Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 268

 

Н.Г- , М.М- нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Н.Г- ын өмгөөлөгч Ж.Нарантуяа, шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Ц.Батзаяа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 307 дугаар магадлалтай, Н.Г- , М.М- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Ц.Батзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй,  ... овогт Н.Г

2. Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, ... овогт М.М нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Г- , М.М- нарыг бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг машин механизм ашиглаж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Н.Г- , М.М- нарыг тус бүр 2 жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч тус бүрт оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г- , М.М- нараас тус бүр 1 650 000 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Г- , түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, шүүгдэгч М.М-н өмгөөлөгч Г.Ганбадрах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Ц.Батзаяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн ...магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1. Магадлалын тодорхойлох нь хэсэгт “...мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт шүүгдэгч М.М, Н.Г- , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт авагдсан байдаг боловч уг хүсэлтийг прокуророос хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргана.”, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргана” гэж хуульчилсан.

М.М- нь уг хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан атал прокуророос шийдвэрлэлгүйгээр 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь яллагдагчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчилд тооцогдох үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан тусгай журмаар хэрэг шийдвэрлэгдэх байсан, татгалзах тухай тогтоол гарсан бол татгалзсан үндэслэл шалтгааны дагуу шат шатны прокурорт гомдол гаргах, цаашилбал шүүхээр хэрэг шийдвэрлэгдэх шатанд мэтгэлцэх боломжтой байсан. Гэтэл эрхийг хасаж, хязгаарласан зөрчлийг прокурорын байгууллагаас гаргасан атал шүүх анхаарч шийдвэрлэсэнгүй. Хэргийн материалд яллагдагч уг хүсэлтээсээ татгалзсан талаарх баримт байхгүй.

2. Магадлалд “Анхан шатны шүүх ...тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 3 300 000 төгрөгийг шүүгдэгч Н.Г- , М.М- нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна” гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-г хэрэглэх хууль зүйн боломжгүй байна гэж зөв дүгнэж эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Г- , М.М- нараас тус бүр 1 650 000 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийж, шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй болно.

Өөрөөр хэлбэл шүүх Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлтийн явцад энэ хуулийн 1.5 дугаар зүйлд заасан тохиолдол үүсээгүй, тухайн хүн, хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон, яллагдагчаар татах хүн, хуулийн этгээд хаана байгаа нь тодорхой бол мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлнэ.”, мөн хуулийн 30.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор энэ хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ.” гэж тус тус хуульчилсан.

Гэтэл дээрх хуулийн заалтуудыг үндэслэн гаргасан мөрдөгчийн саналыг үндэслэлтэй эсэхийг прокуророос хянаж шийдвэр гаргалгүй шууд үндэслэлтэй гэж үзэж шийдвэрлэсэн.

Тодруулбал 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” мөрдөгчийн саналд Н.Г- , М.М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг гаргасан боловч прокурор бүрэн дүүрэн няцаалгүйгээр үндэслэлтэй гэж дүгнэж хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иймд ...шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн ...магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Г- ын өмгөөлөгч Ж.Нарантуяа хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг 2 жил хорих ялаар шийтгэсэн. Шүүгдэгч Н.Г-  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан заалтыг хэрэглэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Прокуророос Н.Г- , М.М- нарыг холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хэлэлцээд оногдуулсан ял нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон. Шүүгдэгч талын байр суурийг шийтгэх тогтоолд тусгасан байдаг. Шүүгдэгч нар цалингийнхаа оронд хэв хашмалыг авсан гэж маргаж цагаатгуулах саналтайгаар оролцсон байдгаас үзэхэд шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Хяналтын журмаар хэргийг хэлэлцэхэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдэг шаардлага тавигддаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч “Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт өгснийг шийдвэрлээгүй” гэж гомдол гаргасан боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарахгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.М-ын  өмгөөлөгч Ц.Батзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн Н.Г- , М.М-  нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Н.Г- , М.М- нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн ... нутаг дэвсгэрт “Б...” ХХК-ийн барьж байгаа барилгаас 61 ширхэг хэв хашмалыг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 2 386 500 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Энэхүү үйл баримтыг хоёр шатны шүүх бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдэх буюу “Хулгайлах” гэмт хэрэг, түүний хүндрүүлэх шинж тогтоогдсон гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцохдоо Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил гарсныг батлах, Н.Г- , М.М- нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримтат нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэргийг прокурорт буцааж дахин шалгалтын ажиллагаа хийх үндэслэлгүй гэж үзнэ.

Харин шүүхээс Н.Г- , М.М- нарт оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хянан үзвэл шүүгдэгч нар анх удаа “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг” үйлдсэн, гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан, үүнийг нь хохирогч нь баталсан баримтууд хавтаст хэргийн 108-110 дугаар талуудад нотлох баримтаар цугларсан байх бөгөөд үүнд шүүх дүгнэлт хийгээгүй байна.

Шүүгдэгч нар хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээн хохирлыг төлж барагдуулсан, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал бүрэн нотлогдсон байхад яагаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй шалтгаан, үндэслэл шийтгэх тогтоол, магадлалд тусгагдаагүй нь энэ зүйл, хэсгийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болох тул энэхүү алдааг шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах замаар зөвтгөн засах үндэслэлтэй гэж дүгнэв.

Түүнчлэн шүүгдэгч М.М-ын  өмгөөлөгч Ц.Батзаяа нь хяналтын шатны шүүхэд “Хэргийг прокурорт буцаах” тухай гомдол гаргасан ч шүүх хуралдаанд “Хэргийг прокурорт буцаах эсхүл оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөх”-ийг хүсч гомдлынхоо агуулгыг өөрчлөн санал гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.М-ын  өмгөөлөгч Ц.Батзаяагийн гаргасан гомдлоос “...Ял хөнгөрүүлэх тухай” хэсгийг хангасан өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 307 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримталж, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Г- , М.М- нарт тус бүр 1 жил хорих ял оногдуулсугай.” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч М.М-ын  өмгөөлөгч Ц.Батзаяагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                 ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                 ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                      Б.БАТЦЭРЭН

                                                                                                      Д.ГАНЗОРИГ

                                                                                                      Ч.ХОСБАЯР