Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 0002

 

Ж.Алтанхуягийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Ж.Алтанхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1317 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Алтанхуягийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Чулуунцэцэгт холбогдох

714,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 01 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ж.Алтанхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тухайн үед “Хөвсгөл Дулаан” ХК-ийн борлуулалтын байцаагч хийж байсан Чулуунцэцэгт 2013 оны 1-6 сарын халаалтын тооцоонд өгсөн 1, 3, 5 сарын дулааны төлбөрөөс 3 сарын төлбөрийг нь хийгээд 1, 5 сарын төлбөрийг байгууллагадаа тушаагаагүй байсан. 1 сарын төлбөр нь 231,000 төгрөг буюу нийлээд 462,000 төгрөг болж байгаа юм. 2009 оны 5 ширхэг баримтаар авсан 245,000 төгрөг, 2010 оны 2 баримтаар 100.000 төгрөг өгсөн. Ц.Чулуунцэцэгт дулааны төлбөрт нийт 814,400 төгрөг өгсөн. Үүнээс надад 100,000 төгрөгийн буцааж өгсөн юм. Ц.Чулуунцэцэг нь тус компанийн борлуулалтын ажил хариуцан хийж байхдаа надаас мөнгө авч мөнгөний баримтын нэг хувийг өгсөн атлаа байгууллагадаа тухайн мөнгийг өгөлгүй дундаас нь завшдаг байсан нь байгууллагатай тооцоо нийлэх үеэр илэрсэн юм.

... Иймд Ц.Чулуунцэцэгт дулааны төлбөр гэж төлсөн 714,400 төгрөгийг гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Чулуунцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.Алтанхуяг нь өөртөө байсан 2009, 2010 онуудын дулааны мөнгө өгсөн баримтуудыг шүүхэд өгсөн юм шиг байна. Зарим баримтан дээрх гарын үсэг миний гарын үсэг мөн бөгөөд тухайн үед дулааны байцаагч байсан учир мөнгө хурааж авах эрхтэй байсан тул мөнгийг хурааж аваад тооцоо нийлж байгуулагадаа тушаадаг байсан. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Одоо би тэтгэвэрт байдаг тухайн үед байгууллагатайгаа тооцоо байсан бол байгууллага намайг ажлаас гаргах үед надаас нэхэх учиртай. Тэгээд ч аль 2009, 2010 оны төлбөр тооцоог одоо яагаад гаргаж ирдэг болон тухайн үед төлбөрийн тооцоотой байсан л юм бол байгууллагатайгаа тооцоогоо хийхгүй надаас яагаад нэхээд байгаа юм. Тухайн үед Алтанхуяг надад чи бид хоёрын хооронд нэг сарын төлбөрийн тооцоо байна гээд надаас 100,000 төгрөг өгчих гэхлээр нь 100,000 төгрөг өгсөн. Харин би өгөхгүй байсан мөнгийг өгсөн байна лээ. Би ганцаараа тооцоо нийлдэггүй миний дээр ерөнхий нягтлан бодогч давхар тооцоо хийж төлбөртэй бол төлбөртэй байна гээд л гараад ирдэг байсан. Тухайн үед мөнгө хурааж авч байсан төлбөрийн баримтаар надаас мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.  ... Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1317 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Алтанхуягийн хариуцагч Ц.Чулуунцэцэгээс халаалтын төлбөрт төлсөн 714,400 /долоон зуун арван дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,770 /хорин нэгэн мянга долоон зуун дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 75 /далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ж.Алтанхуягт олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Алтанхуяг давж заалдах гомдолдоо: Шийдвэрийн үндэслэх хэсэгт: 1. “Хэрэгт 2009 оны Орлогын № 22, 24, 27, 490 дугаартай ордероор 200,000 төгрөг, 2010 оны Орлогын № 202, 203 дугаартай ордероор 100,000 төгрөгийн баримт тус тус авагдсан хэдий ч уг баримтаар хураан авсан дулааны төлбөрийг нэхэмжлэгчийн Ц.Чулуунцэцэг нь тус компанийн борлуулалтын ажил хариуцан хийж байхдаа надаас мөнгө авч мөнгөний баримтын нэг хувийг өгсөн атлаа байгууллагадаа тухайн мөнгийг өгөлгүй дундаас нь завшдаг байсан нь байгууллагатай тооцоо нийлэх үеэр илэрсэн юм гэх тайлбараар хариуцагч Ц.Чулуунцэцэгийг хувьдаа авч ашигласан байна гэж үзэх боломжгүй байна” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх нотлох баримтууд нь хариуцагчийн завшсан мөнгөний баримтууд бөгөөд байгууллагадаа хэрхэн яаж тушааснаа нотлох баримтаар нотолж чадаагүй. Мөн “Хөвсгөл Дулаан” ХХК-ийн байр түрээсэлсний хөлсөнд Ж.Алтанхуяг надад төлөх 8,4 сая төгрөгөөс 2,732,554 төгрөг суутгасан. Уг мөнгөн дүн дотор Ц.Чулуунцэцэгийн завшсан 814,000 төгрөг багтаж байгааг барилга түрээслэх гэрээний биелэлтийг эх хувиар нь өгсөн. Хэрвээ Ц.Чулуунцэцэг 814,000 төгрөгийг байгууллагадаа төлсөн бол надаас 1,918,154 төгрөгийн халаалтын хөлс дутуу гарах байсан.

2. “дулааны төлбөр 714,400 төгрөгийг гаргуулна гэдгээ нотолж чадахгүй байна” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие хангалттай нотлох баримт гаргаж өгсөн боловч шүүх нотлох баримт үнэлэх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй алдаа гаргалаа.

3. “Шүүх нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж ирүүлсэн доорх нотлох баримтуудыг үнэлээгүй болно. Учир нь ... “ гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. “Хөвсгөл Дулаан” ХХК-ийн конторын барилга түрээслэх гэрээний биелэлтийг нотлуулахаар эх хувийг өгсөн ч үнэлээгүй. Мөнгөний 9 баримтаас зөвхөн нэг л гэрчлэгдээгүй, бусад 8 нь гэрчлэгдсэн байсан.

4. “Хавтаст хэргийн 4-р хуудсанд авагдсан 2013 оны бэлэн мөнгөний орлогын баримтыг эх хувийг нь шинжлэн судлахад баримтын хорон хувь дээр сүүлд гарын үсэг зурсан болох нь нэхэмжлэгчийн “гарын үсэг бүдэг байхаар нь тодруулсан” гэж тайлбарлаж байх тул шүүх үнэлэх боломжгүй” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

5. ... “Хөвсгөл Дулаан” ХХК-ийн конторын барилга түрээслэх гэрээний биелэлтийг эх хувиар нь өгсөн. Уг нотлох баримт нь Ц.Чулуунцэцэгийн дундаас нь завшсан 814,000 төгрөг 2,732,554 төгрөг дотор орж надаас суутгасныг нотлох хэрэг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримт байхад үүнийг ойлголгүй хэргийг шийдвэрлэсэн учраас хууль бус шийдвэр гаргасан гэж ойлгогдохоор байна. Хариуцагч үүнийг нотлох баримтаар няцааж чадаагүй.

... Иймд Ц.Чулуунцэцэгийг завшуулж, намайг хохироосон анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1317 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, түүний хууль бус үйлдлийг таслан зогсоож, миний нэхэмжлэлийг ханган намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Чулуунцэцэг давж заалдах гомдолд холбогдуулж гаргасан хариу тайлбартаа: ... Би 2014 онд тэтгэвэрт гарсан. Надтай холбоотой тооцоо байгаагүй. Нэхэмжлэлийн дагуу холбогдох материалыг өгч шүүхээр шийдвэрлэсэн. 2013 оноос хойш тооцоог байгууллагын ерөнхий санхүүч хариуцаж байсан учир би мэдэхгүй. Би байгууллагын ерөнхий санхүүчийн удирдлаган дор улирал, хагас, бүтэн жилээр тайлангаа өгч, тооцоо нийлж жил бүрийн аудитын шалгалтаар орж байсан тул надтай холбоотой зөрчил дутагдал гарч байгаагүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож , хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж  үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Алтанхуяг дулааны төлбөр 714,400 төгрөг хариуцагч Ц.Чулуунцэцэгээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч дулааны төлбөрт тооцож авсан мөнгийг байгууллагадаа тушаасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Ж.Алтанхуяг шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлага 1.465.950 төгрөгөөр нэмэгдүүлж хариуцагчаас нийт 2,130,350 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүх нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн гэсэн үндэслэлээр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурьдаж  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Алтанхуяг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг 12,405 төгрөгөөр дутуу тушаасан байна.

Нэхэмжлэгч Ж.Алтанхуяг нь хуульд заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-д заасны дагуу шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн хэмжээгээр шийдвэрлэх боломжтой байхад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан  нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Дээрх үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168,3-т заасан үндэслэлд хамаарч байх тул нэхэмжлэгчийн гаргасан “... шүүх хэргийг шийдвэрлэхдээ миний эрхийг зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн  дүгнэлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1317 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,770 төгрөгийг /хорин нэгэн мянга долоон зуун дал/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                                 ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                    Т.ГАНБАТ