Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01010

 

 

 

Т.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2022/00472 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Б-ы хариуцагч Э- ХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чингис, Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дага Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Э- майнинг ХХК-д 2020 оны 4 дүгээр сараас хуульчаар ажиллаж эхэлсэн. Улмаар Засгийн газрын 146 дугаар тогтоолоор охин компанийн ажилтнуудыг толгой компани руу шилжүүлэн ажиллуулах болсон. Ийнхүү шилжүүлэхдээ Э- ХК-ийн салбарын захиргаа, удирдлагын хэлтсийн бүтээн байгуулалт, аж ахуйн албанд аж ахуйн ажилтнаар 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн туршилтын 3 сарын хугацаагаар, 10 дугаар сарын 01-ний өдрөөс эдгээр орон тоонд жинхлэн ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Гэтэл 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөх талаар мэдэгдсэн. Ингээд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн гүйцэтгэх захирлын Б/1029 дугаар тушаалд дурдсанаар орон тоог хасагдсан гэсэн үндэслэлээр гэрээг цуцалсан. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 28 дугаар тогтоол, гүйцэтгэх захирлын 2021 оны А/184 дүгээр тушаалаар компанийн зохион байгуулалтын бүтэц, албан тушаал, орон тооны жагсаалтыг баталсан байна. Уг шинэчилсэн жагсаалт, орон тооны бүтэц нь салбарын захиргаа удирдлагын хэлтсийн бүтээн байгуулалт аж ахуйн албанд аж ахуйн ажилтны орон тоог компанид байхгүй болгож, нэхэмжлэгч болон өөр ажилтан орон тоонд ажиллаж байсан нийт 20 орчим хүнийг бөөнөөр нь гэнэт халах нөхцөл бүрдүүлсэн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасан 45 хоногийн өмнө мэдэгдэх заалтыг зөрчсөн. Мөн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн тушаалын 2-т дурдсанаар хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан ажилтнуудын ажлыг хүлээлцүүлэхийг салбарын захиргаа, бүтээн байгуулалт, хөгжлийн газарт даалгасан. Үүнээс үзвэл хуучин бүтцийн хувьд байсан салбарын захиргаа, удирдлагын хэлтсийн бүтээн байгуулалт, аж ахуйн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ салбарын захиргаа, бүтээн байгуулалт, хөгжлийн газарт шилжиж харьяалагдах боломжтой байна. Өөрөөр хэлбэл, өмнө байсан салбарын захиргаа удирдлагын хэлтсийн бүтээн байгуулалт аж ахуйн албанд аж ахуйн ажилтны орон тоог хэвээр хадгалж, шинэ газарт шилжүүлэх боломж байсаар байтал бүтцийн өөрчлөлт, орон тоо хасагдсан хэмээн үзэж, миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд намайг бүтээн байгуулалт, аж ахуйн албанд аж ахуйн ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/3008 дугаар албан бичгээр ирүүлсэн чиглэл, Э- ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр баталсан компанийн бүтэц, хүний нөөцийн үйл ажиллагаанд хийх дотоод аудитын удирдамж, аудитын багийн дүгнэлт, Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.18, Э- ХК-ийн дүрмийн 8.6.3 дах заалтыг тус тус үндэслэн Э- ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоолоор компанийн орон тооны хязгаар, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан бөгөөд Э- ХК-ийн нийт орон тооны хязгаарыг 946 болгон бууруулж, зохион байгуулалтын бүтцийг хавсралтаар баталж тухайн орон тооны хязгаарт багтаан компанийн ажлын байрны нэр, орон тооны жагсаалтыг шинэчлэн баталж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн гүйцэтгэж ажиллахыг гүйцэтгэх захирал Б.Ганхуягт үүрэг болгож шийдвэрлэсэн. Энэхүү тогтоолын дагуу холбогдох ажлуудыг зохион байгуулж, гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/184 дүгээр тушаалаар салбарын ажлын байрны нэр, орон тооны хязгаарыг шинэчилсэн бөгөөд тушаалын 5 дугаар хавсралтаар салбарын хасагдаж, цөөрсөн ажлын байрны жагсаалтыг баталсан бөгөөд аж ахуйн албаны аж ахуйн ажилтан гэх ажлын байр хасагдсан болно. Ингээд мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдсэн, холбогдох тэтгэмжийг олгосон байгаа. Өөрөөр хэлбэл, салбарын бүтээн байгуулалт аж ахуйн албаны аж ахуйн ажилтнуудыг бөөнөөр халсан гэх агуулга биш бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжийн 2.1-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж ахуйн нэгж байгууллага түүний салбар нэгж байгууллага татан буугдсан гэдэгт Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан 5 үндэслэл хамаарна гэж заасан. Харин Э- ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоол болон гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/184 дугаар тушаалаар Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ямар нэг нэгж салбарыг татан буулгаагүй болно. Иймд гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/1029 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан тул Т.Б-ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т тус тус зааснаар Э- ХК-нд холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Т.Б-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Б- нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а.Хариуцагч Э- ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/184 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан салбарын зохион байгуулалтын бүтцээс бүтээн байгуулалт, аж ахуйн алба гэсэн нэгжийг хасах замаар татан буулгасан байдаг. Энэ нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-т зааснаар гүйцэтгэх захирал салбарын зохион байгуулалтын бүтэц батлах хэлбэрээр нэгж албыг татан буулгаж байгаа хэлбэр юм. Э- ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолын 3-т зааснаар гүйцэтгэх захиралд нэгж, албыг татан буулгах, нэгтгэх, байгуулах эрхийг олгосон. Хэрвээ Э- ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/184 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан салбарын зохион байгуулалтын бүтэц хууль ёсны хүчин төгөлдөр гэж үзэх юм бол энэ бүтэц баталж байгаа хэлбэрээрээ өмнө бүтцэд байсан бүтээн байгуулалт, аж ахуйн албыг татан буулгасан байна. Хариуцагч талаас шүүх хуралдаан дээр бид тухайн албыг татан буулгаагүй өөрчлөн байгуулж бүтээн байгуулалт хөгжлийн хэлтэс болгосон гэж маргадаг боловч өөрчлөн байгуулсан, татан буулгасан эсэх талаар гүйцэтгэх захирал тушаалдаа ямар нэг хэлбэрээр бичиж тусгаагүй байдаг. Хамгийн гол баримт бол бүтээн байгуулалт, аж ахуйн алба гэсэн нэгж шинэ бүтцээр байхгүй болсон нь үнэн юм. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д ... аж ахуйн албаны аж ахуйн ажилтны 15 ажлын байрыг бүхэлд хасчээ гэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл уг шинэ бүтцэд бүтээн байгуулалт, аж ахуйн алба гэх нэгж бүхлээрээ байхгүй болсон байхад зөвхөн аж ахуйн ажилтнуудыг хассан мэтээр үндэслэл гаргаж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.б.Тухайн маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой орон тоо ажлын байрыг цөөрүүлэх гол үндэслэл нь Э- ХК-ийн төв оффисийн ажилчид руу чиглэсэн байсныг анхан шатны шүүх анхаарч үнэлэлт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Э- ХК-ийн дотоод аудитын тайлангийн 11 дүгээр хуудсанд орон тооны хөдөлгөөн гэсэн зураглалаар 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Э- ХК-ийн нийт ажилтан 986 байх бөгөөд үүнээс төв оффист 311 ажилтан, уурхайд 675 ажилтан ажиллаж байсан гэж үзэхээр байна. Э- ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоол гарах үед төв оффист 268 ажилтан ажиллаж байсан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хурал дээр тайлбарлан хэлдэг бөгөөд тухайн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын 1-т зааснаар нийт орон тоог 946, төв оффисын орон тооны хязгаарыг 200 байхаар тогтоосон байдаг. Үүнээс үзэхэд төв оффисоос 68 орон тоог цөөлөх шаардлага гарсан байтал уурхайн буюу салбарын захиргаа, удирдлагын хэлтсийн бүтээн байгуулалт, аж ахуйн албаны аж ахуйн ажилтны орон тоог хассан нэрээр бүтээн байгуулалт, аж ахуйн албыг татан буулгасан нь гүйцэтгэх захирал эрх хэмжээгээ хэтрүүлэн ашигласан мэт хардлагыг төрүүлж байна. Учир нь аж ахуйн ажилтны ажил үүрэг гүйцэтгэх ажлын байрны шаардлага хэрэгцээ байгаа бөгөөд аж ахуйн ажилтнууд зөвхөн гэр кемпийн орчинд ажилладаггүй, уурхай болон мод үржүүлгийн талбай зэрэгт ажилладаг. Мөн гүйцэтгэх захирал нь шинэ бүтэц батлах замаар хуучин бүтцийн нэгжийг чимээгүй татан буулгасан энэхүү үйлдлээ зөвтгөх үүднээс 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр А/181 дүгээр тушаал гарган ажлын хэсэг байгуулан, тухайн ажлын хэсэг нь нэгхэн хоногийн дараа 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тайлан гаргаж аж ахуйн ажилтныг шаардлагагүй ажлын байрыг хасах санал гаргасан байх жишээтэй. Уг ажлын хэсгийн дүгнэлт гэгчид 2021 оны 09 дүгээр сард аж ахуйн ажилтнаас өөр ажил, албан тушаалд шилжин, ажиллаж буй 4 аж ахуйн ажилтны нэрийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дурдаагүй нь хуурамч нотлох баримт шүүхэд ирүүлснийг нотолно. Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс бодитой үнэлж дүгнэлгүй зөвхөн хариуцагч талын байр суурийг хамгаалах байдлаар хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ:

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн зүгээс бүтээн байгуулалт, аж ахуйн албыг татан буулгасан гэж гомдол гаргадаг, энэ нь өөрөө аж ахуйн алба шилжсэний хэмжээнд зохион байгуулалтын хувьд илүү томорсон байгаа. Аж ахуйн албаны ажилтан гэдэг орон тоо л хасагдсан учраас гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 28 дугаар тогтоолоор орон тооны хязгаарыг баталсан, энэ хязгаарт нийцүүлэн бүтэц зохион байгуулалтыг хийх эрхийг гүйцэтгэх захиралд олгосон. Тиймээс 184-р тушаалыг эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр гэж үзэж байгаа. Мөн нэгэнт тухайн алба нэгжийг татан буулгаагүй учраас 45 хоногийн өмнө мэдэгдэх хуулийн шаардлага байхгүй 30 хоногийн дотор хуульд заасан хугацаанд мэдэгдсэн. Давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Т.Б- нь хариуцагч Э- ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Хариуцагч Э- ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/453 дугаар тушаалаар нэхэмжлэгч Т.Б- нь тус компанийн Захиргаа удирдлагын хэлтсийн бүтээн байгуулалт, аж ахуйн албанд аж ахуйн ажилтнаар туршилтын 3 сарын хугацаатай томилогдон ажиллажээ. /хх-ийн 53-р тал/.

Улмаар нэхэмжлэгч Т.Б- нь тус компанийн гүйцэтгэх захиралтай 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, дээрх ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/1029 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн байна. /хх-ийн 55-р тал/

5.Монгол Улсын Уул уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ... компанийн бүтэц, зохион байгуулалт нь компанийн үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хэрэгцээ шаардлагад нийцсэн эсэх, ажлын байрны сонгон шалгаруулалт хийгээд ажлын байрны давхардал, хөдөлмөрийн гэрээний маргааны талаарх нөхцөл байдалд үнэлэлт өгч, дүгнэлт гаргах ... чиглэлийг хариуцагч Э- ХК-д ирүүлжээ. /хх-ийн 49-р тал/

5.а.Дээрх албан бичигтэй холбоотойгоор хариуцагч Э- ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь 2021 он 03 дугаар сарын 19-ний өдөр компанийн бүтэц, хүний нөөцийн үйл ажиллагаанд хийх дотоод аудитын удирдамжийг баталж, дотоод аудитын тайлан, дүгнэлтэд компанийн орон тоог дөчөөр хасаж, орон тооны хязгаарыг 946 болгох боломжтой гэсэн байна. /хх-ийн 47, 192-222-р тал/

5.б.Хариуцагч Э- ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь дээрх дүгнэлтийг үндэслэн, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 28 дугаар тогтоол гаргаж, нийт орон тоо 986 байсныг 946 болгон, батлагдсан орон тооны хязгаарт багтаан компанийн ажлын байрны нэр, орон тооны жагсаалтыг шинэчлэн баталж, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг гүйцэтгэх захирал Б.Ганхуягт үүрэг болгожээ. /хх-ийн 38-р тал/

5.в.Дээрх байдлаар компанийн орон тооны хязгаар, зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орж, зарим орон тоог хассаны дотор нэхэмжлэгч Т.Б-ы ажиллаж байсан бүтээн байгуулалт, аж ахуйн албаны аж ахуйн ажилтан гэх орон тоо багтсан болох нь хариуцагч Э- ХК-ийн гүйцэтгэх захирлын А/184 дүгээр тушаал, зохион байгуулалтын бүтэц, ажлын байрны нэр, орон тооны жагсаалт, хасагдаж, цөөрсөн ажлын байрны жагсаалт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 39-46-р тал/.

5.г.Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийг заасан бөгөөд мөн зүйлийн 40.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан.

5.д.Хариуцагч Э- ХК нь зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орж, зарим орон тоог хассантай холбоотойгоор нэхэмжлэгч Т.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг түүнд хүргүүлж, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дах хэсэгт заасанд нийцсэн байна. Иймд байгууллагын салбар, нэгж татан буугдаж, ажилтныг бөөнөөр халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасны дагуу ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэх журмыг баримтлаагүй, гүйцэтгэх захирал эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар, гомдол үндэслэлгүй.

6.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2022/00472 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ Г.ДАВААДОРЖ