Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00824

 

 

 

 

 

 

                                 МДС нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/00271 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч МДС хариуцагч “А А Б” ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны үлдэгдэл төлбөр, алдангид 5,906,046 төгрөг, тоолуур баталгаажуулахаар авсан 2,560,000 төгрөг, усны өргөх насосны төлбөр 11,500,000 төгрөг, зээлдүүлсэн 800,000 төгрөг, нийт 20,766,046 төгрөг гаргуулах үндсэн, хариуцагчийн орон сууцны үнэд илүү төлсөн 7,705,618 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Дг, хариуцагчийн төлөөлөгч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага:  “А А Б” ХХК-аас орон сууцны үлдэгдэл төлбөр, алдангид 5,906,046 төгрөг, тоолуур баталгаажуулахаар авсан 2,520,000 төгрөг, усны өргөх насосны төлбөр 11,500,000 төгрөг, нийт 19,926,073 төгрөг гаргуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 2016 онд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Усны өргөх насос чанарын шаардлага хангахгүй байгааг Мэргэжлийн хяналтын байгууллагаас нотолсон. н.Бусны тоолуур баталгаажуулахаар 2,500,000 төгрөг авсан боловч баталгаажуулж өгөөгүй. 2,500,000 төгрөгийг шилжүүлж авсан гэдгийг инженер н.Бнотолно. Зээлдүүлсэн 800,000 төгрөгийн  баримт гарч ирсэн учраас татгалзаж байна. н.Ббайрны зээл авах гэж байгаа  байрны талбайн хэмжээг 81,81 м.кв байгааг 80 м.кв болгоод өгөөч, байрны зээл 80 м.кв-аас дээш байвал зээл гарах боломжгүй гэж гуйхаар нь зөвшөөрч 80 м.кв гэж зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэтэл мөнгөө төлөх болоход 80 м.кв-аар гэрчилгээ гарсан учраас энэ хэмжээгээр төлбөрөө төлнө гэсэн. Байрны талбайг хэмжих шүүгчийн захирамж 2018 онд гарсан боловч н.Бшинжээчийг гэртээ оруулаагүй жил болсон. Хэмжилтийн компани байрны талбайг 80.6 м.кв гэж хэмжсэн. “Тэдү” ХХК шинээр өрсөн ханыг тооцохгүй хэмжилт хийсэн. Хананы маргаан гарч дахин шинжээч томилсон ба “Эрдэм түм” ХХК шинээр барьсан өрөөний доорх талбайн хэмжээг гаргаагүй. 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн албан бичигтээ шинээр хийсэн хананы эзлэх талбай 1,09 м.кв гэсэн бөгөөд 80.84 м.кв дээр нэмэхэд 82.2 м.кв гэсэн бичиг ирсэн. Хариуцагч тал хэмжилт хийсэн компаниас татгалзсан. Хамгийн сүүлийн компани өрөөний талбайг хэмжихдээ бага зэрэг хасалт хийсэн. Иймд талбайн хэмжилтийн зөрүү 5,906,000 төгрөгийг нэхэмжилсэн. Нийт 20,766,046 төгрөгийн 800,000 төгрөгөөс татгалзаж нийт 19,966,046 төгрөг гаргуулна. “Брайт пойнт” ХХК шүүгчийн асуултад бүрэн хариулаагүй, шинэ, хуучин хананы хэмжилтийн асуудлыг огт хийгээгүй. Дунд талын коридорыг хэмжихдээ тоог нь анхнаасаа тавиагүй. Хамгийн сүүлд гурвалжинг тавиагүй атлаа зургаа өөрчилж дахиж бичсэн. Коридорын хэмжээг аваагүй учраас дахиж уг хэмжээг авах шаардлагатай гэж үзэж байна. Нэг хөндлөн хэмжилтийг зайлшгүй авах шаардлагатай гэжээ.

   2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Хавтаст хэрэгт уг орон сууцыг ажлын хөлсөнд бартераар авч 20,000,000 гаруй төгрөгийн үлдэгдэл үлдсэнийг бэлэн мөнгөөр МДСд шилжүүлсэн баримтууд байгаа. 8 хувийн зээлд хамрагдаж төлбөр төлөх байдал тогтоогдоогүй. Нэхэмжлэгч Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт тухайн орон сууцыг 80 м.кв гэж албан бичиг бүрдүүлэн өгч улсын бүртгэлийн гэрчилгээ нь гарсан. Хэрэв улсын бүртгэлийн гэрчилгээг 81.60 м.кв гэж гаргаад ирвэл хариуцагч тал маргахгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гарсан. Бодит байдал дээр тухайн байрны талбайн хэмжээ 80.4 м.кв болох нь тогтоогдсон. Гэтэл нэхэмжлэгч н.Билгүүнжаргалыг авсан байрандаа шинээр хана өрсөн байна гэж гүтгэсэн. Шинээр хана өрсөн гэдгээ  нэхэмжлэгч тал нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч батлагдсан зургаар байраа бариагүй гэдгийг Мэргэжлийн хяналтын улсын байцаагч тогтоосон дүгнэлт хэрэгт авагдсан. Хариуцагч нэмж мөнгө төлөх үндэслэл байхгүй. Хариуцагчид барилгыг энэ чигт нь хүлээлгэж өгсөн, ямар ч өөрчлөлт гаргаагүй. Хариуцагчийг орон сууцандаа засвар хийгээгүй гэдгийг нэхэмжлэгч мэдэж байгаа. Нэхэмжлэгчийн гэрт байрны бүх хяналтын камер байдаг. Талбайн зөрүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. “А А Б” ХХК усны тоолуур баталгаажуулдаг компани биш, сантехникийн угсралт хийдэг компани. Н.Бгэх хүн усны тоолуур баталгаажуулъя гэж хэлээд С.Д мөнгө авсан байх боломжтой. Нэхэмжлэгч хэлэхдээ н.Бгэх хүн гарын үсгээ зураад тухайн мөнгийг авсан гэсэн. Усны тоолуурыг тусгай зөвшөөрөлтэй компани баталгаажуулдаг бөгөөд хариуцагч компани усны тоолуур баталгаажуулах эрх байхгүй. Тухайн үед барилгын зургийг хийсэн компани усны насос тавих зураг төслийг нь гаргаад С.Дзөвшөөрч гарын үсэг зураад усны тоолуурыг нь “А А Б” ХХК авч тавьж, шахаж шалгаад, хүлээж авсан баримтад гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа усны насос тавих шаардлагагүй байсан, манай байрны ус гаралтаараа хамгийн дээд давхарт очдог гэж ярьсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг эвдэрхий насос тавиад байрны хамгийн дээд давхарт ус очихоо больсон гэдэг. Үүнийг мэргэжлийн хяналтын байгууллага тогтоосон. Дээд давхарт ус очихгүй байгаа тул аргагүйн эрхэнд өөр насос авч тавьсан гэж байгаа боловч өөр насос авч тавьсан талаар нотолсон баримт байхгүй. Насос хэвийн ажиллаж байсан гэдгийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрөөд хүлээн авсан баримтад гарын үсэг зурсан. Анхнаасаа эвдэрхий байсан бол нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа насос хэрэглэхгүй байсан ч ус дээд давхарт очдог гэсэн нэхэмжлэл гаргахгүй байсан. 11,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 3. Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “А А Б” ХХК-аас 14,020,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МДСд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,906,073 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар “А А Б” ХХК-д холбогдох 800 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас МДС  татгалзсан, мөн МДСд холбогдох орон сууцны үнэд илүү төлсөн 7 705 618 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээс “А А Б” ХХК татгалзсан тул нэхэмжлэгч, хариуцагч нарын татгалзлыг баталж, холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нийт төлсөн 764 700 төгрөгөөс тусгаарласан шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 261 780 төгрөгийг болон “А А Б” ХХК-аас сөрөг нэхэмжлэлд төлсөн 142 050 /7 420+134 630/ төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч “А А Б” ХХК-иас 228 049 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 11 874 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 71 025 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

  4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Дийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр 5,906,046 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй.

4.1. “Брайт пойнт” ХХК орон сууцны талбайн хэмжилтийг дутуу хийснийг гүйцээж хийлгэхгүй шийдвэр гаргасан нь процессын хуулийг ноцтой зөрчсөн тухайд,

4.1.а. Анх орон сууц худалдах гэрээнд орон сууцны талбайг нь зургаараа 81.81 м.кв байснаар оруулсан. Хариуцагч н.Б8 хувийн зээлд ормоор байна 80 м.кв гэж бичиж өгөх, төлбөрөө хийнэ гэсэн баталгаа бичиж өгсөн. Хуурамч гэрээ, зураг хийлгэж аваад гэрчилгээ гаргуулсан. Өмчлөх эрхийн гэрчилгээ гарсны дараа 80 м.кв-аас дээш талбайн үнэ төлөхгүй гэж луйвар хийсэн. Орон сууцны талбайг хэмжсэн компаниуд шинээр өрсөн өрөөний хана доорх талбайг тогтоож зургаар харуулах шүүгчийн захирамжийг биелүүлээгүй. “Эрдэм түм” ХХК 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шинээр хийсэн ханын эзлэх хэмжээ 1,09 кв, нийт талбай 82.22 м.кв гэсэн дүгнэлт хийсэн. Гэтэл хариуцагч тал уг дүгнэлтийг зөвшөөрөхгүй, шинээр шинжээч томилуулсан.  Шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн захирамжаар “Брайт пойнт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчид нэхэмжлэгчийн асуусан “батлагдсан зургийн дагуу болон шинээр өрөө гаргасан үеийн талбайг хэмжих, энэ хоёр хэмжилтийн зөрүүг тайлбарлах, нэмж өрсөн хананы эзлэх талбайн зургийг нарийн харуулах, шинээр барьсан ба буулгасан хананы эзлэх зайг харьцуулж гаргах” асуултанд хариулах даалгавар өгсөн. Гэтэл тус компани дээрх асуултанд хариулаагүй, гурвалжин дүрсүүдийг буруу зурсан байсан. Дахиж зургуу ирүүлэхдээ хийсэн хийсэн хэмжилтээ хийхгүй санааны зоргоор зарим гурвалжин дүрс зурж, дээрх 3 асуултанд хариулаагүй. Гэтэл шүүгч шүүх хурлыг хийхээр шийдвэрлэсэн. “Брайт поинт” ХХК 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбар, дүгнэлтдээ дээрх 3 асуултанд хариу ирүүлээгүй. 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хэмжилт дутуу байхад, шүүх хурал хийхгүй гэх хүсэлт гаргахад шүүгч шинжээчийн үгийг сонсоод шийдье гэж хуурсан. Шинжээч зургаар хэмжихэд 82,2 м.кв, шинэ хананы доорх талбайг хэмжээгүй нөхцөлд 80,4 м.кв, зөрүү 2 м.кв талбай шинэ хананы доор байж таарах нь гэсэн. Гэтэл шүүгч энэ үгийг үл ойшоосон.

4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан тухайд,

4.2.а. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүгчийн захирамжид хэмжилт хийсэн 2 байгууллагаас гэрч оролцуулахаар шийдвэрлэсэн. Сүүлийн хуралд 2 гэрчийн нэгийг оролцуулаагүй процессын хууль зөрчсөн. Уг гэрчүүд нэмж өрсөн өрөөний хананы доорх талбайн талаар тайлбар хэлэх ёстой байсан.

4.2.б. Нэхэмжлэлийн шаардлагаас 2 нэхэмжлэлийг тусгаарлах хүсэлтийг гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн. Орон сууцны талбайн хэмжээг тодорхой болгож шүүх хурлыг хийх ёстой байсан. Шинжээч "нэмэлт хананы доор 2 м.кв байна" гэж хэлж байхад шүүгч "өөрийн дүгнэлтийг тайлбарласан байдлаас үзэхэд" гэж мушгин илтэд буруу тайлбарласан. Шинжээчийн дээрх үгийг түүний тайлбарын агуулгад оруулаагүй хууль зөрчсөн.

4.3. Шүүхийн шийдвэрийн тухайд,

4.3.а. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заадаг. Талуудын гол маргаан нэмэлт хананы доорх талбай байхад шүүгч энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг шийдвэрт тусгаагүй.

4.3.б. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гол маргаан болох нэмэлт хананы талаар өөрийн үнэлгээгээ заагаагүй, бичээгүй хууль зөрчсөн. Өмнөх шинжээч 82.22 м.кв гэж дүгнэснийг хүчингүй болгоогүй байхад дутуу хэмжсэнээс 80.41 м.кв гэсэн зөрүүтэй дүгнэлт бий болж, эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн. Ийм нөхцөлд хэмжилтийг гүйцэд хийлгэх эсвэл дахин шинжээч томилж зөрүүг арилгах хуулийн заалтыг зөрчсөн. Шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан бол шүүх өөр шинжээчээр дахин шинжилгээ хийлгэж болно. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс нэмэлт хананы доорх талбайг зурж тооцсон баримтыг шүүгчид өгөхөд аваагүй, хэрэгт хавсаргаагүй. Энэ талаар мэтгэлцээн өрнүүлээгүй. Нэмэлт хананы доорх талбайн талаар мэтгэлцүүлээгүй.

4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109.2 дах хэсэгт “Гэрч бүрийг тус тусад нь асууна. Мэдүүлэг өгч эхлээгүй байгаа гэрч шүүх хуралдааны ажиллагаа явагдаж байх үед шүүх хуралдааны танхимд байж болохгүй. Хэрэв мэдүүлэг өгсөн гэрчийг гарч явахыг шүүх хуралдаан даргалагч зөвшөөрөөгүй бол тэрээр шүүх хуралдаан дуустал танхимд байна” гэж заасан. Гэтэл шинжээчийг шүүх хуралд эхнээс нь суулгаж шүүх хуралдааны дэгийг зөрчсөн. ... Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гансүхийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

5.1. Үйл баримтын талаар,

5.1.а. МДС зүгээс 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “насос хэрэггүй байхад авчраад угсарчихлаа, манай байрны усны даралт хэвийн байсан, төлөвлөөгүй зураггүй насос” гэх үндэслэлээр шүүхэд хандсан байдаг. Үүнийг нь үгүйсгэсэн нотлох баримтууд гарч ирмэгц нэг биш хоёр насос тавьсан тохиолдолд усны даралт хэвийн болно, нэг насос ажиллахаар усны даралт хүрэхгүй байна, эвдэрхий муу насос гэх зэргээр өөр үндэслэл ярьж эхэлсэн. Ямар ч хамаагүй аргаар мөнгө авах гэсэн санаа зорилго агуулж нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх бодитой үнэлэлт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Маргаж буй цэвэр усны өргөлтийн насосыг хариуцагч "А А Б" ХХК-ийн зүгээс дураараа сонгосон, эсхүл нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй худалдаж авсан зүйл байхгүй. МДС захиалгаар, зураг төслийн "Аксиом констракшн" ХХК-ийн гүйцэтгэсэн зураг төслийн дагуу К-20/30 маркын насосыг угсарч суурилуулсан. 2014 онд хүлээлгэж өгсөн. "А А Б” ХХК цэвэр усны өргөлтийн насосыг үйлдвэрлээгүй бөгөөд талуудын байгуулсан МДС 72 айлын орон сууцны гадна, дотор сантехникийн ажил гүйцэтгэх гэрээнд хариуцагч нь хийж гүйцэтгэсэн ажилд орсон материалд баталгаа олгохгүй байхаар заасан. Бодит байдал ийм байхад "А А Б" ХХК-аас 11,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

5.2. Хариуцагч тал нэхэмжлэгчээс 2,520,000 төгрөг дансаар авсан, үүнтэй маргахгүй. Гэхдээ уг төлбөр нь тоолуур угсрах ажлын хөлс болохоос, тоолуур баталгаажуулах үйлчилгээний хөлс биш. “А А Б" ХХК усны тоолуур баталгаажуулах үйлчилгээ үзүүлдэггүй. Нэхэмжлэгч тал тухайн үед, усны тоолуураа Монголоос авна, угсрах компани нь бэлэн байгаа гэсэн атлаа БНХАУ-д хямдхан байна, би авчихъя чи угсраад өгөөрэй гэхээр нь хариуцагч тал албан бичиг хүртэл өгсөн байдаг. Нөгөө талаас хариуцагч заавар дүрмийн дагуу усны тоолууруудыг угсарсан ба Улсын комисс хүлээн авахдаа хэвийн гэж үнэлж дүгнэсэн байдаг. Харин 2-р хавтаст хэргийн 193-р хуудсанд “2014.07.21-ний өдөр 2 520 000 төгрөгийг 252 ширхэг тоолуур баталгаажуулсны үнэ сангийн Болдод өгөв” гэх баримт авагдсан ба уг мөнгийг хариуцагч аваагүй. Гэтэл анхан шатны шүүх буруу үнэлэлт дүгнэлт өгсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны  шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: М.Бнь “Евро зик” ХХК-аас 2 ширхэг усны тоолуур авна гэж 11,500,000 төгрөг авсан. 100 айлаас паспортгүй, зориулалтын бус эвдэрхий ус алддаг 1 ширхэг насос авчирч угсарсан. Улсын комисс ирэх учраас насосоо солих шаардлага тавихад гарын үсгээ зурчих улсын комисс барилгыг хүлээж авсны дараа солино гэж хэлэхээр нь итгэсэн. Насос нь ажиллахгүй байсан учраас дахин 11,500,000 төгрөгөөр шинэ насос авч, угсруулсан. К20-30 маркийн насос нь орон сууцны зориулалттай биш болохыг Мэргэжлийн хяналтын газар тогтоосон. Улсын комиссыг хуурсан. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын албан бичигт хууран мэхэлж барилгыг хүлээлгэж өгсөн, дахин хийх шаардлагатай гэдгийг мэдэгдсэн. “Евро зик” ХХК-аас 40,000,000 төгрөгийн материал авсан байсан. Гэтэл чанарын баталгаа, лац, паспортгүй насос авчирч угсарсан. 100 айлаас насос авчирч угсрахыг зөвшөөрөөгүй. Зураг төсөл дээр К20/30 маркын насос угсрах талаар тусгасан зүйл байхгүй. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн төлөвлөгөөний газраас насос солихыг удаа дараа шаардсан. Нэхэмжлэгчийн материалаар ажил гүйцэтгэсэн бол баталгаа олгохгүй байх нь зөв, харин өөрөө худалдан авсан насосдоо баталгаа олгох ёстой. Хариуцагч тал БНХАУ-ын Эрээн хотоос чанарын шаардлага хангахгүй усны тоолуур авчирсан ба манай улсад ашиглах зөвшөөрөлгүй тоолуур байсан учраас баталгаа олгоогүй. М.Бтоолуурыг батлуулсан гэх бичиг нь хуурамч баримт байсан ба уг бичгийг улсын комисст үзүүлж хүлээлгэн өгсөн. Улсын комисс баталгаажуулаагүй тоолуурыг хүлээж авсан талаар гомдол гаргасан. Усны тоолуурын мөнгө авсан гэдгийг н.Ббаталдаг. ... Усны тоолуурыг суурилуулах зардал гэрээний 3.2-т заасан ажлын хөлсөнд багтсан. Хариуцагч усны тоолуур суурилуулах зөвшөөрөлгүй байсан гэдгээ нуусан. Нэхэмжлэгчээс мөнгө авч итгэлийг нь алдсан. 81,81 м.кв орон сууцны төлбөрийг төлнө гэж баталгааны бичиг өгсөн гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: ... Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас харахад орон сууцны төлбөрийн дийлэнхийг нь бартераар, үлдэгдлийг нь бэлэн мөнгөөр төлсөн байдаг. Ипотекийн зээлийн асуудал байхгүй. Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаар өмчлөх эрх баталгааждаг. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн бичиж өгсөн албан бичгийн дагуу улсын бүртгэлд 80 м.кв гэж бүртгэгдсэн. Хариуцагч тал нь тус орон сууцыг бусдад 80 м.кв-аар тооцож худалдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлтүүдээр орон сууц 80 м.кв талбайтай болох нь тогтоогдсон. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр маргаан бүхий орон сууцыг батлагдсан зургийн дагуу бариагүй, өөрчилж барьсан, өөрчлөлтийг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй гэдгийг тогтоосон. Нэхэмжлэгч нь анх ямар талбай хүлээлгэж өгсөн болохоо нотолж чадаагүй. Хариуцагч тал тухайн байрыг нэхэмжлэгчийн хүлээлгэж өгсөн байдлаар амьдарч байгаад бусдад худалдсан. Нэмэлт хана барьсныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлтүүдийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй, дахин хэмжүүлж байсан гэж нэхэмжлэгч тайлбарлах боловч нотолсон баримтгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч МДС хариуцагч “А А Б” ХХК-д холбогдуулан орон сууцны төлбөрийн үлдэгдэл 3,937,382 төгрөг, алданги 1,968,691 төгрөг, тоолуур баталгаажуулахаар авсан 2,520,000  төгрөг, усны өргөх насосны төлбөр 11,500,000 төгрөг, зээлдүүлсэн 800,000 төгрөг нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 800,000 төгрөгөөс татгалзаж хариуцагчаас нийт 19,926,073 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч орон сууцны төлбөрт илүү төлсөн 7,705,618 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардсан боловч уг шаардлагаасаа татгалзсан болно.

3. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна.

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний дагуу тодорхой ажил гүйцэтгэх, ажлын хөлсөнд орон сууц бартериар тооцож төлөхөөр тохиролцсон үйл баримтын талаар маргаагүй.

5. Орон сууцны төлбөрийн үлдэгдэл 3,937,382 төгрөг, алданги 1,968,691 төгрөг гаргуулах шаардлагын хувьд дараах гэрээг үндэслэсэн байх ба “А А Б” ХХК нь МДС багш ажилчдын 72 айлын орон сууцны гадна, дотор сантехникийн иж бүрэн угсралтын ажлыг мэргэжлийн 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр, чанарын өндөр түвшинд 3 сарын хугацаатай хийж гүйцэтгэх, ажлын хөлс 92,988,818  төгрөгт тус байрны 6 давхарын 81,81 м.кв орон сууцыг бартераар солилцох, байр орон сууцны үнэ 188,163,000 төгрөг, 1 м.кв нь 2,300,000 төгрөг байхаар тохиролцжээ. Зохигчид орон сууцны талбайн хэмжээг хэрхэн тохиролцсон, хариуцагч орон сууцны үнийг бүрэн төлсөн эсэхт маргаж байна. /2хх9-10/

Хэрэгт МДС 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “А А Б” ХХК-тай байгуулсан орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд орон сууцны үнийг 188,163,000 төгрөг, талбайн хэмжээг 81,81 м.кв гэж, мөн өдөр иргэн Э.Ц-той байгуулсан орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд орон сууцны үнийг 184,000,000 төгрөг, талбайн хэмжээг 80 м.кв гэж өөрөөр тусгасан байна. /2хх80-85/

6. Нэхэмжлэгч ипотекийн 8 хувийн зээл авч төлбөрийн үлдэгдлийг төлнө гэсэн учраас 80 м.кв гэж гэрээнд бичиж өгсөн гэж, хариуцагч нь банкнаас зээл аваагүй, гэрээнд орон сууцны талбайн бодит хэмжээ 80 м.кв байсныг тусгасан гэж тус тус тайлбарлажээ. 

6.а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх зохигчдын хүсэлтээр талбайн хэмжээг тогтоолгохоор хэд хэдэн удаа шинжээч томилсон боловч зарим нь буюу “Хот айл” ХХК, “Эм Эм Инженеринг” ХХК, “Уран-Асар” ХХК, “Хөрөнгө Эстимэйт” ХХК, Барилгын хөгжлийн төв шинжилгээ хийхээс татгалзсан байна. Талбайн хэмжээг “Эрдэм түм” ХХК 81.35 м.кв, “Брайт Пойнт” ХХК 80.41 м.кв гэж гаргасан байна. /2хх176, 183, 3хх60, 136-139, 165, 170, 182-187/

Шинжээчийн дүгнэлтэд талбайн хэмжээг гэрээнд зааснаас бага хэмжээтэй гэж заасан байх боловч гэрээний талуудын орон сууцны талбайн хэмжээг тооцох гэрээгээр тохиролцсон аргачлалыг тухайн маргаанд хэрэглэх боломжтой байна.

“А А Б” ХХК-ийн захирал М.Б-ын МДСтай байгуулсан гэрээнд орон сууцны талбайн хэмжээг 81,81 м.кв гэж тодорхойлж, гэрээний 2.2-т “орон сууцны талбайн хэмжээ улсын бүртгэлд бүртгэгдсэн 1 м.кв хүрэхгүй хэмжээгээр зөрсөн бол талууд гомдол гаргахгүй, үнийг шаардахгүй байх, талбайн хэмжээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэн талбайгаас 1м.кв-аас дээш хэмжээгээр зөрсөн бол 1 м.кв-д ногдох үнийг үндэслэн тооцоо хийнэ” гэж тохирчээ.

6.б. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан талуудын гэрээг чөлөөтэй байгуулах, агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчим, зохигчдын нэг салбарт аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг зэрэг нөхцөл байдлуудыг харьцуулан үзэхэд талууд анх гэрээ байгуулахдаа талбайн хэмжээ 1м.кв хүрэхгүй хэмжээгээр зөрсөн бол үнийг хүлцэх, 1 м.кв талбайгаас дээш хэмжээгээр зөрсөн бол үнийг төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна. Иймд хариуцагч гэрээгээр тохиролцсон үнээ дутуу шилжүүлсэн гэж үзэх тул 2,300,000  төгрөг, түүнд ногдох алдангид 1,150,000 төгрөг нэмж гаргуулсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцнэ. 

6.в. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний уг асуудлын талаар нэхэмжлэгч “М.Б8 хувийн зээлийг 80 м.кв-ааш дээш орон сууцанд олгохгүй журамтай тул 81,73 м.кв-г 80 м.кв болгож хуурамч гэрээ хийж өгнө үү, гэрчилгээ гарсны дараа зээл авч, төлбөрөө бичгээр баталсан ёсоор 81,73 м.кв-аар бүрэн төлнө гэсэн” гэж тайлбарласан, хариуцагчийн гарын үсэг зурсан гэрээний 3.2-т заасан орон сууцны үнэ төлөх нөхцөлд 67,654,182 төгрөгийг 8 хувийн зээлээр төлнө” гэж бичигдсэн байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гэрээний үнийн талаарх уг тайлбар, гэрээний дээрх заалт, гэрээ байгуулагдсан нөхцөл байдлуудыг Э.Цолмонтой байгуулсан гэрээнд бичигдсэн байгаа 80 м.кв гэсэн нөхцөлтэй харьцуулбал талууд гэрээгээр талбайн хэмжээг 81,81 м.кв нөхцөлөөр тохиролцсон гэж үзнэ. /1хх1, 2хх80-85/

Орон сууцны талбай уг хэмжээнд бүрэн хүрээгүй боловч гэрээгээр 1 м.кв-ын дотор шаардлага гаргахгүй байхаар тохиролцсон. Иймд үүнээс илүү хэмжээгээр төлбөр нэхэх эрхгүй.

7. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас тоолуур баталгаажуулахаар авсан 2,520,000 төгрөг, усны өргөх насосны төлбөр 11,500,000 төгрөг, нийт 14,020,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

7.а Зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн гэрээгээр “А А Б” ХХК тус орон сууцны барилгын гадна 296 метр дулааны шугам сүлжээний угсралтын ажил, 76 метр бохирын ажил, 35 метр цэвэр усны угсралтын ажлыг 15 хоногийн хугацаатай хийж гүйцэтгэх, ажлын хөлс 27,520,000 төгрөгийг гүйцэтгэгчийн захиалсан байрны төлбөрөөс хасаж тооцохоор тохиролцсон байна. /2хх6-8/

7.б Хэрэгт хариуцагчийн угсарсан усны өргөлтийн насосны доголдлын талаар  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02-07/3841 дугаартай албан бичиг, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 07/2615 дугаартай албан бичиг, Улсын мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагчийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 07/101/28 дугаартай дүгнэлтэд тодорхой бичигдсэн байна. Хариуцагч 11,500,000 төгрөг хүлээн авсан баримт хэрэгт байна. /1хх175-177, 2хх22-23, 52/

7.в. Захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх ажил гүйцэтгэгчийн үүрэг, доголдлыг арилгаж холбогдох зардлаа нөхөн төлүүлэх захиалагчийн эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасан зохицуулалтыг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

8. Тоолуур баталгаажуулахааар авсан 2,520,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

8.а Хариуцагч нь давж заалдах гомдолдоо 2,520,000 төгрөг нэхэмжлэгчээс дансаар авсан, энэ  нь тоолуур угсрах ажлын хөлс гэж тайлбарлалаа. Нэхэмжлэгчийн тоолуур угсрах ажлын хөлс гэрээний 3.2-т заасан ажлын хөлсөд багтсан гэж тайлбарласныг үгүйсгэх баримтгүй байна. Хэрэгт 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч компанийн инженер Т.Б 2,520,000 төгрөг бэлнээр хүлээн авсан, М.Бын ХААН банкны дансанд 2,520,000 төгрөг шилжүүлсэн баримт авагджээ. /1хх39, 2хх107/

8.б Анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул хариуцагчийн нотлох баримтын үнэлгээнд гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэв. 

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/00271 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ ... 14,020,000 ...” гэснийг “ ... 17,470,000 ...” гэж, “... 5,906,073 ...” гэснийг “... 2,456,073 ...” гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... 228 049 ...” гэснийг “... 245,300 ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,510 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,050 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

      ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

                                                   А.МӨНХЗУЛ