Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 265

 

Т.Г- т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10 дугаар магадлалтай, Т.Г- т холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ..., 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, овогт Т.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Г- ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэсэн байна.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Г- ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Г-  гаргасан гомдолдоо  “...Миний бие хоёр шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоолын тодорхойлох хэсэгт ...Т.Г-  нь сэтгэцийн хувьд оюуны хөнгөн зэргийн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна...”гэж тэмдэглэж нотлох баримт шинжлэн судалснаар тооцож миний эрх зүйн байдлыг хэт дордуулан, сэтгэцийн эмгэгтэй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Би хэрэгт холбогдсон цагаас хойш ямар нэгэн шинжээч томилсон тогтоолтой танилцаагүй, сэтгэцийн эмчээр сэтгэцийн дүгнэлт гаргуулаагүй байхад ийнхүү шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй.

Давж заалдах шатны шүүхийн гомдолдоо дээрх байдлыг дурдсан боловч шүүхээс шийтгэх тогтоолд шүүгдэгч Т.Г-  нь оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна гэж хэрэгт авагдаагүй дүгнэлтийн талаар нэрлэн заасан нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, ...энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц байдал бий болсон гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримт, шүүхийн дүгнэлтээр тогтоогдохгүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Монгол Улсад шүүхийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж, шүүн таслах ажиллагаа холбогдох хууль тогтоомжийн хүрээнд явагдах хэдий ч аливаа гэмт хэрэгтний эрх зүйн байдлыг хэрэгт авагдаагүй баримтаар дордуулан шийдвэрлэх заалт байхгүй байхад анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй, гэмт хэрэг үйлдсэн миний биеийг хохироож, эрх зүйн байдлыг дордуулсан байдлаар хэвээр үлдээсэн.

...Шат шатны шүүхийн шүүгч нар хүний эрхийг зөрчсөн, хүний нэр төрд нөлөөлөхүйц дүгнэлт хийж сэтгэцийн эмгэгтэй гэсэн дүгнэлт хийсэн нь буруу тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. Хэрэв шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгохгүйгээр шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэвэл миний биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү” гэжээ.  

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх Т.Г- т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ “Сэтгэцийн эмгэгтэй” гэж хэрэгт авагдаагүй баримтыг шинжлэн судалсан мэт бичсэн нь буруу. Гэвч давж заалдах шатны шүүх тодорхойлох хэсэгтээ энэ нь шүүхийн шүүхийн шийдвэрт нөлөөлөөгүй гэж үндэслэлийг нь тайлбарласан тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Г- ийн бичсэн гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Т.Г- ийг 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймаг, Даланзадгад сумын .....тоот гэртээ эхнэр С.Б-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэж дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заасан байхад анхан шатны шүүх Т.Г- т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх заалтыг зөрчиж, хэрэгт цуглуулж бэхжүүлээгүй, хэлэлцэгдээгүй, үнэлэгдээгүй нөхцөл байдал буюу “...Т.Г-  нь сэтгэцийн хувьд оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна” гэсэн дүгнэлтийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хийжээ. 

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг илрүүлсэн атлаа “анхан шатны шүүхээр хэлэлцээгүй энэхүү нотлох баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц байдал бий болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж үзэж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.7 дахь хэсэгт заасан зөрчлүүд үүссэн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна.

Анхан шатны шүүхийн гаргасан зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Хууль ёсны зарчим” буюу 1.6 дугаар зүйлийн 1-д заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэсэнд нийцээгүй гэж үзэх бөгөөд зөрчлийг аль ч шатанд гаргахыг хүлээн зөвшөөрч болохгүй тул уг зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг ... хүчингүйд тооцох ...” агуулга, зарчимд нийцүүлж шийдвэрлэх нь хууль ёсны болно.

Үүнээс гадна, анхан шатны шүүх үйл баримтыг тогтоохдоо гэмт хэргийн үйлдэл нь хохирогчид учирсан гэмтлүүдийн аль хэсэгтэй шалтгаант холбоотой байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй, харьцуулаагүй байна.

Тухайлбал, шүүгдэгч нь хохирогчийн нуруунд цохисон гэсэн үйл баримт тогтоогдсон атал хохирогчийн баруун бугалга, сарвууны цус хуралтыг энэ гэмт хэргийн улмаас учирсан гэж үзсэн нь нотлох баримтад үндэслээгүй, ингэж үзэх болсон үндэслэлээ шийдвэртээ огт тусгаагүй, үүнийг давж заалдах шатны шүүх ч анхаараагүй зэрэг нь шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл журмын дагуу гарч байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Т.Г- ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд нь дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Шүүгдэгч Т.Г- ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.

                                            ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ              

                                            ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН