Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2018/0516

 

С.С-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч С.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, өмгөөлөгч Ө.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0348 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Б И” ХХК-ийн өмгөөлөгч Ө.Э-н давж заалдах гомдлоор, С.С-н нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0348 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2002 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн С.С-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” 248 дугаар, 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” А/828 дугаар, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/993 дугаар захирамжуудын “Б И” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “Б И” ХХК-ийн өмгөөлөгч Ө.Э давж гомдолдоо: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” заасныг зөрчсөн.

1.1.Захиргааны шийдвэрээр хүчингүй болсон актыг илт хууль бус болохыг тогтоосон.

Нэхэмжлэгч С.С шүүхэд сүүлийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 248 дугаар захирамжийн “Б И” ХХК-д холбогдох хэсэг “барилга барихыг зөвшөөрсүгэй” гэсэн шийдвэр нь иргэн миний Монгол Улсын Үндсэн Хуульд заасан “эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх”-ийг зөрчиж буй тул Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, 47.1.3, 47.1.6-д заасан хэсэгт заасныг илтэд зөрчсөн. Үүний Улмаас нэхэмжлэгч миний эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх зөрчигдөх боломж бүрдсэн гэж үзэж байна” гэжээ.

Гэтэл шүүх Нийслэлийн Засаг даргын 2007 оны 05 сарын 25-ны 248 дугаар захирамж, 2013 оны 09 сарын 05-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/828 дугаар захирамж, мөн 2014 оны 11 сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжуудыг тус тус илт хууль бусад тооцжээ.

Дээрх шүүхийн шийдвэрээр 2007 оны 05 дугаар сарын 25-ны 248 дугаар захирамж нь 2013 оны 09 дүгээр сарын 05-ны А/828 тоот захирамжийн 3 дахь хэсгээр хүчингүй болсон.

Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д “Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна” гэж зааснаар нэхэмжлэгчийн маргаж буй акт хүчингүй болсон захиргааны акт.

Нийслэлийн Засаг даргын 2007 оны 05 сарын 25-ны 248 дугаар захирамж нь нэгэнт хүчингүй болж эрх зүйн шууд үр дагавар үүсгэхгүй болсон тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан Захиргааны актын шинжийг агуулахгүй.

Иймд шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасан “захиргааны акт ... нь илт хууль бус болохыг тогтоох” шийдвэр гаргах боломж байхгүй.

  1. Маргаагүй захиргааны актыг илт хууль бусад тооцсон.

Нэхэмжлэгч С.С-н илт хууль бусад тооцуулахаар шүүхэд хандсан захиргааны акт бол Нийслэлийн Засаг даргын 2007 оны 05 сарын 25-ны 248 дугаар захирамж юм.

Гэвч шүүхээс түүний илт хууль бусад тооцуулахаар шаардаагүй захиргааны актууд болох 2013 оны 09 сарын 05-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/828 дугаар захирамж, мөн 2014 оны 11 сарын 28-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжуудыг тус тус илт хууль бусад тооцсон.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “2013 оны 09 сарын 05-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/828 дугаар захирамж, мөн 2014 оны 11 сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай" захирамжуудыг тус тус илт хууль бусад тооцуулах шаардлага гаргасан мэт бичжээ. Хамгийн сүүлийн байдлаар буюу 2016 оны 11 сарын 09-ны өдөр, 2016 оны 11 сарын 10-ны өдөр мөн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа /хурлын тэмдэглэлд/ Нийслэлийн Засаг даргын 2007 оны 05 сарын 25-ны 248 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж байгаагаа тус тус дурдсан.

Мөн нэхэмжлэгч нь Газар эзэмших эрх олгосон захирамжтай маргаж байгаа бөгөөд хавтаст хэрэг авагдсан хүчин төгөлдөр байгаа Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын олгосон 2007 оны 05 сарын 28-ны өдрийн ЧД/59/07 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, түүний дагуу батлагдсан “Номын ордон”-ны барилгын эх загвар зурагтай холбогдуулан маргаагүй.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Гуравдагч тэгээд “Б И” ХХК-д “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 248 дугаар захирамжийн барилгын өргөтгөлийн зориулалтаар олгогдсон 0,084 га талбайд 2007 оны 05 сарын 28-ны өдрийн ЧД/59/07 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар.түүний дагуу батлагдсан “Номын ордон”-ны барилгын эх загвар зургаар барилга баригдсан тохиолдолд нэхэмжлэгч иргэн С.С-н оршин суугаа Чингэлтэй дүүрэг 5-р хороо, 6-р хороолол, 15 дугаар байрны барилга хоорондын зайг тодорхойлох, уг зай нь “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэмд заасан хэмжээнд багаа эсэх асуудлаар шүүхээс шинжээч томилоход... “Хот.тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30.01.04/-ийн 2.11-д “орон сууц хоорондын, орон сууц олон нийтийн барилга байгууламж хоорондын нарны тусгал хамааралтай зайг энэхүү дүрмийн 9.19-дүгээр зүйлд заасны дагуу, харин барилга хоорондын нарны гэрэлтүүлгийн үргэлжлэх хугацааг холбогдох норм, дүрмийн дагуу.. 4 давхраас дээш барилга хоорондын зай 20 метрээс багагүй байна” гэж заасан байгаа нь дээр дурдсан шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан зайтай зөрчилдөж байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй, илт хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй, уг эрхийг хамгаалах нь хуульд нийцнэ гэж шүүх дүгнэлээ” гэжээ.

Нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас “Б И” ХХК-д олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан эскизтэй тус тус маргаагүй байхад энэ талаар дүгнэлт хийж дээрх актууд холбогдох норм зөрчсөн гэж дүгнэж өөр байгууллагаас буюу Нийслэлийн Засаг даргаас газар эзэмшүүлэх эрх олгож шийдвэрлэсэн захирамжийг илт хууль бусад тооцох эрх зүйн үндэслэл байхгүй.

Эдгээр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д заасан “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн” гэх урьдач нөхцөлийг хангаж байна.

  1. Шүүх маргаагүй үндэслэлээр шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ Барилгын тухай хууль, Газрын тухай хууль болон барилгын норм ба дүрэм зөрчигдсөний улмаас эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн гэж тодорхойлсон.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /17-р хуудас/ “Дээрх шийдвэрүүдийг нэгтгэн үзвэл гуравдагч этгээд “Б И” ХХК-ийн түрээсээр эзэмшиж өөрийн мэдэлд байлгаж байсан модон хийц бүхий 2 давхар “Оросын хувьсгалчдын музей” нэртэй байшин нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар төрийн өмч, мөн хуулийн 27-р зүйлийн 1-д зааснаар түрээсийн гэрээгээр төрийн өмчийн бус этгээд эзэмшиж байсан байна. Тэгэхээр төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх харилцаа Нийслэлийн өмчийн харилцааны газар болон “Б И" ХХК-ийн хооронд байсан. Харин төрийн өмчийн эд хөрөнгийг худалдах, төрийн өмчийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй шилжүүлэх, “эзэмшилдээ байгаа илүүдэл буюу ашиглалтын хугацаа дууссан шаардлага хангахгүй болсон эд хөрөнгийг хувьчлах зэрэг төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан харилцааны аль нэгийг хэрэгжүүлээгүй хирнээ хариуцагч Засаг даргаас газрын асуудлаар шийдвэр гаргаж байсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны хууль/ 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасныг зөрчсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ” гэжээ.

Нэхэмжлэгч Газрын тухай хууль, Барилгын тухай хууль зөрчигдсөн байна гэж нэхэмжлэл гаргасан атал шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль зөрчигдсөн гэж дүгнэж түүндээ үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д “хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж” шийдвэрлэсэн байна.

Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй.

Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, 47.1.6-д заасан хэсэгт заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.

Гэтэл шүүхээс Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27.1-д заасныг үндэслэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.9-д зааснаар Нийслэлийн Засаг даргын 2007 оны 248 дугаар захирамж, 2013 оны А/828 тоот захирамж, 2014 оны А/993 тоот захирамжуудын “Б И” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ” гэж заасан.

Иймд хүчингүй болсон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/ захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжид хамаарахгүй болсон тул тус хуулийг үндэслэж шийдвэр гаргах боломж байхгүй бөгөөд ийнхүү шийдвэрлэж байгаа нь дээрх заалт болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчжээ.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27.1 хэрхэн зөрчигдсөн болохыг тодорхойлоогүй бөгөөд энэ талаар өмчлөгч этгээд болох төр эсвэл орон нутаг маргаагүй байхад иргэн С.С-н эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн эсэх маргаанд энэ талаар дүгнэлт хийж тус хуулийг хэрэглэж шийдвэрлэх ёсгүй. Ийнхүү шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д заасан тус хуулийн бөгөөд шүүхийн зорилтод нийцэхгүй.

Харин маргааны хууль зүйн болон бодит үндэслэл болох Газрын тухай хуулийн холбогдох заалтыг үйл баримттай нийцүүлэн дүгнэж шийдвэрлэх ёстой атал энэ талаар дүгнэж шийдвэрлээгүй.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Газрын тухай Хуулийн 61.1-д заасныг үндэслэжээ. Газрын тухай хуулийн 61.1,-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан нийтлэг зохицуулалт. Үүний өмнө Газрын тухай хуулийн холбогдох хэсэг хэрхэн зөрчигдсөн түүний улмаас газар эзэмшигч, ашиглагчийн эрх хэрхэн хөндөгдсөн талаар дүгнэх ёстой.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Газрын тухай хууль нэг удаа дурдагдаагүй бөгөөд тус хууль хэрхэн зөрчигдсөн талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэгч С.С газар эзэмшигч ашиглагч биш тул түүний эрх хөндөгдсөн зүйл байх атал ийнхүү шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-д “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцэхгүй.

1. Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /19-р нүүр Газрын тухай хуулийн 33-р зүйл газар эзэмшүүлэх шийдвэр гаргах, мөн хуулийн 44-р зүйлд заасан газар ашиглуулах гэх хуулийн нарийвчилсан зохицуулалтыг өөр өөрөөр хэрэглэж шийдвэр гаргаж байсан байна. Иймд шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан гэж шүүх үзлээ” гэжээ.

“Б И” ХХК нь 2007 оноос Газрын тухай хуулийн 33-р зүйлд зааснаар газар эзэмшиж байсан бөгөөд хожим тус компанийн 100% хувьцаа эзэмшигч БНСУ-ын иргэн болсон тул Газрын тухай хуулийн 44-р зүйлд нийцүүлэн 2014 оны 11 сарын 28-ны А/993 тоот захирамжаар “газар ашиглах эрх” болгон эрхийн байдлыг өөрчлүүлсэн болно.

Энэ нь Газрын хуулийн холбогдох зүйл заалтад нийцэх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47.1-д заасан илт хууль бус захиргааны актын аль ч нөхцөлтэй хамааралгүй юм.

  1. Хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг үндэслэсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /19-р хуудас/ Нөгөө талаар хүчингүй болгосон захиргааны актаар шийдвэрлэгдсэн асуудал нь дараагийн актад шууд тусгагдсан агуулга нь хэвээр байсан нь анхны захиргааны акт гаргахад байсан илт хууль бус шинжтэй хуулийн зөрчил нь хэвээр хадгалагдан үлдсэн өөрөөр хэлбэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2011 оны 06 сарын 22-ны өдрийн 10-10/1139 дүгээр дүгнэлтээр холбогдох хууль зөрчсөн байсан гэдэг нь тогтоогдож байна” гэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлийн 1-д Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. 2. Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэж заасан.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1- д заасны дагуу маргаж буй үйл баримт хууль зөрчсөн эсэхийг тус хуулийг шүүх хэрэглэж тогтоох зарчимтай.

Гэтэл Захиргааны акт илт хууль бус гэдгийг өөрөө шийдвэрлэх бус харин Улсын байцаагчийн дүгнэлтээр холбогдох хууль зөрчсөн болох нь тогтоогдож байна гэж шийдвэрлэсэн нь уг маргааныг шүүх өөрөө шийдвэрлэлгүй зөвхөн улсын байцаагчийн дээрх дүгнэлтийг баталгаажуулсан байна гэж үзэхээр байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2011 оны 06 сарын 22-ны өдрийн 10-10/1139 дүгээр дүгнэлт өөрөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дугаар зүйлд заасан нотлох баримт биш бөгөөд тус хуулийн 32-р зүйлд заасан журмаар олж аваагүй тул тус хуулийн 34-р зүйлд заасны дагуу үнэлэгдэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй.

Шүүх түүний агуулгыг шалгалгүйгээр шууд үнэн зөв гэж дүгнэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34-р зүйлийн 34.3-д “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасантай нийцэхгүй .

Дахин нотлохгүй байх агуулга тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д зааснаар зөвхөн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт хамааралтай.

Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 -д зааснаар тус хуулийн зорилт нь “хүн, хуулийн этгээдийн субъектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” юм.

Нэхэмжлэгч С.С нь оршин суугаа Чингэлтэй дүүрэг 5-р хороо, 6-р хороолол, 15 дугаар байр 40 м.кв орон сууцны өмчлөгч бөгөөд тус байрны урд газар олгосон нь миний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна гэх агуулгаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэхдээ Нийслэлийн Засаг даргын 2007 оны 248 дугаар захирамжийн “Бамбар Инж” ХХК-д холбогдох хэсэг иргэн С.Санжааванчигийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн эсэх талаар дүгнэлт хийгээгүй.

Тухайн байршилд “Б И” ХХК-д газар эзэмших эрх олгосноор С.С-н эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх шууд зөрчигдөх нөхцөл үүсэхгүй.

Шүүхийн үндэслэж шийдвэрлэсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27.1 зөрчигдсөн эсэх асуудал нь иргэн С.С-н эрх, хууль ёсны ашиг сонирхолтой огт хамаарал холбоогүй болно.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 05-ны өдрийн 0348 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.С-с “...Нийслэлийн Засаг даргын 2007 оны 248 дугаар захирамжаар барилга барихыг зөвшөөрсөн нь иргэн миний Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан үндсэн эрх маань зөрчигдөж байна. Баригдах гэж буй барилга нь иргэн миний оршин суугаа байрнаас 4.5-5 метрийн зайд төлөвлөгдсөн нь барилгын норм дүрмийг зөрчсөн ...” хэмээн маргажээ.

Нийслэлийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 248 дугаар захирамжийн 46 дахь заалтаар гуравдагч этгээд “Б И” ХХК-д конторын барилгын өргөтгөлийн зориулалтаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт соёл үйлчилгээний Чандмань төвийн хойно байршилтай 0.084 га газарт барилга барихыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан байх бөгөөд мөн Засаг даргын 2011 оны 340 дүгээр захирамжаар газрын хэмжээг 1786 м.кв болгож, мөн 2013 оны А/828 дугаар захирамжаар дээрх хэмжээг 174 м.кв-аар нэмэгдүүлж, харин 2014 оны А/993 дугаар захирамжаар анх “конторын” зориулалтаар барилга барих гэж байсныг “орон сууц-конторын” зориулалттай болгож өөрчилсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас дээрх захирамжууд гаргах болсон үндэслэлээ хууль зөрчөөгүй, өөрийн эрх хэмжээний хүрээнд хуульд нийцүүлж шийдвэрлэсэн хэмээн тайлбарласан байна.

Гуравдагч этгээд “Б И” ХХК-д анх газар олгож, барилга барих зөвшөөрөл олгосон 2007 оны 248 дугаар захирамжийг дараа дараагийн захирамжууд гарснаар хариуцагчаас хүчингүй болгож шийдвэрлэсэн хэдий ч маргаж буй барилга баригдах газрын байршил өөрчлөгдөөгүйгээс гадна уг 248 дугаар захирамжийг үндэслэн гарсан 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ЧД/59/07 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу тухайн газар дээр “Номын ордон” нэртэй барилгын эх зургийг “Э” ХХК-аар боловсруулан батлуулж, уг зураг төсөлд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан “оршин суугаа байрнаас баригдах гэж буй барилгаа Барилгын норм ба дүрэмд нийцүүлэн өөрчлөөгүй” гэсэн тайлбар,  гуравдагч этгээдийн төлөөлөгчийн “барилгын норм ба дүрэмд нийцүүлэн газрын байршил болон зургаа өөрчлөх гэж байгаа” гэсэн тайлбар, бусад баримтуудаар нотлогдож байна.

Түүнчлэн орон сууц хоорондын болон орон сууц олон нийтийн барилга байгууламж хоорондын нарны тусгалд хамааралтай зайг Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийн 2.11-д зааснаар мөрдөх бөгөөд гуравдагч этгээд “Б И” ХХК-ийн батлагдсан зураг төсөлд тусгагдсан барилга нь дүрэмд заасан “4 давхараас дээш барилга хоорондын зай 20 метрээс багагүй байна” гэсэнтэй нийцээгүй талаар шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлт гарсан байх ба энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Гуравдагч этгээдээс давж заалдах гомдолдоо маргаж буй акт хүчингүй болсон, үр дагаваргүй тул захиргааны актын шинжийг агуулахгүй хэмээж байгаа ч дээр дурдсанчлан уг хүчингүй болсон захиргааны актаар гуравдагч этгээдэд анх газар эзэмших эрх болон барилга барих зөвшөөрөл олгосон бөгөөд акт үр дагаваргүй болсон гэж үзвэл барилга барих зөвшөөрөл, газар эзэмших эрх байхгүй болох бөгөөд уг актыг үндэслэж гарсан дараагийн актуудаар өмнөх актаар шийдвэрлэсэн асуудлыг баталгаажуулан газрын хэмжээг нэмэгдүүлэн барилга барих зориулалтыг нь өөрчилснөөр дараа дараагийн үр дагавар бий болгосон байх тул үр дагаваргүй болсон актыг илт хууль бусад тооцсон гэх гомдол үндэслэлгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т “Захиргааны актын аль нэг хэсэг нь илт хууль бус бөгөөд тэр нь тухайн актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж заасан.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага болох захиргааны актуудыг илт хууль бус буюу иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж гарсан, анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй гэж маргасан байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын анх газар олгож, барилга барих зөвшөөрөл олгосон 2007 оны 248 дугаар захирамж нь илт хууль бус болох нь тогтоогдсон нөхцөлд уг захирамжийг үндэслэн гарсан захирамжууд нь илт хууль бус болох тул анхнаасаа гарах ёсгүй байсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэхгүй. Энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан баримтууд болон шинжээчийн дүгнэлтээр гуравдагч этгээдэд олгосон газар болон баригдах барилгын байршил нь “Оросын хувьсгалчдын музей” нэртэй төрийн өмчид бүртгэгдсэн, түүх, соёлын дурсгалт байшин байрлаж байхад үүнийг үл харгалзан уг газар дээр барилга барих зөвшөөрөл олгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар хариуцагчаас тухайн харилцааг зохицуулсан хуулийн хязгаарлалтыг зөрчиж, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй шинжийг агуулсан илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан газрын харилцааны талаарх бүрэн эрхийн хүрээнд газар эзэмшүүлж, барилга барих зөвшөөрөл олгосон нь Газрын тухай хууль тогтоомж болон холбогдох бусад хуулийг зөрчсөн үйлдлийг шүүхээс таслан зогсоосон шийдвэр гаргасан тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг хэрэглэснийг буруутгах боломжгүй.

Харин анхан шатны шүүх хүчингүй болсон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг хэрэглэсэн нь буруу, учир нь илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн захиргааны акт нь хүчингүй болсон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль мөрдөгдөж байх үед гарсан хэдий ч одоогийн мөрдөгдөж буй Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд илт хууль бус захиргааны актын талаар зохицуулсан тул уг заалтыг хэрэглэх нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0348 шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9...” гэснийг “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.3...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

  

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ