Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/ма2022/01003

 

 

 

 

 

 

2022 05 25 210/МА2022/01003

 

 

Г.А нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2022/01481 дугаар шийдвэртэй, Г.А нэхэмжлэлтэй хариуцагч Б.А , И.Э нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах, зээлийн гэрээнээс учирсан хохиролд 48,968,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А 3,542,010 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Г.А нь 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ц -тай зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөг зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 24 дүгээр байрны тоот, 50.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан. 30,000,000 төгрөгөөс 25,000,000 төгрөгийг И.Э , Б.А нартт зээлж авсан боловч зээлсэн мөнгөө эргүүлж төлөөгүйгээс болж өнөөдрийг хүртэл хохирч байна. ц ХХК-аас зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр орон сууцыг хурааж авсан. Тухайн үед буюу 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Б.А нь надад бичгээр ...25,000,000 төгрөгийг зээлсэн нь үнэн болно. Мөнгийг зээлж авахдаа орон сууцыг барьцаалж авсан. Миний бие бүрэн хариуцна гэж баталгаа бичиж өгсөн. Гэвч тэдний бүх үйлдэл худал байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд И.Э , Б.А нар мөнгөө төлөхгүй, алга болсон. Ингээд 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр И.Э тай уулзахад ...Г.А 5,000,000 төгрөг, Б.А 25,000,000 төгрөг авсан болно. Уг асуудлыг Б.А тэй уулзаж удахгүй төлж барагдуулна гэсэн баталгааг бичиж өгсөн. Мөн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Б.А нь 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.4, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7, 82 дугаар зүйлийн 82.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3, 227.5 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. Б.А , И.Э нар зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүйгээс болж өөрийн өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулж ц ХХК-д үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 13,648,600 төгрөг, нийт 43,648,600 төгрөгийг төлсөн болох нь ц ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 21/17 тоот албан бичгээр нотлогддог. Түүнчлэн, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 27-ныг хүртэл иргэн Б.Энхтуяагийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, ТК-30 дугаар байр, 15 тоот орон сууцыг нэг сарын 450,000 төгрөгөөр хөлсөлж, нийт 67 сар буюу 5 жил 7 сарын төлбөрт 30,150,000 төгрөгийг хөлслүүлэгчид төлсөн. Мөн 2021 оны 07 дугаар сарын 28-нын өдрөөс хойш Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, АТБ 7 дугаар гудамж, 50 тоотод байрлах нийтийн байранд 1 өрөө хөлсөлсний зардал 2,370,000 төгрөг, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Их тойруу 190 тоот хаягт байрлах 1 өрөө нийтийн орон сууцыг хөлсөлсний зардалд 2,800,000 төгрөгийг төлсөн. Иймд Б.А , И.Э нартай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг, зээлийн гэрээнээс учирсан хохиролд 48,968,600 төгрөг, нийт 73,968,600 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч И.Э ын тайлбар, татгалзлын агуулга: Г.А гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Г.А мөнгө авч байгаагүй. Орон сууцыг барьцаалахад хамт байсан гэсэн нь худлаа. Орон сууцыг Г.А , Б.А , н.Одбаяр нар барьцаалсан. Г.А орон сууц барьцаалж авсан 5,000,000 төгрөгөөр форекс тоглож мөнгө олно гэж ярьдаг байсан. 1,000 ам.доллар 2 удаа, 500 ам.доллар 1 удаа надаас авч форекс тоглож өсгөж өгнө гэсэн боловч алдаж мөнгө буцааж өгөөгүй. Хэрэгт авагдсан баримтыг намайг хуурч бичүүлсэн. Г.А ББСБ-аас авсан зээлийг хүүг Б.А 2 жил гаруй хугацаанд төлсөн. Нийт 25,000,000 төгрөгийн 20,000,000 төгрөгийг Б.А , 5,000,000 төгрөгийг Г.А , 1,000,000 төгрөгийг н.Одбаяр нар хувааж авсан гэжээ.

 

3. Хариуцагч Б.А итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч Г.А нь 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ц ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 24 дүгээр байрны тоот 50,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалан 30,000,000 төгрөгийг зээлснээс 25,000,000 төгрөгийг И.Э , Б.А нарт зээлсэн гэх боловч нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ байхгүй. Г.А зээлийн сар бүрийн төлөлтийг би төлсөн. Гэхдээ зарим сарын төлбөрийг өөрийн нэрээр, заримыг Г.А т бэлнээр өгч байсан. Г.Э нь Мобиком корпораци ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 1,135,130 төгрөгийн үнэ бүхий гар утас авч Г.А т өгсөн боловч Г.А нь төлбөрийг төлөөгүйгээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2593 дугаар шийдвэр гарч, шүүхийн гүйцэтгэх хуудсаар төлбөрийг Г.Э аар төлүүлэхээр заасан ба дээрх 1,135,130 төгрөгийг Г.А той тохиролцон төлж барагдуулсан. Мөн өөрийн дансаар болон бэлнээр Г.А т мөнгө шилжүүлдэг байсан ба тэдгээр төлбөр нь нийлээд миний төлбөл зохих төлбөрөөс хасагдан тооцогдсоноор дуусгавар болсон. Иймд Г.А нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна гэжээ.

 

4. Хариуцагч Б.А итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.А нь Г.Э аар дамжуулан Г.Аптан-Очирт 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 1,010 ам.доллар буюу 1,874,560 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 20 ам.доллар буюу 39,520 төгрөг, 2016 онд 200 ам.доллар буюу 492,800 төгрөг, Г.Э нь Мобиком корпораци ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 1,135,130 төгрөгийн үнэ бүхий гар утас авч Г.Аптан-Очирт өгсөн боловч Г.А нь төлбөрийг төлөөгүйгээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 02593 дугаар шийдвэр гарч, уг шийдвэрийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ГХ2018/01740 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсаар төлбөрийг Г.Э аар албадан гаргуулахаар заасан ба дээрх 1,135,130 төгрөгийг Б.А Г.А той тохиролцон төлж барагдуулсан. Иймд нийт 3,542,010 төгрөгийг Г.А гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлийн тайлбар, татгалзлын агуулга: Б.А нь Г.Э аар дамжуулан 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 1,010 ам.доллар буюу 1,874,560 төгрөг өгсөн гэж байна. Энэ асуудлаар шүүхээс Худалдаа хөгжлийн банкнаас лавлагаа гаргуулсан бөгөөд форекс арилжаанд зориулан эрсдлээ тооцож алдсан ч буцааж авах нөхцөлгүйгээр надад өгч байсан мөнгө тул төлөх үндэслэлгүй. ц ХХК-аас зээл авахаас өмнөх асуудал бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй. 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 20 ам.доллар буюу 39,520 төгрөг авч байгаагүй бөгөөд энэ талаар баримтаар нотлоогүй. Мөн 2016 онд 200 ам.доллар буюу 492,800 төгрөг авсан гэсэн нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч тал өөрөө нотлох, түүнийг нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Мөн Г.А т гар утас авч өгсөн нь худлаа бөгөөд үндэслэлгүй, би утас аваагүй, хэрэглээгүй болно. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.А эс зээлийн гэрээний үүрэг болон уг гэрээнээс учирсан хохиролд нийт 32,906,283.53 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.А т олгож, нэхэмжлэгч Г.А нэхэмжлэлээс 41,062,316.47 төгрөгт холбогдох шаардлага болон хариуцагч И.Э т холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.А нэхэмжлэгч Г.А т холбогдуулан гаргасан 3,542,010 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 685,743 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,623 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А эс улсын тэмдэгтийн хураамжид 322,481 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.А т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШЗ2021/11590 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжаар авсан арга хэмжээ нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагч Э.Ариун-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын агуулга: Шүүх хуралдаанд хариуцагч И.Э бид бизнес хийх гэж хөрөнгө санхүү бүрдүүлсэн, эрсдэлээ өөрсдөө хүлээсэн гэж тайлбарласан байхад зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Нэхэмжлэгч Г.А нь 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ц ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 24 дүгээр байрны тоот 50,3 м.кв тайлбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалан 30,000,000 төгрөгийг зээлснээс 25,000,000 төгрөгийг И.Э , Б.А нарт зээлсэн гэх боловч нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ байхгүй. Зохигчдын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү шаардах эрхгүй. Мөн нэхэмжлэгчийн ББСБ-тай байгуулсан гэрээний хүүг төлөх үүрэггүй. Б.А нь Г.А оор ямар нэгэн зээл авахуулаагүй, дарамт үзүүлээгүй. Түүнчлэн, Б.А нь хамтран зээлдэгчийн үүрэг хүлээж оролцоогүй. Гэтэл Б.Ариун-Эрдэнийг Г.А болон ц ХХК нарын хооронд байгуулсан гэрээний үүрэгт татан оролцуулж түүнээс гэрээний хүү болон хохирлыг гаргуулан тооцож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч Г.А нэхэмжлэлдээ ...И.Э ын гуйснаар орон сууц барьцаалж зээл авсан гэж тайлбарласаар байхад хариуцагч И.Э ын би мөнгө зээлж аваагүй гэх тайлбарыг үндэслэн И.Э т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шийдвэрлэж чадаагүй. Гэрч Г.Э мэдүүлэхдээ ...Б.А надаар дамжуулж Г.А т мөнгө шилжүүлж өгүүлдэг байсан гэж мэдүүлсэн байхад гэрчийн мэдүүлгийг нотлогдохгүй гэж гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Б.Ариун-Эрдэнийг нэхэмжлэгч Г.А болон ц ХХК нарын хооронд байгуулсан гэрээний үүргээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Б.А , И.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг, хохиролд 48,968,600 төгрөг, нийт 73,968,600 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Б.А 3,542,010 төгрөг сөрөг нэхэмжлэлээр шаардаж маргасан байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ББСБ-д орон сууцаа барьцаалж хариуцагч нарт зээл авч өгсөн боловч төлбөрөө төлөөгүйн улмаас хариуцагч нарын авсан зээлийг өөрийн өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулж бүрэн төлж барагдуулсан, улмаар өөрийн орон сууцаар зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон тул бусдын орон сууцыг түрээсэлж, түрээсийн төлбөр төлж хохирсон гэж, хариуцагч Б.А татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгчээс авлагатай байсан, 25,000,000 төгрөгийг зүгээр өгч байгаа гэж өгсөн, зээлдүүлээгүй тул хүү шаардах эрхгүй, нэхэмжлэгчийн ББСБ-д төлөх сар бүрийн төлөлтийг хийж, зарим сард Г.А т бэлнээр төлж барагдуулсан гэж, хариуцагч И.Э нь мөнгө аваагүй, намайг хуурч баримт бичүүлж авсан, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ. /хх1-2, 2хх5-7/

4. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар дараахь үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч Г.А нь 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ц ХХК-аас 30,000,000 төгрөг, 8 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 24 дүгээр байр тоот 50,3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн мөнгөн хөрөнгөөс 25,000,000 төгрөгийг Б.А , 5,000,000 төгрөгийг Г.А тус тус захиран зарцуулсан. Нэхэмжлэгч Г.А нь ц ХХК-д 73,608,600 төгрөг төлж уг гэрээний үүрэг дуусгавар болсон байна. Харин хариуцагч Б.А дээрх зээлийн гэрээний үүрэгт 2,363,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогджээ. /1хх9-11, 12-15, 51-62,74/

5. Талууд мөнгөн хөрөнгийг авсан үйл баримтын талаар маргаагүй, харин зээлийн харилцаа үүсээгүй, мөнгөний зориулалт өөр байсан гэж маргасан.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах шаардлагаас 22,636,999 төгрөгт холбогдох хэсэг, хохирол 48,968,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 10,269,283 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

7. Хариуцагчийн бичгээр зээлийн гэрээ байгуулагдаагүй, гэрээний харилцаа үүсээгүй, 25,000,000 төгрөгийн зээл аваагүй гэх татгалзал үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан хариуцагч Б.А , И.Э нарын маргаан бүхий 25,000,000 төгрөгийг хүлээн авч, захиран зарцуулсан талаарх гараар бичсэн тэмдэглэл, хариуцагч Б.А эс ц ХХК-д болон нэхэмжлэгчид зээлийн төлбөр төлж байсан кассын орлогын баримт, дансны хуулгыг, талуудын тайлбар, хэргийн бусад нөхцөл байдалтай харьцуулан үзэхэд нэхэмжлэгч Г.А , хариуцагч Б.А нарын хооронд 25,000,000 төгрөгийн хэмжээнд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Иймд нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхтэй. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй./хх72, 73/

8. Нэхэмжлэгч нь ц ХХК-д зээлийн гэрээний үүрэгт нийт 73,608,600 төгрөг төлснөөр уг гэрээний үүрэг дуусгавар болсон. Хариуцагч Б.Ариун-

Эрдэнээс нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкны дансанд 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 863,000 төгрөг, мөн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн Хаан банкны дансанд 1,500,000 төгрөг тус тус төлжээ. /хх-8, 86-88/ Хариуцагч Б.А нэхэмжлэгч Г.А т зээлийн хүү төлсөн дээрх үйл баримт нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасантай нийцжээ.

Иймд анхан шатны шүүх хариуцагч Б.А гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг түүний зээлсэн 25,000,000 төгрөгөөс төлсөн 2,363,000 төгрөгийг хасч, зээлийн гэрээний үүрэгт 22,636,999 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Тодруулбал, хариуцагч Б.А 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1,500,000 төгрөг нэхэмжлэгчид шилжүүлснээр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

9. Нэхэмжлэгчийн хохиролд 48,968,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

Тэрээр шаардлагын үндэслэлээ ...хариуцагч авсан зээлээ төлөөгүйн улмаас өөрийн өмчлөлийн орон сууцаа худалдан борлуулж, зээлийг төлж барагдуулсан. Улмаар түрээсийн төлбөр төлж хохирсон гэж тайлбарладаг.

Хэрэгт нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээнүүд, түрээсийн төлбөр төлсөн гэх баримтуудыг ирүүлсэн байх боловч уг гэрээ нь О.Анхболд, Б.Сүндарьцэцэг нарын хооронд байгуулагдсан, Б.Сүндарьцэцэг нь Г.А тай хамаарал бүхий этгээд болох нь баримтаар нотлогдоогүй байх тул нэхэмжлэгч бусдын байрыг түрээсэлж, түрээсийн төлбөр төлсөн гэж үзэхэд эргэлзээтэй байна. Уг баримтуудаас өөрөөр нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг ирүүлээгүй байх бөгөөд эдгээр баримтаар хэргийн бодит нөхцөл байдал хангалттай тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн орон сууц хөлсөлсний төлбөр буюу хохирол 35,320,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцсэн байна.

Харин нэхэмжлэгч нь ц ХХК-д зээлийн хүүд 13,648,600 төгрөг төлсөн ба үүний хариуцагч Б.А зээл болох 25,000,000 төгрөгийн 83,3 хувьтай тэнцэх хүү 11,369,283 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцох үндэслэлтэй байна. Шүүх хариуцагч Б.А зээлийн хүүд төлсөн 1,100,000 төгрөгийг хасч тооцон хохиролд 10,269,283 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

10. Хариуцагч Б.А сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 он хүртэл хугацаанд 2,406,880 төгрөг, 3,542,010 төгрөгийн үнэтэй гар утас авч өгсөн мөнгөө гаргуулан авна гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбарыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2022/01481 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 322,481 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

7