Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 212

 

  

 

 

 

 

 

 

 

 2020       03          13                                    2020/ШЦТ/212    

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: С.Эрдэнэтуяа;

хохирогч: Ж.Нармандах;

шүүгдэгч: Н.Н, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, Н.Н

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Н.Н нь согтуугаар 2020 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 6 дугаар буудлын зам дагуу иргэн Ж.Нармандахтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Нармандах мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Н.Н-ийн гэрт пиво уусан. Дэлгүүр хаалттай байсан учраас “Оргил” төвийн караокед орсон. Тооцоо хийхэд мөнгө дутсан. Үүнээс болж хоорондоо маргасан. Тэгээд замдаа явж байтал Н.Н гэнэт зүүн тал руу цохисон. Маргааш нь уулзахад “би чамайг зодоогүй” гээд байсан. Уучлалт гуйх болов уу гэж бодсон боловч гуйгаагүй. Тухайн үед уучлалт гуйсан бол ийм зүйл болохгүй байсан. Бид хоёр 10-аад жил сайхан найзууд байсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.  

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Нармандахын   мэдүүлэг /хх-ийн 14-16/, гэрч Б.Энхбаярын мэдүүлэг /хх-ийн 4/, Н.Нийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 4-7/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1781 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25/, Н.Нийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 30-34/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч Н.Н нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг 6 дугаар буудлын зам дагуу иргэн Ж.Нармандахтай “баарны тооцоо хийхэд мөнгө гаргаагүй” гэх шалтгааны улмаас өөр хоорондоо маргалдаж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Ж.Нармандахын /хх-ийн 14-16/: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 40 дүгээр гудамжинд амьдардаг найз Н.Нийн гэрт очсон. ...Н.Н найзынхаа хамт пиво уугаад сууж байсан. Би пивоноос хувааж уугаад хоорондоо юм яриад суусан. Н.Н надаас “мөнгө байна уу, ганц хоёр пиво дэлгүүрээс худалдаж авъя” гэж хэлээд цугтаа Н.Нийн хамтаар гэрээс гарч дэлгүүр орох гэсэн боловч дэлгүүрүүд хаасан байсан. Тэгээд “Оргил” худалдааны төвд байрлах нийтийн караокед шөнийн 01 цагийн үед орж ширээ авч суугаад 3 шил пиво захиалж хувааж уун, дуу дуулсан. 03 цагийн үед караокеноос гарах гээд тооцоо хийх гэтэл Н.Н бид хоёр тооцоо дээрээ жаахан маргалдаж хэрэлдээд би барьцаанд нь гар утас, түрийвчээ тавиад уг газраасаа гарсан. Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах 6 дугаар буудлын зам дагуу Н.Нийн хамтаар алхаад хоорондоо юм яриад явж байтал Н.Н миний зүүн талын чих рүү гараараа шууд цохиж газарт унагаагаад куртикний үстэй захнаас гараараа бариад толгойн дээр гараараа дарж газарт толгойн дух, хамар хэсгийг 2 удаа хавсаргаж мөргүүлээд цохисон. Тэр үед миний толгой нилээд манарсан...” гэх мэдүүлгээр,

 

Н.Нийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 4-7/: “...2020 оны 01 дүгээр сарын 17-ны оройн 22 цагийн үед манай найз Бани манай ...гэрт ирсэн. Бани бид хоёр 2.5 литрийн том пиво хувааж ууж дуусгаад дахин дэлгүүрээс 2.5 литрийн том пиво авч уугаад сууж байтал гаднаас найз Ж.Нармандах орж ирээд “та хоёрыг дэлгүүрээс пиво аваад явж байхыг хараад дагаад ороод ирлээ” гэж хэлсэн.  Ж.Нармандах, Бани бид гурав пиво хувааж уугаад хоорондоо юм яриад суусан.  Шөнийн 00 өнгөрч байхад пивоо ууж дуусгасан. Ж.Нармандах “дахиад том пиво дэлгүүрээс авъя” гэж хэлэхээр нь Ж.Нармандахын хамтаар гэрээс гарсан. Бани манай гэрт үлдсэн. Ж.Нармандах бид хоёр “Анар” нэрийн зочид буудлын хажууд байрлах пабаас том пиво авах гэсэн боловч мөнгө дутаад байхаар нь Ж.Нармандах бид хоёр “Оргилуун” төвийн караокед шөнийн 01 цагийн үед ороод жижиг шилтэй 4 ширхэг пиво худалдаж аваад ууцгаасан юм. Шөнийн 03 цагийн үед караокены бармен “манайх шөнийн 3 цагийн үед хаадаг юмаа, та нар манайхаас гараарай” гэж хэлсэн. Ж.Нармандах нь тооцоогоо хийхдээ гар утас, түрийвчээ барьцаанд тавьсан байсан. Тэрийг би мэдээгүй гараад явсан. Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 6 буудлын зам дагуу алхаад явж байтал Ж.Нармандах надтай хэрүүл маргаан үүсгээд шууд миний нүүрэн тус газарт гараараа цохисон. Би зөрүүлээд нүүрэн тус газарт нь цохиход газарт унахаар нь толгойн дээр нь дарж байгаад нүүрээр нь газарт хавсаргаж цохисон...” гэх мэдүүлгээр,

 

Ж.Нармандахын биед “тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, зүүн хөмсөгт зулгаралт, дух, хамрын нуруунд шарх, зулгаралт, хамрын нуруу, дух, баруун, зүүн нүдний зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1781 дугаартай дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Н.Нийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Н.Нийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Ж.Нармандах нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Н.Нийг өдөрт наймаас дээшгүй цагаар, нийт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Н.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол

учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ийг нийт 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.                      

 

5. Шүүгдэгч Н.Н нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ