Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01026

 

 

 

 

 

 

2022 05 27 210/МА2022/01026

 

 

Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/01545 дугаар шийдвэртэй,

Ц-ийн нэхэмжлэлтэй

Н-ад холбогдох,

20,296,900 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

24,014,904 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Дагвадорж, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие нь Н-аар 2014 оноос эхлэн 2018 оны дунд хүртэл өөрийн амины малыг маллуулж байсан юм. Н- нь манай малыг харж байхдаа гэнэт алга болж, бидэнд дараахь хохирлыг учруулаад байгаа болно. Нэхэмжлэгч би Уваа уул Аудит ХХК-иар өөрсдийн эд зүйлсийг үнэлүүлэхэд 13,096,000 төгрөгийн эд зүйлсийг хариуцагч Н-аас буцааж аваагүй байгаа юм.

Иймд Н-аас Сементал үүлдэрийн тугалтай үнээ 1ширхэг 1,500,000 төгрөг, хар тарлан үүлдэрийн тугалтай үнээ 2 ширхэг 3,000,000 төгрөг, монгол тугалтай үнээ 1 ширхэг 1,000,000 төгрөг, эр шүдлэн үхэр З ширхэг 1,950,000 төгрөг, эр бяруу 2 ширхэг 900,000 төгрөг, морь 1 ширхэг 800,000 төгрөг, хөнгөн цагаан ёмкость 1 ширхэг 2,200,000 төгрөг, гүний худгийн насос 1 ширхэг 325,000 төгрөг, гүний худгийн цахилгаан утас 70м 207,900 төгрөг, гүний худгийн бэхэлгээний тросс 70м 280,000 төгрөг, гүний худгийн сэлбэг хийх ажлын хөлс 250,000 төгрөг, цахилгаан үүсгүүр мотор 1 ширхэг 500,000 төгрөг, цэнхэр усны сав 120л 2 ширхэг 98,000 төгрөг, цэнхэр усны сав 60л 2ширхэг 60,000 төгрөг,усны шар канистор 20л 14 ширхэг 140,000 төгрөг, хүрз 5 ширхэг 42,500 төгрөг, зээтүү 5 ширхэг 32,500 төгрөг, жоотуу 4 ширхэг 36,000 төгрөг, нийт 13,096,900 төгрөгийн эд зүйлсийг хүлээлгэн өгөөгүй явсан тул эдгээр зүйлсийн үнийг Н-аас гаргуулж өгнө үү.

Мөн тухайн газарт 70 метр гүнтэй гүний худаг хийлгэж, 7,200,000 төгрөгийн хөлс төлсөн. Гэтэл худгийг эвдсэн байгаа тул уг мөнгийг нь гаргуулна.

Би Н-ад хөлсөөр ажиллах гэрээний дагуу аман хэлцлээр болон биет байдлаар эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн.

Иймд мал болон эд хөрөнгөтэй холбоотой хохиролд нийт 20,296,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие 2010 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны тухайн үед Засаг дарга хийж байсан н.Лхагвасүрэнгээр зуучлуулан Ц-тэй холбогдон танилцаж тэднийд 2010 оны 09 дүгээр сарын 28-наас ажиллаж эхэлсэн. Анх ажилд орохдоо нийт 4 тооны үхэр /үүнд: хар тарлан үнээ, 1 тугалтай, хар тарлан охин бяруу 2/, мөн төмөр тороор хашаалсан 20 га газрыг харах үүрэг хүлээж, үүний хөлсөнд сарын 180,000 төгрөгөөр цалинжиж, сарын хэрэгцээт хоол хүнсээр хангуулах, өвлийн улиралд нүүрс түлээгээр болон малын тэжээлээр хангуулахаар тохиролцон ажилд орж байсан.

Энэ хугацаанд цалинг манай эхнэр Д.Мөнхжаргалын нэр дээрх Төрийн банкны дансаар цөөхөн удаа өгч байсан. Ц- 2015 оны 3 дугаар сараас огт ирэхээ болиод намайг ямар ч цалин хөлс, хоол хүнс малын тэжээлгүй орхисон. Тэрээр ирэхгүй байж байгаад 2016 оны 11 дүгээр сард ирээд олон шалтаг тоочиж, тухайн үед 13 тооны үхэр болж өссөн байсан малаас 3 үхэр /үүнд хязаалан насны хар тарлан гунж 1, эрлийз хар хязаалан гунж 1, охин бяруу 1, нийт 3 тооны үхэр/ нядалж аваад нийт 10 тооны үхэр 2016 оны мал тооллогоор үлдээсэн. Тухайн үед надад өгөөгүй цалиндаа 2 охин бяруу өгнө гэж байсан боловч яг зүсэлж зааж өгөөгүй.

Түүнээс хойш мөн л сураггүй алга болсон. 2017 оны хавар цаг хүндэрч хоёр ч бяруу үхүүлсэн, бас нэг үхэр машинд мөргүүлээд үхсэн. Энэ мэт байдлаас болоод ер нь ингээд байгаад байвал Ц-ийн хэдэн малыг юу ч үгүй болгох юм байна гэж бодоод ханьтай байх санаатай мал маллаж амьдардаг танил талаа бараадаж, 2017 оны 8 дугаар сард нүүсэн. Нүүхдээ Ц-ийг хайж сураад ирвэл намайг зааж өгөөрэй гээд тэр хавьд амьдарч байсан бүхий л хүнд хэлж байсан.

Ц- 2018 оныг дуустал цалин олгож байсан мэтээр худал зүйл бичжээ. Өөрөө ор сураггүй алга болчихоод хүнийг ямар ч цалин хөлсгүй ажиллуулах эрх хэнд ч байхгүй. Хэрвээ би 2017 онд бэлчээр бараадаж нүүгээгүй байсан бол ямар ч идэш тэжээлгүй хэдэн үхэр юу ч үгүй болох байсан.

Ц- нь 1 морь авч ирсэн боловч уналгад ашиглах боломжгүй догшин морь байсан, хэдэн үхрээ маллахад хүнд байхад бас нэг морь маллах боломжгүй байсан тул 2016 оны өвөл нутгийн хүн н.Лувсандоржид нэг тооны шүдлэн үхрээр сольж авсан боловч 2017 оны хавар онд оруулж чадалгүй үхүүлсэн. Тухайн оны хавар би зургаан тооны үхэр үхүүлсэн, ямар ч өвс, нэмэгдэл тэжээлгүй үнэхээр хүнд байсан, миний их хүнд байдалтай байсныг саахалт айлын хүмүүс бүгд мэднэ.

Би хөнгөн цагаан ёмкостийг хүлээж аваагүйгээс гадна тэр ёмкость байрлаж байсан газар нь миний байрлаж байсан газраас 1 км орчим зайтай, нүдэнд харагддаггүй хол газар байрладаг байсан. Тэгээд ч надад өөрийн амаар хүнд өгсөнөө хэлж байсан. Гэтэл одоо надаас нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

120 литрийн 2 ширхэг усны сав байгаагүй. 20 литрийн 14 ширхэг шар сав байгаагүй, 4 ширхэг байсан нь элэгдэж хорогдоод малын тэжээл хийдэг сав болгож тайраад дуусгасан. 60 литрийн 4 ширхэг сав байсан, эдгээрийг хэрэглэж, элэгдэж хорогдоод одоо ч байж байгаа. Нэхэмжлэлд дурдагдсан эд зүйлсээс гүний худгийн насос, цахилгааны утас, бэхэлгээний тросс зэрэг зүйлс бүгд надад хадгалагдаж байна.

Цахилгаан үүсгэдэг мотор нэхэмжилсэн байна. Би гүний худгийн эд зүйлсийг хамгаална гэж гэрээ байгуулж, хариуцахаар хүлээж аваагүй. Тэгээд ч гүний худаг нь миний гэрээс их хол, өдөр болгон очоод хараад байх боломжгүй. Мотор нь хулгайд алдагдахад би Ц-д цагдаад өгч шалгуулаач гэж удаа дараа хэлж байсан.

Иймд Ц-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Н- нь Ц-ээс 2015 оны 4 дүгээр сараас хойш нэг ч удаа цалин авалгүй өнөөг хүрсэн. Үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хэмжээгээр тооцон нэхэмжилж байна. 2015 оны 4 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарыг дуустал нийт 20 сарын хугацааг нэг сарын 192,000 төгрөгөөр тооцвол нийт 3,840,000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сар дуустал нэг сарын 240,000 төгрөгийг 24 сараар тооцвол нийт 5,760,000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сараас 12 сар дуустал нэг сарын 320,000 төгрөгөөр тооцвол нийт 3,840,000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сараас 12 сар дуустал нэг сарын 420,000 төгрөгөөр тооцвол нийт 5,040,000 төгрөг, бүгд ажилласан хугацааны цалинд 18,480,000 төгрөг байна.

Энэ хугацаанд Ц- нь сураггүй алга болж малын тэжээл, өвс, хивэг, өндөг зэргийг би өөрийн зардлаар бэлтгэсэн. Эрлийз мал учир байнга тэжээл шаарддаг, хүний гараар тэжээж байж онд ордог, тэжээл их орж байсан. Иймээс би өөрийн мөнгөөр уг үхрүүдийг 2016 оноос эхлэн тэжээж эхэлсэн. Ц- 2016 оны намар 11 сард хамгийн сүүлд над дээр ирэхдээ ганцхан шуудай хивэг авч ирээд 3 тооны үхэр нядалж аваад явсан цагаас хойш ахиж ирээгүй, холбоо бариагүй.

Худалдаж авч байсан өвсний тооцоо хийж үзэхэд 5 жилийн хугацаанд 1,179,000 төгрөгөөр хивэг авсан, үүнийг нэхэмжилнэ. Мал муудаж онд оруулахын тулд үхрүүддээ өндөг өгч байсан. Жил бүр 3 сагс өндөг авч 7 хоногтоо 2 удаа тогтмол өгч байсан. Үүнийг 5 жилийн хугацаанд тооцож үзвэл 105,904 төгрөгөөр өндөг авсан.

Ц-ийг ор сураггүй алга болсноос болж би арга буюу бэлчээр, тулах хүн, танил тал бараадаж Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгон руу нүүсэн. Ингэж нүүхдээ портер маркийн автомашинаар үхрүүдээ 2 удаа, гэр болон бусад ачаагаа 1 удаа зөөсөн. Нэг явахдаа жолоочид 250,000 төгрөг, 3 удаа явахад нийт 750,000 төгрөг төлсөн.

Иймд 2015 оны 4 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалин 18,480,000 төгрөг, өөрөө мөнгө гарган Ц-ийн малыг тэжээсэн зардал 4,784,904 төгрөг, Хэнтий аймаг руу нүүсэн зардал 750,000 төгрөг, нийт 24,014,904 төгрөгийг Ц-ээс гаргуулж өгнө үү.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Н- нь ямар ч үндэслэлгүй бодит байдалд нийцээгүй сөрөг нэхэмжлэл гаргасан байна. 2015 оны 4 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сар хүртэлх цалингийн талаар Н- бид хоёр тохиролцоогүй, гэрээ хэлцэл байхгүй. Харин би Н-аар мал, эд хөрөнгөө харуулахдаа цалин хөлсийг өөрийнх нь хэлснээр эхнэр, хүүхдийнх нь дансанд сар бүр шилжүүлж байсан. Мөн би малын ашиг шимийг өөрөө авалгүй Н-ад ашиглуулж байсан. Миний эрлийз үнээнээс өдөртөө 5-10 литр сүү гардаг байсан. Н-ад энэ бүгдийг зөвшөөрсөн байсан.

Үүнээс гадна хэрэгцээтэй үедээ өвөл намрын идиш авч байгаарай гэж хэлж тохирсон байсан. Миний үхрүүд өвс, хивэг, хужир, багсармал, хүчит тэжээл иддэг болохоос өндөг зэрэг ийм элдэв зүйл идэхгүй. 2015 оноос 2020 оны хооронд Гачууртын хэмжээнд зуд болоогүй, өнтэй өвөл болсон.

Н- Хэнтий аймгийн Хэрлэн баян улаан тосгон руу 3 удаа портер машин хөлсөлж нүүсэн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд сөрөг нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Н-аас хохиролд 9,150,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц-д олгож, нэхэмжлэгч Ц-ийн нэхэмжлэлээс 11,146,900 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц-ээс ажлын хөлсөнд 3,240,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Н-ад олгож, хариуцагч Н-ын сөрөг нэхэмжлэлээс 20,774,904 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,400 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,025 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 161,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц-д олгож, нэхэмжлэгч Ц-ээс улсын тэмдэгтийн хураамжид 66,790 төгрөгийг гаргуулж, хариуцагч Н-ад олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Ц- би 2014 оноос эхлэн 2018 оны хооронд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын дунд энгэр гэх газар Н-аар амины үхэр малаа маллуулж байсан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх ...бусад эд хөрөнгийг Ц- нь Н-ад хүлээлгэн өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй, Н-ын буруутай ажиллагаанаас болж эд хөрөнгө устсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнээд гүний худаг болон хөнгөн цагаан ёмкость, усны сав, хөдөлмөрийн багаж эд хөрөнгийг нэхэмжпэлээс хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Шүүхийн шийдвэрийн дүгнэлтийн хэсэгт Уваа уул аудит ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 18 нэр төрлийн эд хөрөнгийг нийт 13,096,900 төгрөгөөр үнэлсэн ба уг үнэлгээний тайланг өөрийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа шүүхэд ирүүлсэн, энэхүү үнэлгээг хариуцагч тал эс зөвшөөрч маргаагүй болно.

Түүнчлэн шүүх 2008 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх тухай гэрээ, Нийслэлийн гүний худгийг тоолллогын комиссын баримт, 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр, 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Эрдэнэдрийлинг ХХК-ийн орлогын ордерын тасалбар, мөн компанийн 2008 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн зарлагын падаан, Н-ын гүний худгийг эвдэн тонож явсан үеийн байдал, гүний худгийн гадна байдал гэсэн тайлбартай гэрэл зургийг тус тус зохигчоос нотлох баримт ирүүлсэн байна гэжээ.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэлд дурдагдсан эд зүйлсээс гүний худгийн насос, гүний худгийн цахилгааны утас, гүний худгийн бэхэлгээний тросс зэрэг зүйлс бүгд надад хадгалагдаж байна гэжээ. Гэтэл шүүх нэхэмжлэгч нь тухайн газарт 70 метр гүнтэй гүний худгийн 7,200,000 төгрөгийн хөлсийг төлсөн байдаг. Худгийг Н- нь эвдсэн гэж уг төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд Н- уг худгийг эвдсэн, эсхүл өөр хүчин зүйлийн улмаас эвдэрсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2,38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар дээр дурдсан бичмэл баримт, хариуцагчийн тайлбарыг үнэлж шийдэрлээгүй байна.

Мөн Н- нь 2016 онд Ц-ийн нийт 13 тооны малыг маллаж байсан байх бөгөөд 2016 оны мал тооллогын баримтаар 13 үхэр тооллогдсоныг үндэслэл болгож нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр 4 тугалаа бярууны үнээр тооцож хариуцагчаас гаргуулах саналтай байгаагаа тайлбарласныг харгалзан үзээгүй, 1 морь, 9 үхрийн үнийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

Шүүх ...Ц- нь Н-тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээнээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар татгалзаж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна" гэсэн хууль зүйн дүгнэлт хийсэн атлаа 13 тооны үхрийг өнөөдрийг хүртэл өгөөгүй, гүний худгийг сэргээн засварлаагүй, гүний худаг болон хөнгөн цагаан ёмкость, усны сав, хөдөлмөрийн багаж эд хөрөнгийг өгөөгүй байгаа хууль бус эс үйлдэхүйн талаар шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Ц- миний 11,146,900 төгрөгийн эд хөрөнгө өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү.

 

7. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 24,014,904 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ ... 2017 оноос хойш Ц-ийн нэр дээр мал тоологдоогүй байх тул түүний малыг Н- малласан, гэрээний харилцаа үргэлжилсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж шийдвэрлэжээ.

Хариуцагч Н- нь өнөөдрийг хүртэл Ц-ийн малыг маллаж байгаа бөгөөд талуудын хооронд амаар байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс хөлсөөр ажиллах гэрээний хөлсийг төлж байсан талаар маргадаггүй ба хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Хэдийгээр Н- нь тухайн малыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн ч Ц-ийн нэр дээр бүртгүүлэх боломжгүй байсан. Иймээс гэрээний харилцаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа тул нэхэмжлэгчийн зүгээс хөлсөөр ажиллах гэрээний хөлсийг төлөх үүрэг байгаа ба хариуцагчийн зүгээс шаардах эрхтэй гэж үзэж байна.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

8. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Худаг байсан, худгийг ямар хэмжээний үнэлгээгээр хийгдсэн эсэхэд бидний зүгээс маргаан байхгүй. Нэхэмжлэгч Ц-ийн хувьд өөрийн эзэмшлийн газар дээр байсан эзэмшлийн худгаа өөрөө хариуцах үүргээ хэрэгжүүлээгүй асуудал байдаг. Мөн тухайн худгийг хариуцагч Н-ад хэрхэн хүлээлгэж өгсөн талаар ямар нэгэн нотлох баримтгүй, түүний буруутай үйлдэл нь тогтоогдоогүй гэж дүгнэж шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Н-ын хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж байгаа. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн 9,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Ц-ийн хувьд мал авах сонирхолгүй, хариуцагч талаас малыг өгч эвлэрэх саналыг удаа дараа тавьсан ба шүүх үндэслэлтэй зөв дүгнэж шийдвэрлэсэн.

 

9. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Н-, Ц- нар нь бичгээр хийсэн гэрээ хэлцэл байхгүй, аман хэлцэл хийсэн. Гэхдээ Ц- тайлбарлахдаа ...хэдэн төгрөг өгөх талаар тохиролцоогүй. Гэхдээ сар бүр 90,000 төгрөг, 100,000 төгрөгөөр тооцож өгсөн. 2016 оноос хойш хэлэхгүйгээр хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Сүүлд Хэнтий аймаг руу нүүж явсныг мэдсэн гэж тайлбарладаг. Анхан шатны шүүх 2016 он хүртэл хугацаагаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн учраас талууд маргаангүй. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл мал маллаж байгаа гэж тайлбарладаг боловч хэдэн тооны мал байгаа нь тодорхойгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Ц- нь хариуцагч Н-ад холбогдуулан хохиролд 20,296,900 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөлсөд 18,480,000 төгрөг, зардалд 5,534,904 төгрөг, нийт 24,014,904 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Н- нь Ц-ийн эзэмшлийн малыг маллах, Ц- нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн, анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.

 

4.1. Харин шүүх талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээнээс ажиллуулагч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар татгалзсан гэсэн дүгнэлт буруу болсныг залруулав.

 

4.2. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцалж, эд хөрөнгийг шаардсан нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөө бус харин мөн зүйлийн 205.2.1-т зааснаар мөнгөн хөрөнгийг шаардсан шаардлагаа тэрээр нотлох үүрэгтэй.

 

4.3. Н- нь 2016 оны байдлаар Ц-ийн нийт 13 тооны малыг маллаж байсан нь 2016 оны мал тооллогын А данс бүртгэлээр тогтоогдож байх бөгөөд үүнээс хойш хэдэн тооны мал үрэгдэж, одоо хэд байгаа талаар баримтгүй тул Н-аас уг 13 тооны үхрийн үнийг Уваа уул аудит ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтийг үндэслэж 9,150,000 төгрөгийг тооцож гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-т нийцжээ.

 

4.4. Нэхэмжлэлд дурдсан бусад эд хөрөнгөөс хувьд хариуцагчийн хүлээн зөвшөөрснөөс бусдыг нэхэмжлэгч хариуцагчид хүлээлгэж өгсөн гэдгийг нотолсон тохиолдолд тэрээр шаардах эрхтэй юм.

 

4.5. Хариуцагч нь гүний худгийн насос, гүний худгийн цахилгааны утас, гүний худгийн бэхэлгээний тросс, 60 л усны сав 2 ширхэг зүйлс өөрт нь хадгалагдаж байна гэж тайлбарласан тул нэхэмжлэгч уг эд зүйлсийн үнийг биш, харин биет байдлаар гаргуулахаар шаардах эрхтэй. Иймд мөнгөн хөрөнгөөр шаардсан нэхэмжлэлийн холбогдох хэсгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв. Уг эд зүйлсийг биет байдлаар шаардахад энэ шийдвэр саад болохгүй.

 

4.6. Хариуцагч 20 литрын усны сав 4 ширхэг элэгдсэж дууссан гэж тайлбарладаг. Шинжээчийн дүгнэлтэд 6 жил ашигласан эд хөрөнгийн элэгдэл, хорогдлыг тооцоогүй тул уг үнээр тооцож хохирол шаардах үндэслэлгүй гэж дүгнэхээр байна.

 

4.7. Гүний худгийг Н-ад хүлээлгэж өгөөгүй, хадгалалт болон бусад төрлийн гэрээний үндсэн дээр Н- уг гүний худгийг арчлах, хамгаалах үүрэгтэй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хөлсөөр ажиллах гэрээний үүрэгтэй холбоотойгоор гүний худаг барихтай холбоотойгоор төлсөн ажлын хөлсийг хохиролд тооцож шаардах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

4.8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

5.1. Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан тул ажиллагч нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар ажилласан хугацаан дахь хөлсөө ажиллуулагчаас шаардах эрхтэй.

 

5.2. Ажиллагч Н- нь 2015 оны 4 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны хөлсийг тухайн цаг хугацаа бүрт өөрчлөгдөн мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 18,480,000 төгрөгөөр тодорхойлж ажиллуулагч Ц-ээс сөрөг нэхэмжлэлээр шаардсан байх боловч зохигчийн гаргасан тайлбарыг ажиллуулагчаас хөлсийг бусдаар буюу банкаар дамжуулан төлбөр төлж байсан нөхцөл байдлуудыг харьцуулан дүгнэж, 1 сарын хөлсийг 180,000 төгрөгөөр тохиролцсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

5.3 Ц- нь ажлын хөлсөнд Н-ын охин Н.Отгонжаргалын Хаан банкин дахь 5845353696 тоот дансанд 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 90,000 төгрөг, 4 дүгээр сарын 29-ний өдөр 105,000 төгрөг, 5 дугаар сарын 16-ны өдөр 90,000 төгрөг, 11 дүгээр сарын 19-ний өдөр 90,000 төгрөг, 12 дугаар сарын 01-ний өдөр 90,000 төгрөг, 12 дугаар сарын 15-ны өдөр 130,000 төгрөгийг тус тус төлсөн нь банкны хуулгаар тогтоогдож байна. Харин Ц- нь 2015 оны 5 дугаар сард 90,000 төгрөг, 6, 7, 8, 9, 10 дугаар сарын ажлын хөлс тус бүр нь 180,000 төгрөг, 11 дүгээр сард 90,000 төгрөг, нийт 2015 оны ажлын хөлсөнд 1,080,000 төгрөгийг Н-ад төлснөө нотлоогүй тул хөлс төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ.

 

5.4. Н- нь 2016 онд Ц-ийн малыг мал тооллогонд тоолуулж, үүнээс хойш малыг тоолуулаагүй, 2017 оноос өнөөдрийг хүртэл Ц-ийн хэдэн мал өөрт нь байгаа талаар нотлоогүй тул хөлсөөр ажиллах гэрээ 2016 оны 12 дугаар сараар дуусгавар болсон гэж дүгнэн, 2016 оны ажлын хөлсөнд 2,160,000 /12 сар х 180,000/ төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Иймд хөлс дутуу олгож шийдвэрлэсэн гэх үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6. Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс хохиролд 5,534,904 /750,000+4,784,904/ төгрөг гаргуулахаар шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй болно.

 

7. Дээрхи үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/01545 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193,300 төгрөгийг, хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,824 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА