Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2017/00382

 

 Б.Гомбосүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 181/ШШ2016/00824 дүгээр шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 164 дүгээр магадлалтай,

Б.Гомбосүрэнгийн нэхэмжлэлтэй,

Ц.Цолмонбаатар, Д.Энхболд нарт холбогдох,

Гэм хорын хохиролд 50.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ц.Цолмонбаатарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Гомбосүрэн, өмгөөлөгч Д.Барсүрэн, Г.Алтанчимэг, хариуцагч Ц.Цолмонбаатар, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Гомбосүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Энхболд нь 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг 120-н мянгатын автобусны буудлын замд 73-79 УБХ улсын дугаартай “Тоёота корса” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.1, 2.7-д заасныг зөрчиж намайг мөргөснөөс зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан. Энэ гэмтлийг авахаасаа өмнө 2003 онд зам тээврийн осолд орж биедээ гэмтэл авсан. Үүний улмаас 4 жилийн дараагаар энэ гэмтлийн хор уршиг гарч нуруу, нугасны гэмтэлтэй байна гэсэн оношоор Хятад улсад хүзүүний нугалам солиулах хагалгаанд 2007 онд орсон. Гэтэл Д.Энхболдын гаргасан ослоос өмнө авсан гэмтэл сэдэрч хүндэрсэн. Шинжилгээний хариугаар эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн хариу гарсан тул би 2014 оны 08 дугаар сарын 29-нд Хятад улс руу чөлөөлөх армийн эмнэлгийн эмчилгээний тасгийн Эрээн хот дах салбараас байнга эм авч ууж байгаа. 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 04-н сар хүртэл эм тариа, тан авах, шинжилгээ өгөх, эмнэлэгт хэвтэх зэргээр Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу хэд хэдэн удаа галт тэргээр болон тээврийн хэрэгслээр явсан. Иймд эдгээрт нийт 12.492.850 төгрөгийг зарцуулсан. Би "Их Монгол маунтинг" ХХК-ны захирал, манай компани нь "Монгол буйдан" ХХК-тай 2014 оны 3 сард 4 давхар, 2 айлын орон сууцыг барихаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг барилгын гүйцэтгэгчээр ажиллах хугацаанд сарын 5.000.000 төгрөгөөр цалинжиж ажиллаж байсан. Ажилгүй өвчтэй байсан хугацааны буюу 2014 оны 6, 7, 8, 9 дүгээр саруудын авах ёстой байсан 4 сарын цалин 20.000.000 төгрөг болж байна. Миний эмчилгээг цаг алдахгүй эмчлүүлэхийн тулд охин маань Төрийн банкнаас 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 10.000.000 төгрөгийг 1.6 хувийн хүүтэйгээр цалингийн зээл авч эмчилгээнд зарцуулсан. Энэ зээлийн хүүд 2.817.570 төгрөг төлсөн. Мөн 2015 оны 10 дугаар сарын 08-нд "Хүрмэн" эмийн сангаас эм тариа авахад 132.250 төгрөг, замын зардалд 290.950 төгрөг төлсөн. Уг эрүүгийн хэргээс болж учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэхийн тулд өмгөөлөгч авч, хөлсөнд 1.000.000 төгрөг төлснөөс гадна сэтгэл санаагаар маш их хохирсон. Иймд зам тээврийн осол гаргасан Д.Энхболд, тээврийн хэрэгслийн эзэмшигч Ц.Цолмонбаатар нараас 50.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Энхболд шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хангарьд компаний захирлын машин болох 73-79 УБХ улсын дугаартай Корса маркийн машинтай 120 мянгатын гэрлэн дохионы уулзвар дээр иргэн Б.Гомбосүрэнг шүргэж, хөнгөн гэмтэл учруулсан. Тухайн үед эрүүл мэнд, болон эмчилгээний төлбөрт 1 сая гаруй төгрөгийг өгсөн. Хэргийн газрыг орхиж явсан гэдэг үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Эмчилгээний бодит зардал мөнгийг тухайн үед бүрэн төлж барагдуулсан гэжээ.

Хариуцагч Ц.Цолмонбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Д.Энхболдыг согтуу байхад нь машинаа өгөөгүй, хашаанд тавьсан байхад дур мэдэн машин авч явсан байсан гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 181/ШШ2016/00824 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3 дахь хэсэгт зааснаар Ц.Цолмонбаатар, Д.Энхболд нараас 6.876.670 төгрөгийг гаргуулж Б.Гомбосүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43.123.330 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Гомбосүрэн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.Цолмонбаатар, Д.Энхболд нараас 124.997 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 164 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2016/00824 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Цолмонбаатарын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Хариуцагч Ц.Цолмонбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Би машиныг Энхболдод өгөөгүй, ашиглах боломж олгоогүй, өөрөө түлхүүр тааруулж авч явсан байдаг. Гомбосүрэн хөлдөө хөнгөн гэмтэл авсан бөгөөд уг гэмтэл хуучин гэмтэлд нь нөлөөлсөн үүний улмаас БНХАУ-ын Эрээн хотод очиж эмчлүүлж 12.000.000 төгрөгийн зардал гарсан огт үндэслэлгүй юм. Эрээнд эмчлүүлсэн гэх Хятад бичигтэй баримт нь Монгол улсад нотлох баримт болохгүй гэж үзэж байна. Мөн хөлдөө авсан гэмтэл нь сэдэрч хуучин гэмтэлд нөлөөлсөн гэж өөрөө хэлэхээс бус мэргэжлийн эмч нараар дүгнэлт гаргуулж намайг буруутгах ёстой юм. Иймд уг гомдлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Б.Гомбосүрэн нь гэм хорын хохиролд 50.000.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг хариуцагч Д.Энхболд нь Ц.Цолмонбаатарын эзэмшлийн автомашиныг жолоодож явахдаа осол гаргаж гэмтэл учруулсан гэж тодорхойлжээ. Нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө хариуцагч Д.Энхболд “...эмчилгээний төлбөрт 1.000.000 төгрөг өгсөн” гэж, хариуцагч Ц.Цолмонбаатар “...Д.Энхболд үйлдвэрийн хашаанаас машиныг дур мэдэн авч яваад осол гаргасан” гэсэн тайлбарыг тус тус гаргаж, маргажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2-т зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолсон тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

Хариуцагч Д.Энхболд нь “Хангарьд хамгаалалт” ХХК-д хамгаалагчаар ажиллаж байхдаа 2014 оны 05 дугаар сарын 28-ний өдөр Ц.Цолмонбаатарын эзэмшлийн автомашиныг жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.1, 2.7 дах хэсгийг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас нэхэмжлэгчийн зүүн өвдгөнд хөнгөн гэмтэл учруулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 1065 дугаар Шийтгэх тогтоолоор Д.Энхболдыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэсэн, тогтоол хүчин төгөлдөр байна.

Хариуцагч Ц.Цолмонбаатар нь нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэл, тайлбараа баримтаар нотолж чадаагүй бөгөөд тээврийн хэрэгсэл ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т нийцжээ.

Бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм буруутай үйлдлээр гэм хор учруулсан этгээд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар эд хөрөнгийг өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

Хариуцагч нар гэм буруутай болох нь тогтоогдсон, учирсан гэм хорыг төлөх ёстой хэдий ч хохирлын хэмжээ нотлогдсон байх шаардлагатай.

Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн зүүн өвдгөнд гэмтэл учирсан, тэрээр уг гэмтлийг эмчлүүлэхээр БНХАУ-ын Эрээн хотод эмчилгээ хийлгэснийг  хариуцагч нар үгүйсгэж чадаагүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлага бүрт дүгнэлт өгч, хохирогчийн хөлний зүүн өвдгөнд учирсан гэмтлийн эмчилгээтэй холбоотой гарсан зардал болон өмгөөлөгчид төлсөн мөнгө нийт 6.876.670 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нэхэмжлэлээс 43.123.330 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хяналтын журмаар гаргасан хариуцагч Ц.Цолмонбаатарын гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 181/ШШ2016/00824 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 164 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цолмонбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 2 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 118.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ