Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 207/МА2022/00065

 

 

 

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 207/МА2022/00065

 

 

******* ХХК -ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.*******ад холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2022/00510 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.*******ад холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2.435.050.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Б.*******ын гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Бумаа, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.******* нь тус байгууллагаас 2019 оны 09-р сарын 2-ны өдөр ХМ- 303201629 дугаартай Зээлийн эрхийн гэрээ байгуулж 1.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээл авсан болно. Зээлийн төлбөрийг төлөөгүй нийт 789 хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна. Тус компанийн зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, хаягаар очиж байсан. ХМ- 303201629 тоот гэрээний төлбөрийн үндсэн зээл 998.238 төгрөг, үндсэн хүү 1.266.812.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 170.000 төгрөг, нийт 2.435.050.31 төгрөгийг Б.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.******* нь тус байгууллагатай 2019 оны 09 сарын 02-ны өдөр 303201629 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээг байгуулахдаа 1.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээл авсан. Нийт зээлийн төлбөрийг төлөлгүй 789 хоносон, хугацаа хэтрээд байгаад дараагийн шат буюу шүүхэд хандсан. Энэхүү нэхэмжлэлд дээрх тоот гэрээний дагуу манайх 2.435.050 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүний үндсэн зээлийн төлбөр нь 998.238 төгрөг, хүү буюу үндсэн хүү нь 1.266.812 төгрөг, нэмэгдүүлсэн хүү буюу торгуулийн хүү нь 170.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тухайн үед барьцаагүй зээл өгч байна гэхээр нь зээлийн гэрээ байгуулаад 1.000.000 төгрөгийг зээлж авсан. Хэдэн сарын хугацаатай, хэдэн хувийн хүүтэй авснаа анзаараагүй, гэрээ байгуулахад гарын үсгээ зурсан. Тэр үед би ажилтай байсан. Тэгээд эхний хэдэн төлөлтийг хийсэн. Тэрнээс хойш тавилгын цехийн ажлаасаа гараад барилгын ажил хийж яваад, барилгын ажил мөнгө төгрөг өгөхгүй сунжирч явсаар байгаад энэ зээл хаягдаад төлөлтөө хийхээ больсон. Гэтэл намар нь Нэткапитал ХХК-ийн Эрдэнэт салбарын захирал нь Унага цэцэрлэгийн ард 11-р хороололд хаус бариулсан. Үүний карказны цутгалтыг нь манай найзаар, өрлөгийг нь надаар хийлгүүлсэн. Тэгээд тэр ажлыг хийж байх хугацаанд надад зээл гаргасан Батхүү гээд эдийн засагч намайг мөнгөө төлөөч гэхээр нь би танай захирлын хаусыг барьж байна. Цаашдаа засал чимэглэл бусад зүйлсийг нь хийнэ гээд ярьчихсан байгаа, танай захирал мэдэж байгаа юм чинь дундаас нь мөнгөө суутгаад авчихаж болох байх гээд бид 2 салсан. Тэгээд өрлөгөө өрж дууссан чинь захирал нь мөнгийг чинь өгөхгүй гэсэн. Үүн дээр маргаан болоод бид нар хийсэн ажлаа буулгаж авна, өрлөгөө буулгана гэхэд цагдаа дуудсан. Тэнд жоохон маргаан болоод явах гэж байхад барилга хариуцаж байсан даамал Сансар гээд залуутай уулзаад та нараас мөнгө авах хэцүү байна танайхаас барьцаа болгох юм авна гээд 1.700.000 төгрөгөнд 220 Квт гаргадаг моторыг нь аваад гэртээ аваачаад мөнгөө өгөөд аваарай, тэр болтол мотор чинь надад байж байг гэсэн. Одоо мотор нь 2 жил гаруй манайд байгаа анх намайг авахад банкандаа ямар бензинтэй байсан яг тэр хэвээрээ 2 жил гаруй манай хашаанд байна. Тэгээд хавар нь надаас мотор гэхээр нь мөнгөө өгчих тэгээд авчих мотор чинь бүх юмтайгаа байна гэсэн буцаж холбогдоогүй, ингээд 2 жил гаруй хугацаанд 1.700.000 төгрөгийг барьцаалж авсан мотор тэнд байгаа. Тэрнээс хойш надад Нэткапитал ХХК-ийн мөнгийг өгье гэсэн бодол орж ирэхээ больсон. Би мөнгө олоогүй биш олж байгаа гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2022/00510 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Боржигон овогт Баярмаагийн ******* /РД:РЭ86032593/-аас 2.1266.812.12 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 170.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.910 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамж 51.191 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Миний бие нь 2019 оны 09 сард Нэткапиатл мобайл ХХК-иас 1.000.000 төгрөгийн зээлийг авсан. Анхан шатны шүүх нь үндсэн зээл 998.238 төгрөг, үндсэн хүү 1.266.812 төгрөг нийт 2.126.681.2 төгрөгийг ******* ХХК-иас олгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ зээлийг аваад цар тахал эхэлж хатуу хөл хорио тогтоогдсон ямар ч ажил хөдөлмөр эрхлээгүй, зээл төлөх ямар ч боломжгүй хатуу хөл хорионд орсон. Цар тахлын хуулийн дагуу болон санхүүгийн зохицуулах хорооны тогтоолын шийдвэрийн дагуу зээлийг хүүг хасаж өгнө үү. Иймд би авсан мөнгө болох 998.238 төгрөгийг төлж барагдуулах боломжтой тул зээлийн хүүг хасаж эсвэл бууруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******аас зээлийн гэрээний үүрэгт 2.435.050.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ******* ХХК-иас 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1 сая төгрөгийг 24 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж авсан, хариуцагч зээлээ төлөөгүй болох нь зээлийн гэрээ, кредит дансны хуулга, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* ХХК, Б.******* нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн эрхийн гэрээнд үндэслэн тодорхойлсон байна.

Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ******* ХХК-ийн Эрдэнэт салбарын захирлын Унага цэцэрлэгийн ард 11 дүгээр хороололд хувийн хаусны өрлөгийн ажлыг хийж өгсөн, хөлс мөнгө өгөхгүй болохоор нь зээлээ төлөхөө больсон гэж тайлбар гарган маргаж байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, Иргэний хуулийн 282.1.-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 284.4.-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч ******* ХХК-ийн Эрдэнэт салбар нь хариуцагч Б.*******аас үндсэн зээл түүний хүү нэхэмжлэх эрхтэй. Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж буй татгалзал тайлбараа нотолж чадаагүй, нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Харин анхан шатны шүүх нэмэгдүүлсэн хүү 170.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Нэмэгдүүлсэн хүүг ямар хугацаанаас яаж тооцсон нь тодорхойгүй энэ талаар нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаагүй, нөгөө талаар зээлийн эрхийн гэрээнд нэмэгдүүлсэн хүүгийн талаар тусгаагүй, хугацаа хожимдуулсны шимтгэл 10.000 төгрөг гэж тусгасан нь хуульд заагаагүй зохицуулалт байх тул нэмэгдүүлсэн хүү тооцон гаргуулах үндэслэлгүй анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд хариуцагчаас гаргуулах үнийн дүнг алдаатай бичиж техникийн алдаа гаргасныг зөвтгөн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2022/00510 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Боржигон овогт Баярмаагийн ******* /РД:РЭ86032593/-аас 2.1266.812.12 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 170.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.4.-т заасныг баримтлан хариуцагч Боржигон овогт Баярмаагийн ******* /РД:РЭ86032593/-аас 2.266.812.12 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 170.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Б.*******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМЭГ