Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01022

 

 

Г- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/00907 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г- ХХК-ийн хариуцагч С.Н-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 32,285,468.57 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Иргэн С.Н-, Г.С- нар нь 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Г--тай зээлийн гэрээ байгуулж 40,700,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэйгээр, 120 сарын хугацаатай зээлж авсан болно. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ипотекийн гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, 1-р хороолол, 11-р байрны 4 тоот 18 м.кв, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201000246 дугаар бүхий нэг өрөө орон сууцыг барьцаалсан. Гэтэл зээлдэгч С.Н-, Г.С- нар нь зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 1553 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 20,686,504.06 төгрөг, зээлийн хүү 10,693,623.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 905,341.47 төгрөг нийт 32,285,468.57 төгрөг төлөөгүй. Мөн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасныг үндэслэн, зээлийн болон барьцааны гэрээнүүдэд заасныг үндэслэн хариуцагч С.Н-гээс 32,285,468.57 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Г- ХХК нь С.Н-д 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 40,700,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй 120 сарын хугацаатайгаар зээлүүлсэн. Одоо зээлийн үлдэгдэл 20,686,504 төгрөг, зээлийн хүү 10,693,623 мөнгө 4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 905,341 төгрөг 47 мөнгө, нийт 32,285,468 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагад 10 жилийн хугацаанд ямар хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүү төлсөн талаар дэлгэрэнгүй бичээгүй байна. Зээлийг Г.С- авсан ба С.Н-г үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн хувьд хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан. Өөрөөр хэлбэл зээл авах ямар ч хүсэл сонирхолгүй этгээдээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Хэлцлийг талуудын хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр хийгдсэн гэж үзэхгүй. Энэ нь зээлийг эргэн төлж байсан баримт зээлийг шилжүүлсэн баримтуудаар нотлогдоно. Хэдийгээр уг хэлцэл С.Н-гийн хүсэл зоригийн илэрхийллээс гадуур хийгдсэн. С.Н-д холбогдох хэсгийн хувьд хүчин төгөлдөр бус хэлцэл байх боловч С.Н- зээлийн шаардлагын буюу нэхэмжлэлийн шаардлагын 50 хувийг хүлээн зөвшөөрч байх учир 32,285,468 төгрөгийн 16,142,734 төгрөгийг хасаж тооцож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Н-гээс зээлийн гэрээний үүрэгт 32,285,468.57 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Г- ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Н- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох С.Н-гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201000246 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, 1-р хороолол 11-р байрны 4 тоот 18 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 389,578 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Н-гээс улсын тэмдэгтийн хураамжид 389,578 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ... Хариуцагч С.Н- нь нэхэмжлэлээс 16,142,734 төгрөгийг төлөхгүй хэмээн маргасан. Учир нь зээлийн гэрээг С.Н-гийн хүсэл зоригоос гадуур хийгдсэн хэмээн үзсэн. Гэтэл уг тайлбарыг хариуцагч тал хариу тайлбараа нотлооогүй хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь С.Н-гээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Зээлийн мөнгийг хэн шилжүүлж байсныг тогтоосон баримтууд С.Н-гийн тайлбар, татгалзлын нотолж буй тул анхан шатны шүүхийн нотлоогүй гэсэн дүгнэлтийг хуульд нийцсэн эргэлзээгүй талаас нь нотлох баримтыг үнэлсэн зөв дүгнэлт хэмээн үзэхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас 16,142,734 төгрөгийг хасаж тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Г- ХХК нь хариуцагч С.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 32,285,468.57 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Нэхэмжлэгч Г- ХХК нь С.Н-, Г.С- нартай 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 40,700,000 төгрөгийг, орон сууц худалдан авах зориулалтаар, жилийн 12 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар нь төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч Г- ХХК нь гэрээний үүргийг биелүүлж, зээлийн мөнгөн хөрөнгө болох 40,700,000 төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, орон сууцны зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 8-11, 21-р тал/

3.а.Мөн өдөр талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ипотекийн гэрээ байгуулж, хариуцагч С.Н-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201000246 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 13-р хороо, 1-р хороолол, 11-р байрны 4 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 18 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хх-ийн 12-13-р тал/

3.б.Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурсан, дээрх гэрээ хүчин төгөлдөр бус гэх нөхцөл байдлын хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээл болон ипотекийн гэрээг Иргэний хуулийн 156, 451 дүгээр зүйлүүдэд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болох талаар зөв дүгнэсэн байна.

3.в.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаас гадна талуудын байгуулсан орон сууцны зээлийн гэрээний 2.1, 2.7-д хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг, хэмжээний талаар нарийвчлан тохиролцсон байх тул зээлдэгч нь уг хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

4.Орон сууцны зээл болон ипотекийн гэрээнд С.Н-, Г.С- нар гарын үсэг зурсан байх боловч нэхэмжлэгч Г- ХХК нь зээлийн гэрээний үүргийг С.Н-гээс шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт заасанд нийцсэн байх тул зээлийн төлбөрийн 50 хувийг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5.Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 20,686,504.06 төгрөг, зээлийн хүү 10,693,623.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 905,341.47 төгрөг, нийт 32,285,468.57 төгрөгийн үүрэг үүссэн болох нь хүү, тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх-ийн 18-20, 21-24-р тал/

5.а.Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 32,285,468.57 төгрөгийг хариуцагч С.Н-гээс гаргуулж нэхэмжлэгч Г- ХХК-д олгож, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/00907 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Г.ДАВААДОРЖ