Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01009

 

 

 

 

 

 

 

 

 

К-ий /Kim Yoo Shin/ нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 104/ШШ2022/00121 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч К-ий хариуцагч С- ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцыг ашиглалтад оруулж, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч С.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч К- нь хариуцагч С- ХХК, гүйцэтгэх захирал Ц.М-, менежер Ц.М - нартай Солонгос ханын цаас нийлүүлэхээр харилцан тохиролцож, үнийн оронд Хулан хотхонд 70 м.кв талбай бүхий 8 давхрын 3 өрөө байрыг 88,000,000 төгрөгөөр авахаар харилцан тохиролцож 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 19 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан юм. Үүний дараа буюу 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр харилцагч талтай гэрээнд заасан барилгын материалыг нэг бүрийн үнийг 22,000 төгрөгөөр тооцож, 4,000 боодол Солонгос ханын цаас нийлүүлж, бараа хүлээлцсэн акт үйлдсэн юм. Нэхэмжлэгч талаас гэрээнд заасан хугацаанд хариуцагч талд бараа материалыг бүрэн хүлээлгэж өгсөн байхад хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд орон сууц захиалан бариулах гэрээний дагуу Налайх дүүрэг, 2 дугаар хороонд байрлах, 8 давхар, F тоот хаягийн 70 м.кв 3 өрөө, 98,000,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг бүрэн ашиглалтад оруулж, нэхэмжлэгч К-ий нэр дээр өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч талыг нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх талаар маргаж байна. Яагаад гэвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б- шүүхэд нэхэмжлэл гаргасан. К-ээс С.Б-д олгосон итгэмжлэл зөвхөн Монгол Улсад олгодог итгэмжлэл юм. Итгэмжлэл хийлгэхэд орчуулагч оролцоогүй. Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Монгол Улсын иргэнд итгэмжлэл өгөхдөө үр дагаврыг нь хэрхэн яаж ойлгож байгаа, итгэмжлэлийн утга агуулгыг ойлгож, гарын үсэг зурсан гэдгийг яаж тогтоох нь ойлгомжгүй байна. Нотариатын тухай хуульд орчуулагч байхыг шаарддаг. Итгэмжлэл хуулийн шаардлага хангахгүй учраас нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэхгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Монгол хэл мэдэхгүй гадаад улсын иргэн гэрээг ойлгосон эсэхийг мэдэхгүйгээр гарын үсэг зурсан. Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага шууд өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагчид даалгах гэжээ. Хүний юмыг хуулийн байгууллагаар далайлгаж, авах боломжгүй. Эхлээд К-ийг орон сууцны өмчлөх мөн эсэхийг тогтоолгох ёстой. Шүүх өмчлөгчөөр тогтоосны дараа улсын бүртгэлд өмчлөгчөөр тогтоолгохыг даалгах ёстой. Шууд өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгуулах шаардлага байж болохгүй. Дээрх нөхцөлүүдээр хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: 1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч С- ХХК-д Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Хулан хотхоны B блок, 8 давхрын F тоотод байрлах, 70 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг бүрэн ашиглалтад оруулж, нэхэмжлэгч Kim Yoo Shin-ий нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 658,496 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С- ХХК-аас 647,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Kim Yoo Shin-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч талаас доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас Налайх дүүргийн 2 дугаар хороо, Хулан хотхоны 8 давхрын Р тоот 70 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг бүрэн ашиглалтад оруулж, өмчлөгчөөр бүртгуүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч БНСУ-ын иргэн К-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх С.Б- гаргасан. Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн К-ээс С.Б-д 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Монгол хэл дээр 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон. Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт Үйлчлүүлэгч нь хэлгүй, дүлий, эсхүл монгол хэл мэдэхгүй бол нотариатын үйлдэл хийх, баримт бичиг үйлдэхдээ тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч /асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ болон орчуулагч /хэлмэрч/-ийг оролцуулна, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт Энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан үйлчлүүлэгч, түүнчлэн бусад оролцогч оролцож байгаа бол нотариатын үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлнө, шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд нотариатч тэмдэглэл хөтөлж болно, 34.2.2 нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, орчуулагч /хэлмэрч/ зэрэг бусад оролцогчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, мэргэжил, оршин суугаа газрын хаяг, тэдгээрийн тайлбар, түүнчлэн гэрч, орчуулагч /хэлмэрч/-ийг оролцуулсан үндэслэл гэж тус тус заасан. БНСУ-ын иргэн К-ээс С.Б-д олгосон гэх итгэмжлэл нь Монгол хэл дээр бичигдсэнийг нотариатч гэрчилсэн байх хэдий ч нотариатч уг үйлдлийг хийхдээ Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч итгэмжлэлийн агуулгыг бүрэн ойлгосон гэж үзэхэд эргэлзээтэй байгаа, энэ байдлыг анхан шатны шүүх тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Налайх дүүргийн 2 дугаар хороо, Хулан хотхоны 8 давхарын Р тоот 70 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг бүрэн ашиглалтад оруулах шаардлагын тухайд шууд хэрэгжих боломжгүй, улсын комисс хүлээн авахгүй тохиолдолд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй юм. Налайх дүүргийн 2 дугаар хороо, Хулан хотхоны 8 давхарын Р тоот 70 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд уг орон сууцыг хэний өмч болохыг баримтаар тогтоолгүйгээр шууд өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагчид даалгаж байгаа нь шүүх эрх хэмжээгээ хэтрүүлж бусдын өмчлөлд хууль ашиглан халдаж байгаа хууль бус үйлдэл гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй хэдий ч нэхэмжлэгчийг Монгол хэл мэддэг эсэхийг хариуцагч нотлох үүрэг хүлээхгүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэлийг заавал шүүхэд хандаж хүчингүй болгуулах шаардлага байхгүй атал нотариатын үйлдлийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр байхгүй гэх үндэслэл зааж хэргийн үйл баримтад дүгнэлт өгсөн нь хэрэг шийдвэрлэх чадвар ямар байгааг илтгэсэн үйлдэл төдийг шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ыАнхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан. Нэхэмжлэл гаргасан үеэс эхлэн шүүх хуралдаан хүртэл хариуцагч талаас хариу тайлбар гаргаж өгөөгүй атлаа шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн. Сөрөг нэхэмжлэл гаргасан зүйлгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б- нь Нотариатын тухай хуульд заасны дагуу нотариатаар гэрчлүүлээд Бүгд Найрамдах Солонгос улсын иргэни К-ээс итгэмжлэл хүлээж авсан. Шүүхэд төлөөлөх бүрэн эрхтэй. 1995 оноос хойш Монгол Улсад амьдарч байгаа учраас Монгол хэл, бичиг мэднэ чөлөөтэй ярих чадвартай тул орчуулга хийлгэх шаардлагагүй. 2020 оны 04 дүгээр улиаралд ашиглалтад орохоор гэрээний 1.2 дахь хэсэгт заасан. Барилгын хувьд баригдсан байгаа зураг хэрэгт авагдсан, ашиглалтад ороход бэлэн болсон. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

2.Нэхэмжлэгч К-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх С.Б- нь хариуцагч С- ХХК-д холбогдуулан орон сууцыг ашиглалтад оруулж, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Хэргийн 4 дүгээр талд авагдсан 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн итгэмжлэлд төлөөлүүлэгч гэх К- гарын үсгээ зураагүй байгаа нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-т заасан шаардлагад нийцээгүй байна. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно. ... Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна гэжээ.

 

Итгэмжлэл нь шүүхэд хандан гаргадаг баримт тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн тохиолдолд төлөөлүүлэгчийн хүсэл зориг байсан эсэхийг тодруулах ёстой.

 

3.а.Түүнчлэн, Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар үйлчлүүлэгч нь монгол хэл мэдэхгүй бол нотариатын үйлдэл хийх, баримт бичиг үйлдэхдээ орчуулагч оролцуулах бөгөөд үйлчлүүлэгч нь орчуулагчийг өөрөө сонгох журамтай.

 

3.б.Төлөөлүүлэгч гэх К-ий хувьд монгол хэл мэддэг эсэх нөхцөл байдал тодорхой бус байх бөгөөд хэргийн 4 дүгээр талд авагдсан итгэмжлэлийг үндэслэн, С.Бат-Эрдэнийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

4.Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 104/ШШ2022/00121 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 647,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Г.ДАВААДОРЖ