Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2018/0481

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 05 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2018/0481

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

О.О нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 128/ШШ2018/0426 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М нарын гаргасан давж заалдах гомдлоор, О.Оюунцэрэнгийн нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч О.О итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“2016 онд хураан авч нийлүүлсэн 74.9 тн хүнсний улаан буудайнд урамшуулал олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, буудайнд урамшуулал олгосон захиргааны акт гаргахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 128/ШШ2018/0426 дугаар шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 42 дугаар зүйлийн 42.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7, Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.О Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад холбогдуулан гаргасан “2016 онд хураан авч нийлүүлсэн 74.9 тн хүнсний улаан буудайнд урамшуулал олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, буудайнд урамшуулал олгосон захиргааны акт гаргахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М нар дээрх шийдвэрийн эс зөвшөөрч 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Шүүх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 42 дугаар зүйлийн 42.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7, Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.6, “Хүнсний буудайнд мөнгөн урамшуулал олгоход баримтлах журам”-ын 3.11 дэх хэсгийг тус тус буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн.

“Хүнсний буудайнд мөнгөн урамшуулал олгоход баримтлах журам”-ын 3.11-д “Тухайн жилийн ургацаас ...дотоодын гурилын үйлдвэр болон улсад хүнсний зориулалтаар буудай нийлүүлсэн ...иргэд буудайн урамшуулалд хамрагдах хүсэлт гаргаж болно” гэж заасны дагуу 2016 онд 74.9 тн хүнсний улаан буудайг “Э ф” ХХК-ийн гурилын үйлдвэрт нийлүүлсэн О.О нь буудайн урамшуулалд хамрагдах эрхтэй. Ингэхийн тулд холбогдох материалыг бүрдүүлэн сумын Засаг даргын Тамгын газарт тухайн жилдээ багтаан хүсэлтээ гаргах ёстой.

Нэхэмжлэгч журмын энэхүү зохицуулалтын дагуу 74.9 тн хүнсний улаан буудайнд урамшуулал авах хүсэлтээ холбогдох бүх материалын хамт бүрдүүлж, Булган аймгийн С сумын ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн мэргэжилтэн А.А 2016 оны 11 дүгээр сард хүлээлгэн өгсөн.

Энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Нэхэмжлэгч тухайн жилдээ багтааж материалаа өгөөгүй, хугацаа хоцроосон, энэ нь нэхэмжлэгчийн буруугаас болсон зүйл огт байхгүй. Мөн тухайн жилийн ургацын урамшууллыг тухайн жилд нь биш харин дараа жил нь олгодог.

Урамшуулалд хамрагдах гэж буй иргэн өөрөөс хамаарахгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар, эсхүл журмыг хэрэгжүүлэхэд оролцогч захиргааны байгууллагын буруугаас шалтгаалж урамшууллаа авч чадаагүй бол тухайн жил нь өнгөрсөн гэдгээр урамшуулал авах эрхээ алдана гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй байхад шүүх ийнхүү дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7 дахь хэсэгт заасныг хэрэглэхдээ “...хариуцагчийг сонгох боломжийн хязгаарыг хэтрүүлэхээр байсан тул урамшуулал олгохоос татгалзсан үйлдэл нь зөв...” гэж дүгнэсэн нь буруу.

Учир нь “Хүнсний буудайнд мөнгөн урамшуулал олгоход баримтлах журам”-ын 1.2-т “Буудай үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, иргэд, байгууллага (цаашид буудай үйлдвэрлэгч гэх)-аас дотоодын гурилын үйлдвэрүүд, Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон Улсын нөөцийн газарт нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний буудайн тонн тутамд Засгийн газраас жил бүр тусгайлан тогтоосон хэмжээгээр урамшуулал олгоно”, 1.4-т “Тариалан эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжээс энэ журамд заасны дагуу ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд урамшуулал олгох эсэхийг шийдвэрлэнэ”, 3.16-д “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь урамшуулалд хамрагдах аж ахуйн нэгж, иргэдэд мөнгөн урамшуулал олгох асуудлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар шийдвэрлүүлнэ” гэж тус тус зааснаар тухайн жилдээ буудайн хураан авч нийлүүлсэн иргэнд урамшуулал олгох шийдвэр гаргах хүрээ хэмжээ хариуцагчийн хувьд хугацаанаас хамаарч, эсхүл өөр бусад ямар нэгэн байдлаар хязгаарлагдах талаар заагаагүй байна.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хүнсний буудайнд мөнгөн урамшуулал олгоход баримтлах журам”-ын процедур, дарааллыг нь тайлбарласан. Ингэхдээ “...буудайн урамшуулалд хамрагдах иргэн, байгууллага хүсэлтээ шаардлагатай материалын хамт сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ, сумын Засаг даргын Тамгын газар нь хянаад аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газарт хүргүүлнэ, уг газар нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүргүүлнэ. Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь материалыг хянаж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүлж уг газар нь урамшуулал олгох эсэхийг сайдын тушаалаар шийдвэрлүүлдэг...” гэжээ.

Дээрх журмаар буудайн урамшуулал олгох процесст иргэн өөрөө шат шатанд нь оролцоод шийдвэрээ гаргуулаад явах талаар ерөөсөө зохицуулаагүй. Иргэний хувьд хамгийн анх сумандаа материалаа бүрдүүлж өгөхөд л хангалттай. Нэхэмжлэгчийн хувьд ч мөн сумандаа материалаа бүрэн бүрдүүлж өгсөн.

Үүнээс цааших ажиллагаанд нэхэмжлэгч ямар ч оролцох боломж байхгүй. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн хүсэлт жилийн дараа ирсэн байна, үүнд хариуцагч буруугүй, нэхэмжлэгч хүсэлтээ шийдвэрлүүлээд явах байсан юм шиг дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

Шүүхээс буудайн урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй шат дараалсан захиргааны байгууллагын анхан шат болох сумын Засаг даргын Тамгын газар, тодруулбал түүний газар тариалангийн асуудал эрхэлсэн төрийн албан хаагч алдаа гаргасан, үүнд нэхэмжлэгч О.О ямар ч буруугүй, хууль зөрчөөгүй байгаа үйл баримтыг зөвөөр үнэлэхгүйгээр, журмын зохицуулалтыг буруу ойлгож хэрэглэсэн нь хууль бус бөгөөд үндэслэлгүй байна.

Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд:

Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.6 дахь хэсэгт зааснаар хуулийн зохицуулалтын гол зорилго нь дотоодын тариалан эрхлэлтийг дэмжих зорилгоор хүнсний буудай хураан авч нийлүүлсэн тариалан эрхлэгчдэд төрөөс мөнгөн урамшуулал олгох явдал юм.

Өөрөөр хэлбэл шаардлага хангасан буудай хураан авч дотоодын гурилын үйлдвэрт нийлүүлсэн бол урамшуулал авах эрхтэй. Нэхэмжлэгч энэ шаардлагыг хангасан байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн байх зарчмын дагуу хариуцагч нэхэмжлэгчид буудайн урамшууллыг олгох шийдвэр гаргах ёстой байсан. Шүүх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн байх зарчмыг хэрэгт хамааралтай талаас нь авч үзэж, уг заалтыг хэрэглээгүй алдаа гаргасан гэж үзэж байна.

“Хүнсний буудайнд мөнгөн урамшуулал олгоход баримтлах журам”-ын 5.28-д “Буруу, ташаа мэдээ ирүүлсэн аж ахуйн нэгж, иргэдийг дахин буудайн урамшуулалд хамруулахгүй” гэж заасан нь хариуцагчийн хувьд урамшуулал олгохоос татгалзах үндэслэл болно. Ийм зөрчил байхгүй бол буудайн урамшуулал олгох бүрэн боломжтой. Нэхэмжлэгчийн хувьд ийм зөрчил гаргаагүй. Шүүх журмын дээрх заалтыг мөн адил хэрэгт хамааралтай талаас нь хэрэглээгүй нь үндэслэлгүй.

Нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд:

Булган аймгийн С сумын Засаг даргаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хандсан 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 1/174 дүгээр албан бичигт “Сумын газар тариалан хариуцсан мэргэжилтэн солигдож 2 мэргэжилтний ажил хүлээлцэх явцад тус сумын 2 дугаар багийн иргэн О.О 74.9 тн буудайн урамшууллын материалыг хүргүүлэлгүй хоцроож хариуцлагагүй алдаа гаргасан байна” гэж буудайн урамшууллын журмаар хамгийн анхлан урамшууллын материалыг хүлээн авч, цааш нь явуулах үүрэгтэй захиргааны байгууллага нь нэхэмжлэгчээс 2016 онд буудайн урамшуулалд хамрагдах материалыг хүлээн авсан, хүлээн авсан материалаа дараагийн шатны байгууллагад хүргүүлэлгүй алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Нэхэмжлэгчийн хувьд буудай хураасан жил болох 2016 ондоо багтааж урамшуулалд хамрагдах хүсэлтээ гаргасан болох нь тогтоогдож байхад шүүх нэхэмжлэгчийг 2016 онд хүсэлтээ гаргаагүй, 1 жилийн гаруйн дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүсэлтээ гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймээс шүүх дээрх албан бичгийг үнэлэхгүйгээр нэхэмжлэгчийн сүүлд арга буюу өөрөө Хүнс, хөдөө аж ахуйн сайдад хандсан хүсэлтийг буруу үнэлсэн. Хэрэв сумын Засаг даргын дээрх албан бичгийг шүүхээс шууд үнэлэхэд хангалтгүй байсан бол шүүх Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргаас болсон үйл баримтыг тодруулж нотлох ажиллагааг хийх бүрэн боломжтой байсан. Гэтэл шүүх ийм нотлох ажиллагааг хийгээгүй. Өөрөөр хэлбэл шүүх хангалттай тодорхой тогтоогоогүй байж нэхэмжлэгчийг 2016 онд буудай нийлүүлээгүй мэтээр шийдвэртээ дүгнэсэн байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 128/ШШ2018/0426 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг буруу үнэлсэн байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Булган аймгийн С сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 1/174 дүгээр албан бичгээс үзэхэд нэхэмжлэгч О.О 2016 онд хураан авч, “Э ф” ХХК-д нийлүүлсэн 74.9 тн хүнсний улаан буудайн урамшууллаа авч чадаагүй нь түүнээс үл хамаарах шалтгаантай байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс хүсэлтээ холбогдох баримтын хамт хугацаанд нь сумын Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн мэргэжилтэнд өгсөн боловч газар тариалан хариуцсан 2 мэргэжилтний ажил хүлээлцэх явцад тухайн материалыг хүргүүлэлгүй хоцроож, хариуцлага алдсан болохыг дээрх албан бичгээр хүлээн зөвшөөрсөн төдийгүй О.О материалыг нөхөн авч урамшуулалд хамруулж өгөхийг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас хүссэнээс гадна энэхүү үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан О.О зүгээс ч мөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр урамшуулалд хамрагдах хүсэлтээ дахин гаргажээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2010 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 24/34 дүгээр тушаалаар батлагдсан “Хүнсний буудайнд урамшуулал олгох журам”-ын 2-т “Буудай үйлдвэрлэгч …иргэн, ...ээс дотоодын гурилын үйлдвэрүүд,…-д нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний буудайн тонн тутамд Засгийн газраас жил бүр тусгайлан тогтоосон хэмжээгээр урамшуулал олгоно”, 13-т “Урамшуулалд хамрагдах талаар иргэн, …-ээс бүрдүүлсэн материалыг Сумын Засаг даргын Тамгын газар хүлээн авч, материалын бүрдэлт болон үнэн зөв эсэхийг хянаж баталгаажуулан, эх материалын хамт харьяалах аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн газарт жил бүрийн 11 дүгээр сарын 10-ны дотор албан тоотоор хүргүүлнэ” гэж зохицуулсан ч энэ тохиолдолд хүсэлтийг материалын хамт хугацаанд нь дээрх газарт хүргүүлэх үүргээ сумын Засаг даргын Тамгын газраас биелүүлээгүйн улмаас мөнгөн урамшуулал авах нэхэмжлэгчийн эрх зөрчигдөх учиргүй.

Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “Тариалангийн үйлдвэрлэлд төрөөс мөнгөн болон мөнгөн бус урамшуулал олгож болно”, 20 дугаар зүйлийн 20.1.1-д “тарилангийн үйлдвэрлэл эрхлэгч хууль тогтоомжид заасны дагуу төрөөс мөнгөн дэмжлэг авах эрхтэй” гэж тус тус заасан, гэтэл энэхүү хуулиар олгогдсон эрхийг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтны хариуцлагагүй үйл ажиллагаанаас шалтгаалж эдлүүлэхгүй байх, ингэхдээ журмын Гуравын 12-т заасан заавал бүрдүүлэх материал дутуу гэсэн үндэслэлээр бус зөвхөн хугацаагаар хязгаарлах нь учир дутагдалтай болжээ.

Анхан шатны шүүхээс “нэхэмжлэгчийг хүсэлтээ хугацаанд нь гаргасан” гэж зөв дүгнэсэн атлаа хариуцагчийн урамшуулал олгох эрхийн хүрээ хязгаарыг “зөвхөн тухайн тухайн жилээр хязгаарлахаар журамласан…”;

-нэхэмжлэгчээс 2016 онд хураасан улаан буудайгаа 2017 онд “Э ф” ХХК-д нийлүүлээгүй байхад “…эсхүл өмнөх жилд нийлүүлсэн улаан буудайг дараа жил нь хүлээн авч нөхөх олговор олгох тохиолдолд хуулиар зөвшөөрсөн хүрээ хязгаарыг зөрчсөн шийдвэр болно…”;

-журамд урамшуулал авах хүсэлтээ холбогдох материалын хамт Сайдад гаргахаар зохицуулаагүй, нэхэмжлэгчээс ч 2017 оны 12 дугаар сард Сайдад хандаж хүсэлт гаргасан нь 2016 онд нийлүүлсэн улаан буудайн урамшууллыг авахаар анх удаа хандаж буй хэрэг огт биш байхад “…1 жил гаруйн дараа гаргасан хүсэлтээр урамшуулал олгох боломжгүй…” гэх зэргээр хариуцагчийн үйлдлийг зөвтгөсөн анхан шатны шүүхийн дүгнэлтүүд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 05/196 дугаар албан бичгээр өгсөн хариунд зөвхөн 2016 онд нийлүүлсэн буудайнд урамшуулал олгох боломжгүй болохыг мэдэгдсэн, түүнчлэн уг журмын 13-т заасны дагуу материалын бүрдэлт, түүний үнэн зөв эсэхийг хянаж баталгаажуулах чиг үүрэг бүхий сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгчийн материалыг нөхөн авахыг хариуцагчаас хүссэн зэргээс үзэхэд давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Наран-Эрдэнийн гаргасан “…яаманд холбогдох материал нь эх хувиараа ирээгүй…” гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

74.9 тн улаан буудайг бүгдийг нь стандартын I-III ангилалын шаардлага хангасан гэж үзэн Засгийн газрын 2018 оны 48 дугаар тогтоолоор шинэчлэн тогтоосон үнэлгээ болох тн тутмыг 60000 төгрөгөөр тооцоход нэхэмжлэгч 4 сая гаруй төгрөгийн урамшуулал авахаар байгаа, мөн журмын 9-т зааснаар хүнсний буудайнд олгох урамшууллын хөрөнгийн эх үүсвэр нь тухайн жилд хариуцагчийн багцад буудайн урамшуулалд зориулж баталсан хөрөнгөөс бүрдэхээр зохицуулсан тул урамшууллын хэмжээний хувьд ч, цаг хугацааны хувьд ч энэхүү шийдвэр биелэгдэх бүрэн боломжтой гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7 дахь хэсэгт “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэсэн нь маргааны үйл баримтад дүгнэлт өгөх хүрээ хязгаар болохоос бус шийдвэрт баримтлах заалт биш болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 128/ШШ2018/0426 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.6, 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасныг баримтлан иргэн О.О нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2016 онд хураан авч нийлүүлсэн 74.9 тн хүнсний улаан буудайн урамшууллыг олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, зохих журмын дагуу урамшуулал олгохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН