Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01024

 

Ю- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/00795 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ю- ХХК-ийн хариуцагч С- ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 418,557,033 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс татгалзаж хохирол болон алдангид нийт 500,097,097 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дага Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Ю- ХХК нь С- ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Манай компани тус гэрээгээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших орон сууцны В блокын барилгын цэвэр, бохир болон галын, усны шугам сүлжээ, борооны ус зайлуулах системийн угсралтын ажлыг нийт 800,000,000 төгрөгийн үнээр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээт ажлын төлбөрийг 100 хувь бартерийн нөхцөлөөр буюу орон сууц оролцуулан төлөхөөр талууд тохиролцож, Богд вилла хотхоны Б блок D загварын орон сууц, 54,98 м.кв, 1 м.кв- 2,100,000 төгрөг, нийт 115,458,000 төгрөг, үлдэгдэл 684,542,000 төгрөгт Хангарьд сити-1 хотхоны В блокд, м.кв- 2,400,000 төгрөгөөр, 285.23 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Ийнхүү нэхэмжлэгч гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, гэрээний гүйцэтгэл 50 хувь орчимд хүрэх явцад хариуцагч тал ажлыг дүгнэн гэрээний биелэлт 50 хувьд хүрснийг баталгаажуулж эхний ээлжинд 2 орон сууцны өмчлөлийг шилжүүлэх байсан боловч тус үүргээ гүйцэтгэхгүй байсан учир манай компани гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй нөхцөлд хүрсэн болно. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу манай компанийн гүйцэтгэсэн ажлын хөлс 418,557,033 төгрөг болсон бөгөөд гүйцэтгэсэн ажлын хөлсөнд тохирох үнийн дүн бүхий орон сууцыг шилжүүлж өгөхийг хариуцагч компаниас шаардсан боловч ажлын хөлсөнд хүлээлгэн өгөх орон сууц байхгүй гэсэн хариу өгсөн. Иймд хариуцагч компаниас гүйцэтгэсэн ажлын хөлс болох 418,557,033 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч 115,458,000 төгрөгийг хасаж тооцож, нийт 303,099,033 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Ю- ХХК нь 2019 оны 09 дүгээр 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний ажлын гүйцэтгэлийн 50 хувь орчим ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үндэслэлгүй тайлбар хийж нэхэмжпэл гаргасан байна. С- ХХК нь Ю- ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр Ю- ХХК нь Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт орших орон сууцны В блокийн барилгын цэвэр бохир болон галын усны шугам сүлжээ, борооны ус зайлуулах системийн угсралтын ажлыг гүйцэтгэн, ашиглалтанд оруулж, С- ХХК-д холбогдох баримт бичгийн хамт хүлээлгэн өгөх ажлыг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл буюу хуанлийн 110 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан боловч гэрээнд заасан хугацаандаа ажлыг хийж гүйцэтгээгүй, нийт гүйцэтгэлийн 10 хувь орчмыг л чанарын доголдол дутагдалтайгаар гүйцэтгээд уг ажлаа ч ажил гүйцэтгэх актаар баталгаажуулалгүй гүйцэтгэгчийн үүргээ зөрчиж ажлаа хаяж явсан. С- ХХК-ийн хувьд гэрээний үүргээ биелүүлж, Богд вилла хотхоны Б блок 0 загварын 54.98 м.кв орон сууцыг Ю- ХХК-нд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний хавсралтад заасан 5,458,000 төгрөгийн санхүүжилтыг хийсэн. Гэтэл Ю- ХХК нь гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд С- ХХК-ийн зүгээс гэрээний хугацаанд болон гэрээний хугацаа дууссанаас хойш удаа албан бичгээр шаардлага хүргүүлж байсан боловч гүйцэтгэсэн ажлын доголдлоо арилгалгүй, нийт гэрээгээр тохирсон ажлаа хийж хэрэгжүүлээгүй. Улмаар Ю- ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг өөрсдөө арилгаж, ажлаа дуусгасан. С- ХХК-ийн хувьд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 2020 оны 06 дугаар сард ерөнхий инженер Г.Мөнхдөл, талбайн инженер Б.Цэнд-Аюуш нар хамтран шалгаж, Ю- ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын талаар маш муу гэсэн үнэлгээ, дүгнэлтийг хийж энэ талаар нь 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн боловч Ю- ХХК нь ажиллаж байсан хаягтаа байгаагүй. Улмаар манай компанийн зүгээс 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Зэндмэнэтулга ХХК-ийн барилгын сантехникийн угсралтын гүйцэтгэлийн ажлын хөндлөнгийн үнэлгээ гэх гэрээг байгуулж, Ю- ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын болон гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардлын талаар тус тус гаргуулсан. Уг үнэлгээгээр Ю- ХХК-ийн хийсэн ажлын гүйцэтгэлийн дүн 32,803,559 төгрөг гэж, Ю- ХХК-ийн хийсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 74,310,234 төгрөг болохыг тогтоосон. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зөрчиж, гэрээний үүргээ биелүүлээгүй атлаа гэрэний гүйцэтгэлээ үндэслэлгүй өндрөөр гүйцэтгэсэн мэтээр шүүхэд тайлбарлаж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэжээ.

3.Сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр Ю- ХХК нь Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт орших орон сууцны В блокийн барилгын цэвэр, бохир болон галын усны шугам сүлжээ, борооны ус зайлуулах системийн угсралтын ажлыг гүйцэтгэн, ашиглалтанд оруулж, С- ХХК-нд холбогдох баримт бичгийн хамт хүлээлгэн өгөх ажпыг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл буюу хуанлийн 110 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан боловч гэрээнд заасан хугацаандаа ажлыг хийж гүйцэтгээгүй, нийт гүйцэтгэлийн 10 хувь орчмыг л чанарын гологдол дутагдалтайгаар гүйцэтгээд уг ажлаа ч ажил гүйцэтгэх актаар баталгаажуулалгүйгээр, гүйцэтгэгчийн үүргээ зөрчиж ажлаа хаяж явсан. С- ХХК-ийн хувьд гэрээний үүргээ биелүүлж, орон сууцыг Ю- ХХК-нд шилжүүлсэн. Ю- ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг өөрсдөө арилгаж, ажлаа дуусгасан. Манай компанийн зүгээс 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Зэндмэнэтулга ХХК-тай барилгын сантехникийн угсралтын гүйцэтгэлийн ажлын хөндлөнгийн үнэлгээ хийлгэх гэрээг байгуулж, Юу энэ ти эн ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын болон хийж гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардлын талаарх үнэлгээг тус тус гаргуулсан. Уг үнэлгээгээр Ю- ХХК-ийн хийсэн ажлын гүйцэтгэлийн дүн нь 82,803,559 төгрөг гэж, Ю- ХХК-ийн хийсэн доголдлыг арилгахад гарсан зардал 74,310,234 төгрөг болохыг тогтоосон. Зэндмэнтулга ХХК-ийн үнэлгээний зардал 500,000 төгрөг болсон. Мөн ажил гүйцэтгэх гэрээний нийт үнийн дүн 800,000,000 төгрөг бөгөөд түүнээс Ю- ХХК-ийн гүйцэтгэсэн дүн болох 82,803,559 төгрөгийг хасвал, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 717,196,441 төгрөг болж байгаа бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажлыг хүлээлгэн өгөх ёстой атал түүнээс хойш нийт 363 хоног өнгөрсөн зэргээс тооцоолж, ажил гүйцэтгэх гэрээний 5.2 дахь заалтыг үндэслэн ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алдангийг захиалагч талд төлөх хариуцлагын хүрээнд алдангид нийт 309,828,863 төгрөгийг шаардаж байна. Нэгэнт ажил гүйцэтгэх гэрээний үүргээ гүйцэтгэгч тал зөрчсөн тул захиалагч С- ХХК-ийн хувьд гэрээний үүргээ биелүүлж, Богд вилла хотхоны Б блок 54.98 м.кв орон сууц буюу 115,458,000 төгрөгийг гүйцэтгэгч Ю- ХХК-аас шаардаж байна. Иймд Ю- ХХК-аас гэрээний дагуу шилжүүлсэн 54,98 м.кв орон сууц буюу 115,458,000 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний дагуу чанаргүй хийсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардалд 74,310,234 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний хугацаа хэтрүүлсэн алдангид 309,828,863 төгрөг, Зэндмэнэтулга ХХК-ийн үнэлгээний зардал 500,000 төгрөг, нийт 500, 097,097 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 1.4-т гүйцэтгэгч нь ажлын зургийн материалын түүврийн дагуу гүйцэтгэх ажлын төсөв, товчоог гаргаж энэхүү гэрээнд хавсаргаж захиалагч талд өгнө, 3.2-т Гүйцэтгэгч нь ажлын гүйцэтгэлийн актыг боловсруулж захиалагчид өгөх ба захиалагч уг актыг хүлээн авч ажлын гүйцэтгэлийг шалгаж гүйцэтгэгчид мэдэгдэнэ гэж заасны дагуу манай компанийн зүгээс тус ажлыг гүйцэтгэх ажлын төсөв буюу үнийн саналыг 800,000,000 төгрөгийн үнэтэй байхаар хариуцагчид гарган өгч, хариуцагч тус ажлын төсвийг хүлээн зөвшөөрснөөр талуудын хооронд гэрээ байгуулагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд буюу үнэлгээний компани маргаан бүхий ажил гүйцэтгэх гэрээний төсвийг зохиох, гүйцэтгэсэн ажлын доголдлыг үнэлэх байдлаар оролцох боломжгүй юм. Мөн ажил гүйцэтгэх гэрээний үр дүн нь доголдолтой байгаа тохиолдолд ажил гүйцэтгэх гэрээний 4.1.3-т Захиалагч гэрээний дагуу хийж гүйцэтгүүлсэн ажилд доголдол байгаа тохиолдолд доголдлыг арилгахыг шаардах эрхтэй, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дах хэсэгт Захиалагч дараахь шаардлага гаргах эрхтэй, гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, мөн хуулийн 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, 352.2.3-т доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах гэж заасны дагуу хэрэв гүйцэтгэсэн ажилд доголдол илэрсэн тохиолдолд доголдлыг арилгуулахаар шаардах эрх нь нээлттэй бөгөөд нэг ч удаа доголдол арилгуулах шаардлага гаргаж байгаагүй болно. Ийм учраас хариуцагч С- ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэрээгээр гүйцэтгэсэн ажлыг хэсэгчлэн хүлээн авсны үндсэн дээр 01/22 дугаартай Гэрээний биелэлтийн хувь 50 хувьд дүйж байгаа учир орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу 2 орцны 13 давхрын А сууцанд тооцоо дуусаж байгаа нь үнэн болно гэх агуулга бүхий ажил хүлээлцсэн баримт бичгийг манай компанид мэдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ажлын үр дүнг хүлээж авах үед ямар нэгэн гомдол гаргаагүй учир Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т заасны дагуу гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан болно. Мөн гүйцэтгэсэн ажлын үр дүнг 50 хувьд дүйцсэн байна гэж мэдэгдсэн атлаа шүүхээр хэрэг маргаан шийдвэрлэх үед үнэлгээ хийлгүүлсэн нь үндэслэлгүй байна гэжээ.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С- ХХК-аас 272,289,249 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ю- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 30,809,784 төгрөгийн, хариуцагч С- ХХК-ийн 500,097,097 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ю- ХХК-аас шинжээчийн зардалд 392,500 төгрөгийг гаргуулж, шинжээч Ө.Мөнх-Отгонд /Хаан банк 5753293334/, 392,500 төгрөгийг гаргуулж, шинжээч Т.Бат-Эрдэнэд /Голомт банк 1905114859/ тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ю- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,250,740 төгрөгийг, хариуцагч С- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2,658,440 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч С- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 1,519,396 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ю- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

6.Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

6.а.Анхан шатны шүүх С- ХХК нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж, Ю- ХХК нь гэрээнээс татгалзаж хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байна гэсэн шийдвэрийг гаргасан атлаа шийдвэрийн үндэслэлдээ С- ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнд заасан ямар үүргээ ноцтой зөрчсөн талаар огтхон ч дүгнэлт хийгээгүй үндэслэлгүй шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд захиалагч С- ХХК нь эхний ээлжинд 2 ширхэг байрыг ажлын хөлсөнд урьдчилж өгөх тохиролцоо огтхон ч байхгүй. Шүүх Ю- ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ шинжээчийн тогтоосон үнэлгээ үндэслэлтэй гэж үзсэн. Гэтэл уг шинжээчийн дүгнэлт нь Ю- ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтууд, санхүүгийн болон татварын тайлан зэргийг үндэслэл болгоогүй, ажил гүйцэтгэсэн гэх газарт очиж үзээгүй, С- ХХК-аас албан ёсны тайлбар, аваагүй, ямар баримтыг үндэслэж дүгнэлт гаргасан нь тодорхойгүй үндэслэлгүй шинжээчийн дүгнэлт байдаг. Шинжээч хөндлөнгийн байж, баримтад үндэслэн, үндэслэл бүхий дүгнэлт гаргах ёстой байдаг. Гэтэл уг хэрэгт томилогдсон шинжээч Барилга хөгжлийн төв, түүний хоёр шинжээч үндэслэлгүй дүгнэлтийг гаргасаар атал шүүх уг үндэслэлгүй дүгнэлтийг зөвтгүүлэхгүйгээр шийдвэрийн үндэслэл болгож хууль зөрчсөн. шүүгчийн захирамжаар шинжээчээс 6 асуулт асуусан. Хэрэгт уг 6 асуултын заримд нь өөр өөрөөр хариулсан 2 шинжээчийн дүгнэлт ирсэн. Мөн шинжээчийн дүгнэлтэд залруулга гэсэн дахин нэг дүгнэлт ирсэн. А, Г гэсэн асуултад зөрүүтэй хариулт өгсөн үндэслэлээ шинжээч нар үндэслэлтэй тайлбарлаагүй, Б гэсэн асуултад хариулт огт өгөгдөөгүй, Д гэсэн асуултад өөр хариулт өгсөн. Шүүгчийн захирамжид дурьдсанаар Д асуулт нь С- ХХК-аас Ю- ХХК-ийн доголдолтой хийж гүйцэтгэсэн ажлыг шинэчлэх, засварлах зэрэгт ямар хэмжээний зардал гаргасныг мөнгөн дүнгээр тодорхойлох гэсэн асуулт зөрүүтэй хариулт өгсөн. Шүүх энэхүү энгийн алдааг харгалзан үзэлгүй шийдвэрийн үндэслэл болгож хууль бус шийдвэр гаргасан. Түүнчлэн шинжээч нар дүгнэлт гаргахдаа Ю- ХХК-ийн санхүү болон татварын тайлан, санхүүгийн анхан шатны баримтуудыг үндэслэл болгосон уу гэхэд үгүй, төсвийн программаар тооцсон гэж хариулсаар атал мөн шүүх уг асуудлыг анхаараагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлсэн эхний дүгнэлтэд шинжээч Ө.Мөнх-Отгон, Т.Бат-Эрдэнэ нар дүгнэлтийг гаргаж, гарын үсэг зурсан, 2 дахь дүгнэлтийг шинжээч Ө.Мөнх-Отгон дангаараа гарын үсэг зурж ирүүлсэн, мөн залруулга гэсэн албан бичигт дан ганц шинжээч Ө.Мөнх-Отгон гарын үсэг зурж шүүхэд ирүүлж хууль зөрчсөн. Энэхүү хууль зөрчсөн асуудлыг шүүхэд тайлбарласаар атал шүүх зөвтгөлгүй, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд С- ХХК-аас 272,289,249 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

6.б.Гүйцэтгэсэн ажлын хэмжээний хувьд нэхэмжлэгч 50 хувьд хүрсэн гэж, хариуцагч нь маш бага хувьтай гэж үнэлгээний тайланг үндэслэн тайлбарладаг бөгөөд аль ч тохиолдолд ажлын үр дүн хуульд зааснаар биет байдлын доголдолтой гэж үзэхээр байгаа болно. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд ажлыг хүлээлгэн өгөөгүй. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийн акт үйлдэж хүлээлгэж өгөхгүй боловч хийгдсэн ажлаас чанаргүй хийсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардалд үнэлгээний эрх бүхий байгууллагын гаргасан үнэлгээний дагуу 74,310,234 төгрөгийг захиалагч шаардах эрхтэй. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүнг гэрээнд заасан хугацаандаа захиалагчид хүлээлгэн өгөөгөөгүй гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй учир хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алдангийг хоног тутамд төлөх үүргийн дагуу ажил гүйцэтгэх гэрээний хугацаа хэтрүүлсэн алдангид 309,828,863 төгрөгийг захиалагч шаардах эрхтэй. Иймд 500,097,097 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье.

6.в.Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 1-т шинжээч томилсон захирамжийн биелэлтийг хангуулах, 2-т шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах, 3-т Ю- ХХК-ийн санхүүгийн тайлан, санхүүгийн анхан шатны баримтуудад үзлэг хийлгэх буюу нийт гурван хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүгчийн захирамжид гурван хүсэлтийн 1, 3 дахь хүсэлтийг шүүх ямар үндэслэлээр хэрхэн шийдвэрлэж байгаа талаараа тусгаагүй. Дээрх хүсэлтүүд нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үнэн зөвөөр шийдвэрлэхэд ач холбогдолтой, татгалзал болон өөрийн шаардлагаа нотлох талын баримтуудыг нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргасаар атал шүүх уг асуудлыг үндэслэлгүйгээр хүлээж аваагүй хэт нэг талыг барьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулах, эсхүл шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн дахин хэлэлцүүлэгт буцаах шийдвэрийн аль нэгийг гаргаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1, 163.2 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаж байна. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг үндэслэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан гэж нэхэмжлэгч талаас үзэж байна. Ийм учраас хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. С- ХХК-аас 272,289,249 төгрөгийг гаргуулах шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлын үндэслэлд тайлбарлана. Гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргаагүй гэж байна. Гэтэл гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Учир нь талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д барилга угсралтын нийт ажлын төсвийг 800,000,000 төгрөгийг 10 хувийн бартерын нөхцөлөөр орон сууц оролцуулан төлөхөөр тохиролцсон. Энэ үүргийн дагуу талууд 3 ширхэг орон сууцны өмчлөлийг шилжүүлэхээр гэрээ байгуулсан. 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр орон сууцны захиалгаар бариулах гэрээнд 2019 оны 12 дугаар сард, нөгөө 2 орон сууцыг 2020 оны нэгдүгээр улирал буюу 04 дүгээр сард хүлээлгэж өгөх ёстой байсан. Энэ үүргээ биелүүлээгүй учраас гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж шүүх тайлбарласан нь үндэслэлтэй. Мөн Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.3-т ажил гүйцэтгэхэд шаардлагатай багаж тоног төхөөрөмж, ажлын байраар захиалагч хангах үүрэгтэй гэж заасан. Гэтэл захиалагч зөөврийн устай, нөөцийн саванд ус байсан, дулаан болон цахилгаан тавигдаагүй, байнга тасардаг нэг үүсгэгчтэй мөн ажил гүйцэтгэхээр очиход цутгалт 10 давхарт хийгдэж байсан зэрэг нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсон учраас ажил гүйцэтгэгчийн буруутай үйлдлээс хугацаа хоцроогүй гэдгийг нотолсон. Ийм учраас захиалагч нь гэрээний үндсэн үүргийг гүйцэтгээгүй учраас гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч өөрсдөө татгалзал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Гэхдээ хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүгч бүрдүүлэх ажиллагаа байдаг. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Б арилга хөгжлийн төвийг шинжээчээр оролцуулсан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт шүүгчийн захирамжид үндэслэн шинжээч дүгнэлт гаргадаг. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, эргэлзээтэй бол талуудын хүсэлтээр шүүгч захирамж гаргаж нэмэлт шинжилгээ хийх, дахин шинжилгээ хийх ажиллагаа хийгддэг. Хэрэгт авагдсан 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн ирүүлсэн дүгнэлт нь бичвэрийн алдаа гаргасан гэж 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр залруулж ирүүлсэн. Уг залруулгыг үндэслэн хариуцагчийн хүсэлтээр шинжээч нарыг оролцуулан тодруулга авсан нь зүйтэй гэх хүсэлтийг хангасан. Хариуцагч тал шинжээчийн дүгнэлтийн талаар аливаа хэлбэрээр гомдол гаргаагүй, мөн шинжээч нараас татгалзах хүсэлт гаргаагүй. Мөн шүүх талуудын хүсэлтэд үндэслэн нотлох баримтыг бүрдүүлдэг байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн шинжээч нарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлд оролцуулна гэж заасан болохоос биечлэн гэж заагаагүй. Тэгэхээр ямар ч хэлбэрээр оролцох боломжтой. Мөн онлайнаар оролцоход хариуцагч талаас татгалзал гаргаагүй, талууд зөвшөөрсөн. Шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтын шаардлага хангасан учраас шүүх үндэслэх нь зайлшгүй зүйтэй. Шинжээчийн дүгнэлтэд үндэслэсэн материал нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хариуцагч талын гүйцэтгэлийг дүгнэсэн бичгийг үндэслэж гаргасан нь үндэслэлтэй учраас нотлох баримтын хувьд эргэлзээгүй үнэн зөв үнэлсэн гэж үзэж байна. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч талаас гүйцэтгэлийн хувьд дутуу байгаа нь доголдолтой гэснийг зөвшөөрөхгүй. Ажлыг бүрэн дуусгахаас өмнө гэрээг цуцалсан тохиолдолд бол гэрээг цуцлах хүртэл хийгдсэн ажлыг захиалагч хүлээн авах тохиолдолд гэрээний нэг хэсгийг гүйцэтгэсэн гэж тооцно. Санал болгож байгаа үр дүн нь гэрээний нөхцөлд нийцсэн доголдолгүй байх ёстой шаардлага тавигддаг. Тэгэхээр ажил 50 хувьтай байх үед ямар нэгэн гомдлын шаардлага, доголдлыг арилгуулах талаар мэдэгдэл ирүүлээгүй. Тэгэхээр ажлыг бүрэн дуусгаагүй, гүйцэтгэлийн хувьд дутуу нь доголдолтой гэсэн үг биш. Мөн захиалагч 50 хувийн гүйцэтгэлийг хүлээн авсан тухай мэдэгдлийг ирүүлсэн нь өөрөө гүйцэтгэлийг хүлээн авсан үйлдэл гэж үзэж байна. Хэлбэрийн хувьд акт үйлдээгүй нь гүйцэтгэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Ийм учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, үзлэг хийлгэх хүсэлтийг хангаагүй талаар гаргасан давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй. Нотолгооны ач холбогдолгүй, хэрэгт хамааралгүй зүйлийг шүүгч шаардан авахаас татгалзах эрхтэй. Иймд гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Мөн гомдлын шаардлага нь өөрөө тодорхойгүй, ойлгомжгүй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2.Нэхэмжлэгч Ю- ХХК нь хариуцагч С- ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 418,557,033 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэлийг багасган 303,099,033 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гэрээнээс татгалзаж, хохирол болон алдангид нийт 500,097,097 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр ажлын гүйцэтгэлд дүгнэлт гаргуулахаар Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилж, тус төвийн Барилга, байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн хяналтын инженер Ө.Мөнх-Отгон, Т.Бат-Эрдэнэ нар нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлсэн байна. Улмаар хяналтын инженер Ө.Мөнх-Отгон нь дээрх дүгнэлтийн техникийн алдааг залруулсан дүгнэлтийг шүүхэд дахин ирүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх дээрх шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгожээ. /хх-ийн 196-197, 200-201, 209-210, 229-230-р тал/.

3.а.Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна гэж, мөн зүйлийн 9.2 дах хэсэгт Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэж тус тус заасан.

3.б.Шинжээчийн дүгнэлтийг Барилгын хөгжлийн төвийн барилга, байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн хяналтын инженер Ө.Мөнх-Отгон, Т.Бат-Эрдэнэ нар гаргасан байх боловч инженер Т.Бат-Эрдэнэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дах заалтуудыг тайлбарлан, танилцуулсан баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ тохиолдолд дээрх шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримт гэж үзэх боломжгүй.

4.Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шинжээчээс тодруулга авах тухай шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах, шинжээч Ө.Мөнх-Отгон, Т.Бат-Эрдэнэ нарыг шүүх хуралдаанд оролцуулах, нэхэмжлэгч Ю- ХХК-ийн 2019 оны 09 сараас 12 сар хүртэлх санхүүгийн тайланд үзлэг хийлгэх тухай хүсэлтүүдийг тус тус шүүхэд гаргажээ. /2хх-ийн 4-5-р тал/

4.а.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан журмын дагуу гаргасан дээрх хүсэлтүүдийн зарим хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй орхигдуулснаар хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрх зөрчигдсөн гэж үзэхээр байна. /2хх-ийн 6-р тал/

Иймд дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/00795 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 4,019,882 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Г.ДАВААДОРЖ