерийн эрүүг 3 номерийн эрүү таарах байтал болдог юмаа гэж хэлээд тавьсан. Би тэр үед нь "…болох юмуу, таарах юмуу…"  гэж болгоомжлоод байхад таарна гэсээр байгаад тавьсан юм. Надаас нийт 160000 төгрөгийг ажлын хөлсөнд авсан. Би бараагаа ачиж хөдөө сумдаар борлуулах гээд засвар хийсний дараа шууд Цагаан-Овоо уруу яваад 43 км газарт машины мотор цохиж блокоо цөм цохиод гарч ирсэн. Энэ нь бол таарахгүй эрүү тавьсантай холбоотой, өөр юмнаас болоогүй гэж үзэж байна. 

Өөрсдөө буруу клапан тавьчихаад, 1 км газар яваад ирэхэд асахгүй байхаар нь чирүүлээд гараашид нь хийсэн. Тэгээд надад нударган голын эрүү нь суларчихсан байна гэж хэлсэн. Тэр нударган голын 3 номерын эрүүг буруу тавьснаас болж эвдэрдэг.  Энэ чинь болохоо байчихсан байна, солих хэрэгтэй гэсэн. Тэгээд энгийн Портерын 2 замтай нь таарна гэж хэлээд тавьсан. Мөн клапангийн тагийг их хэмжээний циликон цавуу түрхсэн байдалтай байсан. Циликон цавуу их хэмжээгээр түрхэхэд маслын суваг бөглөрдөг. Тэрнээс болоод л тосны суваг битүүрээд мотор цохьсон. Энэ хүн клапангаа ч тавьж чадахгүй байсан. Тавьж чаддаг байсан юм бол тэр өдөр 11 цагийн үед эхэлчихээд орой болтол тавьж чадаагүй. Зэв арилгагчид яваад ирье гэхэд пэжигнээд асахаа больсон. Тэгээд бас эвдэрхий хуучин сэлбэг тавихдаа өндөр үнэлж тавьсан. Би машины мотороо дахин солиулсан. Иймд моторны үнэ 1.700.000 төгрөг Улаанбаатар хотоос мотор ачуулахад гарсан тээврийн зардал 100.000 төгрөг засварын зардал 160.000 төгрөг нийт 1.960.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч П.Эрдэнэбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 01 сарын сүүлчээр буюу 01 сарын 22-ны өдөр Сэргэлэн гэдэг хүний Портер машины нударган голын эрүүг сольж клапан тавьж өгсөн. Машиных нь нударган голын эрүү нь резвагүй болсон байсан тул өөрт нь харуулж байгаад өөр нударган голын эрүү тавьж өгсөн. Сэргэлэнгийн мотор нь блокоо цөм цохиж гарч ирсэн нь миний хийсэн засвартай ямар ч хамаагүй. Нударган голын эрүү сольсноос болж мотор цохих үндэсгүй. Миний засаж өгсөн зүйл бол моторын дээд анги, энэ хүний эвдрэл нь моторын доод анги. Моторын дээд ангийг зассанаас болж доод ангид нөлөөлөхгүй. Хэрвээ миний засаж өгсөн зүйл эвдэрсэн бол моторын дээд ангид эвдрэл гарна. Мөн моторт таарахгүй эрүү хийснээс болж мотор нь цохьсон гэж гомдол гаргасан байна. Энэ хүний машинд 3 номертой эрүү тавьсан. 2, 3 дугаар эрүү хоорондоо таардаг. 1, 5 дугаар эрүү хоорондоо таардаггүй. Тийм учраас 2 номерийн эрүүнд 3 номерийн эрүү тавьснаас болж мотор цохьсон гэдэг нь үндэслэлгүй гэдгийг машин мэддэг захын жолооч, засварын газрууд гэрчлэх болно. Хамгийн гол нь өнөөдрийг хүртэл мотороо харуулаагүй. Тэр мотор нь цохьсон юм уу, үгүй юм уу тэрийг мэдэхгүй байна. Иймд би энэ хүний нэхэмжилж байгаа моторын үнэ 1.700.000 төгрөг, зардлын 160.000 төгрөг нийт 1.960.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

 

   Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

                 Нэхэмжлэгч Д.Сэргэлэн нь хариуцагч П.Эрдэнэбатад холбогдуулан  авто машины моторын үнэ 1700000 төгрөг, Улаанбаатар хотоос мотор авчруулах замын зардал 100000 төгрөг, мотор засварлуулсны ажлын хөлс 160000 төгрөг буюу 1960000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

                 Нэхэмжлэгч Д.Сэргэлэн нь 2014 оны 01 сарын 22-ны өдөр хариуцагч П.Эрдэнэбатаар өөрийн 45-85 УБЕ улсын дугаартай, Портер маркийн машины моторын клапанг тавиулахаар тохиролцсоны дагуу хариуцагч П.Эрдэнэбат нь нэхэмжлэгчийн машины моторын клапанг тавьсанаас гадна нударган голын эрүүг солих ажлыг гүйцэтгэн, нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд 160000 төгрөгийг хариуцагчид төлсөн байх ба тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.

                 Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1, 352.2.2-т тус тус зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, ажил гүйцэтгэгч энэ хугацаанд ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч өөрийн зардлаар доголдлыг арилгаж, зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй байна.

                 Гэвч нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “П.Эрдэнэбат миний машины клапанг тавихдаа буруу тавьснаас болж нударган голын эрүү эвдэрсэн, миний машин 3 номерийн эрүү таарах байтал 2 номерийн эрүү тавьснаас, мөн клапангийн тагийг их хэмжээгээр циликон цавуу түрхсэний улмаас маслын суваг бөглөрч миний машины мотор цохисон...” гэж, хариуцагч нь шүүх хуралдаанд “3 номерийн эрүүнд өөр машины 2 номерийн эрүү сольж тавьсан, мөн клапангийн тагийг циликон цавуу түрхэж тогтоосон нь моторын дээд ангид хийсэн засвар болохоос доод ангид хамааралгүй, миний хийсэн засвар мотор цохиход нөлөөлөхгүй...” гэж тус тус маргаж байна.

                 Хариуцагч П.Эрдэнэбат нь нэхэмжлэгчийн Портер маркийн автомашины моторын нударган голын 3 номерийн эрүүнд хуучин өвгөн Портер маркийн автомашины 2 номерийн эрүүг тааруулж тавьсан болохоо үгүйсгээгүй ба Автотээврийн үндэсний төвийн Дорнод аймгийн Автотээврийн төвийн  техникийн хяналтын үзлэгийн инженер С.Ганжаргалын гаргасан дүгнэлтээр хариуцагч П.Эрдэнэбатын гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн дээрх ажил нь нэхэмжлэгчийн автомашины мотор цохиход нөлөөлөөгүй байна. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажил болох Портер маркийн автомашины моторын нударган голын 3 номерийн эрүүнд хуучин өвгөн Портер маркийн автомашины 2 номерийн эрүүг тааруулж тавихад моторын нударган голд тосолгоо хэвийн очихгүй байх, мөн клапангийн тагийг их хэмжээгээр циликон цавуу түрхсэнээс дээд ангийн суваг бөглөрөх тус тус магадлалтай болохоос дээрх нөхцөл байдлууд нь мотор цохиход хамааралгүй талаар тусгажээ.

                 Иймд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн тайлбараар хариуцагч П.Эрдэнэбатын ажил гүйцэтгэсэн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг доголдолтой гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгээс болж өөрийн автомашины мотор цохисон гэх үндэслэлээ шүүхэд нотолж чадаагүй байна.

                 Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтээр  нэхэмжлэгч Д.Сэргэлэнгийн Портер маркийн автомашины мотор цохих болсон шалтгааныг тогтооход техникийн тусгай мэдлэг шаардлагатай гэж үзэн Автотээврийн үндэсний төвийг шинжээчээр томилсон ба тус төвийн Дорнод аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженер С.Ганжаргалын гаргасан дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.          

                 Иймд дээрх үндэслэлээр хариуцагч П.Эрдэнэбатад холбогдох авто машины моторын үнэ 1700000 төгрөг, Улаанбаатар хотоос мотор авчруулах замын зардал 100000 төгрөг, мотор засварлуулсны ажлын хөлс 160000 төгрөг буюу 1960000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Сэргэлэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

                 Шүүх дээрх иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайн харилцааг зохицуулж буй Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг үндэслэн шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т тус тус заасан “шүүгч гагцхүү хуульд захирагдах” зарчимд тулгуурласан болохыг дурдах нь зүйтэй юм.

 

           Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Эрдэнэбатад холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1960000 /нэг сая есөн зуун жаран мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Сэргэлэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Сэргэлэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46310 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.УРТНАСАН