Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00983

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/00823 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартН холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01169 дугаар шийдвэрээр Э ХХК-аас 2,993,338,141.18 төгрөгийг гаргуулан Т ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа явуулж Э ХХК-ийн захирал Д.Э ийн өмчлөлийн 000 хаягт орших 438.72 м.кв талбайтай амины орон сууц, 0 орших 164.9 м.кв талбайтай хөргүүртэй зоорь, 0 байрлах 1,152 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 3 давхар барилга, 0 хаягт байршилтай 134 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 79, 80 тоот 19.4 м.кв талбайтай авто зогсоол, зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэн, хураан авч үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний компаниар үнэлгээ хийлгэх . Дээрх 438.37 м.кв талбайтай амины орон сууц, 1,232 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт 486,892,772 төгрөгөөр, 164.9 м.кв талбайтай хөргүүртэй зоорь, 1,152 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 488 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт нийт 2,020,527,378 төгрөгөөр үнэлэгдсэнийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 11 сарын 12-ны өдөр албан тоотоор мэдэгдсэн. Мөн 134 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 340,288,700 төгрөгөөр, 19.4 м.кв талбайтай авто зогсоолыг 25,881,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 12 сарын 10-ны өдөр албан тоотоор мэдэгдсэн. Төлбөр төлөгч Э ХХК-ийн захирал Д.Э миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлэгдсэн гэж үзэж байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь Дархан-Уул аймгийн А бүс, Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай болон Ковид-19 цар тахалтай холбоотойгоор хил хаагдсанаар барилгын материалын үнэ 2 дахин өссөн, амины орон сууцны үнэ, газрын үнэ, орон сууцны үнэ, авто зогсоолын үнэ өсөж байгаа нь нийтэд илэрхий зэргийг харгалзахгүйгээр доогуур үнэлэгдсэнд гомдолтой байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2.   Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01169 дугаар шийдвэрээр Э ХХК-аас 2,993,338,141 төгрөгийг гаргуулан Т ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Э ХХК-ийн захирал Д.Э т шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хураасан. Төлбөр төлөгч Э ХХК-аас үнийн санал авахад тухайн үнэлгээг төлбөр авагч Т ХХК хүлээн зөвшөөрөөгүй тул 2021 оны 10 сарын 25-ны өдөр Б ХХК-ийг, 2021 оны 11 сарын 22-ны өдөр М ХХК-ийг тус тус үнэлгээчнээр томилсон. Шинжээчийн дүгнэлтээр 0 хаягт байрлах 438.72 м.кв талбайтай амины орон сууц, 1,262 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт 486,892,772 төгрөгөөр, 0 байрлах 164.9 м.кв талбайтай хөргүүртэй зоорь, 1,152 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 3 давхар барилга, 488 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт 2,020,527,378 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний мэдэгдлийг 2021 оны 11 сарын 12-ны өдөр албан бичгээр мэдэгдэж, тайланг танилцуулж, тэмдэглэл хөтөлсөн. Мөн шинжээчийн дүгнэлтээр 0 хаягт байршилтай 134 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 340,288,700 төгрөгөөр, 79, 80 тоот хаягт байршилтай 19.4 м.кв талбайтай авто зогсоолыг 25,881,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний мэдэгдлийг 2021 оны 12 сарын 10-ны өдөр мэдэгдэж, тайланг танилцуулж, тэмдэглэл хөтөлсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 0 хаягт байршилтай 438.72 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон нэгж талбарын0 дугаартай,0 хаягт байрлах 1262 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт нийт 486,892,772 төгрөгөөр, 0 байршилтай 164.9 м.кв талбайтай, хөргүүртэй зоорины зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон нэгж талбарын 0 дугаартай, 0 хаягт байрлах 488 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт нийт 86,239,890 төгрөгөөр,0 байрлах, 1152 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон нэгж талбарын 0 дугаартай, 0 хаягт байрлах 488 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт нийт 1,934,287,488 төгрөгөөр, улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, 0 тоот хаягт байршилтай 134 м.кв талбайтай орон сууцыг 366,169,700 төгрөгөөр, мөн хаягт байршилтай 19, 80 тоотын 19.4 м.кв талбайтай авто зогсоолыг 25,881,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн.

 

4.   Давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

4.а. Шүүхээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шинжээчээр томилсон Б ХХК, М ХХК нарын үнэлгээний тайланг хуульд нийцсэн тайлан гэж хууль зүйн дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч талаас 0 байрлах худалдаа үйлчилгээний төв, хөргүүртэй зоорь, газрын хамт К ХХК-ийн үнэлгээчин Я.Б аар тайлан гаргуулахад 2,958,820,000 төгрөгийн үнэлгээтэй гэж тайлан гаргасныг нотлох баримтаар шүүхэд өгсөн. Харин дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг Б ХХК-ийн үнэлгээчин нийт 2,020,527,378 төгрөгийн үнэлгээтэй гэж зөрүүтэй тайлан гаргасан юм. К ХХК-ийн үнэлгээчин Я.Б Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн хүрээнд тайлан гаргасан байхад шүүгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шинжээч Б ХХК-ийн үнэлгээг үгүйсгэж чадахгүй байна гэж хуулийн дүгнэлт хийсэнд гайхаж байна. Адилхан эрх үүрэгтэй үнэлгээний компаниуд төрийн байгууллагын тогтоолоор томилогдсон бол өөр тайлан, хувь хүн байгууллага үнэлгээ хийхэд өөр тайлан гаргаж байгааг энэ хоёр тайлан зөрүүтэй байгаагаас харагдаж байна. 0 байгаа үл хөдлөх хөрөнгүүд нь А бүсэд байрлалтай, авто зогсоолтой, үйлчилгээний төвийн 1, 2, 3 давхруудыг түрээслэн орлого олдог, караоке бар ажиллуулдаг байсан, хөргүүртэй зоорийн түрээсийн орлого зэргийг үнэлгээндээ тусгаагүй юм.

4.б. 0  байгаа орон сууц, авто зогсоол нь Ковид-19 цар тахалтай холбоотой хил хаагдсанаас барилгын материалын үнэ хоёр дахин өссөн байхад харгалзаагүй, хөрөнгийн үнэлгээний мэдээллийн сан ашиглаагүй, хоёр тусдаа авто зогсоол байхад нэг авто зогсоол гэж зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур гаргасан.

4.в. Гэрчээр асуугдсан Я.Д ы үнэлгээ хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийн талаар мэдүүлгийг шүүгчээс хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийгээгүй байдаг. Гэрч Я.Д зах зээлийн үнэлгээг тодорхой хэлж өгсөн.

4.г. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээчээр томилогдож, үнэлгээний тайлан гаргасан Б ХХК болон М ХХК-ийн үнэлгээчний гаргасан үнэлгээний тайлангууд зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн эргэлзээтэй тайлангууд гэж үзэж байна.

Иймд Б ХХК болон М ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

5.   Хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй, давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, мөн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 0 тоот хаягт байрлах 438.72 м.кв талбайтай амины орон сууц, 1,262 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, 0 хаягт байрлах 164.9 м.кв хөргүүртэй зоорь, 0 байрлах үйлчилгээний зориулалттай 3 давхар барилга, 488 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 2,507,420,150 төгрөгөөр үнэлсэн Б ХХК-ийн 2021 оны 11 сарын 10-ны өдрийн үнэлгээ, мөн 0 хаягт байрлах 134 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 79, 80 тоот хаягт байрлах 19.4 м.кв талбайтай авто зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 366,169,700 төгрөгөөр үнэлсэн М ХХК-ийн 2021 оны 12 сарын 07-ны өдрийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг /1хх 1-2, 53-54/ хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 43, 70/

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...үл хөдлөх эд хөрөнгүүд 0 болон 0 А бүсэд байршилтай, Ковид-19 цар тахлын улмаас барилгын материалын үнэ 2 дахин өссөнтэй холбоотойгоор үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өсөж байгаа зэрэг нөхцөл байдлыг үнэлгээчин харгалзан үзээгүй, 2 авто зогсоол байхад 1 гэж үнэлсэн... гэх агуулгаар тайлбарладаг бол хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан... гэх агуулгаар тайлбарлан маргасан.

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан байна.

 

3.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01169 дугаар шийдвэрээр хариуцагч Э ХХК-аас 2,993,338,141.18 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, барьцаа хөрөнгө болох Д.Э ийн болон Д.Ч ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэжээ. /1хх 73-77/

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас 2021 оны 02 сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /1хх 79/, шүүхийн шийдвэрт дурдагдсан амины орон сууц, эзэмших эрхтэй газар, хөргүүртэй зоорь, орон сууц, авто зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн эрхийг түдгэлзүүлж /1хх 83-86/, битүүмжилж /1хх 107, 113, 114, 123-124/, хураан авчээ. /1хх 116, 118, 121, 129-арын нүүр, 166/

 

4.   Төлбөр төлөгч Э ХХК-ийн захирал Д.Э нь 0 байрлах 438.72 м.кв талбайтай амины орон сууцыг 1,262 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт 489,000,000 төгрөгөөр, 164.9 м.кв талбайтай хөргүүртэй зоорийг 291,000,000 төгрөгөөр, 1,152 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 3 давхар барилгыг 488 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт 2,995,000,000 төгрөгөөр, 0 байрлах 134 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2 авто зогсоолын хамт 703,290,000 төгрөгөөр тус тус үнэлснийг /1хх 142, 168/ төлбөр авагч Т ХХК эс зөвшөөрсөн /1хх 142-арын нүүр, 168-арын нүүр/ үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б ХХК болон М ХХК-ийг тус тус шинжээчээр томилсон нь /1хх 143-арын нүүр, 169/ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцжээ.

Б ХХК-ийн үнэлгээчин С.М , М ХХК-ийн үнэлгээчин Б.Э нар Сангийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд /1хх 160-арын нүүр, 191/ байх ба шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үнэлгээчин С.М д 2021 оны 10 сарын 25-ны өдөр, үнэлгээчин Б.Э т 2021 оны 11 сарын 22-ны өдөр тус тус эрх, үүргийг нь тайлбарлан танилцуулсан байна. /1хх 143-арын нүүр, 169/

 

5.   Шинжээчээр томилогдсон Б ХХК, үнэлгээчин С.М болон М ХХК, үнэлгээчин Б.Э нар Хөрөнгийн үнэлгээний тайлан-даа үнэлэгдэж буй эд хөрөнгийн талаарх мэдээллийг бүрэн тусгаж /ашиглалтад орсон он, бүтээц, хийц, цэвэр, бохир ус, дулааны системд холбогдсон байдал, талбай, зориулалт, байршил г.м/, үнэлгээг хийсэн арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдсан байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан зохицуулалтад нийцсэн гэж үзнэ. /1хх 145-163, 172-191/

Иймд ...үнэлгээчин нь үл хөдлөх эд хөрөнгийн байршлыг харгалзан үзээгүй... гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6.   Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн К ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан-д 0 байрлах 164.9 м.кв талбайтай хөргүүртэй зоорь, 1,152 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 3 давхар барилга, 488 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг нийт 2,958,820,000 төгрөгөөр үнэлсэн болох нь тогтоогдож байх боловч тус баримтаар Б ХХК болон М ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлангуудыг үндэслэлгүй, үл хөдлөх эд хөрөнгүүдийг хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэл болохгүйг тайлбарлах нь зүйтэй. /1хх 215-234/

Учир нь үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг Б ХХК нь 2021 оны 11 сарын 10-ны өдрийн байдлаар, М ХХК нь 2021 оны 12 сарын 07-ны өдрийн байдлаар, К ХХК нь 2022 оны 02 сарын 15-ны өдрийн байдлаар тус тус гаргасан байх тул өөр өөр цаг хугацаанд гаргасан үнэлгээг хооронд нь харьцуулан зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүйгээс гадна Б ХХК, М ХХК нарын гаргасан үнэлгээний тайланг тус тус хүчингүй болгох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

7.   М ХХК-ийн үнэлгээчин Б.Э нь Хөрөнгийн үнэлгээний тайлан-даа ...Үнэлгээнд хамрагдаж байгаа хөрөнгө: ... 79, 80 тоот 19.4 м.кв талбай бүхий 2 авто зогсоол... гэж тодорхой дурдсан байх тул ...2 авто зогсоол байхад 1 гэж үнэлсэн... гэх агуулгаар гаргасан тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн, гэрчийн мэдүүлэг нь зах зээлийн үнэлгээг тогтоох үндэслэл болохгүй учир ...Я.Д ы өгсөн гэрчийн мэдүүлгийг шүүх үнэлээгүй... гэх агуулгаар гаргасан тайлбар, давж заалдах гомдол мөн үндэслэлгүй.

 

8.   Анхан шатны шүүхээс улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ. Тодруулбал, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжийн талаар тусгайлан зохицуулсан байх тул уг маргаанд тус заалтыг баримтлах нь зөв юм.

Мөн анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 1 дэх заалтад 79, 80 тоот авто зогсоолыг ...19, 80 тоот... гэж бичиж техникийн алдаа гаргасан болохыг дурдав.

 

9.   Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/00823 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР