Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2017/00393

 

Ж.Алтанхуягийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1317 дугаар шийдвэр,           

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн 02 дугаар магадлалтай,

Ж.Алтанхуягийн нэхэмжлэлтэй,

Ц.Чулуунцэцэгт холбогдох,

714.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ц.Чулуунцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Алтанхуяг, хариуцагч Ц.Чулуунцэцэг, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Алтанхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тухайн үед “Хөвсгөл Дулаан” ХК-ийн борлуулалтын байцаагч хийж байсан Чулуунцэцэгт 2013 оны 1-6 сарын халаалтын тооцоонд өгсөн 1, 3, 5 сарын дулааны төлбөрөөс 3 сарын төлбөрийг нь хийгээд 1, 5 сарын төлбөрийг байгууллагадаа тушаагаагүй байсан. 1 сарын төлбөр нь 231.000 төгрөг буюу нийлээд 462.000 төгрөг болж байгаа юм. 2009 оны 5 ширхэг баримтаар авсан 245.000 төгрөг, 2010 оны 2 баримтаар 100.000 төгрөг өгсөн. Ц.Чулуунцэцэгт дулааны төлбөрт нийт 814.400 төгрөг өгсөн. Үүнээс надад 100.000 төгрөгийн буцааж өгсөн юм. Ц.Чулуунцэцэг нь тус компанийн борлуулалтын ажил хариуцан хийж байхдаа надаас мөнгө авч мөнгөний баримтын нэг хувийг өгсөн атлаа байгууллагадаа тухайн мөнгийг өгөлгүй дундаас нь завшдаг байсан нь байгууллагатай тооцоо нийлэх үеэр илэрсэн юм. Иймд Ц.Чулуунцэцэгт дулааны төлбөр гэж төлсөн 714.400 төгрөгийг гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Чулуунцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Алтанхуяг нь өөртөө байсан 2009, 2010 онуудын дулааны мөнгө өгсөн баримтуудыг шүүхэд өгсөн юм шиг байна. Зарим баримтан дээрх гарын үсэг миний гарын үсэг мөн бөгөөд тухайн үед дулааны байцаагч байсан учир мөнгө хурааж авах эрхтэй байсан тул мөнгийг хурааж аваад тооцоо нийлж байгууллагадаа тушаадаг байсан. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Одоо би тэтгэвэрт байдаг тухайн үед байгууллагатайгаа тооцоо байсан бол байгууллага намайг ажлаас гаргах үед надаас нэхэх учиртай. Тэгээд ч аль 2009, 2010 оны төлбөр тооцоог одоо яагаад гаргаж ирсэн, тухайн үед төлбөрийн тооцоотой байсан л юм бол байгууллагатайгаа тооцоогоо хийхгүй надаас яагаад нэхээд байгаа нь ойлгомжгүй байна. Тухайн үед Алтанхуяг надад чи бид хоёрын хооронд нэг сарын төлбөрийн тооцоо байна гээд надаас 100.000 төгрөг өгчих гэхлээр нь 100.000 төгрөг өгсөн. Би тэр мөнгийг өгөх ёсгүй байсан. Би ганцаараа тооцоо нийлдэггүй миний дээр ерөнхий нягтлан бодогч давхар тооцоо хийж төлбөртэй бол төлбөртэй байна гээд л гараад ирдэг байсан. Тухайн үед мөнгө хурааж авч байсан төлбөрийн баримтаар надаас мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1317 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Алтанхуягийн хариуцагч Ц.Чулуунцэцэгээс халаалтын төлбөрт төлсөн 714.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 75 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ж.Алтанхуягт олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн 02 дугаар магадлалаар: Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1317 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.770 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Чулуунцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Үүнд: 1. Ж.Алтанхуяг нь ямар нотлох баримт, ямар үндэслэлээр иргэн намайг дулааны мөнгө аваад хувьдаа авсан гэж үзээд байгаа, дулааны төлбөр хурааж аваад байгууллагадаа тушаагаагүй гэх ямар нотлох баримт хэрэгт байгаа нь нотлогдохгүй байна.Түрээсийн тооцоо нийлсэн баримт байдаг,  уг баримт нь энэ хэрэгт ямарч холбогдолгүй хоёр өөр байгууллагын түрээсийн төлбөртэй холбоотой асуудлаар тооцоо нийлсэн баримт 7-р хуудсанд байгаа уг баримтаар намайг байцаагч хийж байхад надтай тооцоо нийлсэн баримт байна гэж үзэхгүй байна. Тухайн үед байгууллагын нэрийн өмнөөс ажил хийж байсан. Хэргийн зохигчид өөрсдөө л нотлох баримтаа шүүхэд бүрдүүлэх үүрэгтэй, хэрэгт өгсөн нотлох баримтын хэмжээнд шүүх шийдвэрлэх ёстой гэж ойлгож байна.

2. ИХШХШТХ-ийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасныг Алтанхуяг нь зөрчсөн. Анхан шатны шүүх тэмдэгтийн хураамж дутуу төлсөн гэх үндэслэлээр хүлээж авахаас татгалзсан хүчин төгөлдөр шүүгчийн захирамж гаргасан. Шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа тохиолдолд ИХШХШТХ-ийн 62 дугаар зүйлд заасан шаардлага хангасан байхаар хуульд заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх нь магадлалын ҮНДЭСЛЭХ ХЭСЭГТЭЭ “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ” гэсэн, мөн “улсын тэмдэгтийн хураамжийг 12.405 төгрөгөөр дутуу тушаасан байна” гэж дүгнэсэн мөртлөө хүлээн авахаас татгалзсан хүчин төгөлдөр шүүгчийн захирамжинд үнэлэлт өгч “нэхэмжлэлтэй холбогдуулан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн” гэж үзсэн нь үндэслэлгүй болно.

Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх байсан бол хэрэг хянан шийдвэрлэх хугацааны дотор гаргах бололцоотой байсан, заавал шүүх хуралдаан дээр гаргаж байгааг юу гэж ойлгох болон хүндэтгэн үзэх ямар шалтгаан байсан талаар давж заалдах шатны шүүх тодруулаагүй байж дүгнэлт өгсөн нь буруу юм.

Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Ж.Алтанхуягийн эрхийг нь хангаж хэргийн 27-р хуудсанд хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг өмнө нэг удаа хойшлуулсан байтал давж заалдах шатны шүүх нь ИХШХШТХ-ийн 105.2-т заасныг буруу тайлбарласан. Хэрэв тэмдэгтийн хураамжаа дутуу төлсөн юм бол нэхэмжлэгч нь дутуу төлсөн хэсэгтээ хойшлуулах, хэсэгчлэн төлөх талаараа хүсэлт шүүхэд өгөөгүйг давж заалдах шатны шүүх анхаараагүй. Үүнээс үзвэл нэхэмжлэгч хэдэн ч удаа хүсэлт гаргасан шүүх хүлээж аваад шүүх хуралдааныг хэдэн удаа ч хойшлуулна гэсэн үг юм.

3. Шүүх нотлох баримт бүрдүүлэх үүрэг байхгүй, хэргийн оролцогчид бүрдүүлэх үүрэгтэй шүүх харин хэрэгт авагдсан баримтын хэмжээнд шийдвэрлэх үүрэгтэй, Хэрэв нэхэмжлэгч бүрдүүлж өгөхгүй бол бүрдүүлж өгтөл нь нэхэмжлэгчийн эрхийг нь хангаад байна гэсэн үг үү, харин шүүх онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд санаачлагаараа нотлох баримт бүрдүүлэх үүрэгтэй тэрнээс бусад тохиолдолд нотлох баримт бүрдүүлэх үүрэггүй.  

Шүүхэд хариуцагчаар дуудагдсан этгээд заавал төлбөр мөнгө төлж байх үүрэг хүлээхгүй гэж ойлгож байгаа ба давж заалдах шатны шүүх нь ИХШХШТХ-ийн 105.2-т заасныг буруу тайлбарлаж хавтаст хэрэгт байхгүй хүлээн авахаас татгалзаж буцаасан 61 хуудас материалд дүгнэлт өгч, гомдол гаргах эрхгүй хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийн талаар дүгнэлт өгсөн. Иймд  давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Алтанхуяг нь хариуцагч Ц.Чулуунцэцэгт холбогдуулан дулааны  төлбөрт төлсөн 714.400 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 1.465.950 төгрөгөөр нэмэгдүүлсэн, анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжид 1.265 төгрөг дутуу төлсөн гэх үндэслэлээр нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ /хавтаст хэргийн 46 дугаар тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй бөгөөд анх гаргасан болон нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл адилхан байгаа, энэ тохиолдолд уг шаардлагыг тус тусад нь хянан шийдвэрлэх боломжгүй юм.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан үндэслэлээс гадна анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг анхаараагүй байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ халаалтын төлбөрт өгсөн мөнгийг Ц.Чулуунцэцэг байгууллагадаа төлөөгүй талаар дурдаад “Хөвсгөл дулаан” ХХК болон Цагаан уул зочид буудлын хоорондын тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг хавсаргажээ. Үүнээс үзвэл Ж.Алтанхуяг нь иргэний хувьд эсхүл хуулийн этгээдийн өмнөөс нэхэмжлэл гаргаж буй нь тодорхой бус байхад шүүх тодруулаагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн 02 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Чулуунцэцэгийн  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 08-ний өдөр төлсөн 21.690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ