| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2020/02823/И |
| Дугаар | 210/МА2022/01018 |
| Огноо | 2022-05-25 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2022/01018
| 2022 оны 05 сарын 25 өдөр | Дугаар 210/МА2022/01018 |
*** нөхөрлөл-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2022/00646 дугаар шийдвэртэй,
*** нөхөрлөл-ийн нэхэмжлэлтэй
Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст холбогдох,
Гэрээний үүрэгт 19,941,991 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цагаанцоож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дөлгөөн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн хэлтсээс 2016 оны 05 сард "Тохилог гудамж, амьдрах орчин" хөтөлбөр зарлан иргэдийг дэмжих төслийн хүрээнд уг хөтөлбөрийг Төрийн бус байгууллага, нөхөрлөл, иргэдийн бүлгийн дунд зарласан. Хөтөлбөрийн хүрээнд *** нөхөрлөл 19,941,991 төгрөгийн үнийн саналаар шалгарч, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б-ийн 2 дугаар гудамжинд тохижилтын ажил хийсэн. Гэрээ, хэлцэл байгуулахад захиалагч тал Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн дарга Л.Баттүвшин, нөгөө тал буюу гүйцэтгэгчээр *** нөхөрлөлийн ахлагч А.Анар оролцож, 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу бид Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах ажилд тус хорооны ажилгүй иргэдийг авч, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн хэлтсээс мэргэжилтнүүдийн удирдлага заавар, хяналт шалгалтын дор ажилласан. Гэрээнд Чингэлтэй дүүргийн 7, 10 дугаар хорооны нийтийн эзэмшлийн гудамж, талбайг тохижуулна гэсэн боловч бид 7 дугаар хорооны Хувьсгалчдын Б гудамжийн тохижилтын ажлыг хийсэн. Ер нь тэр үед бүх гэрээнд адил хороо бичигдсэн байсан.
1.2. Хамтран ажиллах гэрээнд ажлын явцын дунд 30 хувь, хоёр дахь санхүүжилт 50 хувь, ажил дуусгавар болоход ажлыг зохих журмын дагуу хүлээн авснаар үлдэгдэл 20 хувийг төлөхөөр тусгасан боловч огт санхүүжилт олгогдоогүй. Бид гэрээт ажлыг хийж дуусгахын тулд төсөв шаардлагатай байгааг хэлэхэд "Та нар ажлаа хийж бай, санхүүжилт олгогдоно" гэсэн. Бид ажлаа дуусгахын тулд өөрсдөө төсөв бүрдүүлэн, шаардлагатай тоног төхөөрөмж, ажиллаж буй хүмүүсийн хоол унд зэрэг бүх зардлыг бусдаас зээлээр авах, зарим нэг нь өөрийн автомашинаа хүртэл зарж борлуулж, эхэлсэн ажлаа дуусгасан.
Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлын хөлс, мөнгөө авахаар хөөцөлдсөн боловч өнөө маргаашгүй өгнө гэж хойшлуулсаар дарга мэргэжилтнүүд нь солигдсон. Тухайн жил УИХ-ын сонгууль болж байсан. Гэтэл шинээр томилогдсон албан тушаалтнууд нь бидний үед хийгдээгүй учраас төсөв мөнгийг нь шийдэх боломжгүй, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ханд гэсний дагуу бид тус газарт 2018 оны 04 сарын 02-ны өдөр хандаж, гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс, төлбөр тооцооны асуудлыг шийдэж өгөхийг хүссэн. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас бидний хүсэлтийн хариуг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр өгч, Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст уг асуудлыг шийдэхийг мэдэгдсэн боловч энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй тухай амаар мэдэгдсэн.
Бид гэрээний дагуу ажлаа гүйцэтгэхийн тулд бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж, гэрээт ажлыг дуусгасан байтал бидний ажлын хөлс, оруулсан хөрөнгө оруулалтын мөнгийг ч өгөхгүй хохироогоод байна. Хариуцагч талаас өөр төрийн бус байгууллага хийсэн гэж ярьдаг. Тэр талаар бид Чингэлтэй дүүргийн төрийн санд хүсэлт өгөөд энэ ажлыг өөр хүн хийсэн буюу өөр хүн санхүүжилтийг авсан эсэхийг нотлох гэж лавлагаа авч байсан. Тус ажлыг яалт ч үгүй бид хийж гүйцэтгэсэн. Өөр ямар нэгэн төрийн бус байгууллага, иргэд хийж гүйцэтгээгүй. 2016 онд ажиллаж байсан хүнийг гэрчээр асуусан. Тухайн гэрчийн хэлснээр ажил хийгдсэн нь үнэн, өөр иргэн болон төрийн бус байгууллага хийгээгүй. Тухайн тохижилтын ажлаас хамгийн сайн хийсэн нь манай нөхөрлөлийг гэж мэдүүлэг өгсөн. Хөдөлмөрийн яам буюу хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн гаргасан үүргийн дагуу зорилтот хэсэг буюу тухайн хорооны иргэд нөхөрлөлөө байгуулж, амьдарч буй орчныхоо нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах зориулалтаар анх хөрөнгө төсөвлөсөн байсан. Тус зорилтод нийцсэн байдаг. Сонгуулиар хүмүүс нь солигдсоноос болоод ажлын хөлсөө авч чадаагүй тул *** нөхөрлөлийн гүйцэтгэсэн ажлын хөлс 19,941,991 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. *** нөхөрлөлийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/226 дугаар тушаалаар Тохилог гудамж, амьдрах орчин туршилтын хөтөлбөр батлагдсан. Уг туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан. Оролцох сонирхолтой бүх хүмүүсээс үнийн санал авч, нээлттэй сонгон шалгаруулалтаар төслийг хэрэгжүүлсэн. *** нөхөрлөл нь Тохилог гудамж, амьдрах орчин хөтөлбөрт оролцон, шалгарч, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах ажлыг гүйцэтгэсэн гэх боловч уг төсөлд Эко хөдөлмөр ажлын байр НҮТББ шалгарч, улмаар ажлыг гүйцэтгэн ажлын үр дүнг хүлээлцсэн баримтыг шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэн, хэрэгт авагдсан байгаа.
*** нөхөрлөл Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах ажлыг гүйцэтгэсэн гэх боловч энэ талаар баримтгүй, туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх боловч уг гэрээний он, сар, өдөр засвартай, гэрээ нь манайд эх хувиараа байхгүй байна. Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын архиваас ч шүүлгэхэд холбогдох баримт гарч ирээгүй.
2.2. Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь төрийн байгууллага. Төрийн байгууллагын төсөв нь тухайн ондоо зарцуулагдаж, тайлагнаад дуусах ёстой. Нэхэмжлэгч тал нь 2015 ондоо биш юм гэхэд 2016 онд гэрээ байгуулж, 2016 оны 06 дугаар сард ажлаа хийж дуусгасан юм бол хийж дуусгасан ажлаа хүлээлгэж өгч, санхүүжилтийг авч чадаагүй өнөөдрийг хүрсэн асуудал үүсээд байгаа юм байна гэж харж байна. Мэдээж төрийн байгууллага ажлаа хийлгэж байгаа юм чинь санхүүжилттэй холбоотой асуудлыг шийднэ. Эко хөдөлмөр ажлын байр Төрийн бус байгууллага болон Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамжийн хэлтсийн хооронд санхүүжилтийн харилцаа 2015, 2016 онд үргэлжилсэн. Нэхэмжлэгчтэй холбоотой санхүүгийн харилцаа байхгүй.
2.3. Засгийн газрын 2016 оны 04 дүгээр тогтоол, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/90 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/653 дугаар захирамжийн дагуу Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийг нийлүүлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болгосон. Ингэж нэгтгэх үед холбогдох баримтууд төрийн архивт хадгалагдах бөгөөд *** нөхөрлөлтэй холбоотой ямар ч баримт архивт байхгүй байна. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаад байгаа гэрээний хуулбар ч архивт байхгүй байна. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 19,941,991 төгрөг гаргуулж, *** /ЗГБХН/ нөхөрлөлд олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 257,660 төгрөг гаргуулж, *** /ЗГБХН/ нөхөрлөлд олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Талуудын хооронд байгуулсан Туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах гэрээ-ээр хэн ямар эрх, үүрэг хүлээсэн эсэх, гэрээний үүргийн дагуу ажлаа хүлээлгэж өгсөн баримт байхгүй, хийсэн гэх ажлаа хүлээлгэн өгөөгүй ба өнөөдрийг хүртэл хууль ёсны гэрээ, баримт гаргаж өгөөгүй нь төрийн байгууллагын эрх ашиг, үйл ажиллагаанд саад учруулж, хариуцагчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөөр байна.
4.1. Хөдөлмөрийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/226 дугаар тушаалаар Тохилог гудамж, амьдрах орчин туршилтын хөтөлбөр баталсан. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан. Тус сонгон шалгаруулалтад *** нөхөрлөл үнийн санал өгсөн, шалгарсан гэх баримт байхгүй, мөн гэрээ байгуулаагүй нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын архивын нэгжээс гаргаж өгсөн баримтуудаар нотлогдож байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй гэдгээ тодорхойлсон байдаг. Тохилог гудамж, амьдрах орчин туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой зардал, Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/139 тоот Тохилог гудамж, амьрах орчин туршилтын хөтөлбөр төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай тушаал, мөн даргын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Тохилог гудамж, амьдрах орчин туршилтын хөтөлбөрийн төслийг хянан шалгах ажлын удирдамж, мөн Тохилог гудамж, амьрах орчин туршилтын хөтөлбөрийн төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах гэрээ болон бусад баримтыг гаргаж өгсөн.
4.2. Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь төрийн байгууллага, өөрийн үйл ажиллагааг төрийн хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд явуулдаг ба тэрхүү үйл ажиллагааны баримт бичгийг архив, албан хэрэг хөтлөлтийн хүрээнд баталгаажуулан дүүргийн архивын нэгжид хүлээлгэн өгдөг. Шүүх төрийн байгууллага, архивын хуулбарт итгэл үзүүлэхгүй байгаа нь хариуцагчийн хууль ёсны эрх ашиг, сонирхолд хүндрэл учруулсан.
4.3. Нэхэмжлэгч тал болох *** нөхөрлөл нь 2016 оны хавар ажлаа хийсэн гэх боловч байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдөхөөс өмнө тухайн үеийн Хөдөлмөрийн хэлтсийн даргатай уулзаж ажлаа хүлээлгэн өгөөгүй, ямар нэгэн гэрээ байгуулаагүй, Л.Баттүвшин даргатай уулзаж ажлын гүйцэтгэлээ аваагүй нь түүний шүүхэд гаргаж өгсөн баримтуудаас харагдана. Мөн нэхэмжлэгч тал Л.Баттүвшин даргыг ажлаа өгөхөөс өмнө буюу 2016 оны 09 сараас өмнө нэхэмжлээд байгаа мөнгөө гаргуулах талаар төрийн байгууллагын авлагад тусгуулаагүй нь нэхэмжлэгч хариуцагч нар ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсгээгүйг харуулж байна.
4.4. Мөн нэхэмжлэгч нь 2017 оны намар буюу нэг жилийн дараа одоогийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэртэй уулзахдаа гэрээ байхгүй, хэдэн гэрэл зураг авчирсан байдаг.
4.5. Дүгнэвэл нэхэмжлэгч тал ажил хийсэн гэх боловч энэ талаар баримтгүй, гаргаж өгсөн гэрээ засвартай, мөн гэрээний эх хувийг Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс авсан гэж худал хэлсэн нь төрийн байгууллагын архивын хуулбараас харагдаж байна.
Нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлынхаа талаар үр дүнг хариуцагч талд хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхой бус, энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй.
4.6. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд он нь засвартай гэрээ байгуулсан бөгөөд тохижилтийн ажил хийхээр харилцан тохиролцсон тухай дурьдсан.
Хариуцагч тал бол төрийн байгууллага, төрийн байгууллагын үйл ажиллаагаа архив албан хэрэг хөтлөлтийн хүрээнд баримтжуулан хадгалдаг. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын архивын нэгжид дээрх гэрээний эх хувь байхгүй нь талуудын хооронд гэрээ байгуулаагүйг нотолж байна. Шүүх үүнийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хариуцагч төрийн байгууллагын үйл ажиллагааг үгүйсгэсэн явдал болсон.
4.7. Гэрч Л.Баттүвшин мэдүүлэгтээ би 2017 онд ажлаа өгсөн байсан, ажлаа өгсөн учраас 2017 онд гарын үсэг зурсан байх боломжгүй, 2016 оныг 2017 он гэж зассан байж магадгүй, гэрээнд би гарын үсэг зурсан... гэж мэдүүлсэн.
Гэрч Л.Баттүвшин нь хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүний хувьд тэрээр хэлэхдээ 2016 оныг 2017 он гэж зассан байж магадгүй гэсэн нь нэхэмжлэгчийн хэлсэн бид 2016 онд гэрээ байгуулсан гэх үгийг үгүйсгэж байна. Мөн гэрч Л.Баттүвшин мэдүүлэгтээ сонгон шалгаруулалтад *** ороогүй, байгууллагатай гэрээ хийх эрхгүй тухай хэлсэн. Шүүх гэрчийн мэдүүлгээс нэхэмжлэгч талд ашигтай хэсгийг шийдвэрийнхээ үндэслэл хэсэг болгосон нь хариуцагч төрийн байгууллагын эрх, ашгийг хөндөж байна.
4.8. Нэхэмжлэгч тал гэрчээр Л.Баттүвшин, Эко хөдөлмөр ажлын байр НҮТББ-ын захирал Х.Баясгалан нарыг оролцуулах хүсэлт гаргаж, түүнтэй холбоотой шийдвэр гарсан. Шүүх хуралдааны шатанд гэрч Л.Баттүвшин ирсэн, харин Х.Баясгалан ирээгүй. Иймд эрх, ашиг нь хөндөгдөж байгаа, гэрч шүүх хуралдаан оролцоогүй нь хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа дутуу, гэрч оролцуулах шүүгчийн захирамж биелэгдээгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулахад зохигч болон гуравдагч этгээдүүдийг оролцуулах нь хэргийг үнэн зөв, бодитой шийдэх ач холбогдолтой байсан гэрч оролцуулах тухай шүүгчийн захирамж хэрэгжээгүй.
4.9 Анхан шатны шүүх хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын мэтгэлцсэн нотлох баримтуудыг үнэлэх, эс үнэлэх талаар үндэслэл бүхий тайлбар хийгээгүй.
Иймд шүүх бодит байдлыг бүрэн тогтоож дүгнэлт хийхгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна.
4.10 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, хуулийг буруу тайлбарлан, гэрчийн мэдүүлгээс нэг талд ашигтайг үндэслэж шийдвэрлэсэн. Мөн эрх зүйн үр дагавартай бусад нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь ойголмжгүй, тодорхой бус байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Захиалагч тал буюу гэрээний нөгөө тал болох н.Баттүвшин даргыг, Эко хөдөлмөр ажлын байр НҮТББ-г шүүх хуралдаанд оролцох ёстой гэж манайх хүсэлт тавьсан боловч оролцоогүй. Мөн тэр үеийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга н.Баттүвшинтэй гэрээ хийгдсэн, Эко хөдөлмөр ажлын байр НҮТББ энэ ажлыг хийгээгүй, ажлыг нэхэмжлэгч хийсэн. Ажил 100 хувь хийгдсэн боловч ажлын хөлсийг аваагүй. Мөн Эко хөдөлмөр ажлын байр НҮТББ ажлын хөлс аваагүй.
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2. Нэхэмжлэгч *** ЗГБХН нь хариуцагч Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст холбогдуулан гэрээний үүрэгт 19,941,991 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.а. Нэхэмжлэгч *** ЗГБХН нь Чингэлтэй дүүргийн хөдөлмөр үйлчилгээний хэлтэстэй 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах нэртэй гэрээ байгуулсан гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй байна. Уг гэрээнд он засвартай байх боловч бусад баримт болох Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Сайдын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тушаалаар баталсан Тохилог гудамж, амьдрах орчин хөтөлбөр, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Тохилог гудамж, амьдрах орчин төслийн хэрэгжилтэнд хөрөнгө зарцуулах тухай тушаалууд гарч байсан цаг хугацаа, энэ төслийг хэрэгжүүлэх байршилд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо хамаарч байгаа байдал, гэрч Л.Баттүвшингийн мэдүүлэгт: ...*** нөхөрлөлийн зассан гэж яриад байгаа гудамж нь ус тогтдог гудамж байсан, *** нөхөрлөл ажил хийсэн нь үнэн, Эко хөдөлмөр ажлаа хаяад явсан... гэх байдал, нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн даргын гарын үсэг, тамга тэмдэг бүхий гэрээг эх хувиар гаргаж өгсөн зэрэг баримтуудыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь харьцуулан үзсний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг зөв хэрэгжүүлсэн байна.
3.б. Түүнчлэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1.-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол хэлцэл хийсэн гэж үзнэ.
4.а. Нөгөөтэйгүүр, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/226 дугаар тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийн шинэ ажил үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор Тохилог гудамж, амьдрах орчин туршилтын хөтөлбөр-ийг баталж, үүний дагуу Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/139 дүгээр тушаалаар дээрх хөтөлбөрийн төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулж, төсөл хянан шалгах ажлын удирдамжийг баталжээ. /1-р хх 69-76, 2-р хх 14-18, 25-29/
4.б. Дээрх төслийн дагуу Эко хөдөлмөр ажлын байр НҮТББ нь төслөө танилцуулснаар шалгарч, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр Чингэлтэй дүүргийн 7, 8, 15, 16 дугаар хороонуудад нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах ажлыг 198,366,812 төгрөгөөр хийхээр харилцан тохиролцсон /1-р хх 65-68, 77, 80-93, 154-166, 2-р хх 19-23, 33-37/ боловч тус дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Б гудамжны тохижилтын ажлыг Эко хөдөлмөр ажлын байр НҮТББ хийж үр дүнг хүлээлгэж өгсөн талаар баримтгүй байна.
4.в. *** нөхөрлөлийн төсөл шалгараагүй боловч уг төслийн хүрээнд шалгарсан Эко хөдөлмөр ажлын байр НҮТББ Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б-2 гудамжны тохижилтын ажлыг бодитоор хийсэн талаар баримт хэрэгт байхгүй. Тухайн үед Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа Л.Баттүвшин нь гэрчээр оролцож өгсөн мэдүүлгээр уг ажлыг Эко хөдөлмөр ажлын байр НҮТББ хийж гүйцэтгээгүй, *** нөхөрлөл хийж гүйцэтгэсэн гэх үйл баримт тогтоогдож байх байх тул уг мэдүүлгийг үндэслэн *** нөхөрлөл нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах ажлыг бодитоор хийж гүйцэтгэсэн гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй болно.
4.г. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б-2 гудамжны тохижилтын ажлыг Эко хөдөлмөр ажлын байр НҮТББ хийсэн гэдгийг сонгон шалгаруулалтын журам, Эко хөдөлмөр ажлын байр НҮТББ-тай байгуулсан гэрээ нотлохгүй юм.
5.а. Талуудын хооронд 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
5.б. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б-2 дугаар гудамжинд бодитой ажил хийгдэж, үр дүн гарсан гэж дүгнэнэ.
6.а. Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээ-ний тухай 4 дүгээр тогтоолоор Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн орон тооны хязгаарыг тогтоон, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталжээ. /хх 145-153/
6.б. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэхээр Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Сайдын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/89, А/90 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг Даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/653 дугаар захирамж тус тус гарч, дүүргүүдийн Засаг дарга нарын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийг нийлүүлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болгон өөрчилсөн байх тул энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч болно. /хх 145/
7. Нэг талаас төрийн байгууллага болох эрх бүхий этгээд, нөгөө талаас иргэд оролцсон гэрээний харилцаанд гэрээнд заасан ажлын үр дүн бодитоор бий болсон тохиолдолд иргэдийг ажлын үр дүнгээ хүлээлгэн өгөөгүй гэж буруутгахгүй юм.
8. Гэрээнд ажлын хөлсийг 19,941,991 төгрөг гэж тусгасан, уг үнийн дүн нь мэргэшсэн төсөвчийн гаргасан төсөвт өртөгтэй нийцсэн, Эко хөдөлмөр ажлын байр НҮТББ-ын гаргасан ажлын төсөвтэй харьцуулан дүгнэхэд ойролцоо өртөгтэй байна. Иймд хариуцагчаас 19,941,991 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
9. Гэрчээр Х.Баясгаланг оролцуулах хүсэлтээсээ нэхэмжлэгч тал татгалзсан /2хх 38/ тул гэрчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлтээс татгалзсан тохиолдолд хариуцагч талаас уг гэрчийг асуулгах хүсэлтийг шүүхэд гаргах боломжтой боловч уг хүсэлтийг гаргаагүй байна.
10. Иймд хариуцагч байгууллагаас гаргасан баримтыг шүүх зохих ёсоор үнэлээгүй, төрийн байгууллагаас үйл ажиллагаа гаргасан баримтад итгэл үзүүлээгүй, гэрчийн мэдүүлгийг бүрэн үнэлээгүй гэх агуулгаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2022/00646 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Э.ЗОЛЗАЯА