Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01013

 

 

 

 

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01013

 

 

                                     Ж.Снэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/00556 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Схариуцагч Д.Дд холбогдуулан гаргасан 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай үндсэн, Ж.С нь зээлийн болон барьцааны гэрээг үйлдэгдсэн болохыг 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдөр, 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдөр, 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдөр мэдсэн болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Амар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Ж.С, Д.Д нарын хооронд 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн №3 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна.

 

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Ж.С нь 2005 оноос ..., 466 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор өмчилж байсан. Гэтэл Ж.С, Д.Д нарын хооронд 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр зээлийн гэрээ, мөн өдөр тус 466 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах тухай зээлийн барьцааны гэрээ тус тус байгуулагдсан болохыг нэхэмжлэгч мэдээгүй. Д.Даас ямар нэгэн зээл авч байгаагүй, танихгүй. Уг гэрээнүүд нь хуурамч байх ба Ж.С гарын үсэг зурж байгаагүй, гарын үсгийг хуурамчаар үйлдэн, гэрээнүүдийг улсын бүртгэлийн газарт өгч зээл болон барьцааны гэрээг бүртгүүлсэн байна. Уг гэрээнүүдийн талаар талаар 2018 онд улсын бүртгэлээс лавлагаа авч мэдэж байсан. Үл хөдлөх эд хөрөнгөтэй барьцаалбар тавигдсан, барьцаалбарын үйлчлэл одоо хүртэл хүчинтэй байгаа. Нэхэмжлэгчийн өөрийн өмчөө захиран зарцуулах эрхийг нь зөрчиж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Д.Д уг гэрээнүүдийг байгуулаагүй талаар тайлбарласан гэжээ. 

 

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулгад: 2007 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр Ж.Стай зээлийн болон барьцааны гэрээг байгуулаагүй. Д.Дын өмнөө хүргэн ах нь болох С.Ц гарын үсэг зурсан байх. Өөрийн оруулсан хөрөнгө оруулалтаа баталгаажуулж байгаа гэж хэлж байсан. Энэ асуудалд  Д.Д хамааралгүй бөгөөд уг гэрээтэй холбоотой бүх асуудлыг дуусгавар болгуулах итгэмжлэлийг Д.Яд олгосон. “ПМ” ХХК-ийн захирал н.Ч нь н.Ц ахынх нь оруулсан хөрөнгийн асуудлыг тухайн үедээ хүлээн зөвшөөрч байсан учраас Сүхбаатар дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагад хандаж Д.Дын нэр дээр байгаа зээл болон барьцааны бүх үүргийг компанидаа шилжүүлж авсан гэсэн бичиг байдаг. Нэхэмжлэлийг эрх бүхий этгээд гаргасан эсэх нь тодорхойгүй. Нотариатч Д.Я уг зээлийн гэрээг байгуулахад байсан мэтээр гарын үсгийг нь зуруулсан гэж байгаа. Ж.С өөрөө оролцож мэдэж байсан атлаа 15 жилийн дараа мэдээгүй гэж зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг гаргах үүргээ зөрчиж байна.  Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Тухайн үед Ж.С “ПМ” ХХК-нд эрхээ шилжүүлж байсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ж.Сд холбогдох маргаанд захиргааны хэрэг үүсгэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл: ....  Д.Д нь 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн №3 дугаартай зээлийн болон барьцааны гэрээнүүдийг түүний төрсөн эгч Д.Ягийн нөхөр С.Ц агсан өөрийнх нь нэрийг ашиглан хэн нэгэнтэй байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн болохыг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр эгчээсээ мэдсэн. Энэ нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Д.Даас Сүхбаатар дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст хандаж байсан хүсэлтээр нотлогдоно. Нэхэмжлэгч нь уг хүсэлтийг эгчийнхээ заавраар түүний хүссэнээр гаргаж байсан. Харин тухайн үед улсын бүртгэлийн газар уг барьцаалбарыг шилжүүлэн авсан “ПМ” ХХК-ийг оролцуулан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай буюу ганцаараа хүсэлт гаргаснаар асуудлыг шийдвэрлэхгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээж аваагүй. Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн барьцаалбар хөрөнгийн хувийн хэргээс үзэхэд Ж.С дээрхи зээлийн болон барьцааны гэрээнүүдийг бүртгүүлэхээр 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлийн газарт мэдүүлэг гаргаж байсан. Ж.Снөхөр С.Ч нь 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 0818 тоот албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан иргэн Д.Д, Ж.Сд 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр барьцаат зээлийн гэрээгээр 150,000,000 төгрөг хүүтэй зээлдүүлсэн байх бөгөөд манай компани 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн хэлцлээр Ү-2203014612, гэрчилгээний дугаар 000195313 манай компани өмчлөх эрхийг шилжүүлэн авсан, зээлдүүлэгч Д.Д өмчлөх эрхийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн зөвшөөрлөө нотариатаар гэрчлүүлж өгсөн тул манай компани Ж.Сзээлийн ба барьцааны гэрээний үүргийг шилжүүлэн авч байна гэсэн хүсэлт гаргаж байсан.

Ж.С нь 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 124 дугаартай нотариатч н.О гэрээний үнэн зөвийг гэрчлүүлэн бэлэглэлийн гэрээ байгуулж, “ПМ” ХХК-д барьцаанд бариулсан ...дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэсэн. Иймд нэхэмжлэгч Ж.С маргаж буй гэрээнүүдийн тухай 2007 оны 5 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлийн газарт барьцаа бүртгүүлэх тухай мэдүүлэг гаргахдаа болон нэхэмжлэгчид барьцаанд бариулсан гэх хөрөнгөө өөрийн нөхрийн компанид өмчлүүлэхээр гэрээ байгуулахдаа буюу 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдөр мэдсэн. Мөн түүний нөхөр нь энэхүү өмчлөх эрх шилжүүлэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүсэлт гаргах үед тус тус мэдсэн байх боломжтой болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна.

2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн 150,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээнүүд байгуулагдсан талаар Ж.С 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр мэдсэн болохыг тогтоолгоно гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулгад:   Ж.С нь 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг Д.Дтай байгуулж байгаагүй. Эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 01/01 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг иргэн Б.Цэвээн-Очиртай байгуулж байсныг нотариатч Д.Я  баталж байсан. 2007 оны 5 дугаар сарын 07-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гарсан. Тус мэдүүлэгтээ Б.Цэвээн-Очиртой байгуулсан барьцааны гэрээг дуусгавар болгох бүртгэл хийсэн болохоос өөр бүртгэл хийгээгүй. Гэтэл Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн материалд 2007 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг бүртгүүлсэн 2007 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг авагдсан байна. Нэхэмжлэгч нь уг мэдүүлгийг гаргаж байгаагүй, энэ талаар мэдэхгүй. Түүнчлэн нэг өдөр гаргасан гэх 2 мэдүүлэг нь өөр өөр бичгийн хэвтэй байгаа нь илэрхий харагдаж байна. Эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээгээр “ПМ” ХХК-д шилжүүлсэн ба тухайн гэрээг Д.Ягийн найз нотариатч Р.О баталж байсан. Тухайн гэрээнд үл хөдлөх хөрөнгө нь худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслүүлээгүй, түрээслүүлээгүй болохыг тодорхой заасан. “ПМ” ХХК-ийн 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 0818 дугаар хүсэлтүүдийг мэдэхгүй. 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг анхнаасаа байгуулаагүй, нэхэмжлэгчийн гарын үсэг биш. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг өөр хүн гаргасан байна. “ПМ” ХХК-тай байгуулсан бэлэглэлийн гэрээнд дурдаагүй. Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 263627 дугаар тодорхойлолтод “Эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай ... барилгын 2 дугаар давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 466 м.кв талбайтай хэсгийн өмчлөгчөөр “ПМ” ХХК бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг үл хөдлөх эд хөрөнгөнд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна” гэсэн. Харин Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 11-1173468 дугаар тодорхойлолтоор анх удаа 2007 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ бүртгэлтэй талаар олж мэдсэн. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ПМ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулгад: “ПМ” ХХК нь 2010 онд Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 24 тоотод байршилтай үйлчилгээний зориулалттай 466 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг иргэн Ж.Сгаас шилжүүлэн авч өмчилж байна. Уг үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсантай холбоотойгоор бидний хооронд ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд одоог хүртэл өмч хэвээр байгаа. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй тул эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

 

6. Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.С, хариуцагч Д.Д нарын хооронд байгуулсан 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ, 2007 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн №03 тоот зээлийн барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Д.Дын нэхэмжлэгч Ж.Сд холбогдуулан гаргасан 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ, 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №03 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулсныг 2007 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр, 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдөр, 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдөр, 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тус тус мэдсэн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 978 200 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод үлдээж, хариуцагч Д.Даас 978 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Сд олгож шийдвэрлэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: ... Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

7.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд оролцуулах тухайд,

7.1.а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёстой эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа 199 тамганы дугаартай нотариатч Д.Яг гуравдагч этгээдээр оролцуулж, Нийслэлийн архиваас нотариатын бүртгэлийн эх дэвтэрт Ж.Сгарын үсгийн шинжилгээг хийх шаардлагатай. Зээлийн болон барьцааны гэрээг баталсан нотариатч Д.Яг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй. Нийслэлийн Архивын газраас 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний бүртгэлийн дэвтэр, хуулбарыг хэрэгт нотлох баримтаар аваагүй. Бүртгэлийн дэвтэрт дээрх гарын үсэгт шинжилгээ хийгдээгүй.

7.2. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн тухайд,

7.2.а. Ж.С нь нэгдмэл ашиг сонирхол бүхий этгээд болон нөхөр С.Чын компани “ПМ” ХХК-д маргаан бүхий хөрөнгийг 2010 онд бэлэглэлээр шилжүүлснээс хойш эрх, ашиг сонирхол нь ямар нэг байдлаар хөндөгдөх боломжгүй. Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нь “ПМ” ХХК атал шүүх барьцааны үүргийг нөхөр нь шилжүүлж авч байгаа тухай улсын бүртгэлээс ирүүлсэн баримтыг дурьдахгүй, үнэлээгүй, үгүйсгэсэн. 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдөр С.Чын гарын үсэгтэй “Ж.Сбусдад төлөх ёстой 150,000,000 төгрөгийн зээлийн өр, барьцааны үүргийг хамтад нь шилжүүлэн авч байгаа тул өмчлөх эрхийг шилжүүлж бүртгүүлж өгнө үү” гэх хүсэлт гаргаж, тамга дарсан байдаг. Энэ гарын үсгээ хуурамч гэж 12 жилийн хугацаанд маргаж байгаагүй. Д.Д нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн ямар нэг үйлдэл, эс үйлдэл хийгээгүй талаар нэхэмжлэгч тал маргаагүй. Д.Д гэрээний нөгөө тал биш. Эдгээр гэрээ яагаад байгуулагдсан, нэхэмжлэгч, хариуцагч нарын нэрийг хэн ашиглаж гэрээнүүдийг хийсэн болохыг мэдэж байгаа этгээдүүд болох нь баримтаар нотлогдож байгаа нотариатч Д.Я, “ПМ” ХХК-ийн захирал С.Ч нарыг хариуцагчаар татаж нэхэмжлэлийн шаардлагаа холбогдуулан гаргаж шийдвэрлүүлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна. 2020 онд Д.Дын барьцааны бүртгэлийг дуусгавар болгох тухай хүсэлтийг улсын бүртгэлээс “барьцааны эрх нь “ПМ” ХХК-д бүртгэлтэй тул уг компанийн барьцааны эрхийг дуусгавар болгох боломжтой” гэсэн хариу өгсөн. Гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулснаар үр дагаварыг нь хэрхэх талаар ямар нэг шийдвэрийг шүүх гаргаагүй, энэ асуудлыг тодруулахаас зайлсхийсэн. Ж.С барьцаалагдсан хөрөнгийн өмчлөгч бөгөөд гэрээнүүдийг хүчингүй болгуулснаар үр дагаварт нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа барьцаалбараас чөлөөлүүлэх үр дагавар хүсч байгаа гэж тайлбарладаг. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн нэгдмэл ашиг сонирхолтой нөхрийнх “ПМ” ХХК-ийн өмчлөлийнх болсон. Гэтэл уг компани нэхэмжлэл яагаад нэхэмжлэл гаргахгүй байна. Д.Ягийн нөхөр С.Ц асан, С.Ч нарын хооронд 2005 оноос үүсэлтэй өр авлагын асуудал байдаг бөгөөд С.Цыг 2017 онд нас барснаас хойш өөр аргаар шийдэх гэж байна.

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/Ш32022/1127 дугаар захирамжаар Д.Я нарын Эд хөрөнгийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “Н-О” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан улсын бүртгэлийн ... дугаартай үл хөдлөх хөрөнгөөс бэлэглэлийн гэрээгээр салгаж, 2006 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Ж.Снэр дээр бүртгэсэн ...дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй хэрэгт захиргааны хэрэг үүсгэсэн. Уг захиргааны хэргийг шийдвэрлэж дуустал энэхүү хэргийг шийдвэрлэх боломжгүй байдал үүссэн. Шүүх анхнаасаа Ж.Снэр дээрх 2006 оны гэрчилгээний хуулбарыг нотариатын тамгагүй байхад нь хүлээж авсан нь анхаарал татдаг.

Мөн Ж.Сгаас Д.Дд барьцаалуулсан гэх улсын бүртгэлийн ...дугаартай хөрөнгөө өөрийн нөхөр С.Чын “ПМ” ХХК-ийн өмчлөлд 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр үнэ төлбөргүй шилжүүлсэн ба үүнд Д.Даас барьцаалбарын өмчлөгч солигдоход татгалзах зүйлгүй гэсэн тодорхойлолт авч байсан гэх нотлох баримт улсын бүртгэлээс ирсэн баримтууд дунд байдаг. Тухайн гэрээнүүдийг хүчингүй болгосноор өмчлөх эрхээ шилжүүлсэн Ж.Сд ямар ч ач холбогдолгүй, харин “ПМ” ХХК-д  өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд үр дагавар үүсэхээр харагдаж байгаа тул уг компани нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Гэтэл шүүх энэ асуудалд бодитой дүгнэлт хийгээгүй. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “бидний хооронд ямар нэг маргаан байхгүй” гэж нэр дээрээ барьцааны үүргийг шилжүүлэн авснаа дахин баталдаг.

7.3. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд,

7.3.а. Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Ж.С, н.Цэвээн-Очир нарын хооронд байгуулагдсан 150,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээнд Ж.Снөхөр гэж С.Ч хамт гарын үсэг зурсан байна. Гэр бүлийн хүмүүс болохын хувьд Ж.С нь хамтдаа анх бүртгүүлсэн 150,000,000 төгрөгийн барьцааны асуудлыг өөрийнх нь нэр дээрээс 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нөхөр С.Чын компанид барьцааны үүрэг шилжиж байхад огт мэдээгүй байх ямар ч боломжгүй. Шүүх С.Ч, Ж.С нарын гэрлэлтийн бүртгэлийн талаарх лавлагааг гаргуулах хүсэлтийг хангаагүй нь хуульд заасан “олж мэдсэн, мэдэх боломжтой байсан, мэдэж байсан гэж үзэх” нөхцлийг шалгах боломжийг хаасан. 2013 онд “ПМ” ХХК-аас маргаан бүхий хөрөнгөнд барьцааны үүрэг байгаа эсэх талаар лавлагаа авахад барьцаа бүртгэлгүй талаарх тодорхойлолт гарсан. 2020 оны 07 дугаар сард барьцааг дуусгавар болсон үндэслэлээр хасуулах гэхэд 2013 онд цахимжилт хийгдэж байх үед ачаалал их байсан, 2007 оны барьцааг гараар дутуу шүүж олон жилийн өмнөх барьцааг барьцаагүй гэсэн лавлагаа өгсөн ганц нэг асуудал байдаг, ачаалалтай холбоотой гэсэн тайлбар өгч байсан.

7.4. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тухайд,

7.4.а. Шүүхийн шийдвэрийн “хэрэгт авагдсан гэрээ 2007 гэсэн бүртгэлийн дэвтрийн 017-д Ж.С гэж гарын үсэг зурагдсан байгаа боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь уг гарын үсгийг Ж.С зурсан эсэх талаар маргасан, уг бүртгэлийн дэвтэр нь нотариатч Д.Ягийнх бөгөөд хариуцагч Д.Д нь шүүхэд гаргасан тайлбартаа Д.Яг энэ бүхнийг мэдэж байгаа гэсэн тул хариуцагчийн шүүхэд ирүүлсэн баримтыг үнэн зөв эргэлзээгүй баримт гэж дүгнэх боломжгүй байна” гэх дүгнэлт ойлгомжгүй байна. Барьцааны гэрээ нь нотариатаар батлагдсанаар хүчинтэй болж, улсын бүртгэлд бүртгэгддэг тул нотариатыг барьцааны харилцаанд ямар нэг хамааралгүй гэж үзэхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар Ж.Сгарын үсэг биш гэсэн учраас шүүх “гарын үсэг нь биш” гэж хэт нэг талыг барьж дүгнэсэн.

Мөн шүүх “Д.Д нь Д.Я энэ бүхний учрыг мэднэ гэж тайлбарласан тул Д.Дын гаргасан энэхүү нотариатч Д.Ягийн бүртгэлийн дэвтэр гэх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй” гэж хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн. Яагаад уг баримтыг шууд эргэлзээтэй, үнэн зөв биш гэж үзсэн нь ойлгомжгүй. Уг баримт нь Нийслэлийн архивын газрын хуулбар үнэн дардастай баримтууд байдаг ба архивын газраас нягтлах боломжтой байхад нягтлахгүйгээр үнэн зөв эсэхэд эргэлзэж байна гэж үндэслэлгүйгээр дүгнэлт хийсэн.

Барьцааны харилцааг эрх зүйн харилцааны талаас нь дүгнэхдээ үүрэг үүсгэсэн гарын үсэг зурсан нэг гэрээ, үл хөдлөхөд барьцааны үүргээ бүртгүүлсэн өмчийн тусдаа нэг гэрээ гэж салгаж авч үзсэн.Үүргийн гэрээ хүчинтэй, хүчингүй байх нь шууд өмчийн гэрээ буюу барьцаа бүртгүүлсэн гэрээг хүчингүй гэж үр дагавар үүсгэхгүй, тусдаа хүсэл зоригоо илэрхийлж үл хөдлөхөд барьцаа үүсгэсэн хэлцэл байдаг. Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт нь нотариатын барьцааны гэрээ бүртгэсэн дэвтэр дээрх гарын үсгийг шинжлээгүйгээс гадна барьцааг бүртгүүлсэн үл хөдлөхийн мэдүүлэгт хийгдээгүй байдаг. Д.Ягийн зүгээс удаа дараа энэ хэргийн талаар Д.Д мэдэхгүй, бүх учрыг нь би мэдэж байгаа тул хариуцагчаар эсвэл бие даасан шаардлага бүхий гуравдагч этгээдээр оролцох хүсэлтүүд гаргаж байсан. Шүүх “хариуцагч ийм баримт ирүүлсэн боловч Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэгт ийм баримт авагдаагүй байна” гэж няцаасан. Гэтэл энэ баримт нь Нийслэлийн архивын газрын “хуулбар үнэн” дардастай баримт байдаг. Шүүх уг баримтыг архивт хадгалагдаж байгаа эсэх талаар нягтлахгүйгээр Сүхбаатар дүүргийн бүртгэлийн газраас ирүүлсэн баримтанд байхгүй гэх үндэслэлээр няцаасан нь өрөөсгөл дүгнэлт болсон.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгохдоо ямар нэгэн тодорхой үндэслэл, нотлох баримтаар няцаагдаж байгаа талаар дурдаагүй. Гэтэл Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтанд Ж.С нь Д.Дтай байгуулсан барьцааны гэрээгээ бүртгүүлэхээр 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өөрөө гарын үсэг зурж, 150,000 төгрөг төлж мэдүүлэг гаргасан байдаг. ... Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөх, эсхүл хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нотариатч Д.Я хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг шүүх эрх ашиг нь зөрчигдөөгүй гэх үндэслэлээр хүлээж аваагүй. Хариуцагч талаас тухайн үед шинжээч томилуулах хүсэлтийг дэмжээгүй учир нь хариуцагч энэхүү гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээг байгуулаагүй гэж үзэж байгаа тохиолдолд гарын үсэг дээр шинжээч томилуулах нь ямар ч ач холбогдолгүй гэж тайлбарлан хүсэлтийг дэмжээгүй. Гэтэл одоо гарын үсгийг тодорхойлоогүй гэх тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй. Маргаан бүхий гэрээ Ж.С, Д.Д нарын хооронд байгуулагдсан. Гэтэл Ж.Сэрх ашиг хөндөгдөөгүй гэж байна. Уг хүчин төгөлдөр бус гэрээгээр Ж.Сд 150,000,000 төгрөг төлөх үүргийг ногдуулсан ба нэхэмжлэгч ийм гэрээ байгуулаагүй байж 150,000,000 төгрөгийн төлбөр төлөх үүрэг үүссэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой хохироож байна. Иймд Ж.С байгуулаагүй гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах эрх бүхий этгээд мөн. Д.Д нь гэрээний нэг тал учраас хариуцагчаар татсан нь үндэслэлтэй. Хариуцагч хариу тайлбартаа зээл болон гэрээний талаар мэдэхгүй, гэрээ байгуулж байгаагүй гэдэг. Гэтэл хариуцагчийн төлөөлөгч нь энэхүү гэрээг байгуулагдсан болохыг нэхэмжлэгч мэдсэн гэдэг агуулгаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь хариуцагчийн гаргасан тайлбартай эсрэг утгатай, үндэслэлгүй худал тайлбар байна. Уг гэрээг байгуулагдсан талаар 2018 онд Улсын бүртгэлээс лавлагаа авснаар мэдсэн. 2013 онд лавлагаа авахад гэрээ бүртгэлгүй гэсэн лавлагаа ирсэн учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй. Ж.С нь үл хөдлөх хөрөнгөө 2010 онд “ПМ” компанид бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, гэрээнд уг хөрөнгө нь бусдад барьцаалагдаагүй, түрээслэгдээгүй ямар нэгэн эрхийн доголдолгүй талаар тусгагдсан. Хэрвээ тухайн үед уг барьцааны гэрээ байсан бол бэлэглэлийн гэрээнд тусгах байсан. С.Ч, Ж.С нар гэр бүлийн гишүүд бөгөөд хариуцагч талаас гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа гаргуулах хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч талаас эдгээр хүмүүсийг гэр бүл эсэх талаар маргаан байхгүй гэсэн тул хариуцагч хүсэлтээсээ татгалзсан байдаг. Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

            2. Нэхэмжлэгч Ж.С2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг хариуцагч Д.Д эс зөвшөөрч Ж.С нь 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ үйлдэгдсэнийг 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдөр, 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдөр, 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдөр мэдсэн болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3. Анхан шатны шүүх зохигчдын үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэхгүй.

4. Нэхэмжлэгч Ж.С нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Д.Дтай зээлийн болон барьцааны гэрээ байгуулаагүй, 150,000,000 төгрөг зээлээгүй, миний гарын үсгийг хуурамчаар үйлдэж гэрээнүүдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн, ...байрлах 466 м.кв үл хөдлөх эд хөрөнгө нь одоог хүртэл барьцаанд бүртгэлтэй байна. Иймд 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна гэж тодорхойлсон.

4.а. Хэрэгт 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Ж.С нь Д.Даас 150,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 1 хувийн хүүтэй зээлдэн авах тухай зээлийн, Ж.Сөмчлөлийн ...байрлах 466 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай барьцааны гэрээнүүд авагдсан байна. Мөн Ж.С нь 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “ПМ” ХХК-тай өмчлөлд нь маргаан бүхий объектыг хариу төлбөргүй шилжүүлэх тухай бэлэглэлийн гэрээг байгуулж, 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “ПМ” ХХК уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн баримтууд байна. /1хх4-5, 80, 101/

4.б. Нэхэмжлэгч нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн байхад 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Д.Дтай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулснаар эрх зүйн ямар үр дагаврыг шаардаж байгааг тодруулах нь зүйтэй. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан.

5.а. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Ж.С зээлийн гэрээний талаар мэдэж байсан, өөрөө оролцсон, “ПМ” ХХК-д эрхээ шилжүүлж байх үедээ мэдсэн атлаа мэдээгүй гэж байгаа нь үндэслэлгүй ...” гэж татгалздаг.

5.б. Ж.С зээлийн болон барьцааны гэрээ үйлдэгдсэнийг 2007 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр, 2007 оны 5 дугаар сарын 07-ны өдөр, 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдөр, 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдөр мэдсэн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж үгүйсгэсэн агуулгатай тайлбар эсэхийг тодруулах шаардлагатай байжээ.

6. Мөн хэргийн 2 дугаар хавтасны 22 дугаар талд Ж.Сгарын үсэгтэй Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн газарт 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн барьцааны гэрээг бүртгүүлэх тухай өргөдөл авагдсан байна. Уг өргөдлийг нэхэмжлэгч Ж.С өөрөө гаргасан эсэх, түүний хүсэл зориг байсан эсэхийг тодруулж, талуудыг энэ талаар мэтгэлцүүлэх ажиллагааг хийх шаардлагатай.

Түүнчлэн нотариатын бүртгэлийн дэвтэрт маргаан бүхий хэлцлийг хэдэн онд бүртгэсэн нь тодорхойгүй, тэмдэглэсэн огноо нь гаргацгүй байдлаар хэрэгт авагдсан байх тул давж заалдах шатны шүүхээс тухайн баримтанд дүгнэлт хийх боломжгүй байна. /2хх3-5/

Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/00556 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,048,350 төгрөгийг /70,200+70,200+907,950/ шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ДАВААДОРЖ

                                              ШҮҮГЧИД                               Э.ЗОЛЗАЯА

                                                            А.МӨНХЗУЛ