Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01027

 

 

 

 

 

 

2022 05 27 210/МА2022/01027

 

 

Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/02433 дугаар шийдвэртэй,

Б-ийн нэхэмжлэлтэй

*** ХХК-д холбогдох,

335,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б- /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цолмонбаатар /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Л.Очбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие *** ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд Могул таун 2С барилгаас 5 давхрын 504 тоот, 166 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг нийт 365,200,000 төгрөгөөр захиалсан. Талууд төлбөрийн нөхцөлийг тохиролцохдоо урьдчилгаа 26,000,000 төгрөгийг Тоёота Кроун 204 маркийн автомашинаар тооцсон бөгөөд үлдэх төлбөрөөс 30,000,000 төгрөгт Тоёота Харриер маркийн автомашиныг орон сууц ашиглалтанд орох үед нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлж, үүгээр Б- миний төлбөр тооцоо дуусгавар болохоор тогтсон. Зөрүү төлбөрийг *** ХХК нь иргэн Г.Ванданцэрэнтэй тооцоо нийлэх байдлаар буюу тэдний хоорондын тооцоогоор зохицуулах байдлаар шийдвэрлэх болсон.

Ингээд миний бие 365,200,000 тогрөгийн үнэ бүхий орон сууцны төлбөрийн 30,000,000 төгрөгөөс бусад төлбөрийг төлсөн. Гэвч *** ХХК нь миний захиалсан орон сууцыг өөр хүнд мөн давхар гэрээ байгуулан шилжүүлж, бүр дотоод заслыг нь хүртэл өөрчлүүлсэн байсан. Орон сууц ашиглалтанд орсон ч надад ирэхгүй нь тодорхой болсон тул гэрээг цуцалж, орон сууцыг захиалсан төлбөрийг *** ХХК-аас нэхэмжилж байгаа юм. Иймд 335,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: *** ХХК нь 2017 оноос Холыг холбогч ХХК-ийн захирал Г.Ванданцэрэнтэй хамтарч бетон зуурмаг нийлүүлж, тэднийх цааш нь борлуулж байсан. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд эм жи эл апартмент 93 дугаар байрны 504 тоот, 166 м.кв 4 өрөө орон сууцыг бартерт тооцуулан өгөхөөр тохиролцож Холыг холбогч ХХК-ийн захирал Г.Ванданцэрэнгийн хүсэлтээр дээрх орон сууцыг Б-ийн нэр дээр шилжүүлэхээр болсон. Энэхүү тохиролцооны дагуу *** ХХК нь иргэн Б-тай 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулсан.

Тус орон сууц захиалгын гэрээний 3.1, 3.2 дахь хэсэгт заасны дагуу Б- суудлын авто машиныг 26,000,000 төгрөгөөр тооцож өгсөн, 30,000,000 төгрөгөөр тооцож өгөх автомашинаа өгөөгүй бөгөөд харин Холыг холбогч ХХК-ийн захирал Г.Ванданцэрэн үлдэх төлбөрийг хариуцан төлж, *** ХХК-тай Холыг холбогч ХХК-ийн захирал Г.Ванданцэрэн тооцоо нийлсний үндсэн дээр тус орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон боловч гэрээний үүргийн 4.5-д заасны дагуу төлбөр тооцоог төлөөгүйн улмаас орон сууц захиалгын гэрээг цуцлах шалтгаан болсон.

Иймд дээрх орон сууцны урьдчилгаа төлбөрт 2009 оны Тоёота Кроун маркийн гаалийн бичигтэй, хар өнгөтэй, суудлын авто машиныг 26,000,000 төгрөгөөр тооцож авсан ч Холыг холбогч ХХК-ийн захирал Г.Ванданцэрэнтэй тооцоо нийлж дуусаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *** ХХК-иас 26,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 309,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,833,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** ХХК-иас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 287,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд төлбөрийг иргэн Г.Ванданцэрэнтэй тооцоо нийлэх байдлаар... гэснийг тодорхой болзол тавьж хийсэн хэлцэл, энэхүү болзол биелээгүй учир нэхэмжлэгч Б-ид *** ХХК-аас шаардах эрх байхгүй гэж дүгнэсэн. Гэвч гэрээний 3.2-т ...Үүгээр захиалагч Б- төлбөр бүрэн төлж дуусгасан болно гэж төлбөр тооцооны талаар маш тодорхой, хоёрдмол утга, аливаа болзолгүйгээр заасан. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан байдаг. Дуусгасан болно гэдэг энэхүү үг нь нэхэмжлэгч надад ямар ч эргэлзээгүй санагдсан, нөхцөл байдлын хувьд ч *** ХХК болон иргэн Г.Ванданцэрэн нар нь хоорондоо бараа бүтээгдэхүүн байнга нийлүүлдэг, байнгын харилцаа, хамтын ажиллагаатай байсан тул өөрийн хүсэл зориг бүрэн хангагдлаа гэж үзсэн болно.

Зөрүү төлбөрийн тухайд *** ХХК нь иргэн Г.Ванданцэрэнтэй учраа олох ба үүнд нэхэмжлэгч Б- ямар нэгэн оролцоо байхгүй, үүнтэй холбоотой үүрэг хүлээгээгүй. Хэрэв болзол тавьсан хэлцэл хийсэн, Г.Ванданцэрэнгийн үйлдэл нь миний эрх ашигт нөлөөлөх байсан бол тэр тухайгаа гэрээнд тусгах буюу төлбөр тооцоо Г.Ванданцэрэнгийн тодорхой үйлдэл хийгдтэл төлөгдөөгүй болохыг бататгах, эсвэл Г.Ванданцэрэнг энэхүү гэрээний нэг тал болон оруулах шаардлага байсан гэж үзэж байна.

Мөн *** ХХК-аас болзол биелээгүй, төлбөр дутуу байна гэх зэрэг шаардлага тавьж байгаагүй. Гэрээнд хэрэв Г.Ванданцэрэнгээс *** ХХК төлбөр олж аваагүй бол үүнээс шалтгаалж нэхэмжлэгч Б- надад ямар үр дагавар үүсэх талаар ямар ч зохицуулалт ороогүй.

Эдгээр нөхцөл байдал нь *** ХХК нь надад орон сууц захиалгын төлбөр бүрэн төлөгдсөн гэдэг ойлголтыг хангалттай, эргэлзээгүй өгсөн, энэ нь ч гэрээндээ ойлгомжгой туссан, тус үйл баримт бий болох хангалттай үндэслэлүүд ч байсан гэдгийг батална.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт дүгнэсэн шиг болзол тавьж хийсэн хэлцэл огт биш юм. Иймд *** ХХК-д Г.Ванданцэрэн төлбөр төлөөгүй, тооцоо нийлээгүй байгаа, энэ болзлоо биелүүлээгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас 309,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн дүгнэлт үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас 309,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хангасан байдлаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх талуудын хооронд бий болсон харилцааны талаар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр талуудын хооронд орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр 4 өрөө орон сууцыг 365,000,000 төгрөгөөр худалдаж авахаар Г.Ванданцэрэн *** ХХК-тай тохиролцсон. Холыг холбогч ХХК-ийн захирал Г.Ванданцэрэн нь ...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн найз Б-ийг дагуулж ирэн, түүний нэр дээр орон сууц захиалгын гэрээг байгуулаад өгөөч... гэж хэлсэн. Холыг холбогч ХХК-ийн захирал Г.Ванданцэрэн төлбөр төлөх талаар тохиролцсон учраас 3 тал гарын үсэг зурснаар гэрээ биелэгдэх ёстой байсан. Гэтэл Б- гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Б-, Г.Ванданцэрэн нартай удаа дараа уулзаж төлбөрөө төлөхийг шаардаж байсан нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Гэрээг цуцалсан, татгалзсан тохиолдолд аль аль талууд өгсөн авсан зүйлээ буцаах ёстой. Б- *** ХХК-д өгөөгүй мөнгийг нэхэмжилсэн хууль зүйн үндэслэлгүй. Харин хариуцагч тал 26,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашины үнийг төлөхөө хэд хэдэн удаа илэрхийлсэн. Б-аас аваагүй мөнгийг буцаан өгөх боломжгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Б- нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, 335,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.а. Б-, *** ХХК-ийн хооронд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр *** ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах Могул таун 2С барилгаас 5 давхрын 504 тоот, 166 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг Б-ийн өмчлөлд шилжүүлж өгөх, Б- нь гэрээний үнэ 365,200,000 төгрөгийн урьдчилгаа 26,000,000 төгрөгт бартераар Тоёото кроун 204 маркийн автомашиныг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, орон сууцыг ашиглалтад ороход Тоёото харриер маркийн 96-35 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 30,000,000 төгрөгт тооцон өгөх, үлдэх төлбөрийг Холыг холбогч ХХК-ийн захирал Г.Вандэнцэрэнтэй тооцоо нийлж гэрээнд хавсаргахаар тохиролцсон. Талуудын хооронд үүссэн харилцааг анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн, талууд маргаагүй тул гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв.

 

3.б. Нэхэмжлэгч Б- нь гэрээний төлбөрт Тоёото кроун 204 маркийн автомашиныг 26,000,000 төгрөгт тооцон *** ХХК-д хүлээлгэн өгсөн талаар талууд маргаагүй.

 

3.в. Хариуцагч орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг биелэгдэх боломжгүй, болсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан бол өгсөн зүйлээ буюу автомашиныг буцаан шаардах эрхтэй.

 

Автомашин нь бодитоор хариуцагчид байхгүй.

 

Гэрээнээс татгалзсан учир талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй, иймээс нэхэмжлэгч орон сууцны урьдчилгаанд автомашиныг 26,000,000 төгрөгт тооцон 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлсэн, уг автомашиныг шилжүүлсэн үеийн биет байдлаар буцаан өгөх боломжгүй учраас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-т зааснаар мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

3.г. Гэрээний 3.2-т Уг орон сууцны төлбөрт Тоёото Харриер маркийн 9635 УНИ улсын дугаартай 2006 онд үйлдвэрлэгдэж 2017 онд монголд орж ирсэн сувдан цагаан өнгийн ... арлын дугаартай суудлыг автомашиныг 30,000,000 төгрөгөөр тооцон Могул таун хотхоныг ашиглалтанд орох үед техникийн гэрчилгээг төсөл хэрэгжүүлэгч талын санал болгосон хүний нэр дээр шилжүүлнэ. Үүгээр захиалагч Б-ийн төлбөр бүрэн төлж дуусгасан болно. /үлдэх төлбөрийг Холыг холбогч ХХК-ийн захирал Г.Ванданцэрэнтэй тооцон тооцоо нийлж хавсаргана/ гэж заасан байх ба уг заалтыг үндэслэн нэхэмжлэгч гэрээний үнийг 335,200,000 төгрөгийн хэмжээнд төлсөн гэж хариуцагч гэрээний үнэд 26,000,000 төгрөгөөс өөр төлбөр төлөгдөөгүй гэж маргасан.

 

3.д. Гэрээний 3.2 дахь хэсэгт заасныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үнийн шууд утгаар тайлбарлах боломжгүй байх тул мөн зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар гэрээний ерөнхий агуултай харьцуулах замаар тодорхойлно.

 

Гэрээний зүйл болох 365,200,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өмчлөх эрхийг нэг талаас нөгөө талд шилжүүлж буй тул орон сууцыг өмчлөлдөө авч буй тал нь үнийг бүрэн төлөх учиртай. Уг үүргээ өөрөө болон бусдаар гүйцэтгүүлж болно.

 

Нэхэмжлэгч нь 365,200,000 төгрөг төлөх үүргээс өөрөө 56,000,000 төгрөгийг эд зүйлээр буюу 2 автомашинаар, гуравдагч этгээд буюу Холыг холбогч ХХК-ийн захирал Г.Ванданцэрэнгээр 309,200,000 төгрөгийг төлүүлэхээр хүсэл зоригийг илэрхийлсэн байна. Гэрээнд үлдэх төлбөрийг Холыг холбогч ХХК-ийн захирал Г.Ванданцэрэнтэй тооцон тооцоо нийлж хавсаргана гэж заасан бөгөөд ийнхүү тооцоо нийлсэн баримт гэрээнд хавсаргагдаагүй тохиолдолд уг төлбөрийг төлөгдсөн гэж дүгнэхээргүй байна.

 

Гэрээнд тохиролцсон ёсоор Г.Ванданцэрэнгээс аливаа байдлаар тооцоо хийж төлбөр төлөгдөх байдал нь нэхэмжлэгчийн ашиг сонирхолд нийцэх тул тэрээр уг үйл баримтыг нотлох үүрэгтэй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч *** ХХК-иас 26,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 309,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/02433 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,703,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА