Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2017/02387

 

 

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2017/02387

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  . . . . . . . . . . байрлах М.Д.С-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  . . . . . . . . байрлах А.А.Б ХХК-д холбогдох

Орон сууц зээлээр худалдаж авсан гэрээний төлбөрийн үлдэгдэл 5 906 046 төгрөг, тоолуур баталгаажуулна гэж авсан 2 560 000 төгрөг, усны өргөх насосны төлбөр 11 500 000 төгрөг, зээлж авсан зээлийн төлбөр 800 000 төгрөг, нийт 20 766 046 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн төлөөлөгч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд болох өндөр хүчдэлийн шугам тасалсны төлбөр 1 600 000 төгрөг, экскаваторын жолоочийн хөлс, дизель түлшний зардал 1 212 500 төгрөг, хашаа эвдэлсний төлбөр 600 000 төгрөг, 2014 оны 8 сарын 25-нд барилгын материал үрэгдүүлсний төлбөр 4 980 200 төгрөг, 8 сарын 21-нд авч өгсөн барилгын материал үрэгдүүлсний төлбөр 504 500 төгрөг, 8 сарын 5-нд авч өгсөн барилгын материал үрэгдүүлсний төлбөр 1 555 608 төгрөг гаргуулах, 254 ширхэг паарны температур паарын тохируулагч солих зардал 2 209 220 төгрөг гаргуулах шаардлагаа тусгаарлуулсан өмнөх шүүх хуралдаан дээр усны тоолуурын үнэ 6 490 829 төгрөг, эвдэрсэн 2 ширхэг тоолуур засуулсны төлбөр 64 000 гаргуулах шаардлагаа мөн тусгаарлуулсан. Харин М.Б зээлж авсан зээлийн төлбөр 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа болно. Одоо үлдэх шаардлага болох багш ажилчдын байрнаас 81.73 м.кв орон сууц зээлээр худалдаж авсан төлбөрийн үлдэгдэл 3 397 382 төгрөг, алданги 1 968 664 төгрөг, нийт 5 906 046 төгрөг, тоолуур баталгаажуулна гэж авсан 2 560 000 төгрөг, усны өргөх насосны төлбөр 11 500 000 төгрөг буюу нийт 19 966 046 төгрөгийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэж хариуцагчаас гаргуулж өгнө ү.

Манай 1 дүгээр хүсэлт 11 500 000 төгрөгийг гаргуулах хүсэлт байгаа. Үнийн дүн дээр талууд маргахгүй байгаа. Н.Б бид нараас 11 500 000 төгрөгийг Е.З ХХК-аас европын өндөр чанартай баталгаатай паспорттай усны насос авчирч өгнө гэж хэлээд авсан. Гэтэл 100 айлын хог дээрээс ажилладаггүй, паспортгүй, гарал үүслийн бичиггүй насос тавьсан. Акт үйлддэг өдөр ус алдсан, маш их доголдолтой байсан. Тухайн үед Н.Б улсын комисст өгсөний дараа шинээр хийж өгнө гэж надад хэлсэн. Тэгээд бид тохиролцож Улсын комисст хүлээлгэж өгсөн. Улсын комисс хүлээн авахдаа паспортыг үзээгүй. Акт тогтоосон

өдрөөс хойш эхлээд Н.Б-аас усны насосныхаа паспорт бичиг баримтыг өгөөч гэж шаардсан. 11 500 000 төгрөгөөр юу авсан юм бэ надад тайлангаа тавиач гэж шаардаад 3 жил явж байна. Одоо хүртэл миний шаардлагыг хүлээж аваагүй. Энэ насосыг тухайн өдөр шалгахад дуугарч байсан болохоос заалтыг бид хараагүй. 6 вольтын даралттай гэж байсан. Айлууд ороод эхэлсэн гэтэл дээд давхрын айлууд олноор ороод ирэхээр насос ажиллахаа больсон. Автоматаар ажиллана гэсэн чинь автомат эвдэрхий байсан. Эвдэрхий насос тавьсан гэдгийг мэргэжлийн хяналтын 2 байгууллага тогтоосон. Н.Б 1 жил насос сольж өгнө гэж намайг хуурч явсан. Насосыг эвдэрхий байна уу, үгүй байна уу гэдгийг шалгуулахаар мэргэжлийн хяналтын газраас 2 удаа шалгасан. Дараа нь Улсын мэргэжлийн ерөнхий газраас шалгасан. Энэ байгууллагууд насосыг учир дутагдалтай байна, хэрэгцээ шаардлага хангахгүй байна гэдгийг бүрэн тодорхойлж өгсөн. Өнөөдөр шүүхийн шийдвэр энэ баримтын дагуу гарах ёстой. Улсын мэргэжлийн хяналтын барилгын техникийн ахлах байцаагч Н.С 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07121 тоот дүгнэлтдээ насостой холбогдуулж 3 дүгнэлт бичсэн. Гарал үүслийн бичиг байхгүй, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, чанарын баталгаа байхгүй, гэрчилгээ байхгүй насосыг тавьсан нь Барилгын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсгийг зөрчсөн байна. Хүйтэн усны насос дуу чимээ ихтэй, зориулалтын бус, ашиглалтын шаардлага хангахгүй насос байна гэж 2 удаа дүгнэсэн. Мэргэжлийн хяналтын газраас 2 удаа шаардлага хангахгүй байна гэж дүгнэсэн учир хоорондоо маргалдах зүйл байхгүй. 11 500 000 төгрөгийг шүүх гаргуулж өгнө үү. Үнэлгээний байгууллага үнэлээд үүнд 11 500 000 төгрөгийн зүйл ороогүй байна. 2 300 000 төгрөгийн бараа материал авсан байна гэж дүгнэсэн. Жишээ нь усны насос шинэ байх юм бол 1 200 000 төгрөг байна гэж дүгнэсэн. Гэтэл хог дээрээс авсан, Монгол улсад ашиглагдах юм уу, ашиглагдахгүй юм уу, гэрчилгээ байхгүй, үйлдвэрийн чанарын баталгаа байхгүй. Би ийм зүйлийг хүлээж аваагүй. Мөн насосд үйлдвэрийн лац байхгүй. Үйлдвэрийн лац байхгүй нь насос эвдрээд эвдэрснийг засах гэж байсан гэдэг нь харагдаж байна. Анхнаасаа Н.Б авахдаа бид нарыг хуурсан гэдэг нь үүнээс харагдаж байна. Даралт хэмжигч аль улсынх нь тодорхойгүй. Н.Б өөрөө насосын ажиллаж байгаа гэж тайлбарладаг. Хэвтээ насосыг 9 давхар орон сууцанд тавьж болохгүй гэсэн заавартай. Н.Б бид нарын итгэлийг алдсан. Бид нар өөрсдөө яваад авсан бол чанарын баталгаагүй зүйл авахгүй байсан. 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Н.Б 2 гэрээ байгуулсан. Нэг нь 81 м.кв, нэг нь 81,81 м.кв гэсэн 3 өрөө гэсэн гэрээ байгуулсан байгаа. Дараа нь хэмжээд 81,73 м.кв гэдгийг зөвшөөрөөд Н.Б гарын үсэг зурсан байгаа. Яагаад давхар гэрээ байгуулсан юм бэ гэхээр Н.Б зээлийн гэрээнд орох гэж өөрөө надаас гуйсан. Би байранд орох гэж хэцүү байна. Та намайг сонгож ажил хийлгэсэнд баярлалаа. Одоо та 81 м.кв гэрээг 81,81 м.кв болгоод өгчих үл хөдлөх эд хөрөнгийн газарт 81,81 болгоод бичээд өгөөч гэж гуйгаад байхаар нь 2 гэрээ байгуулсан. Нэг нь үндсэн гэрээ нэг нь хуурамч гэрээ байгаа. Хуурамч гэрээ нь Н.Быг 8 %-ийн зээлд оруулах гэж байгуулсан. Гэхдээ шүүгч энэ асуудлыг ойлгож асуудлыг шийдэх байх гэж үзэж байна. Н.Б усны тоолуурыг баталгаажуулна гэж хэлээд надаас 2 560 000 төгрөгийг шилжүүлж авсан. Шилжүүлж авсан зорилгоо 14 хоногийн өмнө өөрчилсөн. Би усны тоолуурыг баталгаажуулах гэж аваагүй, усны тоолуурыг тавих ажлын хөлс гэж авсан. Гэрээг харахад усны тоолуурыг тавих зардлыг тусад нь тооцно гэсэн заалт байхгүй. Манай гэрээн дээр байрны дотор, гадна усны ажил дээр 35 800 000 төгрөгөөр үнэлэгдэнэ гэж хэлсэн. Энэ зүйлд үүнтэй холбогдсон бүх ажил орно гэж заасан. Гэрээн дээр заасан ажлыг бүгд хүлээн зөвшөөрөхгүй. 14 хоногийн өмнө усны насос тавих ажлын хөлс байсан гэсэн нотлох зүйл байхгүй, энэ талаар өмнө нь мэдэгдэж байсан зүйл байхгүй. Зүгээр цаг хожих гэсэн, ийм байдлаар хэлбэл шүүгч үнэмшээд 2 560 000 төгрөгийг надад үлдээх байх гэсэн шунахай сэдэлтээр хүнлэг биш ёс суртахуунгүй аашилсан зан авир гаргаж байна. Усны тоолуурыг баталгаажуулна гэж авсан гэдгийг А.А.Б ХХК-ийн инженер нотолж байгаа. н.Болд эхлээд усны тоолуурыг баталгаажуулж өгнө. Мөнгө авъя гэж хэлээд мөнгөө авсан. Мөнгийг Н.Б-ын дансанд хийх гээд байж байхад нь манай эхнэр тааралдсан. Гэтэл та шилжүүлчих гээд Н.Б-ын данс руу шилжүүлчих гэсэн. Манай эхнэр 11 500 000 төгрөгийг Н.Б-ын данс руу тоолуурын мөнгийг шилжүүлсэн. Гэрээн дээр усны тоолуурыг тусад нь тооцно гэсэн зүйл байхгүй. Энэхүү асуудлыг үндэслээд шүүгч манайд шийдээд өгөх байх гэж найдаж байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг уншиж танилцуулъя. Б усны өргөлтийн носас тавья гэж надаас хүссэн. Би Н.Б, Н.Б нарыг Е.З ХХК-аас очоод сонголтоо хийчих би мөнгийг шилжүүлнэ гэж хэлсэн. Зургийг зохиогч Н.Б 2 насос тавьдаг. Ээлжилж ажиллах юм бол эвдрэл гарахгүй гэж бидэнд зөвлөсөн. Н.Б Е.З ХХК-аас Ислам улсад үйлдвэрлэсэн 1 бүрийн үнэ 4 200 000 төгрөгөөр 2 насосыг 8 400 000 төгрөгийн материал авчирна гэж тохирсон. Нийт 11 500 000 төгрөгөөр хийгээд өгье гэсэн. Өөр ажлын санал тавьсан компани байсан. 1 100 000 төгрөгийг ажлын хөлс гэж надад өгчих гэж Н.Б гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. Н.Б бэлэн мөнгө надад өгчих би арай хямд авна гэхээр нь Н.Бд 11 500 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Н.Б мөнгө авмагц бидний итгэлийг алдаж авах ёстой байсан компаниас биш, 100 айлын эвдэрхий ганц Орос насосыг 800 000 төгрөгөөр аваад тавьсан нь эвдрээд байна. Насосыг гараар ажиллуулахаар байраар нэг дуу чимээ гараад оршин суугч нар унтраа гэж шаарддаг. Насосыг өдөр бүр гараар ажиллуулахаар бас нэг хүн шаарддаг, дэмий юм болсон. Насосыг ажиллуулахгүй байхад ус 9 давхарт хүрээд байдаг. Анхнаасаа зурагт төлөвлөгөөгүй байсан гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Насосыг ажиллуулахгүй байхад ус 9 давхартаа хүрээд байсан. Анхнаасаа шаардлагагүй байхад Н.Б гуйсаар байгаад насос тавьж өгөөд илүү ажил хийсэн. Би мөнгөө буцааж авъя гэсэн. Мөн 2 насос тавина гэж хэлээд мөнгө авсан гэж ярьдаг. Өмнөх шүүх хуралдаан дээр нэлээд тодорхой хэлсэн байгаа. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг судлахаар харагдах болно. М.Д.С-ийн 72 айлын орон сууцын барилгын зургийг хийсэн компани насос тавих зургийг батлаад М.Д.С зөвшөөрөөд гарын үсэг зурсан байгаа. Хавтаст хэрэгт байгаа нотлох баримтыг судлахад насосын марк бичээстэй байгаа. Дараа нь насосаа тавиад, насосыг бүрэн ажиллуулаад хүлээж авсан. Техникийн комисс ирж ажиллуулаад дараа нь улсын комисс шалгаад тухайн байрыг ашиглалтад оруулсан. Энэ хугацаанд эвдрэл гарсан талаар ямар нэгэн зүйл байхгүй байсан. Өөрөө гарын үсэг зурж, амаар тохирсон байж байгаад одоо өөр зүйл ярълаа гэж яриад байдаг. Миний үйлчлүүлэгч нэг жилийн өмнө хариу тайлбар өгсөн байдаг. Хариу тайлбартаа энэ талаар бичсэн байгаа. Үүнээс харахад 2 насос тавих ямар ч гэрээ хэлцэл хийгдээгүй. Ямар ч эвдэрхий чанарын шаардлага хангаагүй насос тавигдаагүй. Талууд өөрсдөө зургаа гаргаад нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөд насосыг ажиллуулаад хүлээж авсан. Одоо болохоор 9 давхарт ус хүрэхгүй байна гэж хэлээд мөнгө нэхээд байдаг. Анхнаасаа 9 давхарт ус хүрч байсан. Нэхэмжлэгч 6 вольтын даралттай гэж хэлж байна. 6 вольтын даралттай бол 12 давхарт ч ус хүрэх ёстой. Нэхэмжлэлийн эхний шаардлага үндэслэлгүй байна. Байрны метр квадратын мөнгийг дутуу өгсөн. Метр квадратын үнэ 3 337 082 төгрөг, алданги 649 308 төгрөг нийт 4 806 080 төгрөг гарч байгаа. Үүнд ямар нэгэн нэмэгдүүлсэн зүйл байхгүй. Өмнөх шүүх хуралдаан дээр тодорхой ярьсан. Үл хөдлөх эд хөрөнгийг баталгаажуулдаг цорын ганц байгууллага бол төр байдаг. Төрөөс өгсөн Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр Н.Б болон түүний гэр бүл 80 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч гээд баталгаажуулсан. Энэ нь М.Д.С Н.Бт өгсөн м.кв талбай. Метр квадратыг өөрсдөө гаргаж өгсөн. Одоо ямар мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Ямар тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх юм бэ гэхээр эхлээд Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр байгаа байрыг хэмжүүлээд нэмэлт оруулж өг, түүнээс биш улсын бүртгэлийн гэрчилгээн дээр 80 м.кв гэж байхад 80 м.кв илүү мөнгө өгнө гэж байхгүй. Энэ бол шударга ёсонд нийцэхгүй үйлдэл. Өөрсдөө метр квадратын зөрүү бичигдсэн нь үнэн бол өөрсдөө нотлох хэрэгтэй. Өмнөх шүүх хуралдаан дээр байрыг хэмжүүлье гэсэн өнөөдрийг хүртэл хэмжүүлээгүй. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр 80 м.кв гэж хүлээж авсан. Илүү зүйл байгаа бол М.Д.С буцаагаад авна биз. Өнөөдрийн байдлаар хариуцагч 80 м.кв байранд амьдарч байгаа. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Н.Б 1 тоолуурыг 10 000 төгрөгөөр баталгаажуулна гэж 252 тоолуураар бодож 2 500 000 төгрөг тооцож авч явсан бол өнөөдрийг хүртэл баталгаажуулаагүй. Энэ мөнгөө буцааж нэхнэ гэж байгаа. Нэхэмжлэгч шиг хариуцагч худлаа ярихгүй. 2 500 000 төгрөгийг авсан. Дансаар шилжүүлсэн зүйл байхгүй. Харин ямар зорилгоор авсан нь өөр. Тоолуурыг угсрах ажлын хөлс байсан. Талууд энэ асуудлыг амаар тохиролцсон. Үүнийг юугаар баталгаажуулах бэ гэхээр А.А.Б ХХК нь усны тоолуур баталгаажуулдаггүй. Ямар нэгэн аргаар баталгаажуулж өгнө гэж хэлээд мөнгө авсан гэж яриад байдаг. Усны тоолуурыг ямар нэгэн аргаар усны тоолуур баталгаажуулдаг гэж би сонсоогүй. Өөрөөр хэлбэл усны тоолуурыг баталгаажуулдаг тусгай мэргэжилтэн ирээд тухай бүр шалгаад даралтыг хэмжиж байгааг шалгаад, марк дугаарыг нь үзээд баталгаажуулахыг хэлнэ гэж үзэж байна. Барилгын норм дүрэм дээр мөн заасан байгаа. Тухайн үед ямар үйл баримт болсон талаар хариуцагч надад ярьсан. Нэхэмжлэгч тал усны тоолуураа Монгол улсаас авна, угсрах компани бэлэн байна гэж хэлсэн. Дараа нь Бүгд найрамдах Хятад ард улсад хямдхан байдаг юм байна би авчихъя чи угсар гэж хэлээд талууд хоорондоо тохиролцож, хариуцагч усны тоолуурыг угсарч өгсөн. Тухайн үед улсын комисс хүлээж авахдаа усны тоолуурыг хэвийн ажиллаж байна гэдгийг нь шалгаж дүгнээд ирж авсан. 2 500 000 төгрөгийг гаргуулж авах боломжгүй байна гэв.

Хариуцагч М.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч, хариуцагч нарын дунд байгуулсан орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу маргаж буй байрны 1 мкв талбайн үнийг 2 300 000 төгрөгөөр тохиролцсон, үүнийг маргахгүй. Энэхүү 3 өрөө орон сууцны үнэд 2015 оны 7 сарын 23-ны өдөр 37 000 000 төгрөг бэлнээр төлөөд улсын бүртгэлийн гэрчилгээ гарахаар үлдсэн 30 000 000 төгрөгийг төлье гэж хэлсэн байсан. Гэтэл 2015 оны 7 сарын 24-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ гарч ирэхдээ орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд заасан 81.73 м.кв биш харин гэрчилгээнд 80 м.кв-аар бичигдсэн байсан. Бартераар авсан гэх орон сууцны талбайн хэмжээн дээр маргаан гарсан тул 2015 оны 8 дугаар сарын 1-ний өдөр М.Д.Сд албан бичиг өгсөн боловч хариу өгөөгүй. Ингээд 9 сард Давшзэвэгтай тааралдахад байрны чинь м.кв-ыг 81.73 болгож чадахгүй, гэхдээ үлдэгдэл төлбөрөө өгөөрэй гэж хэлсэн Үүний дараа 26 176 800 төгрөг дансаар шилжүүлсэн. Тооцоо хийж үзэхэд гадна дотор сантехникийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу буюу бартераар 120 508 818 төгрөг бэлнээр 37 000 000 төгрөг дансаар 26 716 800 төгрөг. Нийт 184 225 618 төгрөгийн төлбөр хийсэн. Харин 80 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ыг нь 2 300 000 төгрөгөөр бодоход 184 000 000 төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл 225 618 төгрөгйиг илүү төлсөн. Түүнийгээ буцаан шаардах эрхтэй гэж үзэж байх тул нэхэмжлэгчээс гаргуулна гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Д.С хариуцагч А.А.Б ХХК-д холбогдуулан анх 2016 оны 3 сарын 15-ны өдөр орон сууц зээлээр худалдан авсан төлбөрийн үлдэгдэл алдангийн хамт 4 586 690 төгрөг, өндөр хүчдэлийн шугам тасалсны төлбөр 1 600 000 төгрөг, экскаваторын жолоочийн хөлс, дизель түлшний зардал 1 212 500 төгрөг, хашаа эвдэлсний төлбөр 600 000 төгрөг, 2014 оны 8 сарын 25-нд барилгын материал үрэгдүүлсний төлбөр 4 980 200 төгрөг, 8 сарын 21-нд авч өгсөн барилгын материал үрэгдүүлсний төлбөр 504 500 төгрөг, 8 сарын 5-нд авч өгсөн барилгын материал үрэгдүүлсний төлбөр 1 555 608 төгрөг гаргуулах, 254 ширхэг паарны температур паарын тохируулагч солих зардал 2 209 220 төгрөг гаргуулах шаардлагаа тусгаарлуулсан өмнөх шүүх хуралдаан дээр усны тоолуурын үнэ 6 490 829 төгрөг, эвдэрсэн 2 ширхэг тоолуур засуулсны төлбөр 64 000 төгрөг, зээлийн төлбөр 800 000 төгрөг, тоолуур баталгаажуулна гэж авсан 2 560 000 төгрөг, усны өргөлтийн насосны төлбөр 11 500 000 төгрөг, нийт 38 759 542 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тоолуур засах ажлын зардал 10 000 000 төгрөг, шамшигдуулсан гэх 41 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 89 759 542 төгрөгийн шаардлага гаргасан.

Гэвч нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарлан шийдвэрлэх нь зохистой гэж үзэж хэд хэдэн шаардлагыг тусгаарлаж, үлдэх орон сууц зээлээр худалдан авсан төлбөрийн үлдэгдэл алдангийн хамт 4 586 690 төгрөг, зээлийн төлбөр 800 000 төгрөг, тоолуур баталгаажуулна гэж авсан 2 560 000 төгрөг, усны өргөлтийн насосны төлбөр 11 500 000 төгрөг, нийт 20 766 046 төгрөгийн шаардлагыг хянан хэлэлцсэн бөгөөд хариуцагч үүнийг эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гарган маргав.

Нэхэмжлэгч М.Д.С нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн төлбөр гэх 800 000 төгрөгийн шаардлагаас татгалзсан болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны шатанд хэлэлцэгдсэн үйл баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Хавтаст хэргийн хүрээнд талуудын хооронд 2014 оны 4 сарын 9-ний өдөр М.Д.С-ийн 72 айлын орон сууцны гадна, дотор сантехникийн ажил гүйцэтгэх гэрээ, мөн оны 7 сарын 27-ны өдөр тус орон сууцны гадна сантехникийн ажил гүйцэтгэх гэрээ, мөн оны 7 сарын 20-ны өдөр тус орон сууцны гадна сантехникийн ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан байх бөгөөд зохигч тухайн гэрээнүүдийг засварлан дахин хийж байсан, гэрээний хугацааг сунгаж эдгээр гэрээнүүдийг хийж байсан гэж тайлбарлав.

Дээрх байгуулсан талуудын хооронд байгуулсан гэрээгээр хариуцагч А.А.Б ХХК нэхэмжлэгч М.Д.С-ийн захиалан бариулсан 72 орон сууцны гадна дотор сантехникийн иж бүрэн угсралтын ажлыг хариуцан ажиллах үүрэг хүлээж, нэхэмжлэгч М.Д.С үнийг төлөх үүргийг хүлээснээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа талуудын хооронд үүсэн байна.

Дээрх гэрээний төлбөрийн оронд 2015 оны 6 сарын 5-ны өдөр орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, 120 508 818 төгрөгийг тооцуулах буюу солилцоо /бартер/ хийж хөлсийг тооцуулахаар харилцан тохиролцсон байна. Энэ талаар зохигч маргаагүй болно.

Гэвч орон сууцны үлдэх төлбөр дээр маргаан үүссэн байх бөгөөд дээрх хугацаанд байгуулсан орон сууц захиалах хөрөнгө оруулалтын гэрээг талууд орон сууцны хэмжээ 81.81 м.кв талбайтай байрыг худалдсан гэж нэхэмжлэгч тал үлдсэн төлбөрийг нэхэмжилж, хариуцагч 80 м.кв хэмжээтэй гэж тохиролцон байгуулсан бас нэг гэрээ байгаа төдийгүй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 80 м.кв гарсан тул бид зөрүүг төлөхгүй, харин илүү т өлсөн гэж сөрөг нэхэмжлэл гарган татгалзжээ.

Мөн тус орон сууцны усны өргөх насосны төлбөрийг хариуцагч авсан ч уг насос нь шаардлага хангахгүй байгаа талаар мэргэжлийн байгууллагууд удаа дараа дүгнэлт гарган албан бичиг хүргүүлж байсан гэснийг хариуцагч мөн эс зөвшөөрчээ.

Үлдсэн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээнд заагдаагүй төлбөр буюу 120 508 818 төгрөгт орон сууцны үнэд багтсан байхад үндэслэлгүй 2 560 000 төгрөгийг усны тоолуур баталгаажуулна гэж авсан, ажлын тайлан өгөөгүй тул нэхэмжилж байна гэснийг хариуцагч уг төлбөрийг авсан ч тоолуурыг суурилуулах ажлын хөлс байсан. Гэрээнд энэ талаар тусгагдаагүй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

Шүүх зохигчийн тайлбар дээр үндэслэн дээрх нөхцөл байдлыг дүгнэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

1.Хангасан шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч М.Д.С хариуцагч А.А.Б ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр орон сууцны гадна дотно цэвэр бохир усны шугам сүлжээний угсралтын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд тус байрны хүйтэн усны насосны ашиглалтын төлөв байдалд доголдол илэрсэн болох нь хэрэгт авагдсан 2015 оны 12 сарын 17-ны өдрийн 02-07/3841 дугаартай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын албан бичиг, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 9 сарын 15-ны өдрийн 07/2615 дугаартай албан бичгээр нотлогдож байх бөгөөд улсын мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 1 сарын 27-ны өдрийн 07/101/28 дугаартай дүгнэлтээр хүйтэн усны шугам дээр нөөц насосгүйгээр угсрагдсан К-20/30 маркийн насос нь зориулалтын бус дуу чимээ ихтэй ашиглалтын шаардлага хангахгүй насос байна. Хэрэгцээний ус шугам сүлжээнд насос угсрах эсэх асуудлыг, зураг зохиогчоор стандарт норм дүрмийн дагуу тооцоо судалгааг хийлгүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэснийг үндэслэл болгов.

Хариуцагч уг насосыг угсрах үүргийн дагуу гүйцэтгэсэн, зургийн дагуу насосыг суурилуулсан, эвдрэлийг хариуцахгүй гэж маргаж байх боловч уг насос худалдаж авах төлбөр ажлын хөлсийн хамт нийт 11 500 000 төгрөг хүлээн авсан нь зарлагын баримт болон 2015 оны 11 сарын 27-ны өдрийн 69 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Нийслэлийн прокурорын газрын прокурорын тогтоолоор нотлогдож байна.

Иймд ажил гүйцэтгэгч А.А.Б ХХК захиалагч М.Д.С-ийн захиалж хөлсийг нь төлсөн материалыг өөрсдөө сонгон авч ажлыг гүйцэтгэсний дараа хэдийгээр 2014 оны 11 сарын 30-ны өдрийн дотор халуун хүйтэн усан хангамж, гал эсэргүүцэх системийг угсран сорилтгоор шалгасан актаар хүлээн авсан ч Иргэний хуулийн 350 угаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэг доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ зөрчсөн гэж дүгнэж, мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт зааснаар М.Д.С зардлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй юм.

Хэдийгээр нэхэмжлэгч хүлээн авах үедээ доголдлын талаар мэдэж байсан гэх боловч солиулах талаар гомдол гаргаж байснаа тайлбарласан мөн Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар барилгын сантехникийн ажлыг ашиглалтанд зүгшрүүлэх үүрэгтэй тул уг шаардлагыг хангах нь зүйтэй байна.

 

2. Хэрэгсэхгүй болгосон шаардлагын тухайд:

- Талуудын хооронд 2015 оны 6 сарын 5-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын 2 гэрээ хэрэгт авагджээ.

Дээрх гэрээнүүдээр 2015 оны 1 сарын 19-ний өдөр улсын комисс хүлээн авсан орон сууцыг шилжүүлэх үүргийг тусгасан тул худалдах худалдан авах гэрээ байна.

Маргаж буй гол зүйл уг худалдах худалдан авах гэрээний зүйл болох хөрөнгөний хэмжээ өөр өөрөөр байгуулсан, түүнээс хамаарч төлөх төлбөрийн хэмжээний өөрчлөлт дээр маргаж байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах худалдан авах гэрээгээр худалдагч М.Д.С нь эрхийн зөрчилгүй, хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх үүргийг хүлээж, худалдан авагч М.Д.С-ийнхудалдагчид тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Иймд худалдсан хөрөнгийн шинж чанарыг түүнийг нотлох баримт бичиг болох улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн ямар хөрөнгийг шилжүүлснээр нь шинжлэн гэрээний гол нөхцлийг шалган аль гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 198-р хуудсанд Хан-Уул дүүрэг 3-р хороо 19-р хорооллын Чингисийн өргөн чөлөө 53-р байр 42 тоот байршил бүхий орон сууц нь талбай 80 м.кв бөгөөд өмчлөгч нь Э.Ц гэсэн байна.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 улсын бүртгэлд эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж зааснаар, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө шижүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэсэн заалтуудыг үндэслэн дээрх хаягтай 80 м.кв талбай бүхий орон сууцыг худалдах худалдан авах гэрээг хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ.

Уг гэрээний нөгөө тал Э.Ц гэсэн байх бөгөөд хариуцагч А.А.Б ХХК-тай байгуулсан орон сууцны хэмжээ 81.81 м.кв талбайтай гэж байгуулсан гэрээ нь дээрх нөхцөлөөр шаардах эрхийг үүсгэж чадахгүй байна.

Нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлдээ төлбөрт алдангийн хамт 4 586 690 нэхэмжилсан атлаа шүүх хуралдаанд 5 906 046 төгрөг нэхэмжилж байна гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул нэмэгдүүлсэн шаардлага гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл тус хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлөх байсан. Иймд шүүхээс 4 586 690 төгрөгийг шаардлагын хэмжээг хэрэгсэхгүй болгов.

 

- Нэхэмжлэгч М.Д.С-иас хариуцагч А.А.Б ХХК-д тоолуур баталгаажуулна гэж 2 560 000 төгрөгийг өгсөн гэж тайлбарлах бөгөөд энэ нь хэргийн 38-р хуудаст байгаа орлогын мэдүүлэг гэх Хаан банкны хуулбар үнэн тэмдэг бүхий баримтаар нотлогдоно гэж тайлбарлан хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа боловч шүүхээс энэ нь нотлогдохгүй байна гэж үзлээ.

Учир нь 38-р хуудаст байгаа 2 520 000 /үнийн хувьд зөрүүтэй/ төгрөгийг хэнээс хэнд хэдийд шилжүүлсэн талаар бичилт нь тодорхойгүй байх бөгөөд хариуцагч 2 560 000 төгрөгийг тоолуур суурилуулах ажлын хөлсөнд авсан гэх тайлбарыг нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээнд хөлс нь тооцогдсон гэж няцааж байгааг үгүйсгэж чадсангүй гэж дүгнэв.

Талуудын хооронд байгуулсан гадна дотно сантехникийн ажил гүйцэтгэх гэрээгээр тоолуур суурилуулах ажил багтаж байгаа эсэх, уг зардлыг талууд хэрхэн тохиролцсон талаар баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэгч шаардах эрхээ нотлож чадаагүй, хавтаст хэргийн 171-р хуудаст авагдсан Б-ын дансны хуулганд 2 520 000 төгрөгийн орлого гүйлгээний утга Т-аас гэсэн нь шаардлагыг үндэслэл болж чадахгүй байна. Иймд хариуцагч А.А.Б ХХК үндэслэлгүйгээр 2 520 000 төгрөг авсан гэсэн шаардлага нотлогдохгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

2.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч А.А.Б ХХК 80 м.кв орон сууц худалдан авсан тул илүү төлсөн 225 618 төгрөг илүү төлсөн гэж нэхэмжилж байгаа нь дээрх гэрээгээр талуудад шаардах эрх үүрэг үүсгэх эрх зүйн үр дагавраа алдсан гэж дүгнэсэн тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй орхиж шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэлийн шаардлагын тусгаарласан хэсэгт оногдох улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүнгийн хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон, сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 106 дугаар зүйлийн 106.5, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6, 352 дугаар зүйлийн 352.2.2, 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч А.А.Б ХХК-аас 11 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Д.С-д олгож, нэхэмжлэгч 800 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, бусад шаардлага болох орон сууцны үлдэгдэл төлбөр 4 586 690 төгрөг, тоолуур баталгаажуулахаар авсан 2 520 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Д.С-иас 225 618 төгрөгийг гаргуулах хариуцагч А.А.Б ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс нийт 764 700 төгрөг төлснөөс тусгаарласан шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 780 төгрөгийг болон А.А.Б ХХК-аас сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 7 420 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А.Б ХХК-иас 198 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                        Ц.УРАНГУА