Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2018/0495

 

“Э ф” ХХК, “Х с и” ХХК,

“Ө” ХХК, “И б т” ХХК,

“Э и” ХХК, “К б” ХХК,

“Ф” ХХК-иудын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч “Х с и” ХХК, “Ө” ХХК, “И б т” ХХК, “К б” ХХК, “Э и” ХХК, “Ф” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0444 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Э ф” ХХК, “Х с и” ХХК, “Ө” ХХК, “И б т” ХХК, “Э и” ХХК, “К б” ХХК, “Ф” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Монголбанк, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл, Худалдаа хөгжлийн банкинд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0444 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар “Э и” ХХК-н нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг, “Э ф” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзсаныг тус тус баталж, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл, Худалдаа хөгжлийн банканд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3, 30 дугаар зүйлийн 8, Төв банк /Монгол банк/-ны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э ф” ХХК, “Х с и” ХХК, “Ө” ХХК, “К б” ХХК, “Ф” ХХК нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 320 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Монгол Улсын Их хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 280 дугаар тогтоолуудыг тухайн цаг хугацаанд нь хэрэгжүүлээгүй Сангийн яам, Монгол банкны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, зээлийн авлагыг шилжүүлэх, “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх...” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Монгол банк, арилжааны банкнуудын хооронд байгуулсан “Бодлогын гэрээ /дамжуулан зээлдүүлэх гэрээ/-ний хугацаа сунгахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар “Э ф” ХХК-ийн “Сангийн яамны хууль бус эс үйлдэхүйн улмаас “Э ф” ХХК-д учирсан хохирол 806,737,408 төгрөгийн Сангийн яам, Монгол банкнаас гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх шийдвэртээ: “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 320 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр байхад хэрэгжүүлээгүй хариуцагч Сангийн яамны үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

Тус шийдвэр нь Засгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 16.2-т заасан “Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Засгийн газрын 2015 оны 320 дугаар тогтоолоор “Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх ...” гэсэн шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Засгийн газрыг 2015 оны 320 дугаар тогтоолоор “Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх,...” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдэд олгосон 33.0 тэрбум, “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор компаниудад олгосон 25.76 тэрбум төгрөг, “Гурилын үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор гурилын үйлдвэрүүдэд олгосон 17.9 тэрбум төгрөг, нийт 76.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийг зээлийн гэрээ дууссанаас хойш 1 жилийн хугацаагаар сунгаж, гэрээ дуусгавар болсон тухайн санхүүгийн жилд багтаан эргэн төлөхөөр гэрээ байгуулахыг Сангийн сайд, Хүнс хөдөө аж ахуйн сайдад даалгасан бөгөөд дараах үндэслэлээр Сангийн яам уг тогтоолыг хэрэгжүүлэх боломжгүй байсан.

Сангийн яам нь Засгийн газрын холбогдох тогтоолоор Монгол банкнаас банкуудад олгосон зээлийг шилжүүлэн авах үүрэг хүлээсэн бөгөөд Монгол банкны хувьд тухайн зээлийн хугацааг сунгахгүй байх нөхцөлтэйгөөр шилжүүлэхээр “Засгийн газрын 2015 оны 280 дугаар тогтоолд анхлан тусгуулж, Засгийн газраар батлуулсан.

Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан, Сангийн яам, Монгол банкны зөвшөөрөл авахгүйгээр 2015 оны 320 дугаар тогтоолд зарим дэд хөтөлбөрийн хүрээнд аж ахуй нэгжүүдэд олгосон зээлийн хугацааг сунгах үүргийг гэрээнд оролцоогүй Сангийн яам зэрэг байгууллагад олгуулахаар тогтоол гаргуулсан нь гэрээнд оролцоогүй Сангийн яамны хэрэгжүүлэх боломжтой ажил биш байсан, Монгол банкны зүгээс тогтоолын өөрчлөлтийг хэрэгжүүлэх боломжгүйгээ Сангийн яаманд мэдэгдсэн, Зээлийн хугацаа сунгах тухай засгийн газрын тогтоолын өөрчлөлтийг хийхдээ албан ёсоор санал аваагүй зэрэг шалтгаанаар хэрэгжүүлэх боломжгүй тогтоолын өөрчлөлт байсан байна.

Засгийн газрын 2015 оны 320 дугаар тогтоолоор “Гурилын үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор гурилын үйлдвэрүүдэд олгосон 17.9 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийг стратегийн нөөц бүрдүүлэх, үнэ тогтворжуулах нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ дууссанаас хойш 1 жилийн хугацаагаар сунгаж, гэрээ дуусгавар болсон тухай санхүүгийн жилд багтаан эргэн төлөхөөр гэрээ байгуулахыг Сангийн сайд, Хүнс,хөдөө аж ахуйн сайд нарт даалгасан.

Засгийн газрын 2015 оны 320 дугаар тогтоолоор Арилжааны банк болон зээлдэгч аж ахуйн нэгжүүдийн хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацааг сунгах үүргийг Сангийн яам зэрэг төрийн байгууллагад даалгасан нь гэрээний харилцаа, банкны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх үр дагавартай, Засгийн газрын анх баталсан 280 дугаар тогтоолын үндсэн агуулгатай нийцэхгүй зохицуулалт болсон байгаа юм.

Зээл сунгах асуудлыг төрийн аль нэг байгууллага арилжааны банкуудад тавьж шийдвэрлүүлэх боломжгүй бөгөөд банк, аж ахуйн нэгж хоорондын харилцаанд төрийн байгууллага зааварлан оролцох нь зээлийн эрсдэлийг нэмэгдүүлэх, банкны салбарын тогтвортой байдлыг алдагдуулах сөрөг үр дагаварт хүргэнэ. Энэ талаарх байр сууриа Сангийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 8-2/3538 тоот бичгээр илэрхийлж байсан болно (Гурилын үйлдвэрүүдийн зээлийн хугацааг сунгах арга хэмжээ авч хариу мэдэгдэх талаарх Улсын Их Хурлын гишүүн Ё.О гишүүний 8/4550 тоот бичгийн хариу) Хөтөлбөрийн хүрээнд зээлийн эрсдэлийг арилжааны банкууд бүрэн хариуцаж байгаа тул зээл авсан аж ахуйн нэгж зээлээ хугацаандаа төлсөн эсэхээс үл хамааран Монголбанктай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэх юм.

Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолоор батлагдсан “Засгийн газрын хуралдаанаар асуудал хэлэлцүүлэх журам”-ын 5.1-т Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудалд Сангийн яамны саналыг заавал авахаар заасан боловч гэрээ сунгах тогтоолд Сангийн яамны саналыг аваагүй, хууль тогтоомжид нийцээгүй шийдвэр байна. Тогтоолоор талуудын хооронд байгуулсан гэрээний хугацааг сунгахаар заасан нь гэрээний харилцаанд хөндлөнгөөс оролцсон хэрэг бөгөөд Засгийн газрын анх баталсан 280 дугаар тогтоолын үндсэн агуулгатай нийцэхгүй зохицуулалт болсон байна.

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8-д “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж заасан.

Төсвийн тухай хуулийн 241 зүйлийн дагуу тухайн жилийн төсвийн хуулиар эх үүсвэр нь батлагдсан тохиолдолд Засгийн газраас аймаг, нийслэлийн төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх, Засгийн газрын тусгай сангаас хуульд заасан зориулалт болон Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу гадаад зээлийн хөрөнгөөс дамжуулан зээлдүүлэх тохиолдолд зээл олгож болохоор зохицуулсан бөгөөд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд олгосон зээлийн хугацааг сунгах нь уг хуулийн шаардлагыг хангахгүй байгаа юм.

Мөн Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг батлахдаа Улсын Их Хурлын 2015 оны 2 дугаар сарын 18-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийг хүчингүй болгосон тул “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн 2.1-д заасан “Хөтөлбөрийн зээлээс Монголбанкны тэнцэлд үлдэх хэсгийг Засгийн газарт шилжүүлэх”-ийг хэрэгжүүлэх хүрээнд батлагдсан “Зээлийн авлагыг шилжүүлэн авахтай холбогдох зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2015 оны 280, “Гэрээ сунгах тухай” Засгийн газрын 2015 оны 320 дугаар тогтоолыг тус тус Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48.1, Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон билээ.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дэх хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.” гэж, 56.1.3 дахь заалтад “хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрчийг дуудаж мэдүүлэг авах, шинжээч, орчуулагч, хэлмэрч томилох болон шаардлагатай бусад ажиллагаа явуулах;” гэж тус тус заасан үүргээ хангалттай биелүүлээгүй. Мөн нотлох баримтыг бодитой үнэлэлгүй зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг үндэслэн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Засгийн газрын дээрх тогтоолуудыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн болон гэрээний үндэслэл байхгүй болсон шаардлагын үүднээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0444 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч нэр бүхий хуулийн этгээдүүдээс Монголбанк болон Сангийн яаманд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ.

“Э ф” ХХК-аас “Монгол Улсын Их Хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 280 дугаар тогтоол, мөн оны 320 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Сангийн яамны хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол 806.737.408 төгрөгийг гаргуулах”, харин “Х с и” ХХК, “Ө” ХХК, ”И б т” ХХК, “К б” ХХК, “Ф” ХХК-уудаас “Засгийн 2015 оны 280, 320 дугаар тогтоолуудыг тухайн цаг хугацаанд хэрэгжүүлээгүй Монголбанк, Сангийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зээлийн авлагыг шилжүүлэх, Монголбанк арилжааны банкуудын хооронд байгуулсан “Бодлогын гэрээ”/дамжуулан зээлдүүлэх гэрээ/-ний хугацаа сунгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Монголбанк нь нэхэмжлэгч нарын авсан зээлийн үлдэгдлийг арилжааны банкуудаас татан авсан тул зээлийн хүүг арилжааны банкны хүүгээр бодож, нэмэгдүүлсэн хүү тооцсон, мөн Засгийн газраас 280, 320 дугаар тогтоолуудаар Сангийн сайдад тодорхой үүрэг хүлээлгэсээр байхад хуулиар хүлээсэн үүрэг болон тогтоолыг хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна” хэмээн тодорхойлон маргажээ.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийг баталж, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг хамтран боловсруулахыг Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгож, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг тооцож, заасан хугацаанд хэрэгжүүлээгүй заалт бүрийг хариуцах албан тушаалтанд зохих хариуцлага хүлээлгэж, биелэлтийг танилцуулж байхыг даалгасан байна.

Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Зээлийн авлагыг шилжүүлэх авахтай холбогдох зарим арга хэмжээний тухай” 280 дугаар тогтоол гаргаж, тогтоолын нэг дэх заалтаар “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас арилжааны банкуудад олгосон зээлийн үлдэгдэл хөрөнгийг 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон тус банкнаас шилжүүлж авахтай холбогдуулан “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр, “Гурилын үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн зээлийн үлдэгдэл хөрөнгийг Засгийн газрын үнэт цаас гарган, Монголбанкинд эзэмшүүлэх замаар шилжүүлэн авч, улсын төсвийн авлагад бүртгэж Монголбанктай санхүүгийн зуучлагчийн гэрээ байгуулж зээлийн үйлчилгээг гүйцэтгүүлэх, Монголбанкнаас зээлийн үлдэгдэл хөрөнгийг шилжүүлэн авахдаа зээлийн хугацааг сунгахгүй, бусад нөхцлийг өөрчлөхгүй, шилжүүлэн авч байгаа талд нэмэлт эрсдэл учруулахгүй, зардал гаргахгүй байх, Монголбанкнаас арилжааны банкуудад олгосон зээлийн гэрээний үлдэгдэл хөрөнгийг Хөгжлийн банкны үнэт цаасаар Монголбанкинд эзэмшүүлэх нөхцөлтэйгөөр шилжүүлж авах гэрээ байгуулах болон дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Монголбанктай Санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахыг Сангийн сайдад үүрэг болгосон байна.

Дараа нь Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 320 дугаар тогтоолоор “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор олгосон нийт 76,4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийг стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, үнэ тогтворжуулах нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ дууссанаас хойш 1 жилийн хугацаагаар сунгаж, гэрээ дуусгавар болсон тухайн санхүүгийн жилд багтаан эргэн төлөхөөр гэрээ байгуулахыг Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд нарт даалгаж, дээрх 280 дугаар тогтоолын “зээлийн хугацааг сунгахгүй” гэснийг “Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх”, “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах”, “Гурилын үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрүүдэд хамаарахгүй байхаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нараас Монголбанкинд холбогдуулан Улсын Их Хурлын 41 дүгээр тогтоол болон Засгийн газрын 280, 320 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан, энэ тохиолдолд дээрх тогтоолуудыг хэрэгжүүлэх үүргийг Монголбанк хүлээгээгүй байх бөгөөд харин Улсын Их Хурлын 41 дүгээр тогтоолоор “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийг баталж, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үүнтэй холбогдуулан гаргах төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулах үүргийг хүлээсэн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарахгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 Харин Засгийн газрын 2015 оны 320 дугаар тогтоолоор зээлийн үлдэгдлийг стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, үнэ тогтворжуулах нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ дууссанаас хойш 1 жилийн хугацаагаар сунгаж, гэрээ дуусгавар болсон тухайн санхүүгийн жилд багтаан эргэн төлөхөөр гэрээ байгуулахыг Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд нарт даалгаж шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг хариуцагч Сангийн сайдад хариуцуулсан байхад хариуцагчаас “Засгийн газрын анх баталсан 280 дугаар тогтоолын үндсэн агуулга буюу шилжүүлэн авч байгаа талд нэмэлт эрсдэл учруулахгүй, зардал гаргахгүй байхыг үүрэг болгосонтой нийцээгүй зохицуулалт болсон, зээлийн хугацаа сунгах тухай Засгийн газрын тогтоолын өөрчлөлтийг хийхдээ албан ёсоор санал аваагүй учраас тогтоолыг хэрэгжүүлээгүй” хэмээн тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй.

Учир нь хариуцагч Сангийн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хувьд Засгийн газрын аливаа хуульд нийцсэн шийдвэрийг хэрэгжүүлж, биелүүлэх үүрэгтэй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8-д “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй”, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “... Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах”, 17 дугаар зүйлийн 17.2-т “Яам нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврын биелэлтийн талаар ажлын албаар нь дамжуулан Засгийн газарт тогтоосон журмын дагуу мэдээлнэ” гэж тус тус зөрчсөн байна.

Засгийн газрын 2015 оны 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр арилжааны банкуудтай зээлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгч нарын гэрээний хугацаа сунгуулах эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн нь тэдгээрийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч Сангийн яамны 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэдийгээр дээрх Засгийн газрын тогтоолууд гарах үндэслэл болсон Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоолыг 71 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон боловч тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын тогтоолыг тухайн цаг хугацаанд хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хууль бус, уг эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нэр бүхий хуулийн этгээдүүдийн эрх зөрчигдсөн байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийг хангах үндэслэл болох тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Давж заалдах шатны шүүхээс хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол болох Засгийн газрын 320 дугаар тогтоолтой холбоотой үндэслэлд дүгнэлт өгч, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн боловч шийдвэрийн Тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, зарим хуулийн заалтыг буруу бичсэн, мөн нэхэмжлэлийн ямар шаардлагыг татгалзсан болохыг орхигдуулсан зэрэг алдааг зөвтгөсөн өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/444 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...ХХК-ийг...” гэсний дараа ““Засгийн 2015 оны 280, 320 дугаар тогтоолуудыг тухайн цаг хугацаанд хэрэгжүүлээгүй Монголбанк, Сангийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зээлийн авлагыг шилжүүлэх, Монгол банк арилжааны банкуудын хооронд байгуулсан “Бодлогын гэрээ”/дамжуулан зээлдүүлэх гэрээ/-ний хугацаа сунгахыг даалгах” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...8,...” гэсний дараа “...Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 17 дугаар зүйлийн 17.2,...” гэж, “...Засгийн...” гэсний өмнө “...Монгол Улсын...” гэж нэмсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ