Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 146

 

 

 

 

 

 

 

2020         02          13                                   2020/ШЦТ/146       

 

 

                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

Улсын яллагч: Ш.Хосбаяр,

Шүүгдэгч М.Б (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овогт Мө Ба холбогдох эрүүгийн 1909046960118 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, дуудлагын жолооч ажилтай гэх, эхнэр, хүүхэд, хадам эцэг, эх нарын хамт амьдардаг, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Богд ар 21а байрны 139 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Боржигон овогт МөБа, регистрийн дугаар УШ96070331,

            1/ Холбогдсон гэмт хэргийн талаар: /Прокурорын 2020 оны 02 сарын 10 -ны өдрийн 111 дугаартай  яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч М.Б нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Гранд оффисын 1 давхарт байх “Си Юү” сүлжээ дэлгүүрт туслах менежерээр ажиллаж байхдаа 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд бэлэн мөнгөөр худалдан авсан барааг буцаалт хийн кассад орох ёстой байсан бэлэн мөнгийг хувьдаа завшиж 801.650 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ц.Батцэрэнгийн “...М.Б нь манай байгууллагын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жигүүр Гранд оффисын Си Юү 16 гранд оффис салбарт 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр менежерээр ажилд орсон. М.Б нь ажиллах хугацаандаа мөнгө дутааж байсныг манай санхүүгийн албаны зүгээс анзаарч 2019 оны 10 дугаар сараас хяналтын камерын бичлэг шүүж эхэлсэн. Тэгэхэд камерын бичлэг дээр М.Б нь үйлчлүүлэгч нарын бэлэн мөнгөөр авсан барааг кассан дээр буцаалт хийсэн гэж бичиж гаргаад мөнгийг нь өөрөө авч байгаа нь бичигдсэн байсан. Тэгээд М.Б нь энэ үйлдлээрээ нийт 801.650 төгрөгийн хохирол учруулсан байгаа. М.Б нь дутаасан мөнгөнөөсөө эргүүлж төлөөгүй байгаа. М.Бгийн 2019 оны 11 дүгээр сарын цалинг олгоогүй. Энэ цалинг нь дутаасан мөнгөнд нь суутгаад үлдсэн мөнгийг нь өөрөөс нь гаргуулж авч болохоор байгаа. Манай байгууллагаас дутаасан мөнгө болох 801.650 төгрөгийг барагдуулах саналтай байна. Хохирол барагдуулсан тохиолдолд манай байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй болно....” гэх мэдүүлэг /хх-ийн 31-34 дүгээр хуудас/

Шүүгдэгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2019 оны 05 дугаар сард Хүннү 22 Си Юу салбарт хоол бэлтгэгчээр ажилд орсон. Тэгээд би 2019 оны 08 дугаар сард Гранд оффис Си Юу салбарт түргэн хоолны газарт туслах менежерээр шилжиж ирж ажилласан. Тэр салбарт ажиллаж байхад касс хаах, нээж, буцаалт хийхэд ашигладаг менежерийн эрх байдаг байсан ба тухайн үед тэр эрх нь байнга нээлттэй байдаг байсан. Би кассын ажилчдыг хоолонд орох үеэр нь касс дээр нь зогсдог байсан. Тухайн үед хүмүүс бэлэн мөнгөөр бараа авахаар нь системд буцаалт хийгээд бэлэн мөнгийг нь би авчихдаг байсан юм. Тэгээд намайг ажиллаж байхад 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хариуцсан менежер “Чи түр амарч бай, захирал өөрөө чамруу холбоо барина, тэр болтол битгий ирээрэй” гэсэн. Тэгээд би одоо ажилдаа очихгүй байгаа. ... Би ойролцоогоор 300.000 гаруй төгрөг авсан гэж бодож байна. Би цалингийн зээл болон автомашинаа банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж зээл авсан болохоор зээлийнхээ төлбөрт хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35, 39-40 дугаар хуудас/

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-22 дугаар хуудас/

М. Б ажилласан цагийн бүртгэл / хх-ийн 23-24 дүгээр хуудас /

Бэлэн мөнгөөр худалдан авалт хийж, кассанд буцаалт хийсэн талаарх                 “ Сентрал экскресс Си Ви Эс ” ХХК-аас гаргаж өгсөн баримт / хх-ийн 25-28 дугаар хуудас  / зэрэг баримтууд болно.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан эсэхийг хянан үзээд: шүүгдэгч М.Б нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Гранд оффисын 1 давхарт байх “Си Юү” сүлжээ дэлгүүрт туслах менежерээр ажиллаж байхдаа 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд бэлэн мөнгөөр худалдан авсан барааг буцаалт хийн кассад орох ёстой байсан бэлэн мөнгийг хувьдаа завшиж 801.650 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Батцэрэнгийн мэдүүлэг, М.Бгийн ажилласан цагийн бүртгэл, бэлэн мөнгөөр худалдан авалт хийж, кассанд буцаалт хийсэн талаарх “Сэнтрал экспресс Си Ви Эс” ХХК-иас гаргаж өгсөн баримт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч М.Бг, туслах менежер хийх үүрэг хүлээлгэн ажиллуулах явцад тэрээр дур мэдэн тухайн орлогын мөнгийг өөртөө авсан болохыг  хохирогчоос тодорхой мэдүүлж, хохирол учирсан болохыг баримтаар тогтоосон зэрэг ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Бгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул М.Бг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчид 712030 /долоон зуун арван хоёр мянга гучин/ төгрөгийг өөрийн авах ёстой байсан цалингаасаа суутгуулж үлдэгдэл зөрүү болох 89650 /наян есөн мянга зургаан зуун тавин / төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь “Сентрал экспресс Си Ви Эс” ХХК-ны хууль ёсны төлөөлөгч Ц.Батцэрэнгийн гаргаж ирүүлсэн хүсэлтээр /хх-ийн 55 дугаар хуудас/ тогтоогдож байна.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх нь  хуульд нийцнэ гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч М.Бг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.       

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзлээ.

 

Иймд М.Бгийн хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Б нь одоогоор урьд эрхэлж байсан ажлаасаа гарсан, эрхэлсэн ажил байхгүй гэж мэдүүлж байх тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг түүний төлөх боломжтой хугацааг харгалзан  1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэв. 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, хохирогч Ц.Батцэрэн нь хохиролын мөнгө 712.030 / долоон зуун арван хоёр мянга гучин/ төгрөгийг цалингаас нь суутгаж үлдсэн 89.650 /наян есөн мянга зургаан зуун тавин/ төгрөгийг бэлнээр авсан. Гомдол санал байхгүй гэсэн хүсэлт  / хх-ийн 55,57 хуудас/ гаргасан  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой  эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг Си ди хавсаргаж ирүүлсэн байх ба уг баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэлээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Мөнхбаатарын Баатархүүг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг авч завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 / хоёр сая долоон зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч М.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 801650 / найман зуун нэг мянга зургаан зуун тавин / төгрөг төлсөн ба хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш , эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН