Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2019/0303/з |
Дугаар | 252 |
Огноо | 2020-06-25 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 252
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ашигт малтмал, газрын тосны газарт
холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
Б.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа
Нэхэмжлэлийн шаардлага: “А” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байгаа ...А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1/2083 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, нөхөн олговор авах хүсэлтэд шаардлагатай шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2020/0160 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 259 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бнарыг оролцуулж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Ц.Ж нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2020/0160 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтыг баримтлан “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тус компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын ...А дугаар тусгай зөвшөөрлийн талбайн нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1/2083 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, нөхөн олговор авах хүсэлтэд шаардлагатай шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 259 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 160 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “14 дүгээр зүйлийн 14.4” гэснийг хасаж, “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6” гэж нэмж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Ц.Ж нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолоор давхцалтай талбайн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтлээгүй болохоо хариуцагч илэрхийлсэн, өөрөөр хэлбэл уг талбай давхцалтай болохыг, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговор авах хүсэлтээ гаргах эрхтэй болохыг, энэ эрхээ хэрэгжүүлэх хугацаа тоолж эхэлснийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага өдөр тутмын хэвлэлд нийтлүүлээгүй тул “А” ХХК ашиглалтын МV-0... дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн хуулиар хориглосон талбайтай давхцалтай хэсэгт нөхөх олговор шаардах эрхээ алдаагүй байна” гэж дүгнэсэн.
4. Дээрх дүгнэлт нь хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй. Учир нь хариуцагч бичгээр гаргасан тайлбартаа Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор давхцалтай талбайн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтлээгүй гэж огт дурдаагүй байхад “өдөр тутмын хэвлэлд нийтлээгүй болохоо хариуцагч илэрхийлсэн” хэмээн ташаа дүгнэсэн.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийг шүүх гүйцэтгэнэ” гэж заасны дагуу Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор давхцалтай талбайн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлсэн эсэх талаар тодруулж, шүүхээс нотлох баримт цуглуулах ажиллагааг хангалттай явуулаагүй тул “А” ХХК ашиглалтын М\/-0... дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн хуулиар хориглосон талбайтай давхцалтай хэсэгт нөхөх олговор шаардах эрхээ алдаагүй гэж үндэслэлгүй дүгнэсэн байна.
6. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн 13 дугаар нүүрэнд ... Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмаар Ашигт малтмал, газрын тосны газар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч, хавсаргасан баримтуудыг шалгах нөхөх олговрын хэмжээг тодорхойлон 30 хоногийн дотор Сангийн яаманд хүргүүлэхээр, Сангийн яам хянан үзэж нөхөх олговрын хэмжээг баталгаажуулахаар байна. Өөрөөр хэлбэл нөхөх олговор олгох эсэхийг Ашигт малтмал, газрын тосны газар шийдвэрлэхгүй ч хүсэлтийг хүлээн авч Сангийн яаманд хүргүүлэх чиг үүрэгтэй, энэ ажиллагааг гүйцэтгэхээс хууль бусаар татгалзжээ... гэж дүгнэсэн.
7. Хэдийгээр Засгийн газрын 2010 оны 299 дүгээр журмаар нөхөх олговрын харилцааг зохицуулахаар журамласан боловч Эрдэс баялаг, эрчим хүчний яам /хуучин нэрээр/, Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахаар зохицуулсан. Мөн уг маргааны хувьд хуулиар хориглосон хязгаарласан талбайтай давхцалтай эсэхийг 2012 оны 194 дүгээр журмаар тодорхой болсон бөгөөд 2010 оны 299 дүгээр журмын 3.4.2-д заасны дагуу хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй нь цаг хугацааны хувьд харагддаг бөгөөд дээр дурдсан Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 120 дугаар тогтоолоор шийдвэрлэгдэх байсан. Тус журмаар өргөдлийг ямар цаг хугацаанд ямар бичиг баримт бүрдүүлэн хандах зэрэг нарийвчлан заасан. Шүүх нэхэмжлэгчийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 09 тоотоор Ашигт малтмал, газрын тосны газарт хандан гаргасан албан хүсэлтийг нөхөх олговор авах хүсэлтэд адилтган үзэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
8. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 259 дугаартай магадлалын 4 дүгээр нүүрэнд... Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу хариуцагч нь нэхэмжлэгч “А” ХХК-ийн гаргасан нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч, олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр зохицуулжээ. Гэтэл хариуцагч нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/2083 дугаар албан бичгээр “... журамд заасан тухайн жилийн төсөвт нөхөн олговрыг тусгах талаар эрх бүхий байгууллагаас чиглэл өгөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн “нөхөн олговор гаргуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариу өгсөн нь дээрх журамд нийцээгүй байна гэжээ. Энэ нь Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
9. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2020/0160 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 259 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Нэхэмжлэгч “А” ХХК нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Баянтал нэртэй 1281 га талбайд ашигт малтмалын ашиглалтын MV0... дугаар тусгай зөвшөөрлийг 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн эзэмшсэн, тусгай зөвшөөрлийн талбайгаас 51.49 га талбайг 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Оргил шугам” ХХК-д хэсэгчлэн шилжүүлсэн, 2010 оны 04 дүгээр сарын 01-ны байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлыг WGS-84 тогтолцоонд хөрвүүлснээр талбайн хэмжээ 1228.22 га болсноор Кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн, ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон уг 1228.22 га талбай нь Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, 4.3-т “энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж тус тус заасны дагуу ашигт малтмал ашиглахыг хориглосон хилийн заагийг тогтоосон Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан ойн сантай 6.45 га талбайгаар, 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй 309.64 га талбайгаар тус тус давхцсан, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.
11. “А” ХХК-иас 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 5 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан “...ашигт малтмалын ашиглалтын MV0... дугаартай тусгай зөвшөөрөл нь ... хууль тогтоомжуудын хүрээнд ямар ямар хориглож хязгаарласан талбайнуултай давхцалтай байгаа эсэх талаарх лавлагааг, кадастрын зургийн хамтаар гаргаж өгнө үү” гэх хүсэлт гаргасан, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 7/1440 тоотоор ... тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй, ... Засгийн газрын тогтоолоор баталсан ойн сан ..., усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй ... хэсэгчлэн давхцалтай байна” гэх хариуг, давхцлыг харуулсан кадастрын зургийн хамт “А” ХХК-нд ирүүлсэн, тус компаниас 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд, мөн өдрийн 09 дүгээр албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус хандаж, “...Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хүрээнд /өөрийн/ ашиглалтын талбайд үйл ажиллагаа явуулах болон олборлолт хийх боломжгүй болсон ба ... нөхөн олговорыг бидэнд өнөөдрийг хүртэл олгосонгүй, ... хуулийн дагуу бидний авах нөхөн олговорыг олгож өгнө үү” гэх хүсэлт гаргасан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 06/878 дугаар албан бичгээр “... Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан ... журмын 4.1-д ... заасны дагуу ... нөхөх олговорын хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаж шийдвэрлүүлнэ үү” гэх, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/2083 дугаар албан бичгээр “... Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан ... журамд заасан тухайн жилийн төсөвт нөхөн олговорыг тусгах талаар эрх бүхий байгууллагаас чиглэл өгөөгүй байгаа тул ... хүсэлтийг хүлээн авч тодорхойлолтыг Сангийн яаманд хүргүүлээгүй, ... давхцалтай хэсгийг хасуулж, үлдсэн талбайд олборлолт явуулах... боломжтойг үүгээр мэдэгдье” гэх хариу тус тус өгчээ.
12. Нэхэмжлэгчээс “... Ашигт малтмал, газрын тосны газар нь ... хуулийн дагуу нөхөн олговор төрөөс авах тухай хүсэлтээ зохих ёсоор төрийн эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн” гэх үндэслэлээр “... “А” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байгаа ...А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1/2083 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, нөхөн олговор авах хүсэлтэд шаардлагатай шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүхүүд “... хариуцагчаас төсөвт нөхөн олговор тусгах талаар чиглэл өгөөгүй тул нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч тодорхойлолтыг Сангийн яаманд хүргүүлээгүй гэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна гэж хяналтын шатны шүүх үзлээ.
13. Тодруулбал, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “... тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Засгийн газраас баталсан хилийн заагт багтсаны улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал хайх, ашиглах боломжгүй болсон тохиолдолд, тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгохтой холбоотой харилцааг Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-аар тусгайлан зохицуулсан, уг журамд “... төсөвт нөхөн олговор тусгах талаар чиглэл өгөөгүй бол нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авахаас татгалзах”-аар заагаагүй, уг журамд заасан хүсэлт гаргах нөхцөл шаардлагыг хангасан, бүрдүүлбэл зохих баримт материалаа бүрэн бүрдүүлсэн бөгөөд уг журамд заасны дагуу гаргасан хүсэлтийг төрийн захиргааны байгууллага хүлээн авч, мөн журамд заасны дагуу холбогдох шийдвэрийг гаргах үүрэгтэй, энэ тохиолдолд, “... төсөвт нөхөн олговор тусгах талаар чиглэл өгөөгүй” гэх хариуцагчийн тайлбар нь хүсэлтийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй.
14. Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 120 дугаар тогтоолоор “Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбай (цаашид “хориглосон талбай” гэх)-д холбогдох арга хэмжээ авах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийлгэх журам”-ыг баталсан, уг журмын 2.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс хойш 3 сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана” гэж заасан, тухайн тохиолдолд, нэхэмжлэгч “А” ХХК нь “үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй” гэх тайлбарыг анхнаасаа шүүхэд гаргаж маргасан байх тул “... уг журмаар шийдвэрлэгдэх байсан” гэх хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
15. Харин, нэхэмжлэгч “А” ХХК болон хариуцагч нараас “хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан” гэх үйл баримтад холбогдуулан Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-д заасан хугацаанд, холбогдох баримтыг бүрдүүлэн, уг журмын дагуу хүсэлт гаргасан эсэх талаар баримт дурдаж маргаагүй, шүүх хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийх учиргүй байхад анхан шатны шүүх “... Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу хариуцагчид хандаж хүсэлт гаргасан ... ” гэх агуулгатай дүгнэлт хийсэн нь буруу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хориглосон талбайтай давхцалтай хэсэгт нөхөх олговор шаардах эрхээ алдаагүй гэж үндэслэлгүй дүгнэсэн, ... шүүх Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлтэй боловч, энэ нь шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.
16. Өөрөөр хэлбэл, “А” ХХК-иас 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 09 дүгээр албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж гаргасан “... нөхөн олговорыг олгож өгнө үү” гэх хүсэлтэд хариуцагч 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн маргаан бүхий 1/2083 дугаар албан бичгээр “... журамд заасан тухайн жилийн төсөвт нөхөн олговорыг тусгах талаар эрх бүхий байгууллагаас чиглэл өгөөгүй байгаа тул ... хүсэлтийг хүлээн авч тодорхойлолтыг Сангийн яаманд хүргүүлээгүй /байна/, ... давхцалтай хэсгийг хасуулж, үлдсэн талбайд олборлолт явуулах... боломжтойг үүгээр мэдэгдье” гэх хариу өгсөн, шүүхээс маргаан бүхий актад заасан үндэслэл нь Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-д заагаагүй үндэслэл тул “хууль бус болохыг тогтоож” байгаа, харин тусгай зөвшөөрөл эзэмшигч “А” ХХК нь уг журамд тусгайлан заасан нөхөх олговор авах хүсэлт гаргах, нөхөх олговор авах шаардлага, шалгуурыг хангасан эсэх нь энэ маргааны үйл баримтад хамааралгүй, шүүх энэ талаар дүгнэлт хийхгүй.
17. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “... хайгуулын болон уурхайн ... талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн /бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлана/” гэж заасан, тухайн тохиолдолд хариуцагчаас “А” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV0... дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан үйл баримт байхгүй, тусгай зөвшөөрөл цуцлах эсэх асуудлаар талууд маргаагүй тул энэ хуулийн заалтыг хэрэглэхгүй, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “... /нөхөх олговор төлөх талаар/ холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Засгийн газраас тогтоосон “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам” нь тухайн тохиолдолд нарийвчилсан зохицуулалт болно.
18. Эдгээр үндэслэлээр, магадлалыг тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 259 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “14 дүгээр зүйлийн 14.4” гэсний дараа “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3” гэж нэмэн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА